Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 793

 

 

 

МАГАДЛАЛ

2018.08.28                                         № 793                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

М.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Р.Энх-Оюун,

          шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн өмгөөлөгч Ч.Ням,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Од холбогдох 1808 0153 10324 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Борлууд овгийн Мөнхбилэгийн О, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сум, 3 дугаар баг,

- Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 24/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, үлдэх 2 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хорих ялыг нь хугацааны өмнө тэнсэн сулласан,

 

М.О нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант нөөлөгтийн 4-01 тоотод, Ц.Бямбаагийн толгойн тус газар банзаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Оийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар М.Оийн урьдчилан цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Оээс 9.030.620 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нөөлөгт 4-1 тоотод оршин суух Ч.Цд /РД:ОЭ82091107/-д олгож, уг хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М.Од үүрэг болгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, М.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн будаг бүхий 190.5 см урт, 3 см зузаан, нэг талдаа 15.5 см, нөгөө талдаа 11 см өргөнтэй, 6 кг 990 гр жинтэй 1 ширхэг банзыг устгах, 109 см урт нэг талдаа үзүүр бүхий, нөгөө талдаа тав бүхий, тойруулж хэмжихэд 9 см, 4 кг 110 гр жинтэй лоом 1 ширхэг, 54 см урт модон иштэй, ажлын хэсэг нь 12.5 см хэмжээтэй, 1 кг 860 гр жинтэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цд буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.О рүү хохирогч эхлээд “Лоом” барьж дайрсан. Шүүгдэгч түүнээс нь бултсан, хохирогч зорилгодоо хүрч чадаагүйн улмаас гэртээ орж, гэрээсээ сүх аваад цохих гээд халдлага 2 дахь удаагаа бодиттойгоор эхэлсэн.

Шүүгдэгч рүү зэвсэг бариад 2 дахь удаагаа довтолж, халдсан халдлагаас шүүгдэгч өөрийгөө хамгаалсан. Аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж үзэхээр бол талийгаачид учирсан гэмтлүүд нэг удаагийн цохилтоос болж “Гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь ясны их далавч хэсэг, дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулай, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт зэрэг олон тооны гэмтэл” тогтоогдсон байдаг. Эдгээр гэмтлүүд нь олон удаагийн цохилт, дарагдалт, уналтын улмаас үүссэн байдаг. Нэг удаагийн цохилтоос ийм олон тооны гэмтлүүд үүсэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдийг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэдгийг мэргэжлийн шинжээч эмч тодорхой тусгасан, мөн гэрчүүдийн мэдүүлгээр нэг удаа цохисон гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан гэх хэдий ч 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 19 цагаас 21 цагийн үед буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал, харуй бүрий, харанхуй шөнө банзны хэмжээ, банз будагтай гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц /хх-56-59/, насанд хүрээгүй гэрч Б.Баттулга /хх-56-59/, “Бямбаагийн хашаан дотор 2 метр орчим урттай банз барьчихсан байхыг Ч.Энэбиш хараад модыг нь булааж авсан” гэж гэрч Б.Баасанбат /хх-41-44/ нар нь мэдүүлдэг бол Ч.Отгонжаргал, Батцэцэг, Ч.Энэбиш нар нь 1 метр орчим урттай тал хагархай банз байсан гэж зөрүүтэй мэдүүлдэг.

Энэ мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй. М.Оийн бусдыг цохиж амь насыг нь хохироосон гэх банзнаас М.Оийн гарын хээ, ул мөр илрээгүй болно. Энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй. Хавтас хэрэгт авагдсан Ч.Отгонжаргал, Ч.Энэбиш, Б.Баасанбат нарын мэдүүлэгт “талийгаач гартаа сүх барьчихсан байсан” гэдгийг нотолдог. Талийгаач “хүнээс мод авахаар очоод маргалдсанаас их ууртай байсан, одоо зүгээр ээ” гэж тухайн үедээ М.Од хэлсэн байдаг. Дуудлагаар очсон гэх 3 цагдаа талийгаачийг дуудан уулзсан байдаг бөгөөд талийгаач “энэ хүнийг авч явах шаардлагагүй, би гомдолгүй” гэсэн байдаг. Иймээс агуулгын хувьд зөрүүтэй, хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд М.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эрх зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нь “миний нөхрийг согтуугаар зодож алсан” гэдэг. Зодож гэдэг нь банзаар цохихоос өмнө хохирогчийг зодсон байдаг. Шүүгдэгч хохирлоо төлөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй. Иймд үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчөөгүй, шүүгдэгч М.Оийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

М.О нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант нөөлөгтийн 4-01 тоотод, Ц.Бямбаагийн толгойн тус газар банзаар цохиж, түүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн “...Ц.Бямбаа мотоциклтойгоо хүү Б.Баттулгын хамтаар ирсэн. Тэгтэл Гэрэлээ /М.О/ Ц.Бямбаад хандан “буугаад ир, учраа олъё” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад “чамайг даа” гэж хэлээд гэр лүү ороод сүх, лоом хоёр аваад гарч ирээд Гэрэлээ рүү дөхөж очоод айлгах гээд гараа өргөөд далайх гэтэл Гэрэлээ газраас банз аваад манай нөхрийн толгойн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр газар сөхөрч унаад “ёоё” гэж хэлсэн. ...” /1-р хх-24, 25-26, 27-30/,

гэрч А.Энэбишийн “...гадаа “хүн аллаа” гээд орилох чимээ гарахаар нь гараад хартал Бямбаагийн хашаанд гэрийнх нь үүдэнд Гэрэлээ 1 метр орчим урттай, ногоон өнгийн тавын банз барьчихсан, урд нь Бямбаа ёолоод явган сууж байсан. Тэгээд Гэрэлээ “гүйцээчихнэ шүү, ална” гээд гартаа барьсан банзаараа Бямба руу далайхад нь би Гэрэлээг барьж аваад банзыг нь гараас нь авч шидсэн. ...” /1-р хх-35-36, 37-40/,

 

гэрч Б.Баасанбатын “...О Бямбаагийн хашаан дотор 2 метр урттай банз барьчихсан байхыг нь Энэбиш “чи хүн аллаа шүү дээ, болиоч” гээд модыг нь булааж авсан. Би ч араас нь очиж салгаад, хашаанаас гаргах үйлдэл хийсэн. Намайг тэдний хашааны хаалгаар орж ирэхээс өмнө М.О талийгаач Бямбааг цохичихсон байсан. ...” /1-р хх-42-44/,

 

гэрч Ч.Отгонжаргалын “...Гэрэлээ газраас 50 см орчим урттай банз аваад Бямбаа ахыг цохисон. Тэр үед Бямбаа ах ёолоод газар унасан. Тэгтэл Гэрэлээ дахиад цохих гэтэл манай эгч очоод банзыг нь Гэрэлээгийн гарнаас салгаж авсан. ...” /1-р хх-46-49, 50-52/,

 

гэрч Ө.Батцэцэгийн “...намайг гадна сууж байхад гадна орилох чимээ гарсан. Гараад харахад танихгүй залуу нилээн урт банзаар талийгаачийн хүзүү, толгойг нь хавсраад нэг удаа цохисон. ...” /1-р хх-53-55/,

 

насанд хүрээгүй гэрч Б.Баттулгын “...би гэрийн гадаа мотоциклоо зогсооход Гэрэлээ гэх хүн “чи түрүүн уулзъя гээд байсан уу гөлөг минь, буугаад ир” гэсэн. Аав тэгэхэд үсрээд буусан. Тэгээд байшингийн тэнд байсан лоом бариад дайрах гэж байгаад тайвшираад лоомоо газар хаяад гэр лүүгээ орох гэж байсан Гэрэлээ гэдэг хүн “чи авгай хүүхдийнхээ ард нуугдаад, гэрээ тойрсон банхар л байна шүү дээ” гэж хэлэхэд аав уурлаад өөдөөс нь очсон. Тэгэхэд Гэрэлээ ах ногоон будагтай, 2 метр урттай банз авсан. Тэгэхэд аав газар байсан сүх авах гээд тонгойсон чинь дагз хэсэг рүү савж ирээд цохисон. Тэгээд хөлөөрөө гар луу нь өшиглөсөн. ...” /1-р хх-56-59/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаач Ц.Бямбаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь ясны их далавч хэсэг, дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Ц.Бямбаа нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь ясны их далавч хэсэг, дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн 796 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-81-84, 85/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “М.О нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. М.О нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. М.О нь гэмт хэрэг үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн 435 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-91-94/,

 

Хэргийн газрын нөхцөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-10-11, 12-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-16, 17-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-19-20/, эд мөрийн баримт /1-р хх-21/, Ц.Бямбаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-173-181/, хохирлын баримтууд /1-р хх-198-230/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Оийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 796 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нь давж заалдах гомдолдоо: “... Оийн үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байсан. ...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.Ц, гэрч А.Энэбиш, Б.Баасанбат, Ч.Отгонжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Оийн хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал, аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.

 

Мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг бол талийгаач Ц.Бямбаагийн зүгээс бодитой халдлага хийгдээгүй байхад шүүгдэгч М.О нь түүнийг банзаар цохиж алсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР