Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 794

 

МАГАДЛАЛ

2018.08.28                                         №794                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Ариунтуяа,

          шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Хандсүрэн,

          хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1389 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Бд холбогдох 1808 0020 30392 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гэгээн овгийн Доржготовын Б, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Ланд тек” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,

 

Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мандал Овоогийн 28 дугаар гудамжны 11 тоотод, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн Б.Ц руу архины шил шидэж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний хараа алдагдсан нэвт гэмтэл, доторх агууламжийн гоожилт, нүдний эвэрлэг, уураг, солонго, судсан бүрхүүлийн урагдал, хавчуулагдалт, шилэнцэрийн гоожилт, цусан хураа, өмнөд ба хойд арын камерийн цусан хураа, торлог бүрхүүлийн хуурал, болорын цайлт эхэлж буй байдал, баруун нүдний хараа хуруу тоолох төдий, дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн ажиллагааг хянан үзээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзсэн тул яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй байна.

Мөрдөгч, прокурор, шүүгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. Харин шүүх хэргийн бодит байдлыг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор зөвхөн талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсныг дурдах нь зүйтэй.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтад “мөрдөгч, ... -ын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох” гэж прокурорын хяналтын эрх хэмжээг хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Итгэлт 2018 оны 3 дугаар сарын 10, 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор өмгөөлөгч Ж.Гантулгын хүсэлтийг тус бүр хэсэгчлэн хангасан байх боловч мөрдөгч уг тогтоолоор хангасан ажиллагааг явуулалгүй хэргийг прокурорт шилжүүлжээ.

Харин өмгөөлөгч энэ талаар хяналтын прокурорт хүсэлт, гомдол гаргасан боловч прокурор хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгоогүй атал өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, мөрдөгчийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх тул түүнийг биелүүлэх хуулийн хүчин чадал хадгалагдсан хэвээр юм.

2. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гаргаж өгсөн лавлагаанаас үзвэл гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01:38:57 цагт бүртгэгдсэн байх бөгөөд хэргийн газарт “Сэлбэ 115” нууцлалтай, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батгэрэл гэгч очсон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг шуурхай явуулаагүйн улмаас хэрэг шалгах ажиллагаа удааширч, хэргийн газрын нөхцөл байдал тодорхойгүй үлджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг тэмдэглэл, гэрэл зургаар харуулах, түүнтэй уялдуулан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах, хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч, түргэн тусламжийн эмч нараас гэрчийн мэдүүлэг авах зэргээр хэргийн газрын дүр зураг, нөхцөл байдлыг сэргээн дүрслэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, энэ хэргийг шударгаар эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

3. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гаргаж өгсөн лавлагааны дуудлагын утгад “Хүмүүс зодолдоод байхаар нь гүйгээд ороод ирсэн чинь эгчийн нүдийг юугаар зүссэн юм мэдэхгүй, нүдийг нь сохолчих шиг боллоо. Энд олон хүн байсан, хэн тэгснийг нь мэдэхгүй” гэж бүртгэгджээ.

Үүнээс үзвэл зарим гэрч нарын мэдүүлэг худал байж болзошгүй байх тул хуульд зааснаар мэдүүлэгч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, шаардлагатай бол мөрдөгч хуулиар зөвхөн өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа явуулбал зохино.

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Яллагдагч Д.Бгийн эцэг Н.Доржготов, эх С.Аюушчулуун, дүү Д.Жавзан нар нь Д.Бтой гэр бүлийн хамааралтай хүмүүс тул тэднээс мэдүүлэг авах шаардлагагүй” хэмээн мэтгэлцэж, тайлбар гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг ноцтой зөрчиж байна.

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хууль ёсоор шалгаагүй, хэргийн халуун мөрөөр шуурхай ажиллаагүйн улмаас хэргийн газрын нөхцөл байдал тодорхойгүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа нөхцөлд хэрэг гарсан даруйд очсон хэн боловч хүнээс мэдүүлэг авах нь зүйн хэрэг. Харин мэдүүлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх эсэх нь мэдүүлэгчийн эрх чөлөө билээ. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгалгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг баримтлан явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн, яллагдагч Д.Бг гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй гэсэн агуулга бүхий ноцтой зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан байхад мэдүүлгийн эх сурвалж болон бодит байдлыг шалгаж, хууль сануулсаар байхад болсон явдлаас зөрүүтэй мэдүүлсэн шалтгааныг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгасны эцэст энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь нотолгоо эргэлзээгүй байх хуулийн шаардлагад нийцнэ.

4. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тогтоол нь хууль зөрчсөн байх тул 2018 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 28-ны хооронд бүрдүүлсэн нотлох баримтууд нотлох чадвараа алдсан гэж үзнэ. Үүнд нь хавтаст хэргийн 37-38 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Бадамсэдийн мэдүүлэг хамаарах бөгөөд прокурор энэ нотлох баримтыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн нотолгоо болгожээ.

Мөн энэ хэргийн хохирогч Б.Цаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анх мэдүүлэг /хх-9/ авахдаа “Боржигон овогт Чойжингийн Өрнөхбаяр, 1965 оны 2 дугаар сарын 15-нд Архангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, регистрийн дугаар ТИ65021579” гэсэн биеийн байцаалт авсан нь хохирогчийн хэн болоход эргэлзээ бүхий болжээ. Прокурор энэхүү алдааг засах зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дахин мэдүүлэг /хх-11/ авсан гэж тайлбарлах боловч уг мэдүүлгийн тэмдэглэлд биеийн байцаалт тусгагдаагүй байна. Эдгээр мэдүүлэг нь мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийнхээ нотолгоо болсон.

Дээр дурдсан гэрч, хохирогч нар нь энэ хэргийн нотолгоонд голлох нөлөө үзүүлж байсан бөгөөд эдгээр нь хүчингүй болсноор прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн чадамжаа алдсан гэж үзнэ.

Эцэст нь дурдахад, цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шуурхай шалгах, хуульд заасан бүх арга хэрэгслээр хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн шалгаж тогтоох ажиллагаанд тавих прокурорын хяналтын үр нөлөөг сайжруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг бодитойгоор хамгаалан ажиллахад онцгой анхаарвал зохино.

Иймд яллагдагч Д.Бд холбогдох эрүүгийн 1808 0020 30392 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс яллагдагч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Мөрдөгч нь өмгөөлөгчийн хүсэлтийг хэсэгчлэн хангасан байх энэхүү ажиллагааг хийгээгүй байгаа нь өмгөөлөгчийн прокурорт хүсэлт гаргах, түүнчлэн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хязгаарлалгүй, харин хяналтын прокурорт болон дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр нь хангасан байна.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт, гомдолд дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-д хамааралгүй гэж дүгнэж прокуророос хүсэлт, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтад заасны дагуу тухайн мөрдөгчийн шийдвэр, ажиллагааны талаар прокурорт өмгөөлөгч нь гомдол гаргаагүй бөгөөд хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргасан байна.

2. Хэргийн газрын үзлэг нь нэгэнт хийгдээгүйн дээр хэрэг гарсан орчны нөхцөл байдлыг сэргээн дүрслэхээс бус хэргийг хэн үйлдсэн, хэрхэн ямар аргаар үйлдсэн зэрэг цаг хугацааг нөхөн дүрслэх боломжгүй юм.

Иймээс хэргийн газрын үзлэг хийхээс илүүтэйгээр тухайн хэргийн газрын дүр зураг нөхцөл байдлыг сэргээн дүрслэх, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, хэрэг гарсан тухайн цаг үед байсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоосон.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэсний дагуу прокуророос хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлд заасны дагуу сунгасан, хэрэг бүртгэлийн хугацааг сунгасан асуудал ямар хуулийн зүйл, заалтыг зөрчсөн талаараа шүүгчийн захирамжид дурдаагүй нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Гэрч Б.Бадамсэдээс мэдүүлэг авах тухайн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэрэгт хохирогчоос мэдүүлэг авахдаа биеийн байцаалт хэсгийг мөрдөгч нь буруу бичсэн байх ба энэ зөрчлийг арилгахаар дахин мэдүүлэг авсан, мөн түүнчлэн хохирогчийн хувийн байдлыг тогтоох баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан. /хх-14-16/, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Цаас гэрчийн мэдүүлэг авсан /хх-17-18/,

Мөн прокуророос хохирогчийн биеийн байцаалтыг нь шүүх хуралдаанд сонсгуулахаар биечлэн оролцуулах хүсэлтийг яллах дүгнэлтийг хавсралт хэсэгт гаргаж, энэ тухайгаа ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн хүсэлт гарган тайлбарласан болно.

Шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлд заасны дагуу “Нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1389 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Б.Цын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдсон байгаа. Хэрэгт ач холбогдолгүй асуудлаар гомдол гаргадаг. Өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулахгүй байгаа. Иймд хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

          Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг дэмжиж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Гантулга өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах... гэж зааснаар нотлох баримтыг шалгаж, үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Бд холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1389 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд очтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                               М.АЛДАР