Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             06              14                                                   2021/ШЦТ/184                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш О.Бд холбогдох эрүүгийн 2134000320076 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1975 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй Ш О.Б,

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Б Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийны дээд эх” гэх газраас малын хашаа, саравч зэргийг барих зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 15-25-ны хооронд 45 ширхэг 2.7м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улмаар байгаль орчинд 819.663 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 Шүүгдэгч О.Б: 

...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийны дээд эх” гэх газраас малын хашаа, саравч зэргийг барих зорилгоор 45 ширхэг 2.7м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улмаар байгаль орчинд 819.663 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн 2134000320076 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах 

яллагдагч О.Бын ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Д.Ганбатын ...би О.Б, П.Жаргалсайхан нарт мод бэлтгэх талаар зөвшөөрөл огт өгөөгүй... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай ...мод хийсэн үзлэг болон гар зургаар баталгаажуулснаас  үзэхэд 4.1м урттай 45 ширхэг шургааг мод байх бөгөөд тухайн 2.7 метр куба болж байна. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 819.663 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07-35 дугаартай эд зүйлийн үнэлгээний ...48.700 төгрөг... гэх тайлан /хх-ийн 44-57 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч О.Бын 2020 оны 09 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийны дээд эх” гэх газраас малын хашаа, саравч зэргийг барих зорилгоор 45 ширхэг 2.7м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улмаар байгаль орчинд 819.663 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч О.Бын зөвшөөрөлгүйгээр ойд 2.7 м3 мод бэлтгэсэн үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч О.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Бын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 819.663 төгрөгийн шууд хохирол учирж, 2.458.989 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 2.458.989 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.Баас 2.458.989 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч О.Бд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:    

Эрүүгийн 2134000320076 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Ч.Өлзий нь гомдол, саналгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн банктай 1 ширхэг хятад хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

мөн Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 45 ширхэг 2.7м3 хуурай модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэн улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Мустанг-5 маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч СЖ75120611 дугаарын регистртэй Ш О.Бд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш О.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш О.Бд шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш О.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш О.Баас 2.458.989 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан ойн сангийн 100140500914 тоот дансанд оруулсугай.

 

7.Эрүүгийн 2134000320076 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ш О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Мустанг-5” маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч СЖ75120611 дугаарын регистртэй, Ш О.Бд олгохыг тус тус дурдсугай.

  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн банктай 1 ширхэг хятад хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш О.Бын гэмт хэрэг үйлдэж олсон Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа 45 ширхэг 2.7м3 хуурай модыг улсын орлогод оруулсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН