Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00494

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Галуут сум 5 дугаар багт оршин суух, ВК94092007 регистрийн дугаартай, Боржигон овогт Цогзолмаагийн Анхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Богд сум 5 дугаар багт оршин суух, ВВ94030417 регистрийн дугаартай, Боржигон овогт Чулуунбатын Ууганбаярт холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Анхжаргал, хариуцагч Ч.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Анхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Анхжаргал хань болох Ч.Ууганбаяртай 2013 онд танилцаж, 2014 оны 04 сарын 07-ны өдөр анхны охин У.Мөнхцэцэгийг төрүүлсэн. Бид 2015 онд хуримаа хийж, У.Жавзанпагмыг төрүүлж, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Нөхөр Ууганбаяр нь 2 дахь охин гарснаас хойш намайг зодож, 2 охинтой минь хаяад хот явсан. 2015 онд мөн би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Ууганбаяр нь намайн зодохгүй гээд бид эвлэрсэн. Энэ хугацаанаас хойш 2 дахь охин Жавзанпагма нас барсан. Ингээд Ууганбаяр нь өөр хүүхэнтэй явдаг байсан, одоо энэ хүнийг надтай хамт амьдарна гэдэгт би итгэхгүй байна.Өмнө нь шүүхээс биднийг эвлэрүүлж байсан ч түүнээс хойш нэг гэрт амьдрах хугацаанд хадам ээж, гэр бүлийнхэн нь байнга намайг үндэслэлгүйгээр хардан, доромжилж, бие эрхтэнд гэмтэл учруулж байсан тул дахин эвлэрээгүй, тусдаа амьдарч байна. Одоо би Ч.Ууганбаяртай эвлэрэх ямарч боломжгүй, хүүхдээ өсгөж тэжээхэд бэрхшээлтэй байна.

Иймд хуулийн дагуу Ч.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Миний бие нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.. гэв.

Хариуцагчийн Ч:Ууганбаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Мөнхцэцэг нь миний охин мөн тул энэ талаар маргах зүйлгүй. Эцэг тогтоох шинжилгээнд явах шаардлагагүй. Би хөдөө явах болсон тул шүүх хурлыг яаралтай хийж өгнө үү. Шүүхээс өмнө нь биднийг эвлэрүүлж байсан ч энэ хугацаанд Ц.Анхжаргал нь өөр хүнтэй уулзаж, утсаар ярьж байснаас болж дахин салсан.Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ц.Анхжаргал, хариуцагч Ч.Ууганбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар, охин У.Мөнхцэцэгийн төрсний гэрчилгээ, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Анхжаргал нь хариуцагч Ч.Ууганбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Ууганбаяр хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Ц.Анхжаргал нь 2014 оны 04 сарын 07-ны өдөр охин У.Мөнхцэцэгийг төрүүлж, эцэг Ч.Ууганбаяраар овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, одоо эрүүл энх өсөж байгаа болох нь төрсний гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ц.Анхжаргал, хариуцагч Ч.Ууганбаяр нар нь 2014 оноос хамтран амьдарсан боловч өөр хоорондын сэтгэл санааны таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарсан, эвлэрэн хэлэлцэх боломжгүй болохоо илэрхийлсэн байна.

Хариуцагч Ч.Ууганбаяр нь охин У.Мөнхцэцэгийг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөө шүүхийн шатанд илэрхийлсэн тул зохигчдын дунд маргаангүй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж охин У.Мөнхцэцэгт хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Ч.Ууганбаяраас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлээр шийдвэрлэв.

ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173,500 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1041000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 29534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн охин У.Мөнхцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ч.Ууганбаяраас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Анхжаргал нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ч.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.                                                              6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ