| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0225/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/256 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн,
шүүгдэгч Ц.Н, О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Ц Н, Бовгийн О Д нарт холбогдох эрүүгийн 2134000000019 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 7 дугаар хороо, Өвөршандын 9А гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Н/ /,
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг, Элстэйн Их хар бургас гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Д,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Н: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Д: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-08 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-28 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-29 тал/, хөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-30/, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлт-Одоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37-38 тал/, гэрч Б.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39 тал/, гэрч О.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-40-41 тал/, гэрч Ц.Ноос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-44-46 тал/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-49-50 тал/, яллагдагч Ц.Ноос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-58-59 тал/, яллагдагч О.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-64-65 тал/, Ц.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-66 тал/, Б.Оргодлын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-67 тал/, Ц.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-71-75 тал/, О.Дын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-76 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-77-78 тал/, яллагдагч О.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84 тал/, яллагдагч Ц.Ноос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-90 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Д, Ц.Н нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 багийн нутаг дэвсгэр “Элстэйн Улаан овоот” гэх газраас малын хашаа, саравч зэргийг барих зорилгоор 2020 оны 10 дугаар сарын дундуур 13.68м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улмаар байгаль орчинд 3230080 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлт-Одын "...Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын томилсоноор Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна........ Миний хувьд гомдол санал байхгүй бөгөөд үнэлгээгээр гарсан зардлыг сумын дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-37 тал/,
Гэрч Б.Батбаярын "... Би О.Д гэх хүнийг багийн иргэний хувиар таньдаг. Манай багт шилжин ирээд нэг жил гаран болох гэж байна. Надаас О.Д нь 2020 онд галын түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би О.Дыг хэр их мод бэлтгэсэн, хаанаас бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. иргэн О.Д нь галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-39 тал/,
Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ж.Отгонбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “...модонд хийсэн үзлэг, фото болон гар зургаар баталгаажуулсанаас харахад 6-9 ширхэг шургаагаар өрсөн 12 хана, дээврийн 77 ширхэг шургааг байх бөгөөд тухайн моднуудын хэмжээг Бөөрөнхий модон материал. Эзлэхүүний хүрд N0482379:2010 стандартыг үндэслэн нягт шоо метрээр бодоход 13.68 м³ болж байна. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖС- ын 2020 оны 03 сарын 16-ны А/176-р тушаалын нэгдүгээр хавсралт "Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ний дагуу, экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 13.68 м³ 168655 * 1.4 = 3.230.080 төгрөг болж байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-49-50 тал/,
Яллагдагч Ц.Нийн "...Миний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг Элстэй гэх газар өвөлждөг, мал маллаж амьдардаг юмаа. Тэгээд тухайн газартаа саравч барих зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга Эрдэнэхүү гэх хүнтэй уулзаж энэ асуудлаа хэлэхэд засаг дарга зөвшөөрсөн бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгээ байгаль орчны байцаагчаас аваарай гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгаль орчны байцаагч Гэрэлт-Одтой утсаар О.Дыг яриулахад би Улаанбаатар хотод явж байна, дараа больё гэсэн. Тэгээд байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ноор би өөрөө дахин Гэрэлт-Од руу утсаар яриад гоожин бичүүлж авъя гэсэн чинь танай хүргэнд газрын зөвшөөрөл байхгүй тул гоожин бичиж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь тэр хавийн хүмүүс газрын зөвшөөрөлгүй хэр нь гоожин бичүүлж аваад саравч энэ тэрээ бариад байхаар нь Дараа нь болох байлгүй торгууль энэ тэрээ төлөөд болох байх гэж бодоод өөрийн хүргэн О.Дын хамтаар тухайн үедээ яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг Элстэйн дээд эх Хар бургастай гэдэг газраас яг тоолсон зүйлгүй 20 гаруй шургааг мод бэлэн унагачихсан байсан шургаагаас цуглуулаад өөрийн амьдардаг өвөлжөө буюу тухайн газраас 500 орчим метр газарт байх өвөлжөө рүүгээ зөөж аваачин саравчаа засаж сэлбэсэн.... Би хэлж авахаар болсон боловч байгаль орчны байцаагч нь өгөөгүй юмаа.... ....Би тухайн үед өөрийн хүргэн О.Дын хамтаар цүдгэр хөрөө ашиглан бэлтгэсэн юмаа........Манайх ойрхон тул шууд чирээд авчирсан юмаа..." гэсэн мэдүүлэг /хх- 58-59 тал/,
Яллагдагч О.Дын "...Миний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг Элстэй гэх газар өвөлждөг, мал маллаж амьдардаг юмаа. Тэгээд тухайн газартаа саравч барих зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга Эрдэнэхүү гэх хүнтэй уулзаж энэ асуудлаа хэлэхэд засаг дарга зөвшөөрсөн бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгээ байгаль орчны байцаагчаас аваарай гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгаль орчны байцаагч Гэрэлт-Одтой утсаар ярихад би Улаанбаатар хотод явж байна, дараа болъё гэсэн. Тэгээд байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ноор хадам аав Нийг дахин Гэрэлт-Од руу утсаар яриад гоожин бичүүлж авъя гэсэн чинь танайх газрын зөвшөөрөл байхгүй тул гоожин бичиж өгөхгүй гэсэн...Тэгэхээр нь тэр хавийн хүмүүс газрын зөвшөөрөлгүй хэр нь гоожин бичүүлж аваад саравч энэ тэрээ бариад байхаар нь дараа нь болох байлгүй торгууль энэ тэрээ төлөөд болох байх гэж бодоод өөрийн хадам аав Нийн хамтаар тухайн үедээ яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг Элстэйн дээд эх Хар бургастай гэдэг газраас яг тоолсон зүйлгүй 20 гаруй шургааг мод бэлэн унагачихсан байсан шургаагаас цуглуулаад өөрийн амьдардаг өвөлжөө буюу тухайн газраас 500 орчим метр газарт байх өвөлжөө рүүгээ зөөж аваачин саравчаа засаж сэлбэсэн........" гэсэн мэдүүлэг/хх-64-65 тал/ Top of Form
Bottom of Form
Top of Form
Bottom of Form
Bottom of Form
зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д, Ц.Н нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 багийн нутаг дэвсгэр “Элстэйн Улаан овоот” гэх газраас малын хашаа, саравч зэргийг барих зорилгоор 2020 оны 10 дугаар сарын дундуур 13.68м3 хуурай модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улмаар байгаль орчинд 3230080 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч О.Д, Ц.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Иймд шүүгдэгч О.Д, Ц.Н нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал машин механизм ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д, Ц.Н нар нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэргийн хор уршиг болох 3230000 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Гэмт хэргийн хор уршиг болох 3230000 төгрөгийг 3 дахин нугалахад 9690240/есөн сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун дөчин/ төгрөг болж байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд шүүгдэгч нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хэргийн хамт ирсэн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бариулгүй зэвэрсэн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Ц Н, Б овогт О Д нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С овогт Ц Н, Б овогт О Д нарыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н, О.Д нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н, О.Д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг сануулсугай.
5.Шүүгдэгч Ц.Н, О.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгчийн нь гэмт хэргийн хор уршгийн төлбөрийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөрөөг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Д, Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ