| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0226/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/275 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/275
2021 07 24 2021/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч С.Сүрэнхорол,
хохирогч Х.Энхболд, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Ариунболор /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д С.Мд холбогдох эрүүгийн 2034001960236 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мар малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Д С.М,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Шанд” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Энхболдтой маргалдаж түүний биед зүүн мөрний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.М:
…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй… гэж,
Хохирогч Х.Энхболд:
...Би Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хүргэнийхээ дүүтэй явж байсан. Замдаа манай хүргэний дүү найзынхаараа орж адуугаа сураглана гээд ороход М сууж байсан. Тэр айл нэг шил архи гаргаж өгөөд эргэж наашаа цагаан гуанз орж 2 шил архи аваад тэгээд замдаа нэг айлаар орж архи уугаад машинд явж байхдаа бид хоёр муудалцсан. Муудалцах үндэслэл нь М өөрөө эхэлж над руу дайрсан. Тэр шөнө миний гарыг эвгүй болгосон. Маргааш өглөө нь миний хөдлөхгүй байна гэхэд чи муу пизда битгий худлаа баашлаад бай гээд хөшсөн. Баяраа гэдэг залуу таны гар мултарсан байна бариачид очиж үзүүлье гээд очоод бариулсан. Тэгээд зүгээр болохгүй байхаар нь аймаг дээр ирж үзүүлээд мөрөө оруулсан. Тэгээд Борнуур суманд очоод хэд хоноход гар улам өвдөөд тэгээд буцаад ирэхэд гар хөдлөхгүй болсон... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2034001960236 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Шанд” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Энхболдтой маргалдаж түүний биед зүүн мөрний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Ц.Наранбаатарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Ц.Наранбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаартай ...Ш.Өлзийбаярын биед зүүн гуя, хацарт шарх, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
хохирогч Ш.Өлзийбаярын ...би Нараагаас 30.000 төгрөг авах ёстой байсан тэгээд мөнгөө нэхтэл чи пизда мөнгө өгчхөөд худлаа шааж явах юм аа гэсэн би тэгэхээр нь чамд мөнгө өгөх албатай юм уу гэхэд өврөөсөө хутга гаргаж ирээд нүүр лүү ширвэхэд хацарт зүссэн тэгээд миний хөлний баруун гуяны гадна хэсэгт зүссэн миний хацарт зүсэгдсэн шарх, зүүн гуяанд хатгагдсан байгаа юм... тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь зугтаагаад яваад өгсөн... би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна... /хх-ийн 25, 35-38 дугаар хуудас/,
гэрч П.Баттуяагийн ...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай бэрийн төрсөн өдөр гээд гэрээсээ гараад Улаан загалмайн байранд ирсэн... тэгээд Өлзийбаяр урьд нь мөнгө зээлүүлсэн Нараа гэдэг хүнээсээ мөнгөө авах гэтэл хутаглуулсан гээд ороод ирсэн ирэхдээ зүүн хөл нь нил цус болсон зүүн талын хацарнаас нь цус гарсан байсан биеийн байдал нь муу байгаа толгой нь эргээд хөл нь мэдээгүй болоод байгаа... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
гэрч Э.Туяацэцэгийн ...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэртээ юм угаагаад хатаах гээд цонхоор хартал гадаа нэг залуу алхаад явж байтал нэг хар туранхай залуу таараад юм яриад зогсож байтал нөгөө туранхай залуу гэнэт хутга гаргаад шууд шар залуугийн нүүр лүү нь нэг удаа гуя руу нь нэг удаа хутгалсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Наранбаатарын ...Миний хувьд тухайн өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг Скай төвийн тэнд найз нартайгаа архи уусан юмаа тэгээд согтчихоод гэртээ харих гээд явж байхад урьдын танил Өлзийбаяртай таарсан юмаа. Тэгтэл Өлзийбаяр архиа гаргаад ир хамт хуваагаад ууя гэхээр нь чамд өгөхгүй гэж хэлсэн юмаа. Тэгээд халаасандаа гараа хийтэл нэг хутга гараад ирсэн тэгэхээр нь би гаргаад иртэл Өлзийбаяр чаддаг юм бол хатгачих гээд надад томроод байхаар нь хацрыг нь нэг удаа зүсээд гуя руу нь нэг удаа хатгачихсан тэгтэл цаанаас нэг эмэгтэй хүн зураг дараад байхаар нь зугтаад явчихсан юмаа. Надаас архи нэхээд уур хүргээд байсан юмаа... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Мгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54, 58-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Шанд” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Энхболдтой маргалдаж түүний биед зүүн мөрний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Мгийн тогтоогдсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсны дагуу дээрх үйл баримт нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүндэвтэр хохирол учруулснаараа гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй бөгөөд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт хэрэг гэж үздэг.
Тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож, цохих сэдэлт, санаа зорилго төрж, хохирогч Х.Энхболдыг цохисон энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, хохирогч Х.Энхболдын биед зүүн мөрний гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчийн биед учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч С.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Ариунболор нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхаас гадна энэ бүхний эцэст бий болох үр дагаврыг мөн хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарласан байх бөгөөд шүүгдэгч С.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч С.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Энхболдын биед зүүн мөрний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Х.Энхболд нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар 2.029.094 /хоёр сая хорин есөн мянга ерэн дөрөв/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч С.М нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн тул үлдэгдэл баримтаар гарсан эмчилгээний зардал болох 1.279.094 /нэг сая хоёр зуун далан есөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Шүүх хохирогч Х.Энхболд баримтгүйгээр нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болон 10.000.000 /арван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч С.Мгаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Мгийн гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч С.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч С.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2034001960236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д С.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д С.Мгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Эрүүгийн 2034001960236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д С.Мгаас 1.279.094 /нэг сая хоёр зуун далан есөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч НЭ72111671 дугаарын регистртэй, Боржигон овгийн Халтарын Энхболдод олгосугай.
5. Хохирогч Х.Энхболд нь баримтгүйгээр нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болон 10.000.000 /арван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН