| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
2021 06 14 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У Н.Эт холбогдох эрүүгийн 2134000000097 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1983 оны 002 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, У Н.Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Э нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед М.Отгонтөгсийн зүй бус харьцаагаар шалтаглан хөлөөрөө хавсарч газарт унаган, хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт хэрэгт авагдсан баримтаар 792.592 төгрөг нэхэмжилснээс 1.240.000 төгрөг төлөгдсөн. Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны 21 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газарт М.Отгонтөгсийн зүй бус харьцаагаар шалтаглан хөлөөрөө хавсарч газарт унаган, хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000097 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
хохирогч М.Отгонтөгсийн ... 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр самарт явахаар Түмэнбуянтай хамт мориор өгсөж байгаад орой тогоо шанагаа мартаад буцаад Цагаан нуга гэх газраас Сөгнөгөр орох гээд морьтой явж байтал Моност тохой орчим Жуух Шоовко Баяраа Шүүмбээ нартай таарч юм яриад сууж байтал Жуух /Н.Э/ энэ миний унаж яваа хээр морь талийгаач ээжий минь оршуулсан газар дээр шээс морь ш дээ гэхээр нь би чамд баярлаж явдаг шүү гэсэн тэгсэн намайг дуудахаар нь эргэж хартал баруун хөл рүү хавсарч унагаасан тэгээд босох гэсэн чинь хөл өвдөөд гишгэж болохгүй хугарчихсан байсан. Тэгээд ах Шижрээ рүү залгаж хөл хугарчихлаа ирж аваач гээд газраа зааж өгсөн. Ахыг ирэхээр нь машинаар нь шууд гэмтлийн эмнэлэг орж мориноос унасан гэж хэлээд хэвтсэн. Маргааш нь Жуух руу залгасан чинь Баяраа утсыг нь аваад мөнгө төгрөг өгч чадахгүй гэхээр нь гэмтлийн цагдаад үнэнээ хэлсэн. Цуг нэг доор байдаг хүмүүс гэж бодоод мориноос унасан гэж хэлсэн... Намайг баруун хөл рүү маань Н.Э хавсарч хөлийг маань шилбэний дээд болон доод хэсгээр хугалсан байна лээ. Тэрнээс намайг цохиж зодсон бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... Намайг шилбэний яс хадах хагалгаанд гэж Жуухаас 1 сая төгрөг гаргаж өгсөн. Гомдол санал байхгүй эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал нэхэмжлэх байхгүй... Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэгтлээ согтуу байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт 1.600.000 төrpөгөөр хагалгаанд орсон... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
түүний хоёр дахь удаагаагийн ...Үгийн зөрөөгүй намайг дуудаж яваад очсон чинь л миний баруун хөл рүү хавсарч тэгээд хоёр газраараа хугарч гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтэж хадуулсан. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх гомдол санал байхгүй. Нэг нутгийн нэг доор өссөн амьдарч байгаа улс гомдол санал гээд яахав гэж бодож байгаа. Эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргасан. 700.000 төгрөгөөр хагалгаанд орсон үүнээс Н.Э 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Багцаагаар 2.000.000 төгрөгийн зардал гарсан баримтыг хавсаргасан зарим эм тарианы баримтыг аваагүй... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
гэрч О.Түмэнбуянгийн ...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хадам дүү болох Отгонтөгсийн хамт морьтой хоёулаа самарт Сөгнөгөр өгссөн. Тэгээд замд цагаан нуга дээр явж байгаад тогоо шанагаа мартаад буцаад хоёулаа тогоо шанагаа авах гээд морьтой Сөгнөгөр орох замд Моност тохой орчим Жуух Шоовкоо Баяраа, Шүмбээ нартай таарсан. Тэгээд нэг шил архи хувааж уугаад байж байтал Отгонтөгс, Жуух хоёр босоод явсан. Тэгснээ бургасны араар орж Отгонтөгс хөл хугарчихлаа гэхээр нь юунаас болсон юм бэ гэтэл ээжийн газар дээр шээсэн морь энэ ш дээ гэхээр нь өө тиймүү би чамд баярлаж явдаг ш дээ гэтэл Жуух намайг хавираад унагасан чинь хөл хөдлөхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Баяраагийн утсаар хүргэн Шижирээг дуудаж машинтай аваад явсан. Хэрүүл маргаан зодоон нүдээн болоогүй. Энэ хоёр тусдаа уулзаад л Жуух хадам дүүг хавсарсан гэсэн... /хх-ийн 13 дугаар хуудас/
гэрч Д.Батсайханы ...Н.Энхбат, Т.Энхбат бид гурав үлдсэн Отгонтөгс мориноос бууж ирээд мэнд мэдээд суусан их согтуу байсан би түрүүлээд мориндоо мордоод явсан дээшээ уул өгсөөд айлын гадаа очоод морьдоо амраагаад байж байхад Н.Э ганцаараа ирээд "Отгонтөгстэй ирээд уйлж орилоод байхаар нь түлхсэн чинь унаад хөл нь гэмтчихлээ ахын дуудаад өгчихлөө гээд Отгонтөгсийн морийг хөтлөөд ирсэн хэний морь юм гэсэн чинь "Отгонтөгсийн морь алдчихаж магадгүй гэж бодоод аваад ирлээ гээд бид хоёр ачаагаа буулгаад тэндээ хоносон... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
яллагдагч Н.Эын ...2021 оны 02 дугаар сарын 22-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Цагаан нуга гэх газар С.Ганбат, Х.Баярсайхан, Т.Э, Батсайхан нарын хамт самарт явахаар морьтой явж байтал Моност тохой гэх газар морьтой Отгонтөгс, Түмэнбуян хоёр өөдөөс ирээд уулзацгаасан. Тэгээд замын юм гэж нэг шил архи гаргаж хувааж ууж байгаад морьдоо алдаад Түмэнбуян Баярсайхан хоёр мориныхоо хойноос явсан. Отгонтөгс агсам тавиад байхаар нь салгаад хавсарч унагаасан тэгсэн хөл гишгэж болохоо болилоо хугарчих шиг боллоо гэхээр нь С.Ганбатын утсаар ах руу нь залгаж өгч явуулсан. Тэгээд Маргааш нь 1сая төгрөг араас нь шилжүүлсэн. Би зүүн хөл рүү нь хавсарсан...Хүлээн зөвшөөрч байна. Би архи...хэрэглээгүй байсан...1.700.000 төгрөг төлсөн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү... /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 13 дугаартай ... М.Отгонтөгсийн биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38, 45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны 21 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газарт М.Отгонтөгсийн зүй бус харьцаагаар шалтаглан хөлөөрөө хавсарч газарт унаган, хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Н.Э нь хохирогч М.Отгонтөгстэй маргалдаж хавсарч газарт унагаснаараа сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Н.Э болон түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь хохирогч М.Отгонтөгсийн биед баруун шаант ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч М.Отгонтөгс нь шүүгдэгч Н.Эаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалд 1.617.542 /нэг сая зургаан зуун арван долоон мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид 1.240.000 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.Отгонтөгсийн мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.
Харин хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагаас 377.542 /гурван зуун далан долоон мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгөөсөө татгалзсан болно.
Иймд шүүгдэгч Н.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.Эыг хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Эт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч Н.Эт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу гурван сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У Н.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У Н.Эт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2134000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН