Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

 

  2021           06              11                                                2021/ШЦТ/183                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б БНд холбогдох эрүүгийн 2134000000170 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Н

 

Холбогдсон хэргийн талаар

                                 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Н нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Хойд ногоон тасаг гэх газар иргэн Б.Наранбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гарын тохойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Н:

...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2134000000170 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 28-нд Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “Хойд ногоон тасаг” гэх газар иргэн Б.Наранбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гарын тохойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000170 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 5 дугаар хуудас/, мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 9.5см урт шар алаг өнгийн бариултай, 9.5см урт ажлын хэсэгтэй, нийт 19см урттай хутгыг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/, 

 

хохирогч Б.Наранбаатарын ...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад хашааны хаалга дугарсан, тэгээд би гараад очиход манай гадаа зүс таних Н ах архи үнэртүүлээд ороод ирсэн, тэгээд надаас 1 ширхэг тамхи асуусан би одоо надад тамхи байхгүй байна гэж хэлсэн чинь баруун талын халааснаас жижиг хутга гаргаж ирсэн, тэгээд миний зүүн гарын тохойны хэсэгт хутгалсан ...миний гарт нэг удаа хутгалсан, 3 оёдол тавиулсан ...би хэдэн ширхэг эм авсан, тэрний мөнгийг гаргуулан авна ...манай хадам дүү Өсөхбаяр гарч ирээд салгасны дараа намайг хутгалсан хутгаа өөрөө хугалаад газар шидчихсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Д.Өсөхбаярын ...хажуу хашааны Н ах согтуу хүрч ирээд Наранбаатар ахаас тамхи асуусан, тэгтэл Наранбаатар ах тамхи байхгүй гэж хэлээд Н Наранбаатар ахад хандаж чи муу яасан том болчихсон юм бэ гэтэл Наранбаатар ах өөдөөс нь юм хэлээгүй. Ингээд би 00 орох гээд яваад өгсөн. Тэгээд гараад иртэл Наранбаатар Н хоёр хашаанаас гараад нэгнийгээ барилцаж аваад заамдалцсан байсан, тэгээд би салгатал Наранбаатар ахын зүүн тохойноос цус гарч байсан, ингээд эмнэлэг цагдаад дуудсан. Хутга нь газар байсныг цагдаа нар хураагаад аваад явсан. Тухайн хутга хугарчихсан байсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

яллагдагч Б.Нн ...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Оюун эгч, Ганаа ах, манай эхнэр бид дөрөв 2 шил 0.75 литрийн хараа архи хувааж уугаад би нэлээд согтоод бараг тасарчихсан байсан. Ингээд Наранбаатарын хашаа руу явж ороход Наранбаатар өөдөөс гараад ирсэн, тэгээд би тамхи асуугаад байхгүй гэхээр нь би халаасандаа байсан хутгыг гаргаж ирээд тохой руу нь дүрчихсэн юм, тэгтэл намайг Наранбаатар түлхээд унагаачихсан, ингээд л салаад би гэрлүүгээ явсан. Би архи ууснаас болж л Наранбаатарыг хутгалсан байна. ...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай ...Б.Наранбаатарын биед зүүн тохойд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон хохирогч Б.Наранбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Нг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 28-нд Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “Хойд ногоон тасаг” гэх газар иргэн Б.Наранбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гарын тохойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Нн тогтоогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба дээрх үйл баримтууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас илэрдэг бөгөөд уг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Тухайлбал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн тохой хэсэгт хутгалсан үйлдэл эс үйлдэхүйн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үздэг.

 

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Наранбаатартай тамхи өгсөнгүй гэх асуудлаас үүдэн түүнийг хугалах үедээ сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

Тэрээр хохирогчийг тамхи өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Б.Наранбаатарын биед зүүн тохойд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хууль бус санаатай хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Наранбаатарын биед зүүн тохойд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. 

                                 

Шүүгдэгч Б.Нгаас хохирогч Б.Наранбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Б.Наранбаатар нь шүүгдэгч Б.Нд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Наранбаатарын мэдүүлэг, хавтас хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Нн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хохирогч Б.Наранбаатарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, хавтас хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан түүний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:   

            Шүүх шүүгдэгч Б.Нд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Нд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            шүүгдэгч Б.Нд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

       

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000170 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 9.5см урт шар алаг өнгийн бариултай, 9.5см урт ажлын хэсэгтэй, нийт 19см урттай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б БНг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б БНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б БНд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б БНд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000170 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 9.5см урт шар алаг өнгийн бариултай, 9.5см урт ажлын хэсэгтэй, нийт 19см урттай хутгыг устгахыг шар иштэй хугархай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б БНд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б БНд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН