| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/195 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/195
2021 06 14 2021/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х А.Аод холбогдох эрүүгийн 2134000000054 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ховд аймгийн Манхан суманд 1992 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Арвижих шохой” ХХК-нд оператор ажилтай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Х А.А,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.А нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих шохой” ХХК-ийн хашаан дотор байрлах түлшний агуулах савнаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 350 литр дизель түлш хулгайлж 735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А:
... Манай компани 10 сараас хойш цалин өгөөгүй, 12 дугаар сарын 29 болоод шинэ жил болох гээд тамхины ч мөнгөгүй болоод 350 л түлш хулгайлсан. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. 742.000 төгрөгийн хохирол төлсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.А нь 2020 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих шохой” ХХК-ий хашаан дотор байрлах түлшний агуулах савнаас 350 литр дизель түлш хулгайлж, 735.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн 2134000000054 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
хохирогч А.Баттөрийн ... Би Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Арвижих шохой" ХХК-нд кемп менежер ажил хийдэг юмаа. Манай үйлдвэр дээр 6 хүн байдаг. Миний бие уг хүмүүсийн өдөр тутмын ажлыг нь хянах үүрэг хүлээдэг. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Улаанбаатар хот яваад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр кемп дээрээ ирсэн чинь манай кемпээс түлш алдагдсан байсан. Тэгэхээр нь бид нар савтай түлшээ хэмжиж үзсэн чинь 350 литр түлш дутсан байсан. Тэгэхээр нь сумын хэсгийн төлөөлөгч дээр очиж өргөдөл бичиж өгсөн, ...Тухайн үед манай кемп дээр Чулуунцэцэг гэх нярав, А гэх экскаваторын жолооч, Даваамөнх гэх ковшийн жолооч, Ганбаатар, Цэргийнхүү, Түмэнжад гэх туслах ажилчид байсан, ...Манай компанид одоогоор 735.000 төгрөгийн хохирол учирсан. Манай компани нь 1 литр түлшээ 2100 төгрөгөөр бодож нийт 350 литр түлш нэхэмжилж байна... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
гэрч П.Цэргийнхүүгийн ...Би Аыг түлш хулгайлж байхыг нь хараагүй. Харин 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагаас 01 цагийн орчимд манай ажлын хүмүүс бүгд ороонд орж амраад байж байхад нь би гал тогооны өрөө рүү орж сүлжээ хайхаар орсон юм. Гэтэл А түлшний хажууд зогсож байсан. Тэгснээ над дээр ирээд би энд юм хийж байна чи битгий гарч ир гэж хэлээд надад 20000 төгрөг өгсөн. Тэгээд буцаад амрах өрөө рүүгээ ороод тэгээд унтсан. Тэгээд маргааш нь мэдэлгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түлш алга болсон байна гэж хариуцсан нярав Чука эгчээс мэдсэн, ...манай ажил дээр А ахын найз гэж Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ах ирдэг байсан мөн хорих ангид ажилладаг гээд нэг ах ирдэг байсан. Би уг хүмүүсийн нэрийг нь ерөөсөө мэдэхгүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч Ч.Мөнхдурсгалын ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр оройн 20 цагийн үед А над руу утсаар залгаж ах хямд түлш авах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би авъя гэсэн. ...би хашааных нь хойд талд нь зогсоод 30 литр ордог 3 ширхэг сав /канистер/ өгсөн, ...тэгээд би машиндаа хийгээд сумын төв рүү явсан, ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А та орой 00 цаг өнгөрөөгөөд хүрээд ирээч би танд 120 литр түлш гаргаж өгье гэсэн, ...орой 00 цагийн үед А над руу залгаад та яваад ирээч гэсэн. Тэгэхээр нь би 120 литрийн сав аваад очсон. Уурхайн байран дээр нь очоод хашааных нь хойд талд зогссон. Тэгтэл А өөрөө гарч ирээд миний түлшний савнуудыг авч яваад түлш хийж авч гарч ирсэн, ...би хөдлөх гэсэн чинь А та дахиад 60 литрийг авчих мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь тэгье гээд ачсан 120 литр түлшээ гэртээ аваачиж буулгасан ингэж явахдаа А надтай хамт явж түлшийг буулгасан. Тэгээд би гэртээ ирээд хажуу айлын Бямба гэх залуугаас 60 литрийн сав гуйж аваад, ...уурхай дээр нь очоод хашааных нь ард зогсоод А түлш саванд хийж өгөөд Бямбаа түлшийг нь зөөж машин дээр авчирсан. Би савтай түлшийг оргож машиныхаа багажинд хийсэн. Тэгээд би Бямбаар машинаа бариулж бид хоёр сумын төв рүү явсан. ...1 литр түлшийг 1000 төгрөгөөр авдаг байсан. Нийт 270 литр түлж 270.000 төгрөгөөр худалдаж авсан... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
гэрч Б.Мөнхбямбын ...гэрт очоод байж байхад Мөнхдурсгал түлшний сав байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би 25 литрийн 3 ширхэг сав байгаа гэж хэлсэн. Тэгтэл саваа аваад гараад ир гэсэн, ...уурхайн байран дээр очоод машинаа хашааных нь ард зогсоогоод савнуудаа аваад хашаа давж түлш байдаг газар луу нь орсон. Түлштэй том дөрвөлжин цагаан өнгийн тонны 3 сав байсан. Уг савнаас Мөнхдурсгал нөгөө залуу хоёр түлш соруулж савандаа хийсэн. Би хажууд нь хараад зогсож байсан. Тухайн үед би ямар авч байгаа биш дээ гэсэн бодол надад төрсөн Саванд түлш хийгээд бид гурав хашаа давж машин дээр очсон. Савтай түлшээ машиндаа хийгээд Мөнхдурсгал бид хоёр сумын төв рүү явсан. Харин нөгөө залуу байран дээрээ үлдсэн. Сумын төв дээр ирээд би гэр лүү явсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
яллагдагч А.Аын ...яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07-126 дугаартай “Арвижих Шохой” ХХК-ий өмчлөлийн 350 литр дизель түлшний үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан /хх-ийн 23-33 дугаар хуудас/ болон хохирогч А.Баттөрийн Төв аймгийн Баян сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 дугаар хуудас/, шүүгдэгч А.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 55-62 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч А.Аыг 2020 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих шохой” ХХК-ий хашаан дотор байрлах түлшний агуулахаас 350 литр дизель түлш хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулгад шүүгдэгч А.Аын хувьд “Арвижих Шохой” ХХК-ий хамгаалсан түлшний агуулахад нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх ба энэхүү орон зайд нэвтрэх нь хориотой болохыг мэдсээр байж зөрчин орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдал болж байна.
Энэхүү хуулиар хамгаалагдсан агуулах саванд зөвхөн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд ямар нэг байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн байр, агуулахад нэвтэрч” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж хуульчилсан.
Гэхдээ эрүүгийн 2134000000054 дугаартай хэргийн 8, 9-10 дугаар хуудсанд авагдсан хохирогч А.Баттөрийн ...би... ...”Арвижих шохой” ХХК-ий кемп менежер ажилтай, манай үйлдвэр дээр 6 хүн байдаг. Миний бие уг хүмүүсийн өдөр тутмын ажлыг нь хянах үүрэг хүлээдэг... ...манай кемп дээр Чулуунцэцэг гэх нярав, А гэх экскаваторын жолооч, Даваамөнх гэх ковшны жолооч, Ганбаатар, Цэргийнхүү, Түмэнжад гэх туслах ажилчид байсан... гэх,
мөн 14-15 дугаар хуудсанд авагдсан гэрч П.Цэргийнхүүгийн ...2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагаас 01 цагийн орчимд манай ажлын хүмүүс бүгд өрөөндөө орж амраад байж байхад нь би гал тогооны өрөө рүү орж сүлжээ хайхаар орсон юм. Гэтэл А түлшний хажууд зогсож байсан... гэх мэдүүлгүүд болон шүүхийн шатанд шүүгдэгч А.Аын гаргаж өгсөн “АРВИЖИХ ШОХОЙ” ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 14 дугаартай Амгаланбаатарын Аыг “Арвижих шохой” ХХК-ий “Экскэ оператороор ажиллуулсугай” гэсэн “Ажилд томилох тухай” тушаалаар,
мөн тус компаний захирлын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар тус тус шүүгдэгч А.А тус компаний ажилчин бөгөөд зөвшөөрөгдсөн этгээд болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Аын өөрийн ажилладаг компаний түлшний агуулах савнаас 350 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хохирол буюу 735.000 төгрөгийн хохирол учруулсан шинжийг хангаж байх тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Тэрээр энэхүү “Арвижих шохой” ХХК-ийн хашаан дотор байрлах түлшний агуулах савнаас түлш авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч А.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Арвижих шохой” ХХК-нд 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч “Арвижих шохой” ХХК-нд 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол шатахууны үнэ болох 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан хохирогч “Арвижих шохой” ХХК-ий тодорхойлолт, шүүгчийн туслахын хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч А.Аод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун наян цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Аод оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Аод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч “Арвижих шохой” ХХК гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х А.Аод шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х А.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х А.Аод шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, “Арвижих шохой” ХХК гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х А.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х А.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН