Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0674

 

 

 

 

 

 

 

 

 

  “НӨУ” НҮТББ-ын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С

Нэхэмжлэгч: “НӨУ” НҮТББ

Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Д.З  нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.З , У.М нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Я.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 158/2023/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “НӨУ” НҮТББ-аас хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Д.З  нарт холбогдуулан “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.З , У.М нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.4, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НӨУ” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч /У.М, Д.З / нараас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан НА-04220000019 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгож....” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт зааснаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэхүү чиг үүргийн хүрээнд татвар төлөгчдийн худалдан авалт, тайлагналын байдалд систем дээр эрсдэл тооцож, эрсдэлтэй татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийх үндэслэл болдог.

 

3.2. “НӨУ” НҮТББ-ын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасуулах хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газарт шилжүүлэн эрсдэл тооцуулахад “дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн учир эрсдэлд сууриласан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг эхлүүлэн хяналт шалгалт хийгдэх хугацаанд өөрчлөлт оруулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хуусталх хугацааны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

 

3.3. Татварын хяналт шалгалтын явцад тус байгууллагын ХААН банкны 5286172353 тоот харилцах дансанд 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 12 цагт 60,000,000 төгрөгийн орлого орж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн өдөр байсан боловч тухайн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалт “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нягтлан бодох бүртгэлийн анхан нь шатны баримтаар ноглогдсон байна.” гэж заасны дагуу тус ТББ нь 2021 оны 07 сард харилцах дансаар орсон санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй ба албан татварыг ногдуулаагүй тул Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. 6.1.13-д “нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг гэж заасны дагуу 2021 оны жилийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн дагуу нөхөж ногдуулсан нь үндэслэлтэй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэж дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

 

       Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2023/0036 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “НӨУ” НҮТББ-аас Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Д.З  нарт холбогдуулан “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Д.З  нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.2. Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Д.З  нар нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж зааснаар “НӨУ” НҮТББ-ын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах хүсэлтийг үндэслэн тус байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 4221102951 дугаартай томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжид заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд хийж 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №НА-04220000019 дугаартай актаар 196,467,509.03 төгрөгийн зөрчилд 18,589,000 төгрөгийн нөхөн татвар, 5,576,700 төгрөгийн торгууль, 3,766,876 төгрөгийн алданги, нийт 27,932,576 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт”-ыг ногдуулжээ.

2.3. Дээрх актыг эс зөвшөөрч “НӨУ” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-аас гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хянаад маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн НА-04220000019 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д “146,467,509.03 төгрөгийн зөрчилд 14,646,750.9 төгрөгийн нөхөн татвар, 4,394,025,27 төгрөгийн торгууль, 2,968,019 төгрөгийн алданги, нийт 22,008,795.17 төгрөгийг нөхөн ногдуулахаар өөрчлөлт оруулж” шийдвэрлэсэн байна. 

 

2.4. Харин анхан шатны шүүхээс “...Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь өөрийн хөрөнгөөр ...худалдан авах ажлыг “НӨУ” НҮТББ-аар гүйцэтгүүлэхээр тус 103200000 төгрөгийг шилжүүлсэн...энэхүү мөнгөн хөрөнгө нь “НӨУ” НҮТББ-аас өөрийн ...хөрөнгийг ...борлуулсны ...орлого биш, ...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр...нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж үзэхгүй, ...НӨУ” НҮТББ нь ...нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ аваагүй байсан тул борлуулсан барааны...орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгч /малчнаас/-өөс суутган авах, төсөвт төлөх, тайланг гаргах...эрхгүй байхад...буруутгах үндэслэлгүй” гэж тус тус дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

2.5. Учир нь Татварын ерөнхий хуулиар татварын хяналт шалгалтыг эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгахаар хуульчилсан бөгөөд татварын улсын байцаагч нар нь албан томилолт болон ерөнхий удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг хийж явуулсныг буруутгах үндэслэлгүй төдийгүй тус шалгалтаар “НӨУ” НҮТББ-ыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь үндэслэл бүхий байна.

2.6. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гээд 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж, 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж тус тус заасан.

2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “НӨУ” НҮТББ-ын Хаан банкинд байрших 5286172353 тоот төгрөгийн харилцах дансаар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орсон гүйлгээний борлуулалтын орлого нь 103,200,000 төгрөг болсон байхад дээрх хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлэлгүйгээр орлого олсон өдрөөс хойш 2 сарын дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн.

2.8. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсанчлан “...НӨУ” НҮТББ нь ...нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ аваагүй байсан тул борлуулсан барааны...орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгч /малчнаас/-өөс суутган авах, төсөвт төлөх, тайланг гаргах...эрхгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2.9. Тодруулбал, нэгэнт дээрх хуулийн холбогдох заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдрийг хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг ойлгохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн “...малчдаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үхрээ хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд шилжүүлж, ...хамтран ажиллах гэрээг дүгнэн, төлбөрийн баримт үйлдсэн тул энэ өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүснэ” гэх тайлбар болон нэхэмжлэлд дурдсан бусад үндэслэлээр маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

2.10. Харин анхан шатны шүүхээс хяналт шалгалт хийсэн хугацааны талаар “...улсын байцаагч нар нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явуулсан санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хийсэн гэх агуулга илэрхийлэгдэж байх ба эхний хуудаст бичигдсэн огноог өөрчилснөөр тухайн агуулга нь өөрчлөгдөөгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.11. Хэдийгээр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу тус хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй боловч уг хэргийг анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор шүүгч Б.Б-т шилжүүлсний дагуу хэргийг шийдвэрлэсэн,

 мөн Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Захиргааны байгууллагыг ...хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө гэж заасан байхад тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг хариуцагч байгууллагын Захиргаа, хуулийн тасгийн даргаас олгосон зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан талаар талууд маргаагүй, гомдолд дурдаагүй, энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй, мөн маргаан бүхий актаар улсын орлогод 22,008,795.17 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй төдийгүй хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.З , У.М нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэгч “НӨУ” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сгээс гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА