Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00474

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхинд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо, 15-р хороолол 41-р байр 15 тоотод оршин суух, ВЮ80010767 регистрийн дугаартай, Очир овогт Нэргүйн Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Заг сумын төвд оршин суух, ВО80102616 регистрийн дугаартай, Бумбат овогт Түмэндэмбэрэлийн Нямжаргалд холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие 1980 онд Баянхонгор хотод төрсөн. Т.Нямжаргалтай 1996 оноос эхлэн үерхэж байгаад 2000 оноос хамтран амьдрах болсон билээ.

Миний хүү Мөнхдалайн Мөнх-Оргил маань 2001 оны 07 сарын 24-нд Баянхонгор хотын төрөх тасагт төрсөн юм. Одоо 15 настай УБ хотын БЗД-ийн Билгүүн номч дунд сургуулийн 11-р ангийг төгсөж байна. Хүүгээ төрснөөс хойш Нямжаргалтай 2002 оны 04 сараас 9 сарын хооронд хамт амьдарсан бөгөөд бидний хоорондын харьцааны үл ойлголцол, таарамжгүй байдлаас болоод бид тусдаа амьдарцгаасан юм.

Бид албан ёсоор гэр бүл болоогүй. Хүү маань том болж учир ойлгох болсон цагаас эхлэн эцгийнхээ тухай асууж би ч үнэнээр нь хэлж өгсөн билээ. Энэ бүх хугацаанд би хүүгээ өөрөө өсгөж торинуулсан бөгөөд Т.Нямжаргалаас албан ёсоор тэтгэмж авч байгаагүй тул хүүд хуулийн дагуу тэтгэмж тогтоож өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч Т.Нямжаргал нь Н.Мөнхдалайтай хамтын амьдралтай байх үед Мөнхдалайн Мөнх-Оргил нь 2001 оны 07 сарын 24-нд төрсөн. 2002 оноос тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдээ харж хандаж, тэтгэмж төлж байгаагүй. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү..гэв.

Хариуцагч Т.Нямжаргал шүүхэд гаргасан тайлбартаа;

Н.Мөнхдалайгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад миний бие татгалзах зүйлгүй болно. Учир нь М.Мөнх-Оргил нь миний хүүхэд мөн бөгөөд хуулийн дагуу тэтгэмж өгөх нь миний үүрэг..гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Мөнхдалай, хариуцагч Т.Нямжаргал нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 7-р хорооны 2017 оны 05 сарын 31-ний өдрийн албан бичиг, БЗД-ийн Билгүүн номч дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхдалай нь хариуцагч Т.Нямжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Нямжаргал хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхдалай нь 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн хүү М.Мөнх-Оргилыг өөрөөрөө овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, одоо эрүүл энх өсөн, суралцаж байгаа болох нь төрсний гэрчилгээ, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Н.Мөнхдалай, хариуцагч Т.Нямжаргал нар нь гэр бүлээ батлуулаагүй, хамтран амьдарч байх үедээ хүү М.Мөнх-Оргилыг төрүүлсэн, хүүхэд төрснөөс хойш зохигчид нь сэтгэл санаа нийлэхгүй, таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарсан байна.

Хариуцагч Т.Нямжаргал нь хүү М.Мөнх-Оргилыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөө шүүхийн шатанд илэрхийлсэн тул зохигчдын дунд маргаангүй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж М.Мөнх-Оргилд тэтгэлэг тогтоож эцэг Т.Нямжаргалаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлээр шийдвэрлэв.

ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173,500 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2082000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 48262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Мөнх-Оргилыг 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр/суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг тогтоон, эцэг Т.Нямжаргалаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.                                    

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.                    

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Нямжаргалаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхдалайд олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т.Нямжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 48262 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.                            

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ