| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0452/И |
| Дугаар | 131/ШШ2017/00489 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2017/00489
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баацагаан сум 5 дугаар багт оршин суух, ВЖ93011500 регистрийн дугаартай, Шам овогт Алтанхуягын Баярмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Баацагаан сум 5 дугаар багт оршин суух, ВЖ91060311 регистрийн дугаартай, Шагдар овогт Нэргүйчимэгийн Ганбаярт холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нэргүйчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
Миний бие 2012 онд Н.Ганбаяртай танилцаж, 2013 оны 02 сарын 03-ны өдөр тус аймгийн Баацагаан сумын Хөх эрэг гэх газар хуримаа хийж хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүү Б.Төгстөгөлдөр төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул салж, хүү бид 2 өөрийн аав, ээж, дүүгийн хамт хамтран амьдарч байна.
Би амьдралын боломж тааруу тул хүүгийн эцэг Н.Ганбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү .Тус аймгийн Баацагаан сумын 5-р багт амьдардаг миний ээж Чимгээгийн биеийн байдал маш тааруу байгаа тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү..гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нэргүйчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Нэргүйчимэг миний бие хүү Н.Ганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. А.Баярмаа, Н.Ганбаяр нар нь 2013 онд гэр бүл болж хамтран амьдрөх хугацаанд хүү. Б.Төгстөгөлдөр төрсөн. Бид 2015 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Төгстөгөлдөр нь миний хүү Н.Ганбаярын төрсөн хүү мөн бөгөөд бид эцэг тогтоох шинжилгээ хийлгэхгүйгээр хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний хүү Н.Ганбаярын биеийн байдал тааруу, унаж татдаг тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна. Одоо би хүүгээ Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах гэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч А.Баярмаа, хариуцагч Н.Ганбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар, хүү Б.Төгстөгөлдөрийн төрсний гэрчилгээ, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баярмаа, хариуцагч Н.Ганбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нэргүйчимэг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
А.Баярмаа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Баярмаа нь 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүү Б.Төгстөгөлдөрийг төрүүлж, эх А.Баярмаагаар овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, одоо эрүүл энх өсөж байгаа болох нь төрсний гэрчилгээ, Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч А.Баярмаа хариуцагч Н.Ганбаяр нар нь 2013 оны 02 сарын 03-ны өдрөөс хамтран амьдарч, 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүү Б.Төгстөгөлдөрийг төрүүлсэн, хүүхдийг төрснөөс хойш зохигчид нь сэтгэл санаа нийлэхгүй, таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарсан, эвлэрэн хэлэлцэх боломжгүй болохоо илэрхийлсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь хүү Б.Төгстөгөлдөрийг өөрийн хүүхдийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөө шүүхийн шатанд илэрхийлсэн тул зохигчдын дунд маргаангүй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүү Б.Төгстөгөлдөрт хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Н.Ганбаяраас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлээр шийдвэрлэв.
ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173,500 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1041000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 29534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүү Б.Төгстөгөлдөрийн эцгээр Шагдар овогт Нэргүйчимэгийн Ганбаярыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүү Б.Төгстөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Н.Ганбаяраас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганбаяраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Баярмаад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Н.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ