| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0182/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
2021 06 14 2021/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч, хохирогч У.Ц, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарт холбогдох эрүүгийн 2134000000197 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1998 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Д У.Ц,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зочид буудал зоогийн газрын менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Д.Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч У.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн Д.Этай “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүй бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Д.Э нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн У.Цтой “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүй бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч У.Ц:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Д.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч У.Цын 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн Д.Этай “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүйн бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь,
Шүүгдэгч Д.Эы 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн У.Цтой “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүйн бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь тус тус эрүүгийн 2134000000197 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
хохирогч Д.Эы ...Би 2021 оны 05 дугаар сарын 08-ны өглөө эрт босоод 06 цагийн үед хонин дээрээ ирэхэд Цын хоньтой манай хонь нийлчихсэн байсан. Тэгээд би дундуур нь орж 2 хэсэг болгочхоод Цын эхнэр явган явж байхаар нь танай манайхны хонь нийлсэн байна шүү гэж хэлчхээд хоний хүнээ морин дээр нь буулгах гээд яваад өгсөн..., ...Ц манай нэг төлгийг хониноосоо барьж аваад мотоцикл дээрээ дүүрээд миний ялгаж байсан хонь дээр авч ирээд шидчихсэн. Тэгэхээр нь надад малтай их эвгүй харьцаж байгаа харагдаад Ц над дээр хүрээд ирэхээр нь би Цт наад мал чинь чамд хэрэггүй юм бол надад хэрэгтэй шуу, чи яагаад малд уураа гаргаад байгаа юм бэ гэхэд чи өөрөө ирж малаа ялгахгүй яасан юм бэ гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд бид хоёр барьцалдсан... /хх-ийн 6-7 дугаар хуудас/
гэрч Д.Эы ...Манайх Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг "Бөөрийн улаан толгой" гэх газарт амьдардаг юм. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 07 цагийн орчим "Бөөрийн эх" гэх газарт отроор ирсэн Уртнасан гэх айлын хоньтой манай хонь нийлсэн. Тэгээд Уртнасан гэх хүний хүүхдүүд, манай хоньчин бид нар нийлээд хонио ялгасан. Гэтэл Уртнасангийн хүү болох Ц гэх залуу манай нэг хонийг балбаад тэгээд мотоцикл дээрээ дүүрч аваачаад манай хонин дээр шидсэн. Тухайн үед би ойрхон 2 хургатай хонь туугаад явж байсан. Шидсэн хонь нь босохгүй сонин болчихсон байсан. Тэгэхээр нь би Цт наад мал чинь чамд хэрэггүй юм бол надад хэрэгтэй шүү гэсэн чинь яадгийн гэснээ мотоциклоосоо буугаад ирсэн. Бууж ирснээ намайг цохисон тэгэхээр нь би бултаад хонгодож аваад шидсэн. Тэгсэн чинь босож ирээд дахин цохих гэж дайрсан тэгэхээр нь би дунгуйлдаад унагаасан. Тэгээд босож ирээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн миний дээлийг урсан. Тэгээд надтай ноцолдож байх үед нь би нэг удаа дух хэсэгт мөргөсөн. Тэгтэл хамраас нь цус гарсан. Цусаа үсчүүлээд над руу нулимаад дайраад байсан Тэгсэн чинь аав нь хүрээд ирсэн. Аав нь ирээд эхлээд над руу чамайг ална, нам шаана гэж дайрч байснаа чиний буруу гэж хэлээд хүүхдээ яв гээд явуулсан. Тэгээд хүүхэд нь явсан би гэрлүүгээ явсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/
хохирогч У.Цын ...2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр манай хонь айлын хоньтой нийлсэн байна гэхээр нь би гэрийнхэнтэйгээ очиж хонио ялгасан ингээд ялгаад дуусаж байхад Э ах ирсэн тэгээд манай хонинд хонь шүүхээр нь би хичнээн хонь байна вэ гэхэд 10 орчим хонь байна гэсэн..., ...Тэр хонин дээр нь аваачиж тавьтал нөгөө хонь нь дахиад л буцаад манай хонь руу давхисан тэгэхээр нь би мотоциклоороо урдуур нь ороод эргүүлж хөөх гэтэл нөгөө хонь өөдөөс дайрахаар нь барьж явсан шилбүүрээрээ нөгөө хонийг ороолгосон тэгтэл Э ах надад хөөе пизда минь мал аллаа чамд хэрэггүйн бол надад хэрэгтэй шүү гэж хэлээд..., ...мотоцикл дээрээсээ бууж ирээд намайг заамдаж аваад буугаад ир гээд татаж буулгаад бид хоёр ноцолдсон... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
гэрч У.Цын ...Би Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг "Бөөрийн эх" гэх газарт 2020 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумаас отроор ирсэн. Ирсэн цагаасаа эхлээд одоо хүртэлх хугацаанд энэ газартаа байгаа. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай хонь хөрш айл болох Э гэх хүний хоньтой нийлсэн юм. Тэгээд манай аав Уртнасан, дүү Урангоо, Чулуунсайхан, эхнэр Мөнгөнтогос, би, Э бид нар цуглаад хонио ялгасан. Хэсэг хугацааны дараа хонио ялгаад Э гэх хүний 10 гаруй хонь ялгагдахгүй үлдсэн. Тэгтэл манай аав Уртнасан Эд хандаж миний дүү наад үлдсэн хонио аччих гэсэн чинь хэрэггүй, манай хонь догшин учраас баригдахгүй ингээд ялгачих гээд өөрөө мотоциклтой хонио туушандаад байсан. Тэгэхээр нь манай дүү, эхнэр бид нар Этай нийлээд хонийг нь ялгасан. Тэгтэл Эы гурван тооны хонь ялгагдахгүй байсан. Тэгтэл Э над руу хандаж энэ хонийг манай хонь руу хөөж бай гэсэн. Тэгэхээр нь би уг хонийг хөөгөөд явж байсан чинь буцаж зугтаагаад явахгүй болохоор нь мотоцикл дээрээ дүүрээд Эы тууж явсан 2 хонь дээр нь нийлүүлсэн. Тэгтэл миний дүүрч очсон хонь манай хонь руу буцаж дайраад миний мотоциклын доогуур орчих гээд байсан. Тэгэхээр нь барьж явсан шилбүүрээрээ уг хоний нь ороолгосон. Tэгсэн чинь Э над руу хандаж хөөе пизда минь мал аллаа. Наад мал чинь чамд хэрэггүй юм бол надад хэрэгтэй шүү гэсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд нөгөө зугтаагаад байсан хонийг мотоцикл дээрээ дүүрч аваад Эы эх хонь дээр нь аваачиж тавьсан. Тэгээд хонио тавьчхаад буцаж явсан чинь Э намайг амдаад ирсэн. Тэгснээ пизда минь уурлаад байна уу? гэсэн тэгэхээр нь би уурласан юм байхгүй гэсэн чинь Э барьж явсан шилбүүрээрээ ороолгох гээд далайсан. Тэгэхээр нь би өөдөөс нь Эд хандаж муу эр мод намайг чулуу гэдэг шүү гэсэн чинь муу сайн отрын хэдэн пизда нар минь зайлаарай гэсэн нь би өөдөөс нь Монгол Улсын иргэн Үндсэн хуулиндаа хаана ч амьдрана гэсэн заалттай байдаг шүү гэсэн чинь чи яасан хууль дүрэм ярьсан пизда вэ гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд намайг заамдаж аваад хоолой боосон. Тэгэхээр нь би тавь гэсэн чинь пизда минь буугаад ир гэсэн. Би мотоциклоосоо буугаад очтол намайг заамдаж аваад миний нүүр лүү мөргөсөн. Тэгэхээр нь та эхэлж надад гар хүрсэн шүү гэсэн чинь тэглээ гээд чи муу яахын гээд миний нүүр луу 2 удаа гараараа цохиж араас нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний хамраас их хэмжээний цус гарсан. Тэгээд би цусаа тогтоох гээд байж байтал намайг дахин зодох гээд дайраад байсан. Тэгснээ хутга гаргаж ирээд пизда минь би чиний хаана чинь бүлэх үү гээд байсан. Тэгэхээр нь би чи чинь ёстой солиотой гар байна ш дээ гэж хэлээд зугтаагаад гүйсэн. Тэгтэл Э хутгаа далд хийчхээд би чамайг энэ нутагт гишгэхээргүй болгоно гээд заналхийлээд байсан. Тэгэхээр нь би дотроо хүний малыг хамаагүй цохиж, хөөж байгаад нүдэнд нь эвгүй харагдсан юм болов уу? гэж бодоод уучлаарай ахаа гэсэн чинь миний өөдөөс муу пялдага пизда минь зайл, би чамайг уучлахгүй. Мал нийлэхээрээ салж болдог. Харин хүн нийлэхээрээ салдаггүй юм даа. Би чамайг энэ нутагт гишгэх газаргүй болгоно. Танайхыг эндээс хөөлгөнө гэж хэлсэн. Тэгсэн аав ирээд, тэгээд би аавтай хамт гэрлүүгээ явсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаартай ...У.Цын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл.... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 174 дугаартай ...Д. Эы биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад харвалт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч У.Ц, Д.Э нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/, шүүгдэгч У.Цын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 52 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Эы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-59 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч У.Ц, Д.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч У.Ц, Д.Э нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч У.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн Д.Этай “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүйн бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн эх” гэх газарт иргэн У.Цтой “мал аллаа, наад мал чинь чамд хэрэггүйн бол надад хэрэгтэй шүү, отрын пизда нар зайлаарай” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч У.Ц, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч У.Ц нь хохирогч Д.Этай, шүүгдэгч Д.Э нь хохирогч У.Цтой маргалдаж барилцан авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр шүүгдэгч нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч У.Ц, Д.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч У.Ц, Д.Э нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч У.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эы биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад харвалт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Д.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Цын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Д.Э нь шүүгдэгч У.Цоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, харин хохирогч У.Ц нь шүүгдэгч Д.Эаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд 161 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн, энэ талаарх баримт хавтас хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Э нь хохирогч У.Цт 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн, хохирогч У.Ц нь шүүгдэгч Д.Эд, хохирогч Д.Э нь шүүгдэгч У.Цт тус тус гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болон нь шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч У.Ц, Д.Э нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч У.Ц, Д.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгч нартай тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүхээс торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч У.Ц, Д.Э нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
Шүүгдэгч У.Ц, Д.Э нарт тус бүр оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.Ц, Д.Э нар нь энэ хэрэгтээ тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2134000000197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нар нь энэ хэрэгтээ тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д У.Ц, Б Д.Э нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН