| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0163/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
2021 06 14 2021/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц Л.Оод холбогдох эрүүгийн 2134000480116 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 5 хоногийн ялыг өршөөн хасаж сулласан,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Ц Л.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.О нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-наас 2021 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Шувуудын өвөр” гэх газар байрлах тус Хорих 415 дугаар ангийн аж ахуйн хэсгийн байранд хоригдол Г.Ууганбаярын зүүн далан тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Л.О:
...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хорих 415 дугаар ангид мал маллаж байсан. 02 дугаар сарын 06-ны өдөр адуундаа явж байгаад шуурганд уруудсан адууг хүнд нь олж өгсөн тэгээд тэр залуу надад нэг шил архи өгсөн түүнийг уучхаад орой 20 цагийн үед малын байрандаа ирсэн. Намайг ирэхэд Г.Ууганбаяр Б.Даваадавга хоёр цагаан сарын бууз хийх гээд мах татаад сууж байсан. Миний архи ууг нь гарчихсан байсан гэхдээ нөгөө хоёр чи архи уучихсан байна шүү дээ чамаас үнэртэж байна гэсэн. Тухайн үед цагаан сар болно гээд би урд өмнө нь хоёр шил архи хадгалуулчихсан байсан. Очиж авах боломж байхгүй учраас даргадаа малын бэлчээр дээр нэг адуу босохгүй байна тэрийг Б.Даваадагватай цуг очоод хамт босгочихъё гэж хэлээд аваад явсан. Тэгээд би айлд хоёр шил архи хадгалуулчихсан байгаа уух юм уу гэсэн тэгээд гэртээ авчирч уугаад шөнө амрах болчихсон байсан дарга орж ирж шалгачхаад гараад явсан. Унтах гээд байж байсан Б.Даваадагва намайг Ооо архи дарс уугаад байж болохгүй архи дарс үнэртүүлэх асуудал дахиж гаргахгүй шүү гэх зүйл хэлсэн. Тухайн үед хамт уучхаад дараа нь тэгээд байхаар нь би адилхан уучхаад тийм юм битгий яриад бай ингэх юм бол надаа битгий заагаад бай гээд иймэрхүү үг хэлсэн. Г.Ууганбаяр хөндлөнгөөс ах нар хэрүүл маргаанаа боль унтаж амар гэсэн зүйл хэлсэн тэгэхээр нь би чамд хамаагүй чимээгүй байж бай гэсэн чинь цаашаа харахдаа амандаа юм үглээд байхаар нь чи хэлэх юм байвал нүүр лүү харж байгаад хэлчих битгий цаашаа харчхаад амандаа юм үглээд бай гэсэн чинь амандаа юм үглээд хаалгаар гарах гэхээр нь айлгах гээд мах татаж байсан хутга аваад наанаас нь ухас хийсэн чинь хаалга нь дээр эргэж таараад хатгачихсан. Тэгсэн Г.Ууганбаяр ахаа та намайг хутгалчихлаа шүү дээ гээд цаашаа гүйгээд орохоор нь худлаа яриад бай гээд араас нь гартал ахлагчийн гэр рүү гүйгээд орж байсан. Тэгсэн ахлагчийн эхнэр н.Саруул гэж эгч хутгалуулчихсан байна шүү дээ цус их гараад байна гэхээр нь араас нь явж орох гэж байгаад хэл ам болох юм болов уу гээд тэндээс гараад хойшоо мал усалдаг худаг руу явж сэтгэл санаагаа тайвшруулаад сууж байсан. Тэгээд жоохон байж байгаад босоод гэр рүүгээ явах гэж байсан чинь өөдөөс хүн гараад ирсэн. Манай хорих ангийн ахлах төлөөлөгч ирж явсан. Би очоод даргаа би буруу үйлдэл хийчихлээ тэгээд гэртээ орж чадахгүй байж байна гэсэн чинь Ууганбаярыг эмнэлэг рүү авч явсан ер нь бол гайгүй ээ Ооо гэсэн тийм л зүйл болсон. Г.Ууганбаярт төлбөр мөнгө гэж зүйл өгөөгүй өөрөө ч мөн надаас юм авахгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би ийм буруутай үйлдэл гаргасандаа, урд өмнөх асуудлаа шийдэгдэж дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт холбогдсондоо өөртөө гомдож байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000480116 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-наас 2021 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Шувуудын өвөр” гэх газар байрлах Хорих 415 дугаар ангийн аж ахуйн хэсгийн байранд хоригдол Г.Ууганбаярын зүүн далан тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000480116 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7, 8-15 дугаар хуудас/, ангийн малын хэсгийг шалгасан талаар танилцуулсан илтгэх хуудас /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор шаргал өнгийн иштэй, 15см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Г.Ууганбаярын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 57-87 дугаар хуудас/,
хохирогч Г.Ууганбаярын ...2021 оны 02 сарын 06-ны өдөр би Хорихын гэрт байж байхад ахлах Батхуяг ууцны махны бүрхүүл аваачиж өгнө гээд орой 18 цагийн үед урагшаа Гантөмөр гэх айл руу явсан юм. Тэр үед Саруул эгч Даваадагва бид 3 үлдсэн байсан. Тэгээд ахлах Батхуяг 18 цаг 40 минутын үед архи уучихсан үнэртүүлчихсэн ирсэн түүний араас хоригдол О халамцуу орж ирсэн. Тэгээд хоригдол О ахлагчид хандан цэрэг нь архи уучихлаа гээд Хараа нэртэй архи гаргаж ирээд ахлагч Батхуяг хоригдол О, Даваадагва гурав хоригдлуудын байшинд байсан ба тэр үед нь би ишиг, хурганд өвс хях гээд гарч явсан. Тэгээд Саруул эгчийн нүүрсийг буталчхаад буцаад хоригдлуудын байшин луу ороход ахлагч Батхуяг, хоригдол О, Даваадагва нар архиа уугаад дуусчихсан байсан. Тэгээд би ахлагч Батхуягийн гэрт нь оруулж өгчхөөд байж байтал О Даваадагва хоёр архинд мотоциклоо унаад явсан. Тэгээд би Саруул эгчид энэ хоёр архинд явчихлаа гээд хэлэхэд одоо яахав дээ хэлээд тоохгүйгээс хойг гэж хэлсэн. Тэгээд шөнө 00 цагийн орчим адуу хөөж гаргачхаад байшин луу орж байтал О, Даваадагва хоёр ирж байсан тэгээд байшинд ороод тэр хоёр Соёрхол нэртэй 0.5 литрийн 1 шил архи ууж дуусаад дараагийн архиа задлаад намайг тойруул гээд тэгээд О намайг архи уу гээд сүрдүүлсэн тэгээд надад хоёр аяга архийг хийж өгсөн эхний аяга архийг уучхаад одоо болно та хоёр ч гэсэн унт би гарч бие заслаа гээд бие засчхаад байшин луу буцаад ороход тэр хоёр хоорондоо маргалдаад О би хутгална шүү гээд орилоод байсан тэгээд би хутгатай гэдгийг нь мэдээд халаасандаа байгаа тонгоргоо егчихөө өглөө авчих гэж хэлэхэд чамд өгдөг хулгайч нь би биш гээд байхаар нь ноцолдож байгаад тонгоргыг нь булааж аваад байж байтал О орны доор байсан хутгыг аваад миний зүүн далны доороос дээшээ хутгаар хатгасан тэгээд дахиж хутгаар хатгах гэж байхад нь Даваадагва гарыг нь бариад болиулаад би тэр хооронд ахлагчийнх руу гарч хэлсэн юм. ...биеийн байдал зовиуртай байгаа удаан суухаар нуруу луу татаж өвдөөд байгаа, ...Би Оын биед гэмтэл учруулж цохиж зодсон зүйл байхгүй, намайг бор өнгийн иштэй хутгаар хатгасан, ...надад гомдол санал алга байна.../хх-ийн 24-26 дугаар хуудас/,
гэрч Б.Даваадагвын ...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг "Шувуутын өвөр" гэх газар ШШГЕГ-ын харъяа хорих 415 дугаар ангийн малын хэсэгт мал маллаж ял эдэлдэг юм. 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед надтай хамт ял эдэлж байгаа О гэх хоригдол малын хэсгийн амрах байранд ирэхдээ халамцуу архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд хамт ял эдэлж байгаа О, Ууганбаяр бид 3-лаа бууз хийх санаа мах гисгээд ганц нэгэн удаа махаа хөшиглөөд байж байсан. Тэгж байтал 21 цагийн үед О даргад хэлчихлээ 2 лаа хамт урагшаа яваад нэг адуу өргөж босгоод ирье гэсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд О бид хоёр мотоцикльтой явсан. Тэгээд адуун дээрээ очилгүй О надад хандаж 2-лаа айлд очоод ирье гэж хэлээд ертөнцийн зүгээр зүүн хойшоо давхиад Цэцэгмаа гэх айлынд очсон. Уг айлд бид хоёр 2-лаа ороод цай уусан. Гэрт Цэцэгмаа гуай бас охин нь байсан. Тэгсэн О охинтой нь юм ярьж сууж байгаад хажуу гэрээс нь 2 шил 0,5 граммын Соёрхол архи авсан. Тэгээд бид 2 Цэцэгмаа гуайн гэрт нь авсан архинаасаа 2 татацгаасан. Тэгээд үлдсэн архиа аваад гэрлүүгээ явсан. Гэрт очоод хоригдол Ууганбаяр, О бид гурав 1 шил бүтэн, 1 шил тал архиа хувааж уусан. Архи ууж дуусахад шөнийн 01 цаг өнгөрч байсан. Би ороо засаад орондоо орох гээд гутлаа тайлж байтал Ууганбаяр гэрийн хаалгаар гарах гэж байсан. Тэгтэл О наанаас нь босоод хөдлөх шиг болсон тэгтэл хаалгаар тэр хоёр зэрэгцэж гараад хутгалчихлаа гээд Ууганбаяр орилохоор нь би гүйгээд гарсан чинь Ууганбаяр даргын амардаг гэрлүү явж байсан. Тэгэхээр нь араас нь сугадаад гэрлүү нь оруулсан. Тэгээд даргад хэлээд дарга бид хоёр хутгалсан газрыг нь харсан чинь зүүн далны доод хэсэгт хутгаар хатгасан байсан. Тэгээд цус гараад байхаар нь хувцасыг нь тайлаад хутгаар хатгуулсан хэсэгт нь давуугаар боогоод тэгээд дарга ангируу залгаж яриад байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа ангийн дарга ирж намайг хорих ангируу авч яваад тур саатуулах байранд хийсэн.Юунаас болж маргалдсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хутгалах шалтгааныг нь мэдэхгүй байна. О Ууганбаяр хоёр урд өмнө хоорондоо муудалцаж байгаагүй. Хутга хаана байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. О Ууганбаярыг хутгалсан хутга манай амрах байранд байсан юм. Би мах татах гээд даргын гэрээс уг хутгыг байрандаа авчирсан юм. Хоригдол Ууганбаяр хоригдол Оыг та хааяа хааяа архи үнэртүүлж ирэх юм. Одоо болиоч гэж хэлж байсан. Тэгтэл өөдөөс нь О амандаа нэг юм яриад байсан би түүнийг нь ойлгоогүй. Тэгээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Миний нүдэн дээр О нь 2 удаа архи үнэртүүлж ирсэн. Өөрийг бол мэдэхгүй байна. Тэрийг би мэдэхгүй байна. Охинтой нь уулзаж байгаад архийг авсан. Манай дарга Батхуяг бид гурвыг орой болгон унтахаас өмнө шалгадаг Манай дарга Батхуяг бид нарыг 20 цагийн үед шалгасан. Түүнээс хойш шалгаж орж ирээгүй... /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
гэрч Р.Батхуягийн ...Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг "Шувуутын энгэр” гэх газар ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар ангийн мал аж ахуй болох адуу, хонь байдаг юм. Уг малыг хоригдол Л.О, Г.Ууганбаяр. Б.Даваадагва нараар маллуулж би хоригдлуудад хяналт тавьж ажилладаг юм. 2021 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагт хоригдлуудыг амрах байранд нь оруулж амраасан юм. Тэгтэл шөнө 01 цаг 20 минутын үед би гэртээ унтаж байсан. Гэтэл хоригдлын байранд хүн хашгирах чимээ гарсан. Тэгэхээр би хувцсаа өмсөөд гэрээс гартал өөдөөс хоригдол Даваадагва, Ууганбаяр хоёр хүрээд ирсэн. Би яасан бэ гэж асуутал О намайг хутгалчихлаа гэж Ууганбаяр хэлсэн. Тэгэхээр нь гэрлүү авч ороод харсан чинь Ууганбаярын зүүн далны дор хутгаар хатгасан байсан. Тухайн үед цус их алдсан байсан. Тэгэхээр нь ангийн дарга, дэд дарга нарт утсаар мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа дэд дарга, эмч нартай ирсэн. Тэр хооронд О хоригдлын байрнаас яваад өгсөн байсан. Дэд дарга Шижирбаатар эмч нар хоригдол Ууганбаярыг аваад ангируу явсан. Би хоригдол Даваадагватай үлдсэн. Зөрөөд ангийн дарга ирээд дараа төлөөлөгч нар ирээд Оыг Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах 42-ийн худаг гэх мал усалдаг худгаас барьж аваад ангируу авч явсан. Өөр зүйл болоогүй. Би хоригдлууд архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь мэдээгүй. Хоригдлууд хаанаас архи авсан эсэхийг нь би мэдэхгүй. Би хоригдлуудыг малдаа яваад орой ирэхэд нь биед нь болон байранд нь шалгалт хийдэг. Би өдөр бүр шалгалт хийдэггүй хааяа хааяа хоригдлууд байхгүй хойгуур нь шалгалт хийдэг. Би бүртгэл хөтөлдөггүй. Харин өдөр бүрийн рапортын дэвтрийг 2020 онд бичдэг байсан. 2021 он гарснаар рапортын дэвтэр ерөөсөө хөтлөөгүй. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дэд дарга Шижирбаатар, ахлах төлөөлөгч Энхболд нар аваачиж өгсөн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 06, 07-ны рапортыг хөтөлсөн байгаа. Манай ангиас 7 хоног бүр дэд дарга, төлөөлөгч нар очиж шалгадаг. Би өдөр бүр ангийн холбоо руу утсаар залгаж нөхцөл байдлыг танилцуулдаг. Хоригдол О, Ууганбаяр, Даваадагва нар нь урд өмнө зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Архи согтууруулах ундаа нууцаар хэрэглэж байна гэсэн мэдээ сонсож байгаагүй... /36-37 дугаар хуудас/,
гэрч Д.Энхболдын ...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад дэд дарга Шижирбаатар надруу залгаж малын хэсэгрүү явъя гэсэн. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд дэд дарга Шижирбаатар дээр очоод хувийн машинтай нь эмч дэслэгч Түмэнжаргал, сувилагч Г.Хишигжаргал нарын хамт явсан. Ангиас гараад хөдөө Шувуутын энгэр гэх газар байрлах малын хэсэг дээр очсон Очиход харуул хамгаалалтын ажилтан Батхуягийн гэрт хоригдол Г.Ууганбаяр нь гэрийн зүүн хэсэгт орны өмнө доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Гэрт ахлах ахлагч Батхуяг, хоригдол Даваадагва нар байж байсан. Тэгээд эмч үзээд оёдол хийгээд малын хэсэг дээр ирсэн бүрэлдэхүүн Ууганбаярыг ангируу аваад явсан. Тэгээд би анги дээр ирээд ганцаараа буцаад малын хэсэг рүү явсан. Малын хэсэг дээр байдаг хоригдлын амрах байранд хоригдол О байхгүй байсан учраас би төлөөлөгч Баярсайхан, Даваабат бид нар 3 чиглэлд Оыг олохоор явсан. Манай ангийн малын өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 3 гаруй км цаана 42 ийн мал усалдаг малын худаг байсан. Би уг худаг дээр очсон чинь хоригдол О тамхи татаад худаг дээр сууж байсан. Намайг хараад тамхиа хаяаад даргаа би буруу зүйл хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь Оыг машиндаа суулгаад ангийн дарга дээр аваад очсон. Хоригдол О нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Анги дээр авчирч Оын согтуурлыг шалгах үүднээс драгер багажаар үлээлгэхэд 1,28%-ийн согтолттой гарсан. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай ангийн дарга, хурандаа Ууганбаяр, дэд дарга, хошууч Шижирбаатар нар л Цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байх. Малын хэсэг дээр ял эдэлж байгаа хоригдлуудыг харуул хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Батхуяг хариуцан ажилладаг юм. Батхуяг нь малын хэсэг дээр хоригдлуудыг ганцаараа хариуцан ажилладаг бөгөөд нэмэлтээр харуул хамгаалалтын ажилтан байдаггүй.Ял эдэлж байгаа хоригдлуудад өдөр тутмын хяналтыг ахлах ахлагч Батхуяг тавьдаг юм. Батлагдсан хуваарийн дагуу дэд дарга, харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахлах төлөөлөгч, төлөөлөгч нар хяналт тавьж ажилладаг. Хорих 415 дугаар ангийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгаа холбоочид нөхцөл байдлын мэдээг ахлах ахлагч Батхуягаас авч ангийн дарга, дэд дарга, тухайн өдөр гарч байгаа ерөнхий жижүүр нарт танилцуулдаг... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
гэрч Т.Түмэнжаргалангийн ...Би уг дуудлагад очсон. 2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед манай холбооноос надруу утсаар залгаж дэд дарга ангийн байрлалд ир гэж байна гэсэн. Тэгэхээр нь би анги дээр очиход 01 цаг болж байсан. Анги дээр хувийн машинтайгаа очоод буутал дэд дарга Шижирбаатар, ахлах төлөөлөгч Энхболд, сувилагч Хишигжаргал нар байсан. Тэгээд ангиас хөдөө рүү малын хэсэг рүү явсан Явсаар байгаад малын хэсгийн байран дээр 01 цаг 30 минутын орчим очсон. Очоод гэрт ороход хоригдол Ууганбаяр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би биед нь үзлэг хийсэн. Ууганбаярын биеийн зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн ил шарх үүссэн, уг шархнаас цус гоожиж байсан. Цус нь тогтохгүй байсан учраас 3 оёдол тавьсан. Тэгээд Ууганбаярын биед эрүүл мэндийн үзлэг хийсэн: Үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, орчиндоо харьцаатай, ухаан санаа саруул, артерын даралт 120, 80тай, пульс 96, сатураци 94 байсан. Ингээд хоригдол Ууганбаярыг ангийн байрлалд авчирсан. Анги дээр ирээд хорихын нэгдсэн эмнэлэг 401 дүгээр анги руу ярьсан чинь хүнээ авчир гэсэн. Тэгэхээр нь ангийн пургон машинтай тээвэрлэлт хийж УБ хот руу хүргэж өгсөн. Би цус тогтоох, өвдөлт намдаах, зүрх судсыг дэмжих эмчилгээ, хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээ, боолт цэвэрлэгээ зэргийг хийсэн. Хоригдол Ууганбаяр нь хутгалуулсан байсан мөн цус нэлээн алдсан байсан учраас би төмрийн хор гүйхээс сэргийлж хордлого тайлах эмчилгээ хийсэн. Би архи уусан эсэхийг нь мэдээгүй. Би
тухайн үед маск зүүсэн байсан учраас уусан архийг нь үнэрлээгүй... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
гэрч Ц.Шижирбаатарын ...Манай хорих 415 дугаар ангийн мал аж ахуй Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг "Шувуутын энгэр" гэх газар байдаг юм. Уг аж ахуй дээр харуул хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Батхуяг, Батхуягийн хяналтад хоригдол Л.Отгонбаяр, Б.Даваадагва, Г.Ууганбаяр нар байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 43 минутын үед хянагч Батхуяг над руу залгаж даргаа эмч аваад хурдан ирээ энд хоригдол Ууганбаяр хутгалуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ангиас эмч Түмэнжаргалан, сувилагч Хишигжаргал, хошууч Энхболд нарыг аваад малын хэсэг рүү явсан. Уг газарт очиход Батхуягийн гэрт хоригдол Ууганбаяр нь доош харсан байдалтай цээжээрээ давуугаар орооцон хэвтэж биеийн байсан. Тэгээд эмч үзээд 3 ширхэг оёдол тавиад үзүүлэлтүүд нь хэвийн байна гэсэн. Тэгэхээр нь даргад илтгэж анги дээр авчраад Тэгээд холбогдох газрууд луу мэдэгдэж хорих хорихын нэгдсэн эмнэлэг рүү авч явж
хүлээлгэн өгсөн. Намайг очиход Даваадагва нь хянагч Батхуягийн гарт байсан. Харин хоригдол О нь байхгүй байсан. Тэгэхээр хянагч Батхуягаас О хаана байна гэхэд мэдэхгүй байна гэсэн. Би хоригдол Ууганбаярыг аваад руу ирсэн. Надтай зөрөөд ангийн дарга хурандаа Ууганбаяр малын хэсэг дээр нөхцөл байдалтай танилцаж тэндээ байж байгаад үүрээр буюу гэгээ орох үед төлөөлөгч нарыг ойр хавын айлуудаар явуулахад ахлах төлөөлөгч Энхболд хоригдол Олонболдыг Төв аймгийн Архуст сумын 42 гэх газар байрлах адуу усалдаг худгаас олж авсан. Ахлах төлөөлөгч Энхболд худаг дээр очих үед хоригдол О даргаа би буруу зүйл хийчихлээ гээд өөрөө хүрээд ирсэн гэсэн. Тэгээд Оыг байрлах ахлах төлөөлөгч хошууч Энхболд анги дээр авчрахаар нь би өөрөө өрөөндөө оруулж драгер багажаар үлээлгэхэд 1,28 хувийн согтолттой, харин хоригдол Даваадагвагыг ШШГЕГ-ын аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Золжаргал УБ хотоос ирж драгер багажаар үлээлгэхэд 0.19 хувийн согтолттой гарсан. Харин харуул хамгаалалтын ажилтан Батхуягийг драгер багажаар үлээлгээгүй. Тухайн үед мал дээрээ үлдсэн. Тухайн үед ШШГЕГ-аас холбогдох алба хаагч нар ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Ирсэн алба хаач нар шалгалт явуулаад Цагдаагийн байгууллагад хэлж амжаагүй. Гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг мэднэ. Би тухайн үед малын эсэг дээр очихдоо драгер багажгүй явсан. Хоригдол Ууганбаярт түргэн тусламж үзүүлээд яараад Батхуягийг мал дээр нь үлдээгээд би өөрөө анги руу явсан. Тухайн үед би Батхуягийн амыг үнэртэж үзэхэд согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тийм учраас Батхуяг уугаагүй юм байна гэж үзээд ангийн даргыг иртэл байж бай гэж хэлээд малын хэсэг дээр үлдээсэн. Хоригдол О, Ууганбаяр, Даваадагва нар нь архи хаанаас авч уусан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед хянагч Батхуягаас асуухад бас мэдэхгүй байсан. Малын хэсэг дээр хоригдлууд байшинд байрлаад амардаг юм. Хянагч Батхуяг нь байнгын харж байдаг. Гэхдээ хянагч Батхуяг нь хоригдлуудын байрладаг байшингийн хажууд гэр бариад амьдардаг. Би малын хэсэг дээр байдаг хоригдлуудыг шалгадаг. Хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед ахлах төлөөлөгч Энхболд, харуул хамгаалалтын ахлах байцаагч дэд хурандаа Ганжаргал нарын хамт очиж шалгаад 15 цаг өнгөрч байхад буцсан. Шалгалт хийсэн талаараа ангийн даргад зурагжуулсан илтгэх хуудас бичиж танилцуулдаг. Шалгасан талаар рапортын дэвтэр байгаа. Уг тэмдэглэл бичиж үлдээсэн. Хоригдол О нь 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хорих 415 дугаар ангид ирсэн. Уг этгээд нь ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хорих ялтай ирсэн. Манай дээр ирэхдээ хэдэн жилийн үлдэгдэл ялтай ирсэн эсэхийг санахгүй байна. Хоригдол Ууганбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хорих 415 дугаар ангид ирсэн. ЭХТА-ийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн нээлттэй хорих ангид ял эдлэхээр ирсэн. Хоригдол Даваадагвагийг сайн санахгүй байна. Эдгээр 3 хоригдлыг ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх алба болон Төв аймгийн Прокурорын газрын хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр малын хэсэгт гаргасан. Саналыг бол манайхаас явуулдаг. Хоригдол О, Ууганбаяр. Даваадагва нарын үлдсэн жил нь бага анх удаагийн хэрэгтэй хоригдлууд учраас мал дээр гаргах саналыг манайхаас холбогдох газруудад явуулсан. Ангийн даргын тушаалаар батлагдсан арга зүйн зөвлөлийн гишүүдийн саналаар ангийн дарга баталж саналыг хүргүүлдэг. Хоригдол О нь Ууганбаярын зүүн далны доод хэсэгт 1 удаа хатгасан байсан... /хх-ийн 48-51 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай ...Г.Ууганбаярын биед зүүн даланд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Л.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 122-142 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Оын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-наас 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хорих 415 дугаар ангийн аж ахуйн хэсгийн байранд хоригдол Г.Ууганбаярын зүүн далан тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Оын тогтоогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба дээрх үйл баримтууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас илэрдэг бөгөөд уг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Л.О нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Ууганбаяртай маргалдаж, ноцолдох үедээ түүнийг хутгалах сэдэлт, санаа зорилго бий болж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн далан тус газар хутгалсан үйлдэл эс үйлдэхүйн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт хэрэг гэж үздэг.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр шүүгдэгч Л.Оын хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Г.Ууганбаярын биед зүүн даланд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хууль бус санаатай хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Л.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ангийн малын хэсгийг шалгасан талаар танилцуулсан илтгэх хуудас, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор шаргал өнгийн иштэй, 15см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, хохирогч Г.Ууганбаярын өвчний түүхийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ууганбаярын биед зүүн даланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Л.Ооос хохирогч Г.Ууганбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Оод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцсон ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 60 хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч Л.Оод шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 3 /гурав/ хоногийн хорих ялыг хуульд заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.О нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацааг нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ялын тооцоог бодож шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай Л.Оод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шилжүүлэн хорих тухай” захирамжаар түүнийг цагдан хорьсон байна.
Ингээд түүний 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоног дээр 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг нэмж нийт 63 /жаран гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000480116 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор шаргал өнгийн иштэй, 15см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц Л.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц Л.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногтой дүйцүүлж 60 хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 03 /гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц Л.Оод оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын 03 /гурав/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц Л.Оын 2021 оны 04 дүгээр сарын 12-ноос 2021 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор шаргал өнгийн иштэй, 15см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2134000480116 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц Л.Оод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц Л.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН