| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0429/И |
| Дугаар | 131/ШШ2017/00504 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00504
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Овоо сум 4 дүгээр багт оршин суух, ВГ57030305 регистрийн дугаартай Хорол овогт Лхагвийгийн Намхайн Үрчлэлт бүртгэсэн байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Л.Намхай шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Л.Намхай нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нөхөр Б.Баасангийн хамт амьдарч байхдаа С.Түмэндорж, Б.Болортуяа нараас Т.Мөнхчимэг нэртэй охиныг 2005 оны 03 сард үрчилж авахаар өргөдөл өгч хандсаны дагуу тус аймгийн Баян-Овоо сумын Иргэний бүртгэлийн ажилтан Баасангийн Мөнхчимэг нэртэй гэрчилгээг бидэнд олгосон. Тухайн үед бид сумын захиргаа албан ёсоор үрчлэлтийг бүртгэсний үндсэн дээр гэрчилгээг олгосон гэж ойлгосон. Гэтэл 2009 онд тус сумын засаг даргын захирамж албан ёсоор гараагүй байх тул нөхөн гаргалаа гэж хэлсэн. Уг захирамж нь Баян-Овоо сумын Засаг даргын 2009 оны 01 сарын 13 ны өдрийн захирамжаар Т.Мөнхчимэгийг манайд үрчилснийг албан ёсоор баталгаажуулсан байсан. Ингээд холбогдох баримтыг хавсарган Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хандахад 2007 оны 04 сарын 10-ны өдрийн 1/347 тоот албан бичгээр миний охин Т.Мөнхчимэгийг 2005 онд үрчлэгдсэн гэж оруулах үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Бид 2005.03.20-нд хүүхэд үрчилж аваад зохих ёсоор иргэний бүртгэлийн ажилтанд өргөдлөө өгч баталгаажуулсан байхад яагаад Улсын бүртгэлийн хэлтсээс татгалзсан хариу өгснийг ойлгохгүй байна. Миний бие энэ асуудлаас болж тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүйд хүрч байгаа төдийгүй охины тэжээгчээ алдсаны тэтгэмж түр зогсоод байх тул Л.Намхай миний биеийг 2005 оны 03 сарын 20-ны өдөр Т.Мөнхчимэгийг үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү. Т.Мөнхчимэгийг 2005 оны 03 сарын 20-ны өдөр үрчилж авсан байхад Иргэний бүртгэлийн архивт 2009.01.15-ны өдөр гэж үрчлэлтийн бүртгэлд буруу бичигдсэн болохыг тогтоож өгнө үү..гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Намхай нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нөхөр Б.Баасангийн хамт амьдарч байхдаа С.Түмэндорж, Б.Болортуяа нараас Т.Мөнхчимэг нэртэй охиныг 2005 оны 03 сард үрчилж авахаар өргөдөл өгч хандсаны дагуу тус аймгийн Баян-Овоо сумын Иргэний бүртгэлийн ажилтан Баасангийн Мөнхчимэг нэртэй гэрчилгээг бидэнд олгосон. 2009 онд тус сумын засаг даргын захирамж үрчлэлтийг бүртгэж нөхөн гаргасан, иргэний бүртгэлийн ажилтан нь ажлын хариуцлага алдаж 2005 онд гэрчилгээ олгосон атлаа үрчлэлтийн бүртгэлд бүртгэж, засаг даргын захирамж гаргуулаагүй орхигдуулсан байсан. Б.Баасан нь 2007 онд нас барсан бөгөөд улмаар Т.Мөнхчимэгийг 2009 онд үрчилсэн гэх үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоогоод байна
Иймд холбогдох баримтыг үндэслэн Л.Намхай, Б.Баасан нарыг 2005 оны 03 сарын 20-ны өдөр Т.Мөнхчимэгийг үрчилж авсан болохыг тогтоож, Иргэний бүртгэлд 2005 оны 03 сарын 20-нд үрчлэлт хийгдсэнийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Л.Намхайн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 1/347 дугаартай тодорхойлолт, Б.Мөнхчимэгийн төрсний гэрчилгээ, 2009 оны 01 сарын 15-ны өдрийн 01 дугаартай үрчилсний гэрчилгээ, Баян-Овоо сумын эмнэлгийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 08, 09 дугаар тодорхойлолтууд, Б.Баасангийн нас барсны гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Намхай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Намхай нь нөхөр Бат-Очирын Баасангийн хамт 2005 оны 03 сарын 20-ны өдөр Т.Мөнхчимэгийг Б.Болортуяа, С.Түмэндорж нараас үрчилж авсан болох нь Б.Мөнхчимэгийн төрсний гэрчилгээ, 2009 оны 01 сарын 15-ны өдрийн 01 дугаартай үрчилсний гэрчилгээ, Баян-Овоо сумын эмнэлгийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 08, 09 дугаар тодорхойлолтууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тухайлбал: Баян-Овоо сумын Хүн эмнэлгийн 2009 оны 01 сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор Баасангийн Мөнхчимэг нь 2005 оны 03 сараас эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж байсан болохыг нотолсон бол Баян-Овоо сумын засаг даргын 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 08 дугаар албан бичгээр Т.Мөнхчимэгийг 2005 оны 03 сарын 20-ны өдөр Б.Баасанд үрчлүүлснийг тухайн үед засаг даргын захирамж гаргаагүй орхигдуулж, 2009 оны 01 сарын 13-ны өдөр нөхөн захирамж гаргасан тухай албан бичгээр илэрхийлсэн байна. Энэ тухай Баян-Овоо сумын 4-р багийн засаг дарга Б.Бямбадорж 2009 оны 01 сарын 13-ны өдөр 09 дугаар албан бичгээр давхар нотолжээ.
Түүнчлэн Баян-Овоо сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтан М.Энхцэцэг нь Баасангийн Мөнхчимэгийн 0238144 дугаар төрсний гэрчилгээг 2002 оны 04 сарын 20-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон мэтээр 2008 онд гэрчилгээ олгож байжээ.
Иймд Баян-Овоо сумын ЗДТГ, эрх бүхий албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж 2005 онд үрчлэгдсэн хүүхдийн бүртгэл, судалгаа, баримт бичгийг тухайн цаг хугацаанд гаргаагүй, 2009 онд нөхөн гаргасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, 2009 оны нөхөн гаргасан үрчлэлтийн гэрчилгээнд үндэслэн Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Түмэндоржийн Мөнхчимэг нь 2009 оны 01 сарын 15-ны өдөр Б.Баасан, Л.Намхай нарт үрчлэгдсэн мэтээр зөрүүтэй бүртгэгдсэн гэж шүүх дүгнэв.
Иймд Л.Намхайн хүсэлтийг хангаж үрчлэлтийн бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан Түмэндоржийн Мөнхчимэгийг 2005 оны 03 сарын 20-ны өдөр Б.Баасан, Л.Намхай нарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.
2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан Т.Мөнхчимэгийн үрчлэлтийн бүртгэлд үрчлэлт хийсэн хугацааг зөвтгөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.Намхайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ