Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             07                24                                                2021/ШЦТ/284                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

хохирогч Г.Эрдэнэ-Очир /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

                                         

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л.Эад холбогдох эрүүгийн 2034006280709 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайн инженер мэргэжилтэй, “Ширээт заан” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Б Л.Э,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Э нь Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт Г.Эрдэнэ-Очир нь төмс хураагч копательд хавчуулагдан эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Л.Э:

...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон.  Намайг байхгүй хойгуур копательтай явж байгаад копатель дээрээ гараад байж байгаад копатель руугаа хальтарч унаад хавчуулагдсан байсан... гэж,

 

Хохирогч Г.Эрдэнэ-Очир:

...2020 оны 9 дүгээр сарын 22-нд болсон. 18-ны өдөр ажилд яваад ирсэн талбай дээр 19 цагийн үед ганцаараа байсан. Тэгээд тийшээ явж байхад копательд өвс шороо ороод хахаад байхаар нь онгойлгочхоод жаахан байж байгаад хөшиглөсөн чинь хөл татаад орчихсон. Тэгээд 30 минут орчим болсон. Тэр үед хажууд байсан тракторын ах ирж гаргаж авсан. Гомдол саналын хувьд хөл, гарыг минь хийгээд өгчихвөл өөр гомдол байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2034006280709 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас Г.Эрдэнэ-Очир нь төмс хураагч копательд хавчуулагдан эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учирсан үйл баримт нь дараах

хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11144 дугаартай ...Г.Эрдэнэ-Очирын биед баруун хөлийн түнхний үе, баруун төмсөг, шодойн тайрагдал, баруун мөрөнд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөлний түнхний үеэр тайрагдал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 70% алдагдуулна... талаарх /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай ...Ширээт хаан ХХК нь... Г.Эрдэнэ-Очирт зааварчилгаа өгсөн, авсан тухай бичгээр гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй байна. Ширээт хаан ХХК нь... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх”, 28.1.7-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн... талаарх /хх-ийн 44-45 дугаар хуудас/ дүгнэлтүүд,

хохирогч Г.Эрдэнэ-Очирын ...Уг өдөр би өөрийн ажилладаг болох компаны захирал Э руу өглөөний 11 үед залгасан.  Утсаар залгаад амралт дуусчихлаа ажилруугаа явах уу гэж асуухад захирал болох Э нь Төв аймагт хүрч ирээд трактор бариад өг гэж хэлсэн. Тэгээд би даргынхаа хэлснээр 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орой Төв аймагт очсон ба аль суманд очсоноо мэдэхгүй байна. Уг өдрөө би ажиллаагүй амарсан ба осол болох өдөр хүртэл төмс хураадаг комбанид засвар хийсэн. Осол болдог өдөр нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болсон ба би уг өдөр өглөө 9 цаг өнгөрч байхад ажилдаа гарсан. Ажилдаа гараад би төмс хураадаг комбани бариад явж байсан ба 10 цагаас 11 цагийн хооронд комбани төмс ялгадаг хэсэгт шороо өвс нь хахаад байсан болохоор ногооны талбайгаас гарч зогсон өвс шороог нь цэвэрлэсэн. Намайг өвс шороог цэвэрлэж байхад нэг мэдэхэд л миний баруун хөлийг хавчаад миний хөл гацсан. Хөл хавчуулагдах үед миний баруун гар бас хавчуулагдсан. Уг явдал болох үед ногооны талбайд хүн байхгүй байсан ба цаг хэртээ миний хөл гар хавчуулаастай байсан. Тэгээд байж байтал өөр нэг комбани засвараас гараад ногооны талбай дээр ирсэн ба уг комбани жолооч намайг хавчуулагдсаныг мэдээд өөр хүн дуудаж миний гацсан гар хөлийг гаргасан. Тэгээд би шууд Төв аймгийн эмнэлэгрүү шууд явсан ба тэндээ нээх удалгүй эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын гэмтэл согог руу явсан. Гэмтэл согог руу явах үедээ би сайн санахгүй байна. Төв аймгийн эмнэлгээс гараад засмал зам дээр гарах хүртлээ санаж байна. Нэг мэдэхэд би Улаанбаатар хотын гэмтэл дээр сэхээн амьдруулах тасагт сэрсэн... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

гэрч М.Төмөрсүхийн ...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн хувийн аж ахуй эрхэлдэг хашаанд оюутан хүүхдээрээ төмс зойрноос гаргаад нүхэн зойр луу зөөж байтал талбай дээр төмс хурааж явсан Төмөрөө ах залгаад захирлыг хурдан талбай руу явуулаарай гэж хэлсэн тэгээд захирал Э нь яваад очсон. Тэгээд Э талбай орчхоод намайг араас хүрээд ир гэж залгасан тэгээд сумын эмнэлэг дээр ирэхэд... Очироогын хувцас хөнжил гудсыг аваад ир гээд сумын эмнэлэг дээр ирэхэд миний машинтай Очроог аваад хот явсан. Тэгээд Очроог Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг ороод хэвтүүлж өгөөд ирсэн... /хх-ийн 29-30 дугаар хуудас/

гэрч Г.Үнэнбатын: ...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Очироо өөрийн трактороо бариад төмс хураах гээд түрүүлээд ганцаараа явсан араас нь Төмөрөө ах явсан би өөрийн барьдаг ХОВО-г бариад талбай дээр очтол захирал Э нь над дээр ирээд капаталд хавчуулагдсан байна хурдан лоомоо авчих гээд араас нь очсон тэгээд очиход Очироо капаталд хавчуулагдаад намайг хурдан гаргаад аваач гээд байж байсан... ...Очироогийн баруун хөл капаталын завсраар ороод хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд би буцаж кемп дээр ирээд таслагч аваад гинжийг нь тасдаад хамагч капаталын кардан голыг тайлаад буцааж капаталаа буцааж эргүүлж байгаад голыг нь тайлж буулгаад тэгээд Очироог салгаж авсан... Өглөө ажилдаа гарахдаа амаар л аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Хөдөлмөрийн гэрээ байхгүй, нийгмийн даатгал мөн төлдөггүй... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

яллагдагч Л.Эын ...Би Төв аймгийн Жаргалант суманд “Ширээт заан” нэртэй газар тариалангийн компанитай юм. Би хохирогч Эрдэнэ-Очир гэх хүнийг өмнө нь таньдаг байсан надтай цуг ажилдаг хүнд машин механизмын оператор залуу байсан юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд авчирч төмс хураадаг тракторыг жолоодуулахаар сарын 1.500.000 төгрөгөөр тохироод хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд Эрдэнэ-Очир 3 хоног ажиллаад 4 дэх хоногийнхоо өглөө төмс хураадаг машины төхөөрөмжид хавчуулагдаж гэмтээд эмнэлэгт хүргэгдэж төмс хураагч төхөөрөмжийг тракторын жолооч давхар хариуцаж ажиллуулдаг юм. Өөрөө хэлэхдээ тракторын хүч дамжуулагчийг салгаагүй дээр нь зогсоод халтирч унасан гэж байсан уг нь бол зогсох үедээ хүч дамжуулахыг салгах ёстой байсан. Мөн тракторыг унтраах ёстой байсан. Би ямар нэгэн нотломж шаардаагүй утсаар яриад асуухад би чадна л гэж байсан тэгээд ирэхэд нь яаж ажиллуулах талаар би өөрийн биеэр зааж өгсөн учир ямар нэгэн сургалтад хамруулж гэрчилгээ, нотломжийг олгоогүй. Эрдэнэ-Очир том механизм оператор хийж байгаа учраас чадах байх гэж найдаад техниктэй харьцаж чадах байх гэж бодсон. Би Эрдэнэ-Очирын эмчилгээний бүх зардлыг төлсөн, ам тариа болон бэлэн мөнгө өгсөн, мөн 20.000.000 төгрөгөөр Эрдэнэ-Очирт “Lexus RX400” нэртэй дунд оврын жийп машиныг сэтгэл санааны хохиролд авч өгсөн нийтдээ 50.000.000 орчим төгрөгийг Эрдэнэ-Очирт өгсөн байгаа. Ажил олгогч миний бие хариуцлага алдсаны улмаас бусдын бие мах бодид хүнд гэмтэл учирсан. Би учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулахыг хүсэж байна.../хх-ийн 50-53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Л.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57, 65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Л.Эын хохирогч Г.Эрдэнэ-Очирын биед баруун хөлийн түнхний үе, баруун төмсөг, шодойн тайрагдал, баруун мөрөнд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Л.Эын хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас Г.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд тухайн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүнд хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Л.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос түүнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нь хийсэн үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхаас гадна энэ бүхнээс үүсэх үр дагаврыг мөн хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарласан байх бөгөөд шүүгдэгч Л.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь хохирогч Г.Эрдэнэ-Очирын баруун хөлийн түнхний үе, баруун төмсөг, шодойн тайрагдал, баруун мөрөнд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан байна.  

 

Хохирогч Г.Эрдэнэ-Очир нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар 720.502 /долоон зуун хорин мянга таван зуун хоёр/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Э нь хохирол төлбөрт нийт 41.584.051 /дөчин нэгэн сая таван зуун наян дөрвөн мянга тавин нэг/ төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Г.Эрдэнэ-Очир нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч Л.Э хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлдэг бөгөөд улмаар хохирогчид хиймэл хөл хийлгэж өгөх талаар хохирогчтой хоорондоо ярилцан тохиролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч тус тус мэдүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүх хохирогч Г.Эрдэнэ-Очирыг цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Л.Эыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Л.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Л.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034006280709 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирол төлбөрт 41.584.051 төгрөг төлснийг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

    

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

                    36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                              зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Л.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Л.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2034006280709 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Л.Э нь хохирол төлбөрт 41.584.051 төгрөг хохирогч Г.Эрдэнэ-Очирт төлснийг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Г.Эрдэнэ-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Л.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Л.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН