Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2017/00476

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух, ВВ85032807 регистрийн дугаартай, Гахайнхан овогт Намнангийн Цэндмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, дарга Б.Оюутболдод холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэндмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2010 оны 03 сараас эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын олон нийтийн байцаагчаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 01 сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажлаа хийж байгаад 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Би бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань байнгын эмчилгээ шаардлагатай байдаг тул энэ байдлаа байгууллагын дарга нарт байнга хэлж, ажлаа зохицуулж байсан. Намайг ээлжийн амралтаа эдлээд удаагүй байтал 2016 оны 08 сарын 02-ны өдөр Цагдаагийн газрын даргын тушаалаар намайг ажлаас халсан. Тухайн үедээ би ажлаас халагдсанаа мэдээгүй, уг тушаал гарсныг 2016 оны 10 сард мэдсэн. Шүүхэд өргөдөл гаргасан боловч буруу гаргасан учир шүүх миний өргөдлийг 2 удаа хүлээн авахаас татгалзсан. Би сумын олон нийтийн байцаагчаар ажиллаж байхдаа 1 удаа ч ажлаа цалгардуулж байгаагүй. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халж, хөдөлмөрийн хууль зөрчсөнд гомдолтой байна. Миний 1 сарын цалин 198.000 төгрөг байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Цэндмаа шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу хариуцсан байгууллагын холбогдох хүнтэй уулзаж ярилцлаа. Нэхэмжлэлийн холбогдох хууль эрх зүйн гарцыг ойлгож мэдлээ. Цаашид би өрх толгойлсон 2 хүүхэдтэй амьдарч байгаа, миний өрхийн орлого хүүхдийн мөнгөөр амьдрахад хүндрэлтэй байна. Иймд энэ байдлыг тухайн суманд ажлын орон тоо томилж өгөх талаар хариуцсан байгууллагатай хүсэлт уламжлалаа харилцан тохиролцон эвлэрлээ. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалингаас бүрэн татгалзаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Гончигсумлаа шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Н.Цэндмаагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хууль, эрх зүйн холбогдох мэдээллийг өгч нэхэмжлэлд тусгагдсан асуудал нь хуулийн хүрээд гарсан шийдвэр болохыг тайлбарлан өгөв. Цаашид Н.Цэндмаагийн ар гэрийн байдлыг харгалзаж, өрх толгойлон амьдардаг тул Баянлиг суманд Олон нийтийн цагдаагийн орон тоо гарсан тохиолдолд томилуулан асуудлыг удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхаарна. Иймд Н.Цэндмаатай эвлэрч, шүүх хуралдааныг түүний сайн дурын үндсэн дээр хийхгүйгээр эвлэрлээ гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэндмаа нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, дарга Б.Оюутболдод холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэн шаарджээ.

Н.Цэндмаа нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын олон нийтийн байцаагчаар ажиллаж байгаад, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Цэндмаа нь нэхэмжлэлийн шаардлагын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Баянхонгор аймгийн Баянлиг суманд олон нийтийн цагдаагийн орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгуулахаар, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Гончигсумлаа нь Баянлиг суманд олон нийтийн цагдаагийн орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгохоор эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон          

                                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цэндмаа нь нэхэмжлэлийн шаардлагын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Баянхонгор аймгийн Баянлиг суманд олон нийтийн цагдаагийн орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгуулахаар, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Гончигсумлаа нь Баянлиг суманд олон нийтийн цагдаагийн орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгохоор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Н.Цэндмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, дарга Б.Оюутболд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ