Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 798

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т э-С” ХХК,

Хариуцагч:     Инегтүх,

Гуравдагч этгээд: “Б А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

1.  Иргэний нисэхийн ерөнхий газрын “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл”-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт ******* ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох,

2. Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас 2019 оны 05-р сарын 06-ны өдөр зарласан “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл”-ийн тендерт “хамгийн сайн” гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах болон гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлэх,

3. Тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.Х, Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Бнар оролцло.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““*******” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газар(ИНЕГ)-аас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зарласан “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл”-ийг нийлүүлэхээр оролцсон.

Гэтэл захиалагч буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/2311 тоотоор: “... “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Сангийн яамны баталсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журам”-ын цахим тендерийн баталгаа 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дугаар заалтыг үндэслэн шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна... " гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, тус тендерийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хороо нь бодит байдлыг илтэд гуйвуулсан, холбогдох хууль журмыг зохих ёсоор хэрэгжүүлэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргаж манай компанийг шалгаруулаагүй болно.

Тендерийн үнэлгээний хороо манай компанийг шалгараагүй тухай шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэсэн заалт болон “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журам”-ын цахим тендерийн баталгаа 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дугаар заалтыг үндэслэн шалгаруулаагүй гэсэн байна.

Манай компанийн хувьд тендерийн баримт бичигт заасан бүхий л шаардлага, шалгуурыг хангаж холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг товлосон хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, заасан хэлбэрээр Иргэний нисэхийн ерөнхий газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Уг тендерийн баримт бичгийн 177 дугаар хуудсанд Тендерийн цахим баталгаа гаргасан Төрийн банкны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144 тоот “Тендерийн баталгаа”-ны хувийг зааварчилгааны дагуу дугаарлаж, хавтаслан хийсэн.

Ийнхүү захиалагч буюу Иргэний нисэхийн ерөнхий газар “Тендерийн баталгаа”-г албан ёсоор хүлээн авсан атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй...бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасны үндэслэн тендерээс татгалзаж, биднийг шалгараагүй гэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар баталсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журмын 5.1-д “Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар баталгаа гаргуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж бидний тендерээс татгалзаж, шалгаруулаагүй нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

“*******” ХХК нь Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журмын 5.1-д заасны дагуу цахим баталгаа гаргах эрхтэй Төрийн банкаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу тендер нээх өдрөөс өмнө “Тендерийн баталгаа” гаргуулсан байдаг.

Тендерийн нээлт 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон ба нээлт хийх үед манай компанийн цахим тендерийн баталгааны мэдээллийг арилжааны банкнаас ирүүлээгүй гэж мэдэгдсэн ба тэр даруйд бид цахим тендерийн баталгаа гаргагч Төрийн банканд хандахад тус банкнаас тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145 тоот албан бичгээр “Төрийн банкны ... төв нь “Т э-СХХК/5126096/-д 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийн ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 дугаартай...тендерт цахим тендерийн баталгаа гаргаж өгсөн болохыг үүгээр баталж байгаа бөгөөд программын алдаанаас үүдэн цахим системд тендерийн баталгаа ороогүй байдал үүссэн байна. Иймд та бүхэн энэхүү системийн алдаатай байдлаас үүдсэн асуудлыг үнэн зөвөөр ойлгож, тендерт оролцогч компанийг хохироохгүй байх талаар анхааран ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Цахим тендерийн баталгаа цахим системд ороогүй байдал нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй нь нотлогдож байгаа нөхцөлд Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дугаар заалтыг үндэслэн манай компанийг шалгаруулахгүй гэж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Аливаа тендер шалгаруулалтын үйл ажиллагаа Улсын Их Хурлаас баталж мөрдүүлж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд уг хуультай зөрчилдсөн журмыг үндэслэл болгож тендер шалгаруулалтаас хасах нь буруу гэж үзэж байна.

Манай компанийн хувьд Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан дээрх тендерт оролцохдоо баримт бичгийн бүрдэл болоод техникийн шаардлагыг бүрэн хангасан байсны дээр бусад оролцогч аж ахуйн нэгжүүдээс хамгийн бага үнийн саналыг хүргүүлсэн байсан болно.

Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллах ёстой байсан.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрөн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19/272 тоотоор Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам захиалагчийн үйлдэл, шийдвэр гаргасан үндэслэл болсон баримт бичгийг нягталж, хянаж үзэлгүйгээр: “...Сангийн сайдын 2013 оны 7 дугаар тушаалаар баталсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулалтын журам”-ын 5.1-д “Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна” гэж заасны дагуу холбогдох баталгааг цахимаар ирүүлээгүй тул...хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй...бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж зааснаар татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” хэмээн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/5094 тоот шийдвэрийг гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас 2019 оны 05-р сарын 06-ны өдөр зарласан “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл”-д бидний санал болгосон тендерээс татгалзсан, нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлэхийг үнэлгээний хороонд үүрэг болгож өгнө үү.

Монгол Улсын хууль тогтоомж, баримт нотолгоо дээр үндэслэн гаргасан бидний энэхүү нэхэмжлэлийг харгалзан үзэж, хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагч Иргэний нисэхийн ерөнхий газрын гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийг цахимаар ирүүлэхээс гадна цаасаар ирүүлж болно гэж байгаа. Цаасаар ирүүлсэн хувилбарыг үзээд цахим материалд тендерийн баталгаа байршаагүй талаар мэдсэн бол цаасаар ирсэн хувийг үнэлж үзээд доторх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үзэж манай компанийн баримт бичгийг үнэлэх бүрэн боломжтой байсан. Манайхаас гаргасан бичгийг баримтыг хуульд нийцээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдвол тухайн баталгаа гаргасан банкнаас тодруулах ажиллагааг тендерийг үнэлэхээс өмнө хийх боломжтой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт тендерийн баталгаа шаардсан тохиолдолд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана гэж заасан. Тэгэхээр хуулиас давсан журам байж болохгүй. Хуульд тендерийн баталгааг цахимаар ирүүлнэ гэсэн тодорхой зохицуулалт байхгүй. Манай компани хуулийн 20.5 дахь хэсэгт зааснаар банкны баталгаа гаргуулж сканердаж тендер зохион байгуулагчид илгээсэн. Манай компанийн зүгээс 980,303,320,000 төгрөгийн үнийн санал илгээсэн. Тухайн багц 1-ийн тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үнийн саналыг илгээсэн. Шалгарсан компаниас 210,266,000 төгрөгөөр бага үнийн санал буюу төрд ашигтай үнийн санал илгээсэн. Гэтэл тендер зохион байгуулагч энэ үнийн саналаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг үнэлж сонгон шалгаруулах боломжоор хангаж оролцогчдоос хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуульд заасан журмын дагуу шалгаруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо тендерийг хянахдаа 14-16 дугаар зүйлд заасан оролцогчийн чадавхи, техникийн тодорхойлолт зэрэг зайлшгүй шаардлагатай шалгуурыг голчлон үзэхдээ тендерт оролцох ирсэн үнийн санал нь нийлүүлэх барааны хамрах хүрээ чанар болон гүйцэтгэх ажилд үзүүлэх сөрөг нөлөө байгаа эсэхийг захиалагч голчлон шалгах ёстой. Бусад оролцогчид нь тендерийн өрсөлдөөнд шударгаар оролцож байгаа талаар тодорхойлох, хянах үүргийг үнэлгээний хороо хүлээдэг. Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад 27.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэхээс татгалзан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Хуульд заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулахдаа цахим тендерийн журмыг ашигласан хэдий ч энэ хүү журам нь төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй. Энэ журмыг баримталж цахим тендерт баталгаа гаргаагүй гэх үндэслэлээр манай компанийн тендерийн материалыг үнэлээгүй татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Х нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын мэргэжилтэн Б.Б, тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Худалдан авах ажиллагааны тасгийн мэргэжилтэн Г.Х нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “Т э-С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буйн хувьд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Т э-С” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 дугаартай “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцохдоо Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар баталсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын 5.1-д “Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна” гэж заасны дагуу холбогдох баталгааг цахимаар ирүүлээгүй тул “Т э-С” ХХК-ийн тендерээс Иргэний нисэхийн ерөнхий газрын үнэлгээний хороо татгалзсан.

“Т э-С” ХХК нь энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

Монгол улсын Сангийн яам уг гомдлыг хянаж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн үйл ажиллагаа хуульд зааснаар явагдсан. Хуулийг давсан журам гэж тайлбарлаж байна. Энэ журам нь хууль зөрчсөн агуулгатай журам биш. Хуулийн илүү нарийвчлан зохицуулсан. Тендерийн тухай хуулийн 20.5 дахь хэсэгт гүйцэтгэлийн баталгаатай холбоотой цахимаар авна гэсэн зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт үйл ажиллагаа явуулахтай холбоотой заавар журмыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална гэсний дагуу Сангийн сайдын 2013 оны тушаалаар Цахим тендер сонгон шалгаруулах журам баталсан. Энэ журам бүртгэгдээгүй гэвэл Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх сонгон шалгаруулах журам байхгүй гэсэн үг. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага шалгарсан ч гэсэн хүчингүй болно гэсэн үг. 2017 оны Засгийн тогтоолоор бүх үйл ажиллагааг төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагаагаа цахимаар явуулна гэж заасны дагуу цахим хуудсаар явагдаж байгаа. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд бусад байгууллагын зүгээс энэ сайтад нэвтэрч зохион байгуулж байгаа тендерийн зарыг харж материалаа ирүүлж байгаа нь энэ журмын дагуу тендерт оролцохоо илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Бүртгэгдээгүйгээс болж хууль зөрчсөн журам гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бичгээр ирүүлснийг үзээгүй гэдэг талаар тайлбарлахад манай тендерт оролцож байгаа 3 компани материал ирүүлсэн. Бичгээр ирснийг бид заавал үнэлэх шаардлагагүй. Цахимаар ирсэн баримтын бүрдлийг шалгаж байгаа. Энэ 3 компаниас Саммит компьютер технологи ХХК бичгээр ирүүлээгүй. Гэхдээ бусад бүрдэл нь бүрдсэн тул бид цааш үнэлсэн. Бага үнийн санал явуулсан гэдэг нь дараагийн асуудал” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “1.       2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зарласан “Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл”-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б-А” ХХК нь тендерийн баримт бичиг заасан бүх шаардлага, шалгуурыг хангаж, тендерийн нээлтийн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цаг хугацаанд нь баримт бичгийг бүрдүүлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын-ын тендерийн үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн.

2. “Б-А” ХХК нь тус тендерт зохих журмын дагуу оролцож, цахим тендерийн баталгааг гаргасан оролцогчдоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчоор сонгогдон шалгарсан тул гэрээ байгуулах эрхийг хүлээн авсан.

3. “Б-А” ХХК нь гүйцэтгэлийн баталгааг зохих журмын дагуу гарган Иргэний нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулан цаашлаад гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийн баталгааг гарган урьдчилгаа төлбөрийг хүлээн авч гэрээнд заасан үүргийн дагуу төлөвлөгөөт ажлаа эхлүүлэн өнөөдрийн байдлаар 70% буюу ойролцоогоор 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгээд байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Үйлдвэр дээр хийгдэх бүтээгдэхүүний шалгалт туршилт, сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт зургаан ажилтныг хамруулж, холбогдох зардлыг гарган ажлаа гүйцэтгэж байна.

Үйлдвэр дээрх туршилт шалгалт, сургалтын ажил дууссаны дараа манай компани нь бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс ураа тээвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.

Иймд манай компанийн зүгээс тендерийн хууль, холбогдох журамд бусад этгээдийн үл нийцсэн бичиг баримт, хариуцлагагүй байдлаас үүдсэн шалтгаанаас болж хохирохгүй байхыг хүсэж байгаа тул “Т э-С ХХК-иас Инегтүхнд гаргасан нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд нэлээдгүй туршлагатай цахим тендерт байнга ордог компани. Тэгэхээр анх тендерт оролцохдоо цахим журмыг зөвшөөрч оролцсон гэж бодож байна. Тендерийн нээлт дээр тендерийн баталгаа ирүүлээгүй гэж мэдээгүй. Нээлтэд оролцсон хүн нь өөрөө харалгүй явсан байдаг. Би орж гарын үсэг зурахдаа нэхэмжлэгч компани гарын тендерийн баталгаа ирүүлээгүй байна гэж хэлсний үндсэн дээр тендерийн нарийн бичгийн дарга нь ******* ХХК-ийг төлөөлж ирсэн хүнийг дуудаж танилцуулж гарын үсэг зуруулсан. Тендерийн материал бүрдүүлэхэд 45 хоногийн хугацаа байдаг. Энэ хугацаанд Монгол компани зөвхөн тендерийн баталгаа гаргах 2 хоног л зарцуулдаг. Энэ асуудал нь өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал гэж үзэж байна. Манай компанийн хувьд 14 хоногийн хугацаа зарцуулж гаргадаг. Тендерт оролцож байгаа цахим хуудас нь оролцогчид оруулж байгаа бүх бичиг баримтаа өөрсдөө хянах боломжтой байдаг. Банкнаас баталгаа ирсэн эсэхийг харах боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдвал манай компанид их хэмжээний хохирол учирна. Учир нь гэрээ байгуулагдаж ажил явагдсан. Одоо сургалт хийгээд л ажил дуусна. Тоног төхөөрөмж нь ирсэн. Захиалагч байгууллагад хүлээлгэж өгсөн. Одоо 5 хоногийн сургалт зохион байгуулах гэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Бшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гуравдагч этгээд тухайн тендерт хууль ёсны дагуу оролцож тухайн тендерийн үнэлгээний хороо сонгон шалгаруулсан. Манай компанийн зүгээс тухайн тендерийн бүх болзлыг биелүүлсэн. Одоо зөвхөн ажилчид сургах ажил үлдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Төрийн банк өөрийн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт бүртгүүлэх цахим тендерийн баталгаа гаргах үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагчтай холбоотой мэтээр манай бичгийн хэлбэрээр өгсөн тендерийн баримтыг үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Манай компани ч гэсэн цаасан хэлбэрээр өгөөгүй. Цахим тендер сонгон шалгаруулах журмыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр өнөөдөр үнэлгээний хорооны хурал явагдаагүй. Манай компани бага үнийн дүн санал болгосон гэтэл манайхыг сонгон шалгаруулсангүй гэж тайлбарлаж байна. Тухайн материалыг огт үнэлээгүй. Өнөөдөр үнэлгээтэй холбоотой үнийн дүнгийн асуудал яригдаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс 30,000,000 төгрөгийг улсын орлого болгосон. Эсхүл түүнтэй холбоотой маш их хэмжээний зардал гаргасан гэж байна. Гэтэл Төрийн банктай байгуулсан гэрээнд Төрийн банкны үүргийг заасан байна. Тэгэхээр гэрээний дагуу гарсан зардлаа Т-ийн б ХХК-иас нэхэмжилбэл зохих байх гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс одоогийн байдлаар 1 тэрбум гаруй төгрөгийн ажил хийсэн байгаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс дахин тендер зарлах боломжгүй. Тухайн тендерийн ажил 90 хувьтай гүйцэтгэгдсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т э-С ХХК-ийн Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хороонд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             “Т э-С” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор Төрийн банк ХХК-тай банкны баталгааны гэрээ байгуулж, тендерийн баримт бичигт заасны дагуу 30 сая төгрөгийн тендерийн баталгааг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байршуулжээ.

              Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/330 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооноос 2019 оны 06 дугаар сарын 10-ны 10.00 цагт тендерийг нээхэд тус тендер шалгаруулалтад оролцсон Т э-С ХХК-ийн тендерийн баталгаа нь нь цахим тендер шалгаруулалтын программд ороогүй[3] байсан тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу тендерийн баталгааг ирүүлээгүй гэж үзэж Т э-С ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/2311 тоот албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдсэн байна.

Захиалагчаас шаардсан тендерийн баталгааг цахим тендерт оролцогч нь тендерийн материалд файл хэлбэрээр хавсаргаж хүргүүлж болохоос гадна уг баталгаа гаргасан банк нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан гэрээний дагуу баталгааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем/tender.gov.mn/-д байршуулдаг талаар, мөн Т э-С ХХК-ийн тендерийн баталгаа нь уг тендерийг нээж, системээс Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал-ыг хэвлэхэд байхгүй төлөвтэй хэвлэгдсэн тухайд хэргийн оролцогчдоос маргаагүй.

Харин нэхэмжлэгч Т э-С ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай байгууллага нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн баталгааг банкинд байршуулж, баталгаа байршуулсан тухай албан бичгийг тендерийн материалд хүргүүлсэн ба цахим тендер шалгаруулалтын программд баталгаа байршаагүй нь тендерт оролцогчийн бус банкны буруутай үйл ажиллагаанаас хамаарсан тухай төрийн банкнаас мэдэгдэж, албан бичгийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн байхад манай тендерээс татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Т э-С ХХК нь Сангийн сайдаас баталсан цахим тендер шалгаруулалтын журмыг хүлээн зөвшөөрч уг журмын дагуу тендер шалгаруулалтад оролцсон, уг журмын дагуу тендерийн баталгааг цахим тендер шалгаруулалтын программ-д байршуулах нь баталгаа гаргасан банкны үүрэг бөгөөд энэ нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй тул тендерийн баталгаа ирүүлээгүй гэж үзэж тендерийг хянан үзэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан маргасан.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар тендерийн үнэлгээний хороо нь тендер нь хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан эсэхийг буюу захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг тус тус хангаж байгаа эсэхийг хянан үзсэний үндсэн дээр тендерээс татгалзах эсэхийг шийдвэрлэхээр заажээ.

Гэтэл хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/330 дугаар тушаалаар байгуулагдаж ажилласан тендерийн үнэлгээний хороо нь Т э-С ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэлгүйгээр зөвхөн тендерийн баталгаа нь цахим тендер шалгаруулалтын программд байршаагүй тул баталгаа ирүүлсэн гэж үзэхгүй хэмээн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.

Зүй нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн ерөнхий нөхцөлийг магадалж, түүний санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагыг үнэлж, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг нэгбүрчлэн хянан үзсэний үндсэн дээр тухайн тендерийг шаардлагад нийцсэн тодорхойлсны дараа тендерээс татгалзах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн тендерийг хянан үзэх дээрх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Т э-С ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Үүнд:

1. Иргэний нисэхийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлд ...Т э-С ХХК-ийн материалыг үнэлэх болон задлах шаардлагагүй гэж үзэж байна гэж тэмдэглэгдсэнээс үзвэл хариуцагч нь Т э-С ХХК-ийн тендерийн баримт бичгийг нээж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна.

2. Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Д Тендерийг нээх үнэлэх хэсгийн 31.1-т Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараахь шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ. Үүнд: (а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх; (б) тендерт зохих ёсоор гарын үсэг зурж, баталгаажуулсан эсэх; (в) зөвшөөрөгдсөн маягтын дагуу захиалагчийн шаардлагыг хангасан тендерийн баталгаа ирүүлсэн эсэх; (г) тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх; (д) тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварын доод шаардлагыг хангасан эсэх гэж заасныг хариуцагч эс хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Тодруулбал, хариуцагчаас дээрх тендер шалгаруулалтад оролцсон нэр бүхий 3 хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичгээр тогтоосон журмын дагуу харьцуулан үнэлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ба тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 4 дугаартай хуралдааны тэмдэглэлд зөвхөн ...Саммиткомпьютер технологи ХХК болон Бекер аэро компаниудын ирүүлсэн үнийн санал болон техникийн тодорхойлолт хоёулаа үзүүлэлтийг хангаж байна... гэснээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүргүүлсэн тендерийг хянан үзээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... манай тендерийг хянан үзээгүй нь хууль бус гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            3. Т э-С ХХК нь захиалагчаас шаардсан тендерийн баталгааг Төрийн банк ХХ-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144 тоот ...энэхүү баталгаагаар банк нь Иргэний нисэхийн ерөнхий газрын өмнө 30,000,000.00 төгрөгийн төлбөр хийх үүрэг хүлээж батлан даалт гаргаж байна гэсэн албан бичгээр захиалагчид хүргүүлсэн болох хариуцагчаас ирүүлсэн цахим тендерийн баримт бичгийн 177 дугаар хуудсанд уг албан бичиг авагдсан байна.

            Мөн уг тендерийн баталгаа цахим системд байршаагүй нь тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас бус уг баталгааг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулах үүрэг бүхий банкны хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь Төрийн банк ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145 тоот, Т э-С ХХК-аас мөн өдрийн 19/255 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх тул тендерийн баталгаа худалдан авах ажиллагааны цахим системд байршсан эсэхээс үл хамааран Т э-С ХХК нь захиалагчаас шаардсан тендерийн баталгааг ирүүлээгүй гэж үзэхээргүй байжээ.

             Гэтэл хариуцагч Төрийн банк болон Т э-С ХХК-ийн дээрх бичгүүдийг хүлээж авсан[9] атлаа тендерийн баталгаа ирүүлээгүй тул тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй... гэж заасныг хэт явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиас давсан журмын зохицуулалтыг үндэслэн татгалзсан нь хууль бус гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

             Гэвч Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам-ын 5.1-д Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна, 5.3-т ...арилжааны банк нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд заасны дагуу цахим тендерийн баталгаа гаргаж ажиллана гэж заажээ.

             Хэдийгээр дээрх журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн Т э-С ХХК-ийн тендерийн баталгаа нь цахим худалдан авах ажиллагааны системд байршаагүй нь тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй байх боловч Т э-С ХХК нь дээрх тендер шалгаруулалтдаа оролцохдоо Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 22.1-д Тендерийг цахим хэлбэрээр ирүүлэх..., 22.2-т Төрийн худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn цахим хуудсаар тендерийг хүлээн авна гэснийг тус тус хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Мөн Сангийн сайдын тушаалаар батлагдсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам-ын хүрээнд ажиллаж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем- tender.gov.mn цахим хуудасны Хэрэглэгчийн хөтөч хэсэгт Тендерийн баталгаа гаргуулах тухай болон Тендерийн баталгааны мэдээлэл бүртгэгдсэн эсэхийг шалгах тухай видео заавар, Нийтлэг асуулт хариулт хэсэгт Цахим тендерийн баталгааг бүх арилжааны банкуудаар гаргуулна. Баталгаа гаргахдаа: 1. Цахим системд бүртгүүлсэн байна. ..., 4. Тендерийн нээлт хийхээс өмнө тухайн тендерийн баталгаа зөв харагдаж байгаа эсэхийг өөрөө хянах боломжтой[13] гэсэн заавар тус тус байршсан байгаагаас үзвэл, цахим баталгаа гаргуулсан банк нь цахим худалдан авах ажиллагааны системд тендерийн баталгааг байршуулсан эсэхийг тендерт оролцогч нь өөрөө шалгах, хянах, түүнчлэн залруулах боломжтой байжээ.

                 Дээрхээс үзвэл, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/330 дугаар тушаалаар байгуулагдаж ажилласан тендерийн үнэлгээний хороо нь Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл-ийн нийлүүлэгчийн сонгон шалгаруулахдаа Т э-С ХХК-ийн тендерийг хянан үзэлгүйгээр татгалзсан нь хуульд нийцээгүй байх боловч энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

               Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн шийдвэрлэх эрх хэмжээтэй ба шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байх учиртай.

                 Гэтэл нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газар болон Б а ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх /Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл/ ажлыг нийлүүлэх гэрээ байгуулагдаж хэрэгжиж байх ба хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг гэрээ нь хэрэгжсэн, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа. Гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болно гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэнээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн байхгүй гэж үзнэ.

               Иймд нэхэмжлэгч Т э-С ХХК-аас Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Т э-С ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах болон гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлэх, тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т э-С ХХК-иас Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Ажиглалтын системийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГ/ХО/ТББ/Б-16/19 тоот тендерийн Багц 1: Автомат хамааралтай ажиглалтын Full Dual Сh АDS-В системийн 2 иж бүрдэл-ийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Т э-С ХХК-ийн тендерээс татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах болон гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлэх, тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХЗУЛ