| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0473/И |
| Дугаар | 131/ШШ2017/00491 |
| Огноо | 2017-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2017/00491
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2-р дугаар баг, 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух, ВИ63123105 регистрийн дугаартай, Тариачин овогт Доржийн Нарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. 1972 оноос 1980 он хүртэл Бөмбөгөр сумын бага дунд сургуулийг төгсөж улмаар 1980 онд Улаанбаатар хот дахь Цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн орж, 1983 онд төгссөн. 1983 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын очхон цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хүсэлт гаргагч Д.Нарантуяагийн өмгөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. Тэрээр шүүхэд ажиллаж байсан талаар нэмж гаргах нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын хүрээнд түүний 1983 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Очхон цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2005 оны 05 сарын 13-ны өдрийн 302 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Нарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Нарантуяа нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Очхон цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь Д.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2005 оны 05 сарын 13-ны өдрийн 302 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Нарантуяагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тариачин овогт Доржийн Нарантуяагийн 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Очхон цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ