| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0479/И |
| Дугаар | 131/ШШ2017/00471 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00471
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 6-3-29 тоотод оршин суух, ВТ57071115 регистрийн дугаартай, Цолмон овогт Жагаагийн Цэнгэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ж.Цэнгэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь 1957 онд төрсөн ба 1971 онд 14 настайдаа Жинст сумын шууданчаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 1971 оноос 1981 он хүртэл сумандаа клубын эрхлэгчийн ажлыг 9 жил хийгээд 1981 онд УБ хотын БНБ сургуулийн соёлын ангид элсэн суралцсан юм. Энэ хугацааны ажилд орсон гарсан тушаал болон бусад холбогдох материал аймгийн архиваас 2-ч удаа шүүсэн боловч адил албан тушаалтай холбоотой мэдээ мэдээлэл дутуу гарсан болно.
Иймд миний 1971 оны 02 сарын 07-ны өдрөөс 1972 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Жинст сумын Дөл нэгдэлд шууданчаар, 1972 оны 05 сарын 01-нээс 1981 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл Жинст сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Шүүх хурал товлогдсон өдөр хувийн зайлшгүй ажлаар Жинст сум явах болсон тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү..гэжээ.
Шүүх хуралдаанаар Ж.Цэнгэлийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 555 дугаар албан бичиг, 1977 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 03 сарын 30-ны өдрийн 78 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1981 оны 06 сарын 11-ний өдрийн 02 дугаар протокол зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Цэнгэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Цэнгэл нь 1971 оны 02 сарын 07-ний өдрөөс 1972 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн шууданчаар
1972 оны 05 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 555 дугаар албан бичиг, 1977 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 03 сарын 30-ны өдрийн 78 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1981 оны 06 сарын 11-ний өдрийн 02 дугаар протокол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ж.Цэнгэлийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цолмон овогт Жагаагийн Цэнгэлийн 1971 оны 02 сарын 07-ний өдрөөс 1972 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн шууданчаар
1972 оны 05 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Цэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ