| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0440/И |
| Дугаар | 131/ШШ2017/00503 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00503
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Хүрээмарал сум 2 дугаар багт оршин суух, ВР58120417 регистрийн дугаартай, Нурууд овогт Дэмбэрэлийн Сэнгэдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Сэнгэдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Д.Сэнгэдорж нь 1958 оны 12 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1990 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Эрчим хүчний салбарт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Сэнгэдорж нь миний ах бөгөөд тэрээр хөдөө байх тул би түүнийг төлөөлөн оролцож байна. Тэрээр өндөр настны тэтгэвэрт орох гэхэд нийгмийн даатгалын байцаагч нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1990-1994 оны ажилласан байдлын талаархи хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичвэр нь балаар бичсэн байна гэх шалтгаанаар ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан тул шүүхэд хандаж байна. Бусад огноо нь шаардлага хангаж байгаа гэсэн тул 1990-1994 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Эрчим хүчиний салбарт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ..гэв.
Шүүх хуралдаанаар Д.Сэнгэдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 639 дугаар архивын лавлагаа, 1979 оны 09 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Сэнгэдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Сэнгэдорж нь 1990 оны 06 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Эрчим хүчний салбарт цахилгаан станцын моторчноор ажиллаж байсан болох нь Д.Сэнгэдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 639 дугаар архивын лавлагаа, 1979 оны 09 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Сэнгэдоржийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ажилласан байдлыг шүүх тогтоох үндэслэлийг тодорхойлохдоо хүний тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн иргэний ажиллаж байсныг нотлох нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал шийдвэр үрэгдсэн, дутуу тооцогдсон зэргээс шалтгаалан ажиллаж байсныг зайлшгүй нөхөн тогтоох шаардлага бий болсон үед бусад нотлох баримтыг үндэслэн тогтоох ажиллагааг ойлгож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг тодорхойлохдоо
1/ нийгмийн даатгалын дэвтэр;
2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр..зэргийг бүрдүүлэхээр хуульчилсан байна.
Гэтэл тэтгэвэр тэтгэмж хариуцсан нийгмийн даатгалын байцаагч нар нь тухайн иргэний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа ямар нэг зөрчил дутагдалгүй байхад хуулиар олгогдсон үүрэгт ажлаа хөнгөвчлөх зорилгоор заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага тавих, ямар зөрчилтэй болоод ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тухай иргэнд тайлбарлан ойлгуулахгүй байх зэргээр иргэдийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд чирэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байгааг холбогдох албан тушаалтнуудад анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Нурууд овогт Дэмбэрэлийн Сэнгэдоржийн 1990 оны 06 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Эрчим хүчний салбарт цахилгаан станцын моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Сэнгэдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ