Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч  П.Даваасүрэн,

хохирогч Б.Цэвэлмаа,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-т холбогдох 2034000000495 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Т. Г, Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт, Төв аймгийн Баянцогт сум, Гуна 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09-10 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” 1 дүгээр багийн нутаг “Зөрөө дэнж” гэх газарт Б.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гаран тус газар нь модоор цохиж зүүн богтос шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн баруун шуунд цус хуралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хохирогч Б.Цэвэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06 тал/, Т.Гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-07-10 тал/, гэрч М.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11 тал/, гэрч П.Бөхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12- тал/, гэрч Ш.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13 тал/, гэрч Б.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14-15 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №446 дугаартай дүгнэлт/хх-16 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №473 дугаартай дүгнэлт/хх-19 тал/, яллагдагч Т.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-27-28 тал/, Т.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-29 тал/, Т.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-30-34 тал/, хохирлын баримт/хх-37-39  тал/, яллагдагч Т.Гээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84-85 тал/ гэх зэрэг болно.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09-10 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” 1 дүгээр багийн нутаг “Зөрөө дэнж” гэх газарт Б.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гаран тус газар нь модоор цохиж зүүн богтос шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн баруун шуунд цус хуралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Б.Цэвэлмаагийн: “... Би худаг дээр ус авахаар очиход Т.Г хүнтэй маргалдаж байгаад яваад өгсөн би тэр эмэгтэйг яваад өгөхөөр нь Гийнх гоё байшин барьж байна лээ яагаад түүнийгээ малын саравч гэдэг байна аа гээд ярьж байтал Т.Г буцаж ирээд чи яагаад намайг муулаад байгаа юм гээд хов ярилаа гээд намайг үстэж унагаагаад цохиж зодсон намайг үх далд ор гэсэн.. тэгээд Т.Г намайг яртай модоор миний зүүн гар луу цохиж 5 6 удаа өшиглөж тэгээд үснээс зулгаагаад миний ээмгийг алга болгосон” гэх мэдүүлэг /хх7-8 хуудас/ ,

Гэрч М.Бямбасүрэнгийн: “... тэр өдөр эхнэрийнхээ араас худаг дээр очиход манай эхнэр Б.Цэвэлмээг Т.Г үсдээд татсан зогсож байсан би дундуур нь ороод салгатал намайг өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 11 хуудас/,

Гэрч П.Бөхбаатарын: “...2020 оны 08 дугаар сарын 05-нд худгаа онгойлгоод зогсож байтал Т.Г Б. Цэвэлмаа нар маргалдаад Т.Г Б.Цэвэлмаагийн гар луу нь 1-2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 12 хуудас/,

Гэрч Ш.Энхтуяагийн: “ ... Худаг руу очтол Г мод барьчихсан худаг дээр ирээд Цэвэлмааг модоороо 2 удаа цохисон юм. Г Цэвэлмааг нүдний шил эвдчихлээ нүдний шил төлж өг гээд Цэвэлмааг үсдэж газар унагаад өшиглөөд байсан. Тэгээд Цэвэлмаагийн нөхөр Бямбасүрэн, Гийн нөхөр Оргил нар худаг дээр ирсэн тэгэхээр нь би гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон мэдэхгүй байна. Миний харж байснаар Г Цэвэлмааг барьж явсан модоороо биенийхэн зүүн гар талын хэсэгт 2 удаа цохиж байсан юм. Тэгээд Г, Цэвэлмааг үсдэж унагааж хөлөөрөө 2-3 удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг/хх-13 тал/,

Гэрч Б.Нэргүйн: “ ... Г гэр лүүгээ явж байснаа буцаад худаг дээр ирж байсан. Тэгтэл хүмүүс хашгиралдаад байхаар нь хартал Г Цэвэлмааг модоор цохиод барилцаад зууралдаад байсан” гэх мэдүүлэг/хх-34 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 11 -ны өдрийн 446 дугаартай шинжээч эмч Э.Эрхэмбаярын дүгнэлтэнд: Б.Цэвэлмаагийн биед зүүн богтос шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 16 хуудас/ гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09-10 цагийн орчимд Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” 1 дүгээр багийн нутаг “Зөрөө дэнж” гэх газарт Б.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гаран тус газар нь модоор цохиж зүүн богтос шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн баруун шуунд цус хуралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Т.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.    

 

          Шүүхээс шүүгдэгч Т.Гийг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны  08 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Т.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

хохирогч Б.Цэвэлмаа нь баримтаар хохирол нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанар шүүдэгч Т.Гээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг хангасан байна гэж үзлээ. 

       

Эрүүгийн 2034000000495 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Т. Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт Т. Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Эрүүгийн 2134000440079 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Гт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ