Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2017/00506

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Жаргалант сум 3 дугаар багт оршин суух, ВМ67051301 регистрийн дугаартай, Мандал овогт Адъяагийн Алтантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч А.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтыг зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд миний 1984 оноос 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ? гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж А.Алтантуяа нь тэтгэвэрт гарах гэхэд бичиг баримт нь зөрчилтэй гээд ажилласан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн. Иймд түүний 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн сангийн аж ахуйн 3-р бригадад саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар А.Алтантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 682 дугаар лавлагаа, 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 591 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 09 сарын 10-ны өдрийн 139 дугаар тушаал, 1988 оны 04 сарын 29-ний өдрийн 50 дугаар тушаал, 294952 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

А.Алтантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч А.Алтантуяа нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд саальчинаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 682 дугаар лавлагаа, 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 591 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 09 сарын 10-ны өдрийн 139 дугаар тушаал, 1988 оны 04 сарын 29-ний өдрийн 50 дугаар тушаал, 294952 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд А.Алтантуяагийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мандал овогт Адъяагийн Алтантуяагийн 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ