| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0233/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/236 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 21.8.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Л.Найданпэлжээ/онлайн/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох 2034003240082 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д О, Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, “Монгол дизель” хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 86 дугаар байр 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт 1 дүгээр баг “Баянтуулбаярт” гэх газар хохирогч Л.Найданпэлжээд 24.000.000 төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй байж хуульчийн мэргэжлийн нэрийг ашиглаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-04 тал/, Л.Найданпэлжээгээс гаргасан өргөдөл/хх-05 тал/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн 201719000294 дугаар хэргээс хуулбарлан авсан баримтууд /хх-06-18 тал/, хохирогч Л.Найданпэлжээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-21, 89-90 тал/, гэрч Л.Одончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, гэрч Д.Энхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24 тал/, гэрч Н.Бадамжунайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25 тал/, гэрч Б.Сувд-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26 тал/, Д.Оээс сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/, Д.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-37-49, 70-72 тал/, хохирол төлсөн баримт/хх-50-51 тал/, Д.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-62 тал/, Монголын Хуульчдын холбооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2/393 дугаартай албан бичиг/хх-66 тал/, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20/215 дугаартай албан бичиг/хх-68 тал/, Л.Одончимэгийн 592604334 тоот Хаан банкны данс/хх-76 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт Л.Найданпэлжээгийн гаргасан тодорхойлолт/хх-77- тал/, Д.Оээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-93 тал/, Ж.Дэлгэрмөрөнгийн 5622479386 дугаартай Хаан банкны дансны хуулга/хх-94 тал/, Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 49/246 дугаартай тодорхойлолт/хх-101 тал/, Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 49/221 дугаартай тодорхойлолт/хх-102 тал/, 102700032123 дугаартай дансны хуулга/хх-103 тал/, Л.Найданпэлжээгийн 5743060638 дугаартай дансны хуулга/хх-105-109 тал/, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50/4205 дугаартай Хаан банкны албан бичиг/хх-133 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт 1 дүгээр баг “Баянтуулбаярт” гэх газар хохирогч Л.Найданпэлжээд 24.000.000 төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй байж хуульчийн мэргэжлийн нэрийг ашиглаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан болох нь:
Хохирогч Л.Найданпэлжээгийн өгсөн: 2018 оны 12 сарын 18-ны өдөр би Төв аймгийн Алтанбулаг сумын Тост гэх газраас 3 тооны үхэр хулгайлсан хэрэгт холбогдоод 2019 оны 02 сарын 16-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдсан юм. Тэгээд би өмгөөлөгч авахаар болоод эгч Одончимэг рүү залгаад "Өмгөөлөгч авах хэрэгтэй байна" гэж хэлсэн чинь эгч Одончимэг надад өмгөөлөгч гэж О гэдэг хүнийг танилцуулсан. Тэгээд би О гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авахаар тохиролцоод өмгөөллийн гэрээ гэж нэг юман дээр гарын үсэг зуруулаад өөрөө гэрээгээ авчихсан. Тэгээд өмгөөллийн хөлс гэж 5.000.000 төгрөг 2019.03.20-ний өдөр шилжүүлсэн. Бас эгч Одончимэгээс 5.000.000 төгрөг авсан байсан. Тэгээд 1 сарын дараа мөнгө хэрэгтэй байна гээд 5.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Мөнгөө авахдаа дандаа өөрийнхөө биш Дуулгын Энхжаргал гэдэг хүний дансаар аваад байсан. Үүнээс хойш бага багаар шилжүүлж авсаар байгаад нийт авсан мөнгө нь 24.000.000 төгрөг авчихсан байсан. О гэдэг хүн надаас мөнгө авахдаа "Цагдаа, прокурорт өгч байгаа, прокурор дээр чиний холбогдсон хэрэг хаагдана" гэж хэлдэг байсан. Гэхдээ энэ О гэдэг хүн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан ял сонсгож мэдүүлэг авахад миний мэдүүлэгт 1 удаа суусан. Тэрнээс хойш хэрэг шүүх рүү шилжүүлэхэд надтай хамт очиж шүүх дээр 1 удаа очсон. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. Тэгээд би 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл 20 хоног хоригдоод гарч ирээд би О гэдэг хүний 90112747 дугаарын утас руу залгаад "Би таныг өмгөөлөгчөөр оролцуулахгүй, би мөнгөө авмаар байна" гэж хэлсэн чинь О "Эгч нь удахгүй мөнгийг чинь өгчихнө" гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 сараас 12 сарын хооронд 9.000.000 төгрөг өгсөн. Бас 2020 оны 02 сарын дундуур 1.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш надад мөнгө өгөөгүй 2019 оны 08 сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болоход Ганчимэг гэдэг өмгөөлөгч оролцсон. Тэгээд гэм буруугийн шүүх хурал болоход Ганчимэг өмгөөлөгч бас ирчихсэн байхаар нь би шүүгчид хандан "Би Ганчимэг гэдэг өмгөөлөгч аваагүй би тэрийг О гэдэг өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцмоор байна" гэж хэлээд шүүх хурал хойшилж байсан. О гэдэг өмгөөлөгч 3 удаа шүүхийн тов гарахад ирээгүй зугтаагаад байсан. О надаас мөнгө авахдаа цагдаа, прокурорт өгөөд хэргийг чинь прокурорын шатанд нь хаалгана гэж хэлж надаас мөнгө авдаг байсан. Миний хэргийг ахмад Бадамжунай гэдэг мөрдөгч шалгаад, анх Энхбат гэдэг хяналтын прокурор хяналт тавьж байгаад дараагаар нь Сувд-Эрдэнэ гэдэг прокурор хяналт тавьж байсан. Одончимэг надад өмгөөлөгч гэж О гэдэг хүнийг танилцуулсан Тэгээд би О гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авахаар болсон юм. О надаас мөнгө авахдаа цагдаа, прокурорт өгөөд хэргийг чинь прокурорын шатанд нь хаалгана гэж хэлж надаас мөнгө авдаг байсан. 2019.03.20-ны өдөр өөрийн Хаан банкны 5743060628 дугаарын данснаас 5032818014 дугаарын данс руу 5.000.000 төгрөг, 2019.03.26-ны өдөр дээрх данс руу 500.000 төгрөг 2019.04.08-ны өдөр дээрх данс руу 1.500.000 төгрөг, 2019.04.10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019.04 12-ны өдөр 2 500.000 төгрөг, 2019.06.25-ны өдөр дээрх данс руу 400.000 төгрөг, 2019.04.01-ний өдөр өөрийн данснаас 5.000.000 төгрөгийн бэлэн зарлага хийж дээрх данс руу 5.000.000 төгрөг, 2019.05.30-ны өдөр өөрийн данснаас 1.500.00 төгрөгийн зарлага хийж дээрх данс руу, 2019.05.20-ний өдөр өөрийн данснаас 300.000 төгрөгийн зарлага хийж Төрийн банкны 102700032123 дугаарын данс руу, 2019 оны 6 сард дээрх Төрийн банкны данс руу 3.000.000 төгрөг тус тус шилжүүлж байсан. Мөн эгч Одончимэгийн данснаас дээрх Хаан банкны данс руу 5.000.000 төгрөгийг 2019 оны 04 сард шилжүүлж байсан. Ингээд нийт 25.700.000 төгрөг шилжүүлсэн болно. О нь өөрийнхөө дансаар мөнгө огт авдаггүй байсан бөгөөд Дуулгын Энхжаргал гэдэг хүний дансаар ихэвчлэн мөнгө авдаг байсан. Би энэ хүнийг танихгүй, эгч Одончимэг Оээс ямар учиртай хүн юм бэ? гэж асуухад О "Манай дүү байгаа юм" гэж хэлж байсан. О гэдэг хүн уулзаж байгаагүй, шүүх дээр хэрэг шилжүүлж байхад би О өмгөөлөгчид Сувд-Эрдэнэ прокурорыг заагаад энэ миний хэрэг дээр хяналт тавьж байгаа прокурор шдээ гэхэд О "Өө тиймүү" гэж хэлж байсан. Би Оээс одоо 10.000.000 төгрөг авчихсан байгаа. Надтай анх Төв аймгийн цагдаагийн газрын гадна зогсоол уулзаж байсан. Тэгэхдээ "Би чиний өмгөөлөгчөөр ажиллахаар болсон. Эгчтэй чинь дээр автомашинд яриад тохиролцчихсон" гэж хэлсэн. Би Од өгсөн мөнгөө буцаагаад авчихвал санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг/хх-20-21 тал/,
Гэрч Л.Одончимэгийн өгсөн: Найданпэлжээ нь манай төрсөн дүү байгаа юм. Манай дүү Найданпэлжээ нь 2019 оны 02 сард малын хулгайн гэмт хэрэгт холбогдоод манай дүү Золбоот гэдэг өмгөөлөгч авчихсан байж байгаад тэр өмгөөлөгчөөсөө татгалзаад өөр өмгөөлөгч хайж байгаад О гэдэг хүнтэй танилцаад өмгөөлөгчөөр авахаар тохиролцсон. Тэгээд О гэдэг өмгөөлөгч “танай дүүгийн хэрэг дээр ганцаараа ажиллахгүй, би багаараа ажиллана, үнэ хөлс бол их учраас 10.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би Найданпэлжээ рүү залгаад би чамд өмгөөлөгч олчихлоо гэж хэлчихээд би өөрөө БНХАУ руу явсан. Би БНХАУ руу явахаасаа өмнө 2019 оны 03 сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөг 5032818014 дугаарын Дуулгын Энхжаргалын данс руу, 2019 оны 03-р сарын 14-ний өдөр дээрх данс руу 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. О надад Дуулгын Энхжаргалын 5032818014 дугаарын дансыг өгөхөөр нь би тэр данс руу шилжүүлсэн. Би нээх сайн мэдэхгүй, харвал танина. Зөв хооллолтын клубд явдаг. 165-170 см, махлаг, шар царайтай. Найданпэлжээ ойролцоогоор 25-26 сая төгрөг өгсөн байх. Анх О надтай ярихад 10.000.000 төгрөг гэж тохиролцсон. Найданпэлжээд О хэлэхдээ хэргийг чинь прокурор дээр хаах гээд байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө аваад байсан байна лээ. О гэдэг өмгөөлөгчөөс татгалзсан шалтгаан бол Найданпэлжээгийн 3 шүүх хуралд ирэхгүй байсан тэрнээс болсон” гэх мэдүүлэг/хх-22-23 тал/,
Гэрч Д.Энхжаргалын өгсөн: Би 1995-2005 онд Сүхбаатар дүүргийн 2 дугаар арван жилд суралцаж төгсөөд, 2007-2011 онд Шинэ иргэншил дээд сургуулийг аялал жуулчлалын менежер чиглэлээр суралцаж төгсөөд, Далайхүү худалдааны төвд лангуу ажиллуулж байгаад 2010 онд Швейцар улсад байж байгаад 2012 Монгол улсад ирсэн 2012 оноос хойш БНСУ-д 3 сар ажиллаж байгаад Монголд ирдэг. Ам бүл 4 аав, ээж, хүүхдийн хамт амьдардаг. Би Д.О гэдэг хүмүүсийг танина. Харин Найданпэлжээ, Одончимэг нарыг танихгүй. Би Д.Оийн төрсөн дүү нь байгаа юм. Би 2019-2020 онд БНСУ-д ажиллаж байсан. Би мэдэхгүй байна. Би энэ дансыг хэрэглэдэггүй, 5032818014 дугаарын дансыг манай эгч 2018 оноос хойш хэрэглэж байгаа. Д.Оийн данс нь хаагдчихсан гэсэн тэгээд би 5032818014 дугаарын дансны картаа Д.Од өгчихсөн юм. Д.О миний мэдэхээр нотариатчийн туслах л хийдэг байсан. Өөр юу хийдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай эгчид компани байхгүй. Д.Од би өөрийнхөө дансыг ашиглахыг зөвшөөрсөн юм” гэх мэдүүлэг/хх-24 тал/ ,
Гэрч Н.Бадамжунайгийн өгсөн: Би энэ хоёр хүнийг танина. Найданпэлжээ гэх хүн миний шалгаж байсан малын хулгайн хэргийн яллагдагч байна. О гэх хүн бол Найданпэлжээ гэх хүний өмгөөлөгч нь байна. О гэх өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг удаа Найданпэлжээгийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мэдүүлэгт оролцсон тухайн үедээ гэрээгээ дараа нь өгнө гэж хэлж байсан. Тус хун надад өөрийгөө би Найданпэлжээгийн ээжийн талын хамаатан нь байгаа юм өмгөөлөгчөөр ажилладаг гэж танилцуулж байсан. О гэх хүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 1 удаа ирж оролцсон тэр үед уулзаж байсан. Өөрөөр уулзаж байгаагүй. Надад мөнгө төгрөг шан харамж өгсөн удаа байхгүй. Би Найданпэлжээгийн хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж шүүхэд шилжүүлэх саналтай 2019 оны 06 дугаар сард Төв аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байгаа” гэх мэдүүлэг/хх-25 тал/,
Гэрч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: “Би Төв аймгийн прокурорын газар хяналтын прокурор ажилтай. Би Найданпэлжээ, О гэх хүмүүсийг танина. Найданпэлжээ нь малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон байсан бөгөөд би тухайн хэрэг дээр нь хяналт тавьж байсан. Би Найданпэлжээд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байхад Найданпэлжээд хэд хоногийн чөлөө өгөөч гээд уулзаж байсан. Тухайн үед би ажил дээрээ байж байсан. Надад О өөрийгөө би Найданпэлжээгийн ээжийнх нь талын хамаатан нь байгаа юм. Ээж нь надаас гуйгаад байгаа болохоор нь би өмгөөлөгчөөр нь оролцож байгаа юм" гэж хэлж байсан. Надтай хэргийн шийдвэрлэлтийн талаар ярьж байгаагүй нэг удаа уулзахдаа Найданпэлжээд чөлөө өгөөч гэж уулзсан. Надад ямар ч мөнгө, шан харамж өгөөгүй. Би тухайн хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн” гэх мэдүүлэг/хх-26 тал/ ,
Сэжигтэн Д.Оийн өгсөн: “Миний төрсөн эцэг болох Банзрагчийн Дуулга нь өвчний улмаас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн 2 дугаар эмнэлгийн Батчимэг гэдэг эмчийн хяналтанд байдаг. Манай аав 2020.03.19-ний өдрөөс 2020 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байсан учраас би аавыгаа сахиад мөн хөдөлгөөн хориглочихсон байсан учраас ирж чадаагүй. Би намайг эрэн сурвалжилсан тухай 2020.05.06-ны өдрийн Төв аймгийн цагдаагийн алба хаагчаас мэдээд 2020.05.07-ны өдөр ирж мэдүүлэг өгч байна. Би нэг удаа Баянхонгор аймагт байсан тухайн үед би нэг удаа мөрдөгчтэй ярьсан. Би айлын том охин байгаа юм. Би 4 дүүтэй, 1997 онд Нийслэлийн СБД-ийн 02-р арван жилийн сургуулийг суралцаж төгссөн. 2000 онд Оюу гадаад хэлний их сургуулийг Орос, Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2003 онд Улаанбаатар Эрдэм оюу дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006 онд цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр хамгаалсан, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Жаргалсайхан Тэмүүчин ХХК-ний захирал, хүү Дэлгэрмөрөн МУИС-ийн Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан, 2003-2005 онд Face агентлагийн гүйцэтгэх захирал, 2005-2014 онд БГД-ийн 271-р тойргийн нотариатчийн туслахаар, 2009 оноос одоог хүртэл Хунан ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Би Найданпэлжээг танина, Найданпэлжээг надад Л.Саруулбат надад танилцуулж байсан. Би Найданпэлжээг 2019 оны 2 сарын сүүлээс хойш таньдаг болсон. Д.Энхжаргал нь манай төрсөн дүү байгаа юм. Найданпэлжээ надаас хууль зүйн туслалцаа авъя гээд "Би малын хулгайн хэрэгт оролцчихсон байгаа юм" гээд ирсэн. Тэгээд би 2006 онд хуульчдын сонгон шалгаруулалт өгөөд тэнцээд эрүүгийн хэрэг дээр зөвлөгөө өгдөг байсан. Тухайн үед би Найданпэлжээд эрх зүйн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгсөн. Тэгээд би Найданпэлжээтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд ажлын хөлсөө тохиролцсон. Бид хоёр ажлын хөлсөө 14.000.000 төгрөгөөр тохиролцсон. Дараа нь би 10.000.000 төгрөг өөрөөс нь зээлсэн. Би өмгөөлөгчөөр оролцоогүй. Би анх Найданпэлжээд өмгөөллийн эрх байхгүй гэж хэлсэн. Би Найданпэлжээтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Надад өмгөөллийн эрх байдаггүй, энэ тухай Найданпэлжээд ч хэлсэн. Би Найданпэлжээгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт байлцсан. Би 2019 оны 06 юмуу 7 сард мэдүүлэгт нь суусан. Би Төв аймаг руу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаасаа хойш маш олон удаа явж байсан. Би шүүхэд төлөөлөх эрхгүй учраас оролцоогүй. Харин З.Ганчимэг өмгөөлөгчөөр нь оролцсон. 3.Ганчимэг өмгөөлөгчийг Найданпэлжээтэй би холбож өгч гэрээ байгуулаад өмгөөллийн хөлсийг шүүх хуралдаанд оролцуулах гэж 500.000 төгрөг төлсөн надад холбогдох баримтууд нь байгаа. Би өөрийн төрсөн дүү болох Д.Энхжаргалын хаан банкны 5032818014 дугаарын дансаар мөнгөнүүдийг бага багаар нь аваад нийтдээ 24.000.000 төгрөг авсан. Найданпэлжээ хэлэхдээ 20 000.000 төгрөгөө буцааж авмаар байна. Харин 4.000.000 төгрөгийг нь би тантай хамтарч ажилласан учраас авахгүй ажлын хөлсөнд үлдээе гэж хэлсэн. Би Найданпэлжээд нийт 11.500.000 төгрөгийг гэрээний буцаалт гээд буцааж өгсөн. Би Найданпэлжээгээс авсан мөнгөө өөрийн найз болох Ж.Отгонбаярт зээлсэн байсан юм. Найданпэлжээгийн хэргийг мөрдөгч Бадамжунай шалгаж байсан. Харин хяналтын прокурорыг нь сайн санахгүй байна. Би 2 удаа ажлын өрөөнд нь мөрдөгч Бадамжунайтай уулзаж байсан. Харин хяналтын прокурорт нь нэг удаа хүсэлт өгөхөөр очихдоо уулзаж байсан. Би анх Найданпэлжээтэй гэрээ байгуулахдаа 14.000.000 төгрөгөөр тохиролцсон юм. Харин 10.000.000 төгрөгийг нь би Найданпэлжээгээс зээлж авсан байсан юм. Найданпэлжээгийн төрсөн эгч гээд Саруулбат надад танилцуулж байсан. Бусдаар бол танихгүй. Би Л.Одончимэг гэдэг хүнээс мөнгө аваагүй. Би ер нь Найданпэлжээгээс баримттай дансаар мөнгөнүүд авч байсан. Бэлнээр нэг ч төгрөг аваагүй. Би 2019 оны 02 сарын сүүлээс хойш хэрэгт нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Одоог хүртэл гэрээ цуцлагдаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа, 2020.05.05-ны өдөр ах Саруулбат нь утсаар надаас зөвлөгөө авсан. Хугацаагүй гэрээ хийгдсэн. Би Найданпэлжээтэй Зайсангийн 15-р хороонд байрлах ажлын оффис дээр уулзсан. Би оффис дээрээ гэрээ хийсэн. Ганчимэг гэдэг өмгөөлөгч тухайн үед шүүх хуралтай байсан учраас хууль зүйн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийчихсэн болохоор мэдүүлэгт байлцсан юм мөрдөгчийн ажлыг хүндэтгээд мэдүүлэгт байлцсан юм. Найданпэлжээ намайг өмгөөллийн эрхээ аваагүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдсээр байж зөвшөөрч гэрээ хийсэн. Би нотлох баримтаар Найданпэлжээд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний буцаалт хаан банкаар шилжүүлсэн 11.500.000 тегрегний баримт. Найданпэлжээгээс зээлж авсан мөнгөө Ж.Отгонбаярт зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийн зээлийн баримт Ж.Отгонбаяр нь надад зээлсэн мөнгө одоо болтол өгөхгүй болохоор нь би өмгөөлөгч аваад хөөцөлдөж байгаа, Ж.Отгонбаяртай хийсэн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн баримтын хуулбар, төрсөн аав Дуулгынхаа өвчний түүхийн хуулбарыг хэрэгт хавсаргуулмаар байна” гэх мэдүүлэг/хх-34-35 тал/,
Яллагдагч Д.Оийн өгсөн: Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар Татсан тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 сарын эхээр найз Саруулбат надтай ирж уулзаад дүү Найданпэлжээ малын хулгайн гэмт хэрэгт холбогдоод Төв аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байна гээд уулзсан. Тэгээд бид ярилцаж байгаад Найданпэлжээтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах 2019 оны 03 сарын дундуур ажлын хөлс болох 5 000 000 төгрөгийг хаан банкны 5032818014 дугаарын данс руу шилжүүлэн авч байсан. Тэрнээс хойш 5.000 000 төгрөг, 5.000 000 төгрөг, 3.000 000 төгрөг, 2.500.000 төгрөг 1.500.000 төгрөг зэргийг бэлнээр харин үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг бэлнээр Найданпэлжээгээс авч байсан. Би Найданпэлжээгээс нийт 24.000.000 төгрөг авсан. Би Найданпэлжээд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс гэж мөнгө авч байсан. Надад өмгөөлөх эрх байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Найданпэлжээд учруулсан хохирлын мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг нь 2021 оны 03 сарын 09-ний өдрийн дотор өгч барагдуулах болно. Би Найданпэлжээгээс 24.000.000 төгрөг л авсан. Өөр ямар нэгэн эд хөрөнгө огт аваагүй” гэх мэдүүлэг/хх-85-86 тал/,
Хохирогч Л.Найданпэлжээгийн өгсөн: ...Би 2019.03.20-ны өдөр 5.000.000 төгрөгийг Улаанбаатар хот, ХУД-ийн гэрийнх нь /О/ ойролцоо уулзаж гэрээ нь дээр би гарын үсэг зураад тэндээ мөнгөө данс руу нь мобайл банк ашиглан хийж байсан. Харин 2019.06 сард 3.000.000 төгрөгийг Улаанбаатар хот СХД-ийн нутаг Баянхошууны тойргийн төрийн банк дахь салбар дээрээс төрийн банкны данс руу шилжүүлж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг/хх-87-88 тал/,
Л.Найданпэлжээгээс гаргасан өргөдөл/хх-05 тал/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн 201719000294 дугаар хэргээс хуулбарлан авсан баримтууд /хх-06-18 тал/, хохирол төлсөн баримт/хх-50-51 тал/, Монголын Хуульчдын холбооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2/393 дугаартай албан бичиг/хх-66 тал/, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20/215 дугаартай албан бичиг/хх-68 тал/, Л.Одончимэгийн 592604334 тоот Хаан банкны данс/хх-76 тал/, Ж.Дэлгэрмөрөнгийн 5622479386 дугаартай Хаан банкны дансны хуулга/хх-94 тал/, Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 49/246 дугаартай тодорхойлолт/хх-101 тал/, Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 49/221 дугаартай тодорхойлолт/хх-102 тал/, 102700032123 дугаартай дансны хуулга/хх-103 тал/, Л.Найданпэлжээгийн 5743060638 дугаартай дансны хуулга/хх-105-109 тал/, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50/4205 дугаартай Хаан банкны албан бичиг/хх-133 тал/ гэх зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт 1 дүгээр баг “Баянтуулбаярт” гэх газар хохирогч Л.Найданпэлжээд 24000000 төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй байж хуульчийн мэргэжлийн нэрийг ашиглаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд өмгөөлөгч, яллагдагч Д.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь хэсэгт зааснаар “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх “хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “....хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсан” бөгөөд яллагдагч Д.Оийг хэргийн хамт шүүхэд шилжүүлж гэм буруугийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэв.
Түүнчлэн шүүгдэгч Д.О-ийг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон гэмт хэрэг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдэгдсэн, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуудийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ үндэслэлээр Д.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д О-ийг хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2034003240082 дугаартай шүүгдэгч Д. О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Д.О-д авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах го-мдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ