Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00139

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Н.Дэлгэрцогт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Х.Батбаатар, Л.Энхболд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Батбаатар, Л.Энхболд нарт холбогдох 201614000236 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.1. Боржигон овгийн Хадын Батбаатар, Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, эрэгтэй, 47 настай,  бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-05 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД: ГЮ 68122877

 

1.2. Мангууд овогт Лхагвын Энхболд, Монгол Улсын иргэн, 1968 оны 06 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 45-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД: ТЛ 68061474

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 05 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 06-11 тоотод оршин суух Д.Наранцэцэгийн гэрт нэвтэрч орон Н.Дэлгэрцогтын эзэмшлийн мужааны дугуй хөрөө, цахилгаан харуул зэрэг эд зүйл хулгайлж 230 000 төгрөгийн, 2016 оны 05 сарын 07-ны үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 47-36 тоотод байх М.Чинболдын баригдаж буй байшингаас 10 уут хар замаск, 4 уут цемент, 3 боодол фасадны тор, 10 килограмм цагаан будаг, 5 уут цагаан замаск, цахилгаан дрилль зэрэг эд зүйл хулгайлж 390 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Дэлгэрцогтын “Наранцэцэг бид 2 зах дээрээс хүнсний юм аваад гэртээ харьсан. Гэтэл манай гэрийн таамбарын үүдний цоож онгорхой зүүлттэй байсан. Тэгэхээр нь гайхаад цоожоо аваад гэртээ орсон чинь гэрт байсан цахилгаан дугуй хөрөө, цахилгаан харуул зэрэг багаж алга болсон байсан. Тэгтэл Наранцэцэг намайг гэртээ байхад 12 цаг 30 минутын орчим Батбаатар гэж зүс таних хүн орж ирээд надтай юм яриад сууж байгаад хамт гараад Төгөл дэлгүүрийн тэндээс салсан. Батбаатар нэг хүнтэй утсаар ярихдаа үйлчилгээний төв дээр хүнтэй уулзана гэж байсан тэр л авсан байх гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 08-р хуудас/

2. Хохирогч М.Чинболдын “2016 оны 05 сарын 07-ны өглөө зуслангийн байшингаа янзлах гээд байшин дээрээ ирээд ажиллаж байхад хар замаск 10 уут, цагаан замаск 5 уут, цемент 4 уут, фасадны тор 3 боодол, 10 килограммын цагаан будаг 1 сав, цахилгаан дрилль 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Би өөрөө худалдаж авсан учраас барилгын материалын тоо ширхэгийг мэдэж байна. Байшиндаа хэрэглэсэн зүйлээ хасаад үлдэгдэл бараа материалаа тоолж үзэхэд хулгайд алдсан эд зүйлийн тоо ширхэг гарч байгаа юм” гэсэн мэдүүлэг./хх-ийн 66,116-р хуудас/

3. Гэрч Д.Наранцэцэгийн “Батбаатар надтай хамт явсан. Би гэрээсээ гараад гэрийнхээ хаалгыг цоожлохгүйгээр үүднийхээ таамбарын хаалгыг цагаан өнгийн унждаг цоожоор цоожлоод явсан. Батбаатар надтай хамт суугаад хотын төв рүү явж байхдаа Энхболд гэж хүнтэй уулзах уу гэж утсаар яриад байсан. Дэлгэрцогт бид 2 хүлэг зах дээр уулзаад хүнсний зүйлээ цуглуулаад гэртээ харьсан чинь манай гэрийн таамбарын цоож зүүлттэй байсан. Тэгэхээр нь гайхаад цоожоо аваад гэртээ орсон чинь Дэлгэрцогтын 2 багаж нь алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

4. Гэрч У.Батзоригийн “Тэр үед Батбаатар, Энхболд 2 цахилгаан хөрөө, цахилгаан харуул авч явж байсан бөгөөд танихгүй ахын байшинд засвар хийхээр болоод багажаа үлдээгээд явсан. Гэтэл Батбаатар, Энхболд нарын авч явж байсан багаж нь хулгайн эд зүйл байсан юм байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

5. Гэрч Б.Дэнсмаагийн “Зах дээр контейнерийн үүдэнд бараа зараад байж байсан чинь 14 цагийн орчим 40-45 насны 2 эрэгтэй хүн ирсэн. Тэр 2 хүн хар замаск, фасадны тор худалдаж авах уу гэсэн. Тэр 2 хүний зарж байсан материалыг үзэхэд 6 уут хар замаск, 1 фасадны тор байсан. Энэ 2 хүн надад материал зарсан өдрийнхөө урд өдөр мөн манай зах дээр 10 литрийн савтай цагаан будаг 1 ширхэг, цагаан замаск 3 уутыг зарах гэж байгаа гээд бариад явж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 70-р хуудас/

6. “Найдвар од аудит”  ХХК-ны 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 02/92 дугаартай, 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 18-21, 75-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нар мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Дэлгэрцогт мэдүүлэхдээ “хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

Хохирогч М.Чинболд нь “хохирлоо төлүүлсэн, одоо нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нар нь бүлэглэн 2016 оны 05 сарын 02-ны  өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 06-11 тоотод оршин суух Д.Наранцэцэгийн орон байранд нэвтэрч Н.Дэлгэрцогтын эзэмшлийн мужааны дугуй хөрөө, цахилгаан харуул зэрэг эд зүйл хулгайлж 230 000 төгрөгийн хохирол учруулсан, бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 05 сарын 07-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 47-36 тоотод оршин суух М.Чинболдын баригдаж буй байшингаас 10 уут хар замаск, 4 уут цемент, 3 боодол фасадны тор, 10 килограмм цагаан будаг, 5 уут цагаан замаск, цахилгаан дрилль зэрэг эд зүйл хулгайлж 390 000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзлээ. Хохирогч Н.Дэлгэрцогт, М.Чинболд нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон 63 хоног, Батбаатарын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн 201614000236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

            1. Мангууд овгийн Лхагвын Энхболд, Боржигон овгийн Хадын Батбаатар нарыг бүлэглэж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Батбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч Х.Батбаатарын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Х.Батбаатар нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АЛТАНГАДАС.