| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
2021 05 31 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Ё.Бт холбогдох эрүүгийн 2134000450164 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, охины хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б овгийн Ё.Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 119 тоотод 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд О.Ууганбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ё.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 21340004500164 дугаартай хэрэгт хохирогч О.Ууганбаяр /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ө.Энх-Амгалан /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Б.Хурцын /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Ё.Бын /хх-ийн 40 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Шинэбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-61 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 119 тоотод 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд О.Ууганбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч О.Ууганбаярын хоёр дахь удаагаа өгсөн: "...Миний биед үүссэн гэмтлүүдийг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр надтай хамт архи уусан Ё.Б учруулсан...Бид хоёрын аль аль нь архи уучихсан байсан ба би Ё.Быг согтсон байна архи уухаа боль гэж хэлтэл нэг удаа гараараа нүүр хэсэгт цохисон. Ер нь архи уучихсан үедээ ааш зан нь их эвдэрдэг боль гэж хэлэхээр асуудал дордоно уу гэхээс дээрдэж байсан удаа бол байхгүй... Намайг өмнө нь Б.Цэрэндовдон мөрдөгчид мэдүүлэг өгөхөд Ё.Б бүх юм чамаас л шалтгаална шүү дээ, би чамайг зодоогүй шүү дээ гэх зэргээр янз бүрийн юм яриад байхаар нь би худал мэдүүлэг өгсөн...Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Ямар нэгэн өвчин зовиур байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Надад учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,
түүний гэрчээр өгсөн ...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Ё.Б нь манай гэрт хөдөөнөөс хонь авч ирээд гаргаж өгөөд байж байхаар нь би хоёр шил Ерөөл 0,75 литрийн архи авч өгсөн. Тэгтэл манай найз архи уугаад халаад ирэхээр нь би тал архийг нь аваад гаргаад нуутал үлдсэн архиа аваад ир би ууж дуусгана гээд над руу дайраад байсан тэгтэл хайч барьж дайраад архи өг гээд уурлаад байсан. Би чи их уучихсан байна одоо хэрэггүй, өглөө уучих гэж хэлтэл шууд нүүр рүү 2-3 удаа цохисон миний хамраас цус гараад нүүр хэсэг мэдээ алдсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн ...Миний нүүр толгой хэсэгт гэмтэл учирсан хоёр нүд хөхөрч хамар хугарсан юм шиг байна... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Ө.Энхманлайгийн ...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой Төв аймгийн Зуунмод сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг цагдаагийн дэд ахлагч Б.Ганбилэгийн хамт гүйцэтгэж байсан. Тэгтэл усны аж ахуйн 119 тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага жижүүрээс ирсэн тэгэхээр нь уг дуудлагын дагуу хаяг дээр яваад очсон гадаа хашааны хаалгаар ороход гэр дотор хүмүүс хэрэлдэж байгаа нь сонсогдож байсан би гэр рүү нь шууд яваад ортол хохирогч О.Ууганбаярын нүд нь хөхөрчихсөн, шанаа нь мөн хөхөрчихсөн байдалтай уйлчихсан чи намайг хайрлана гээ биз дээ гэж Ё.Б руу орилж байсан Б.Хурц гэх дээлтэй хүн голд нь салгаад одоо боль гээд зогсож байсан Ё.Б зуухны урд талд зогсож байсан ба ална шүү чамайг гээд хайч барьчихсан зогсож байсан Ё.Б нь болохоор О.Ууганбаяр руу дайраад чи хүнтэй явалдаа биз дээ гээд орилоод байсан тэгэхээр нь Ё.Быг гэрээс авч гараад цагдаагийн газын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан... Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн. Согтуугаар бусдын биед гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон учраас Ё.Быг саатуулахаар авч явсан...Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдэж байгаа дуу гарч байсан... Намайг Ё.Быг саатуулахаар аваад явах гэтэл хохирогч О.Ууганбаяр нь битгий авч яваач үлдээчих миний буруу гэх зэргээр гуйгаад байсан... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Хурцын ...Би нэлээн согтсон байсан. О.Ууганбаяр, Ё.Б нар нь гайгүй байх шиг байсан. ..тухайн орой бид гурав л байсан... /хх-ийн 21-22 дүгээр хуудас/,
Яллагдагч Ё.Бын ...Хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2021 оны 02 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед байх би өөрийн найз О.Ууганбаярын гэрт очсон тэдний гэрт хөдөөнөөс хонь авч ирж өгсөн гэх Б.Хурц ах байж байсан тэгэхээр нь бид гурав 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан ба О.Ууганбаяр бид хоёр хоорондоо үл ялих зүйлээс болоод маргалдаад би О.Ууганбаярын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, нэг удаа алгадсан тэгээд О.Ууганбаярын хамраас цус гарсан, нүд нь улайчихсан байсан тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг авч явж саатуулсан. Б.Хурцаа ах намайг явсан хойно О.Ууганбаярынхаас явсан гэсэн маргааш нь надтай О.Ууганбаяр ирж уулзахад нүд нь хөхрөөд улайчихсан хамар нь хавдсан байсан... Тухайн үед О.Ууганбаяр, Б.Хурц ах бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Б.Хурц ах унтаж байсан ба бид хоёрыг боль гээд болиулсан... Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...Бусдад хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хоорондоо эвлэрсэн...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй
тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн ... Уг хэрэг болсон гэх газар нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, усны аж ахуйн 119 тоотод гэх ба уг газар нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан ногоон өнгийн хаалгатай, хаалганы дээд баганы дунд ногоон өнгийн 119 гэсэн хаягтай, хаалганы зүүн талд улаан хүрэн өнгийн хаалгыг нь ертөнцийн зүгээр хойд зүгт хаалгыг харуулж байрлуулсан байх ба уг хашааны хаалгаар орж үзлэг хийхэд хаалганы зүүн талд ногоон өнгийн жижиг амбаар, уг амбаарын зүүн талд хаалгыг нь ертөнцийн зүгээр урд зүгт харуулан барьсан жижиг дөрвөн ханатай гэр байх ба...хамгийн дээд талын цагаан эрээн өнгийн дэр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай, түүний зүүн талд цагаан өнгийн шүүгээ түүний дээр бурхан шашны эд зүйл байрлуулсан байдалтай, түүний зүүн талд бор өнгийн мөлхөө шүүгээ, зурагтын тавиур, зурагт зэрэг эд зүйлүүд байх ба хаалганы зүүн талд бор өнгийн модон угаалтуурын хажууд байрлуулсан хогийн савны тагийг авч үзлэг хийхэд цагаан өнгийн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас, тамхины иш ээрэг эд зүйл байв...Уг хөргөгч дээрээс цайвар өнгийн төмөр хайчийг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай ... О.Ууганбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхи баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Шинэбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-61 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Ё.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ё.Быг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 119 тоотод 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд О.Ууганбаяртай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Ё.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ё.Б нь хохирогч О.Ууганбаяртай маргалдаж барилцан авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Ё.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ё.Б нь хохирогч О.Ууганбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ё.Баас хохирогч О.Ууганбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан хохирогч О.Ууганбаярын мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай /хх-ийн 67 дугаар хуудас/ хүсэлтээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ё.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ё.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван зуун тавин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.Бт оногдуулсан гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Ё.Бт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000450164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ё.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ё.Бт шүүхээс оногдуулсан гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ё.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б Ё.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000450164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ё.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ё.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН