Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00676

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2519 дүгээр магадлалтай

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Л” ХХК-д холбогдох

“Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 17 996 068 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/201504 дугаартай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, 36 093 224 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Л” ХХК-тай харилцан тохиролцож, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын Бугат хорооллын эскиз зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хийх, захиалагч ажлын хөлсөнд 114 216 050 төгрөг төлөхөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр А/201504 тоот Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын сууц /иж бүрэн/, 104 айлын сууцны Барилга архитектур, барилга бүтээцийн зураг, Гадна дулааны зураг /240 айлын зураг бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон/, Гадна цэвэр бохир, усны зураг /240 айл бүрэн/ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажил гүйцэтгэх тухай бидний байгуулсан гэрээний 1.4-т гүйцэтгэгч барилгын ажлын зураг төслийг ажлын 45 хоногт хийж гүйцэтгэнэ гэж зааж харилцан тохиролцсон боловч захиалагч талаас шалтгаалан гэрээний хугацаа сунжирсан. Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, М1:500 масштабтай газрын дэвсгэр зураг автокад файлаар геологи хайгуулын ажлын дүгнэлт, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн бүдүүвч зэргийг бэлтгэн гүйцэтгэгчид гэрээг батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгнө. гэж заасан. Гэтэл захиалагч цахилгааны техникийн нөхцөл гараагүй, 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил түр зогссон. Захиалагчтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр газрынх нь зөвшөөрөл, техникийн нөхцлүүд нь гарсан 240 айлын хэсгийн зураг төслийг цахилгааны техникийн нөхцөл гарсны дараа гадна цахилгааны зураг төслийг боловсруулж, магадлалаар оруулахаар тохирсон.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т төлбөрийн нөхцлийн талаар гэрээлэгч талууд харилцан тохирсон. Гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн зураг төслийн үнэ 50 963 918 төгрөг болсон. Үүнээс гэрээний дагуу урьдчилгаанд 16 383 000 төгрөг, бартераар 19  710 220 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээн авсан. Нийт 36 093 220 төгрөгийн санхүүжилт авсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг олгохыг хүсэж, захиалагч “Л” ХХК-д албан бичиг, тооцооны хуудсын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Хэрэгт баримтаар өгсөн Зураг төслийн ажлын жишиг үнэ буюу барилгын норм, дүрэмд зохиогчийн хяналт хийх, магадлал хийх ажлын зардал зураг төслийн ажлын үнэд багтахгүй байхаар журамлагдсан байдаг. Үүний дагуу гэрээнд зохиогчийн хяналт тусгай гэрээгээр явагдахаар заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг “Л” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аливаа барилгын зураг нь тухайн объектын үнэтэй харьцуулан бодит зардлаас бараг 3 дахин өндөр үнээр үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл 1/3 нь хариуцлагын үнэ, 1/3 нь хяналтын, 1/3 нь оюуны өмч, зургийн үнэ гэж анхнаасаа үнэлгээг зохиодог. Барилгын зураг нь тухайн зураг хийсэн этгээдийн оюуны өмч байдаг учир өөр этгээд тухайн зургийг гүйцээн зурах гэсэн зохицуулалт байхгүй. Зураг батлагдаж тухайн зургаар барилга баригдаж байгаа бүх тохиолдолд зурсан этгээд байнгын хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой. Хэрэв зураг буруудаж барилга нурах болон бусад асуудал үүсвэл зураг зурсан этгээд хариуцлага хүлээдэг учир өмнөх этгээдийн өмнөөс дараагийн хүн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Хэрэв өөр этгээдээр зуруулах болбол тэр этгээд бүх зургийг өөрөө дахин зурах хуулийн шаардлага үүсдэг учир гэрээг хүчингүй болгон өөр этгээдтэй дахин шинээр гэрээ байгуулах шаардлага үүсч байна.

Мөн баригдаж байгаа барилгад өөрчлөлт оруулах шаардлага үүсэхэд зураг хийсэн этгээдээс зөвшөөрөл авдаг. Хэрэв зургийг өөр этгээд үргэлжлүүлэн зураад барилга баригдаж эхлээд “Г” ХХК-ийн зурсан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай болоход “Г” ХХК-иас зөвшөөрөл авах ба гэрээ хэлцэл дуусгавар болсон ч манай байгууллага “Г” ХХК-иас хараат байх болж байна. Хэрэв “Г” ХХК нь цаашид үргэлжлүүлэн зурахаас татгалзаж байгаа бол нийт зургийн үнээс хариуцлага (үнийн дүнгийн 1/3), хяналт (үнийн дүнгийн 1/3)-нд хамаарах үнийг хасаж тооцох ёстой. Манай компани “Г” ХХК-д зургийн хөлсөнд 36 093 220 төгрөг төлсөн болно. “Г” ХХК-ийн нэхэмжилж байгаа 17 996 068 төгрөгтэй нийлээд 54 089 288 төгрөг болно. Үүнээс хариуцлага, хяналтын дүнг хасахад 18 029 762 төгрөг болох ба энэ нь зургийн оюуны өмч, ажлын хөлс болж байна. Гэтэл “Г” ХХК нь ажлын хөлснөөсөө 2 дахин их мөнгө авсан боловч дахин хяналт, хариуцлагын мөнгө нэхэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэндээ нийт ажлын 30 хувь нь зураг төсөл, үлдсэн 70 хувь нь зургийн эрсдэл буюу хариуцлага байдаг. Мөн зураг хүлээлгэн өгсөн гэж байгаа ч мэдэхгүй хүнд өгчихсөн байдаг. Манайх 99 хуудас зургийг хүлээж авснаас хэрэгт баримтаар өгсөн 5 хавтас зургийг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Зураг төслийн ажил гүйцэтгэх А/201504 дугаартай гэрээ-ний 1.2-т Гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр баригдах 363 айлын Бугат хорооллын эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Захиалагч талаас гэрээний урьдчилгаа болгон гүйцэтгэгч талд нийт 36 093 224 төгрөг өгсөн. Харин гүйцэтгэгч компани ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд, биет байдлын доголдолгүй, иж бүрнээр нь гүйцэтгэж, магадлал хийлгэж өгөөгүй учир хагас дутуу хийсэн, магадлал хийлгээгүй зургаар барилга байгууламж барих боломжгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т газар хөдлөлтийн 6-аас дээш баллын бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төсөлд магадлал заавал хийлгэнэ гэсэн байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн Зураг төсөл зохиогчийн эрх үүрэг гэсэн зүйлийн 17.1.6-д зураг төсөл зохиогч нь зураг төсөлд магадлал хийх үүрэгтэй гэсэн байна. Барилгын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн байна. Иймд гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн гараагүй, гарахгүй нь тодорхой болсон тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/201504 дугаартай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 36 093 224 төгрөгийг “Г” ХХК-иас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс гэрээний дагуу захиалагч талын зөвшөөрөл гарсан хэсэгт буюу 240 айлын хэсэгт ажлыг гүйцэтгэж захиалагч талын хариуцсан ажилтан Наранбаатарт 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ийнхүү хүлээлгэж өгсний дараа бартерын барааг манайд нийлүүлсэн. Мөн 7 хоног бүр цахимаар ажлын явцыг мэдээлдэг байсан. Захиалагч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл нөхцлийг гаргаж өгөх өөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Талуудын хооронд гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Барилгын тухай /2012 оны/ хуулийн 17.1.6-д зураг төсөл зохиогч нь боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэх шаардлагатай гэж заасан. Гэхдээ ийнхүү магадлал хийлгэхэд захиалагч Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15.1.1-д заасаар газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөлд зэргийг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл 363 айлын зураг төсөлд газрын зөвшөөрөл 240 айл хэсгээр гарч үлдсэн хэсэг гараагүй, цахилгааны техникийн нөхцөл дутуу байгаа зэргээс магадлал хийлгэх боломжгүй байгаа. Улмаар уг үүргээ гүйцэтгэх боломжгүй байдал үүсмэгц гэрээг цуцалж байна, гэрээнээс татгалзаж байна гэсэн нэр хаяг зүүн, ажлын хөлс төлөх үүргээс зайлсхийж байгаа нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэсгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д заасныг баримтлан “Ганхарш” ХХК, “Л” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцалж, “Л” ХХК-иас 12 061 773 /арван хоёр сая жаран нэгэн мянга долоон зуун далан гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 934 295 төгрөг болон “Г” ХХК-иас 36 093 224 төгрөг гаргуулах “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 930 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 067 466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207 938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 658 800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 750 000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчаас тус бүр 375 000 төгрөг гаргуулж, шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2519 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Л” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 398 725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 2519 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн, гэж үзэж байна.

Учир нь Магадлалын Хянах хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах талаар хэргийн оролцогч нар хүсэлт гаргаагүй. Иймд шүүх уг дүгнэлтэд заасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон удаа шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шийдвэрийн үндэс болгосон шинжээчийн дүгнэлтийг гарсны дараа ч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй болно.

Нөгөөтэйгүүр ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудад Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Гэтэл хэргийн үйл баримт, нотолгооны агуулгаараа илт доголдолтой ажлын гүйцэтгэл гэдгийг нотолсон шинжээчийн дүгнэлтийг, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан 100% үнэн бодитой, хөтөлбөргүй үнэн баримт мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Захиалагч хэдий магадлалд заасан техник эдийн засгийн үндэслэл батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, техникийн нөхцөл, М1:500 масштаб газрын зураг зэргийг Гүйцэтгэгчид бэлтгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй ч түүнтэй холбоотой ажил гүйцэтгэх хугацааны талаар шаардлага тавьж, гэрээг цуцлаагүй болно. Харин Захиалагч талаас ажлын гүйцэтгэлийн чанар, доголдлын талаар маргаж байгаа болно.

Шинжээчийн дүгнэлтээр 240 айлын зураг төсөл хийгдсэн ба уг зураг төсөл нь 94%- ийн гүйцэтгэлтэй, нийт ажлын 50% гэж дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн дүгнэлт, тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогддог. Иймээс дутуу зурагдсан зургийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул Иргэний хуулийн 343.1-т Гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд үр дүн нь доголдолгүй байхыг шаардана. Мөн хуулийн 353.2-т гэрээнд заасан “гэрээнд заасан чанарт тохирч байвал ажлын үр дүн биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 353.3-т “...гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой тохиолдолд ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу доголдолтой гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний 3.6.2-т заасны дагуу бэлэн болсон зургийг хүлээлгэж өгснийг хүлээлгэж өгсөнд тооцохоор байна.

Гэтэл бодит байдал дээр дутуу гүйцэтгэлтэй /94%/ зургаар тухайн барилгыг барихад ашиглаж 240 айлын хувийн орон сууцыг барих боломжтой эсэх талаар шүүх бодитой дүгнэлт өгөөгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 50%-ийн ажил хийгдсэн, түүний төлбөрийг төлөх ёстой гэж дүгнэсэн нь буруу байна.

Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс 240 айлын хувийн орон сууцны зургийг 100% гүйцэтгээд ажлын хөлсөө нэхэмжилсэн бол энэ нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл ашиглах боломжгүй, доголдолтой зургийг хүлээлгэн өгчихөөд ажлын хөлс нэхэмжилж байгааг шүүх зөвтгөсөн нь бодит байдалд нийцээгүй, хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байгаа юм.

Барилгын зургийн ажил гүйцэтгэх гэрээ нь ердийн ажил гүйцэтгэх гэрээнээс онцлогтой бөгөөд доголдолтой ажлын үр дүн хүлээн авах нь бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах үр дагавартай холбоотой байдаг тул 94% ч бай 99%-ийн гүйцэтгэлтэй ч бай дутуу зургаар ямар ч компани барилга барих боломжгүй юм. Захиалагч талаас зургийг 240 айлын орон сууцны зургийг 100% гүйцэтгүүлэхээр удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч гүйцээж өгөхгүй байгаагаас дахин шинэ гүйцэтгэгчээр эхнээс нь зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх болоод байна.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг хангах ёстой.

Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /экскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /экскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна” гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т гүйцэтгэсэн зураг төсөл нь “... Монгол улсад дагаж мөрдөж буй зураг төслийн ажлын техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан байна гэж заасан. Мөн 3.2-т “зураг төслийг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал илэрвэл түүнийг дахин үнэ төлбөргүй, шуурхай шийдвэрлэж өгөх...” 3.6.2-т “Захиалагч бэлэн болсон төслийг “цахим хэлбэрээр болон цаасан дээр буулгаж, баталгаажуулсан хэлбэрээр 2 хувь хүлээлгэн өгөх” үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон гэрээний дагуу гүйцэтгэгч нь иж бүрэн, хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн, ашиглах боломжтой ажлын үр дүн буюу төслийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Барилгын тухай хуулийн 38.1.2-т заасны дагуу “Барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан мэргэжлийн хариуцлага хүлээнэ” гэж заасан тул өөр гүйцэтгэгч нь хэн нэгний дутуу гүйцэтгэсэн зургийг үргэлжлүүлэн гүйцэтгэдэггүй ба заавал эхнээс нь гүйцэтгэх ёстой юм. Аливаа зураг төслийг зохиогч нь баталж, магадлалаар оруулснаар 100 хувь гүйцэтгэсэнд тооцдог журамтай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн зүгээс гүйцэтгэсэн зураг төсөлд магадлал хийлгэхээс гадна биет байдлын доголдлын талаар маргасан байдаг. Нэгэнт биет байдлын доголдолтой, барилга барих боломжгүй зураг төсөл боловсруулсан байхад шүүхээс хөлсийг төлөх ёстой гэж үзсэн, түүнчлэн Иргэний хуулийн 355.6-т заасны дагуу Ажил дуусахаас өмнө Захиалагч гэрээг цуцалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа гэрээ цуцлагдсан зүйл байхгүй, зургийг нь гүйцээж өгөх боломжтой гэж үзсэн байтал шүүхээс анхаарч үзээгүй байна.

Гүйцэтгэгч нь 240 айлын зургийг бүрэн дууссан тул хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч 94%-ийн гүйцэтгэлтэй буюу дутуу байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс дутуу гэрээгээр тохиролцсон ажлаа дутуу гүйцэтгэсэн, цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх сонирхолгүй байгаа учир биет байдлын доголдолтой, дутуу зураг төслөөр барилга барих боломжгүй тул нэхэмжлэгч талд урьдчилан төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэлтэй юм. Ийнхүү хөлсөө буцаан авснаар өөр гүйцэтгэгчээр дахин эхнээс нь зураг төсөл боловсруулуулах боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдан шатны шүүхийн магадлалаар нарийвчилсан хууль болох Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, талуудын хооронд байгуулсан гэрээний заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу дүгнэсэн, шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 2519 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Л” ХХК-д холбогдуулан “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 17 996 068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/201504 дугаартай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, 36 093 224 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигч 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Г” ХХК нь захиалагчийн даалгаврын дагуу Төв аймгийн Зуун мод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газарт баригдах 363 айлын Бугат хорооллын эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг ажлын 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч “Л” ХХК нь ажлын хөлс 114 216 050 төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн байна.

Гүйцэтгэгч “Г” ХХК нь гэрээгээр тохирсон, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрөө нэхэмжилснээр ажил зогссон, хариуцагч нь дутуу зураг төслөөр барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй, гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаарджээ.

Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т нийцсэн байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй, хэрэв үүрэг гүйцэтгэгч гэрээ ёсоор хариу ямар нэг үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болохоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 205.3. дахь заалтаар зохицуулжээ.

Захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 36 093 224 төгрөгийг буцаан шаардсан боловч үүрэг гүйцэтгэгч энэ хугацаанд 48 155 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөөс давсан тул шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Талууд гэрээний 4.1.-д ажлын төлбөрийг үе шаттайгаар, ажлын гүйцэтгэлийн тодорхой хэсгийг гүйцэтгэсний дараа төлөхөөр харилцан тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-т зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед захиалагч зохих хөлсийг төлөх үүрэгтэй тул гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн үндэслэлээр ажлын хөлсийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

“Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт зардлыг 48 155 000  төгрөг гэж  тогтоосныг үндэслэн, дээрх үнийн дүнгээс захиалагчаас шилжүүлсэн 36 093 224 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр /48 155 000 – 36 093 224/ 12 061 776 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 346 дугаар зүйлийн 346.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримт, талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцаа, маргаантай үйл баримтад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Талууд гэрээгээр төлбөр төлөх хэмжээг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хоёр шатны шүүх гэрээний болон хуулийн холбогдох заалтыг үндэслэж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул “...ажлын гүйцэтгэл доголдолтой байхад хөлсийг төлөхөөр шийдвэрлэсэн, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2519 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398 725 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ 

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД