| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2019/0643/З |
| Дугаар | 818 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 818
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д” ХХК,
Хариуцагч: Ам,гтгКхд,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Д” ХХК нь Д******* аймгийн Д******* сумын сумын “Б*******” нэртэй газарт 740.96 гектар талбай бүхий уурхайн талбайд ******* тоот гэрчилгээний дагуу 2041 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Наадмын амралтын дараа 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Д” ХХК-ийн захирал З.У*******ын найз нь “танай тусгай зөвшөөрөл цуцлагдчихсан гэсэн юу болсон юм бэ?” гэж сайтаас үзсэн тухайгаа ярьсан байна. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын https://mrpam.gov.mn/ цахим хуудаснаас хайлт хийж үзэхэд “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн мэдээ байв. Тэр дариу үүнийг тодруулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж, ийм шийдвэр гарсан эсэх, гарсан бол бичгээр мэдэгдэл өгч, тухайн гарсан шийдвэрээ хуулбарыг нь өгнө үү гэхэд тус байгууллагаас “Бид сайтдаа тавьсан та нар шүүхдмээр байгаа бол шүүхд бид бичгээр юу ч өгөхгүй” гэсэн хариуг амаар өгч, хүсэлтийг хүлээж авсангүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг. Энэ үндэслэлээр манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Гэтэл манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрөө бүрэн төлсөн байсан. Иймд үндэслэлгүйгээр манай компанийн ******* тоот гэрчилгээний дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ам,гтгКхд-н 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч байгууллага нь захиргааны шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй. Шуудангийн буцаалт нь очсон мөн “Д” ХХК мэдээгүй байхад шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн тухайн байгууллагын дансанд төлбөр төлөгдсөн. Гэтэл төлбөр төлөөгүй байна гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэв төлбөр төлөгдөөгүй, буруу дансанд хийсэн гэж үзэж байгаа бол манай төлсөн мөнгийг буцаагаад шилжүүлэх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанийн дансанд уг мөнгийг шилжүүлээгүй. Тиймээс төлбөр төлснийг хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлсөн гэх агуулгыг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдэж байсан гэж үзэж байна. Үндсэн төлбөр төлөгдсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл алдангийг төлсөн гэж бодож байсан боловч амжилтгүй гүйлгээ хийгдсэн байна. Алданги нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөрийг төлөх хариуцлагын зохицуулалт бөгөөд давхар хариуцлага оногдуулж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна. нэг зөрчилд хоёр хариуцлага оногдуулж байна. Тиймээс Ам,гтгКхд-н 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ам,гтгКхдас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Д******* аймгийн Д******* сумын нутагт орших Бор-Өндөр-Өвөр хоолой гэх нэртэй газар ашигт малтмал хайгуулын ХV-00******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгож, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр “ Эн” ХХК-аас “Д” ХХК-д бүхэлд нь шилжүүлснийг бүртгэсэн.
Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2041 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ашигт малтмалын М\/- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг бүртгэсэн байна.
“Д” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1 дэх жилийн, 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 дахь жилийн, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3 дахь жилийн, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт тус тус төлсөн бөгөөд 9 дэх жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д заасан хугацаанд төлсөн нь нотлогдохгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй... гэж заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа “Д” ХХК-ийн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлбөрөө төлөх боломжтойг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны 7/1845 тоот мэдэгдлээр “Монгол шуудан” ХК-ийн шуудангаар хүргүүлсэн. Гэвч “Монгол шуудан” ХК-ийн шуудан түгээгч ...Заасан хаягтаа байхгүй ирж авна гээд ирж авахгүй байгаа тул буцаав... гэсэн тэмдэглэгээг хийж 9 өдрийн дараа буцаалт хийгдсэн байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлж хаягийн өөрчлөлтийн бүртгэлээ шинэчлэн бүртгүүлээгүй байдаг. Энэхүү эс үйлдэхүй нь мөн хуулийн 66.2. энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 д ... хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ... гэж заасныг зөрчсөн бөгөөд Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн уг үйлдлийн улмаас шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл хүргэгдээгүйг төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл мэтээр нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2. Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.3. Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн ... Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана... шаардлагыг хангахгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш буюу 2011-2018 он хүртэл ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт зааснаар хуулийн хугацаанд төлж ирсэн. Түүнчлэн сүүлийн таван жил төлбөрийг алдангийн хамт төлж байсан. Хууль тогтоогчоос тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульчилж, тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн жил жилдээ өөр өөр байхаар зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн жил бүр тооцон урьдчилж төлнө гэж заасан. Ямар нэг хугацаа заагаагүй тухайн жилийн хэдийд ч төлж болохоор зохицуулсан. Мөн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан нэмэлт өөрчлөлтийг оруулж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 30 хоногийн боломж олгож алданги тооцохоор зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж заасан. Бүрэн төлөөгүй гэдэг нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар төлбөрөө төлөөд захиргааны байгууллагад ирж бүртгүүлснийг ойлгоно. Хууль тогтоогч уг зохицуулалтыг яагаад хоёр үйлдэлтэй хийсэн бэ гэхээр тухайн шилжүүлэг төрийн банк данс руу 1-2 хоног дамжиж ордог. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцно. Мөн төрийн захиргааны байгууллагад ирж тусгай зөвшөөрлийн 1, 2, 3 дугаар хавсралтад төлбөр төлсөн баримтын бүртгэлийг хийлгэдэг. Ингэснээр төлбөр төлсөнд тооцно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 30 хоногийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусна гэдгийг мэдээд гүйцэтгэх захирал У******* интернет банкаар гүйлгээ хийсэн байдаг. Гэтэл өмнө нь 8 жил төлсөн данснаас огт өөр буюу үйлчилгээний орлогын дансанд төлсөн. Манайх 4-5 төрлийн данстай. Энэ нь сангийн яаманд зориулалт тус бүрээр улсын төсөвт шууд татагдах, улсын төсвөөс манай байгууллага руу ирэх зэрэг байдлаар ордог. Тусгай зөвшөөрөл эзэмшиг тухайн өдөр шилжүүлгээ хийгээд Ашигт малтмал, Газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээнд дээр Кадастрын хэлтсийн төлбөр хариуцсан мэргэжилтэн дээр ирж бүртгүүлсэн бол энэ алдаа засагдах боломжтой байсан. Үүнийг мэдсээр байж энэ ажиллагааг хийгээгүй нь тухайн компанийн удирдлагуудын хариуцлагагүй байдал. Мөн Монгол шуудан ХК-ийн шууданч заасан хаягаар нь очиж үзсэн байна. Наран плаза төвийн 1-2 дугаар давхарт ямар, ямар компани байдаг талаар мэдэж байна. Утсаар ярихад нь Монгол шуудангийн төв байрны А зааланд ирж авахаар болсон боловч ирж аваагүй. Манай байгууллагаас Монгол шуудан ХК-д хүргүүлэхдээ геологи уул уурхайн кадастрын компьютержсон системд бүртгүүлсэн хаягаар нь илгээсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн компанийг бүрэн төлөөлөх итгэмжлэл авч орж ирсэн. Гэтэл тухайн компани уг хаягтаа байдаг эсэхийг мэдэхгүй. Байдаг гэж ярьж байгаа боловч хэдэн тоот хаалганд байдаг талаар тодорхой байна. Энэ нь тухайн компани уг хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болохыг илэрхийлж байна. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөр нь мэдэгдэл авснаар төлдөг зүйл биш. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийнхаа төлөө энэ төлбөрийг жил бүр урьдчилж төлөх хуулийн бүх шаардлагыг биелүүлнэ гэж К2 болон бусад маягтыг бөглөж, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа хуульд зааснаар явуулдаг. Гэтэл зөвхөн мэдэгдэл авснаар төлнө. Мэдэгдлийг аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасан хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Ам,гтгКхдд холбогдуулан гаргасан “Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
“Д” ХХК нь Д******* аймгийн Д******* сумын нутагт Бор-Өндөр-Өвөр хоолой нэртэй 740,96 гектар талбай бүхий MV- тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан байх ба тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2041 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар[1] байсан байх ба Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ[2].
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй ба ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлсөн байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус бөгөөд алданги төлүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль зүйн хариуцлагыг давхардуулсан шинжтэй” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг, эсхүл хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байх үүргээ биелүүлээгүй тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон уг тусгай зөвшөөрөл цуцлах эрх хэмжээ бүхий захиргааны байгууллагын хүсэл зоригоос үл хамааран тоологдох цаг хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны байгууллагаас гүйцэтгэвэл зохих үйл ажиллагааг тодорхойлжээ.
Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй ба харин хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах хүсэл зоригтой бол хуульд заасан хугацаа дуусгавар болохоос өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай юм.
Мөн хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “...хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх...” гэж заасан нь тусгай зөвшөөрлийг төлбөрийг хуульд заасан хугацааны дотор аливаа шалтгааны улмаас төлөөгүй бол алданги тооцож төлбөр хамт төлөх замаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжийг олгожээ.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын мөнгөн гүйлгээний журналын бичилт[3] болон “Х*******”-ы шилжүүлгийн мэдээлэл[4]-ээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр төлөх хугацаа дууссан 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр[5]-өөс хойш даруй 1 сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 16,116,000.00 төгрөгийг Төрийн сангийн 100 тоот “Ашигт малтмал, газрын тосны газар. Үйлчилгээний орлого” дансанд төлсөн болох нь тогтоогдож байна.
Энэ тохиолдолд “Д” ХХК-ийг /тусгай зөвшөөрлийн төлбөрийг 30 хоногоор хожимдуулж төлсөн/ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс MV- тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангид 1,451,000.00 төгрөгийг мөн дээрх дансанд төлсөн гэх боловч шилжүүлэг амжилтгүй[6] болж улмаар автомат буцаалт хийгдэж, гүйлгээ бодитоор гараагүй болох нь “Х*******” ХХК-ийн 29/11094 тоот албан бичгээр[7] нь тогтоогдож байх ба цахим гүйлгээ амжилтгүй болж “Д” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийн алданги төлөгдөөгүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан байна.
Дээрхээс үзвэл, “Д” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах...” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг дандаа хугацаа хэтрүүлж, алдангийн хамт төлдөг тул маргаан бүхий акт хуульд нийцсэн” хэмээн тайлбарлан маргах боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн 30 хүртлэх хоног тутамд алданги ногдуулж төлбөрийг төлөх талаарх хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг хадгалах зорилгыг хангах цаг хугацааны боломж олгосон эерэг агуулгатай зохицуулалт байх тул өмнөх жилүүдийн төлбөрийг хугацаа хэтрүүлж алдангийн хамт төлсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй юм.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “алданги тооцохын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль зүйн хариуцлагыг давхардуулж ногдуулсан шинжтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байх боловч ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс шилжүүлсэн гэх 1,451,000.00 төгрөгийн гүйлгээ бодитоор хийгдээгүйн дээр дурдсан үндэслэлээр алданги тооцох хугацааг тулгалгүйгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлөх сонгох боломж нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагдаж байх тул “тусгай зөвшөөрлийн төлбөрийн алданги”-ийг хууль зүйн хариуцлага гэж үзэхгүй.
Хариуцагч захиргааны байгууллагаас MV- тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх талаарх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/1845[8] тоот, мөн тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 7/3354[9] тоот мэдэгдлүүдийг “Д” ХХК-ийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Наран плаза 2 дугаар давхар” хаягаар хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргэгдээгүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/874 тоот албан бичигт “гардуулах оролдлого хийн буцаасан”[10] гэсэн болон гэрч Г.Б*******ы “компани хаягаар нь очиход байгаагүй ... утсаар нь дахин залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Хадгалах хугацаа нь дууссан тул шуудан илгээсэн байгууллагад нь буцаасан ... 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирсэн шууданг хүргэхээр очиход байгаагүй тул 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хаяг тодорхойгүй гэж буцаасан ... Наран плаза дээр очихоор байхгүй байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороогоор орж асуухад компанийн хаягийг тодруулах боломжгүй. Түрээсийн компаниуд бүртгүүлдэггүй, шилжиж явахдаа бүртгэлээ хасуулдаггүй тул боломжгүй байдаг. Тиймээс хаяг тодорхойгүй гэж буцаасан”[11] гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх ба мэдэгдэл хүргэгдээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх...” үүргээ захиргаа хэрэгжүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилан мэдэгдээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т тус тус заасныг баримтлан “Д” ХХК-ийн Ам,гтгКхдд холбогдуулан гаргасан “Ам,гтгКхд-н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн 14 дэх талд
[2] Хавтаст хэргийн 31 дэх талд
[3] Хавтаст хэргийн 79 дэх талд
[4] Хавтаст хэргийн 66 дахь талд
[5] Хавтаст хэргийн 47 дахь талд
[6] Хавтаст хэргийн 65 дахь талд
[7] Хавтаст хэргийн 124 дэх талд
[8] Хавтаст хэргийн 29 дэх талд
[9] Хавтаст хэргийн 32 дахь талд
[10] Хавтаст хэргийн 120 дахь талд
[11] Хавтаст хэргийн 142 дахь талд