Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 795

 

МАГАДЛАЛ

2018.08.28                                         №795                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Б, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Ундрах,

          шүүгдэгч, хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Д.Бийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б, Д.Н нарт холбогдох 2017 2601 0515 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Олхонууд овгийн Дүнсэлийн Б, 1954 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Ховд аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, үнээний фермер ажиллуулдаг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,

 

2. Монгол овгийн Дашзэвэгийн Н, 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо,

 

Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-аас 16 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гарам, Хужирын хярын 1 дүгээр гудамжны 1 тоотод, буу барьж сүрдүүлэн, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан Д.Алтансүхийн баруун шуунд 1 удаа, баруун өгзгөнд 1 удаа, баруун чихний хажууд 1 удаа, хүзүүний хойд хэсэгт 1 удаа, нийт 4 удаа хутгалж, иргэн Д.Нын хэвлий тус газарт 1 удаа, хавирга, цээж хэсэгт 2 удаа, зүүн өгзгөнд 1 удаа, нийт 4 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан,

Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-аас 16 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гарам, Хужирын хярын 1 дүгээр гудамжны 1 тоотод, Д.Бийг “буу барьж сүрдүүллээ” гэх шалтгаанаар бууны бөгсөөр толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар, Д.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Нт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт болгон өөрчилж, Д.Бийг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, Д.Ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар Д.Бийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бийн эдлэх 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Нт учирсан хохирлын 1.307.359 төгрөгийг Д.Бөөс 2 жилийн хугацаанд гаргуулж, тухайн хохирогчид олгож, Д.Н цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хар иштэй ахуйн хэрэглээний хутга, түүнчлэн Д.Нын гэх саарал өнгийн хүүхэлдэйн зурагтай ноосон цамц, саарал өнгийн ханцуйгүй майк, хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн нимгэн ноосон өмд, улаан өнгийн дотуур хувцас, хар өнгийн суран тэлээ, оймс 2 ширхэг, хар өнгийн богино түрийтэй гутал, Д.Алтансүхийн гэх хар хөх өнгийн куртик, бор саарал өнгийн ноосон цамц, цайвар саарал өнгийн нимгэн цамц, хар өнгийн ханцуйгүй майк, хар өнгийн даавуун өмд, бор өнгийн суран тэлээ, цэнхэр эрээн өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотуур хувцас, оймс 2 ширхэг, шар өнгийн богино түрийтэй гутал, Д.Бийн гэх хар өнгийн цахилгаантай богино куртик, хар өнгийн цасны өмд, хар өнгийн түрийтэй гутлыг тус тус зохих журмын дагуу устгаж, харин ТОЗ-8-01, 84И19542 бууг бүрдлийн хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, хохирогч Д.Бын өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. ...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн санаачилга, өмгөөлөгч Т.Даваажав миний хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “нотолбол зохих асуудлыг иж бүрэн мөрдөн шалгах, тогтоох, хянах, хууль зүйн дүгнэлтийг зөв, оновчтой хийх асуудал хангалтгүй” гэж 766 дугаар захирамжаар,

- 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан асуудлуудыг шалгаж, хянахгүйгээр өмнөх зөрчлөө дахин давтсан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг зөвтгөх боломжгүй, тус шүүх тухайн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэрийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан боловч энэ хүрээнд мөрдөн шалгах, хянавал зохих асуудал ажиллагааг орхигдуулсан байна. Гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, тухайлбал гэмт хэргийн сэдэлт, зорилго нь юу болох, тухайн сэдэлт зорилгыг нотлох баримт нь юу болох эсэх, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн аргууд нь юу болох, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга ба гэмт сэдэлт, зорилгын шалтгаант холбоо, хамаарал нь тогтоогдож байгаа эсэх зэрэг олон асуудлуудыг дахин шалгах, хянах, хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн зөв дүгнэлт хийж үнэлэх шаардлагатай” гэж 259 дугаар захирамжаар тус тус прокурорт буцаасан байдаг.

Үүний дагуу шүүхийн удаа дараагийн захирамжид заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго нь юу болох, тухайн сэдэлт зорилгыг нотлох баримт нь юу болох эсэх, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн аргууд нь юу болох, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга ба гэмт сэдэлт, зорилгын шалтгаант холбоо, хамаарал”-ыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй атлаа Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх урьд буцаасан шүүгчийн захирамжийн заалтууд огт биелэгдээгүй байхад хэргийн бодит үйл баримтад тохироогүй дүгнэлт хийж, Д.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Алтансүх, Д.Н, яллагдагч Д.Б нар нь хэрэг гарсан 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамт архидан согтуурсан байдаг ба хэрэг гарах цаг хугацаанд 3-лаа л байдаг.

- Хохирогч Д.Алтансүхийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...энэ миний гахай бууддаг буу гэж буугаа харуулж байснаа гэнэт Д.Н бид хоёр луу буугаа шагайгаад та хоёрыг буудна гэсэн. Д.Н бид хоёр урдаас нь босож очоод бууг нь булааж аваад орон дээр Д.Н тавьсан...” гэж, мөн хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...Д.Б ах буу гаргаж ирээд энэ миний гахай бууддаг буу гэж гаргаж үзүүлээд бид гурав юм яриад сууж байтал гэнэт Д.Н босож ирээд Д.Бийн бууг булаацалдаж байгаад орон дээр хаясан. Тэгээд хартал Д.Б ахын толгойноос цус гараад нүүр лүү нь урсаж байсан. Д.Б ах цусаа хараад алнаа гээд дайрсан ...” гэсэн зөрүүтэй мэдүүлэг,

- Хохирогч Д.Нын “...гахай нядлахдаа хэрэглэдэг буу гээд буугаа гаргаж үзүүлсэн. Тэгээд үзүүлээд сууж байснаа гэнэт бууны замгийг татахаар нь би шууд л эвгүй санагдаад бууны хошуунаас барьж өөрөөсөө холдуулаад Д.Алтансүхээ бууны бөгснөөс нь татаад аваадах гэж хэлэхэд Д.Б ах “пиздануудаа тавиарай” гээд булаацалдаад өгөхгүй байсан. Тэгээд булаацалдаж байх үед чад гээд гох нь дарагдсан. Тэгээд би сумгүй юм байна гэж мэдсэн...” гэх,

- Яллагдагч Д.Бийн “...би ахын дүү нар явцгаа, хөдөө малын ажил их, ах нь одоо амаръя гэхэд Д.Н, Д.Алтансүх 2 явахгүй, дахиад 1 шил архи өгчих, архи байхгүй бол мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгээд би явцгаа мөнгө, архи байхгүй гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь би айлгах санаатай буугаа гаргаж ирээд барихад Д.Н, Д.Алтансүх хоёр ухасхийж дайраад буу булааж авсан. Арай гайгүй согтолттой байсан Д.Н миний гараас буу булааж аваад бууны бөгсөөр миний толгой руу санаатайгаар цохиж хагалсан...” гэх мэдүүлэг өгсөн байдаг ба шүүх хэт нэг талыг барьж, хэргийн нөхцөл байдлын талаар авагдсан нотлох баримтад тулгуурлалгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.

Эдгээр мэдүүлгээр яллагдагч Д.Бийн буу гаргасан нь алах гэсэн санаа зорилгогүй, айлгаж явуулах гэсэн санаа зорилготой байсан болох нь хохирогч Д.Нын буу сумгүй байсныг мэдсэн талаар мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хохирогч Д.Н Д.Бийн бууг сумгүй гэдгийг мэдсэн атлаа эхлээд яллагдагч Д.Бийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь, мөн яллагдагч Д.Б нь биеэ хамгаалах зорилгоор цусаа харангуутаа хутга бариад босож ирсэн болох нь хохирогч Д.Алтансүх, яллагдагч Д.Б нарын мэдүүлэг, гэрч Н.Сүрэнчулууны “Д.Б гэх хүн шавар гэрт сандал дээр суучихсан, толгойноос нь цус гарчихсан, нүүр лүү нь цус урссан байдалтай гэрийнх нь шалаар нил цус болчихсон, дуудлага өгсөн гэх залуутай хамт байсан” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 3787 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэл нь “Төртогтох гэдэг хүнээс Хужирын хярын 1 дүгээр гудамж, 1 тоотод хүмүүс зодолдоод, манай Д.Б ахыг хүмүүс зодчихсон байна” гэсэн утга бүхий дуудлага ирсэн байдаг талаар хэрэгт гэрчээр байцаагдсан Б.Сэргэлэнбаатар, Б.Төртогтох нар мэдүүлсэн байдаг.

Мөн гэрч Б.Сэргэлэнбаатарын “... гэрийнх нь гадаа баруун талд “ТОЗ 8” загварын буу түшүүлээд тавьчихсан байсныг хураан авсан ...” гэх, гэрч Б.Төртогтохын “Д.Б ахын гэрийн гадаа 3 хүн харагдаж байсан ба 2 нь хоорондоо зодолдож байсан. Тэгээд би Гомбо гэдэг залууг дуудаад очиход Д.Б ах гэрийнхээ гадаа толгойноосоо цус гоожуулчихсан сууж байсан. ...Тэгээд Д.Б ахаас юу болсон талаар асуухад энэ хоёр залуу намайг зодоод алах гэж байна. Цагдаа түргэн дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр хохирогч Д.Нын “...бууг нь нь ямар ч байсан холдуулъя гэж бууг нь булааж аваад орных нь ардуур шидээд гэрээс нь зугтаагаад гарсан...”, хохирогч Д.Алтансүхийн “...гэнэт Д.Н босож ирээд Д.Бийн бууг булаацалдаж байгаад орон дээр хаясан...” гэх мэдүүлгүүд үгүйсгэгдэж, харин Д.Бийн хохирогчоор өгсөн “...тэгснээ миний толгойноос цус нүүр дагаад урсахад гүйгээд гарахдаа миний бууг аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь шургуулгад байсан хар иштэй хутгыг аваад гарахад миний бууг гэр түшүүлж тавиад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй Д.Алтансүх түрүүлж дайрсан. Тэгэхээр нь би гартаа байсан хутгаар Д.Алтансүхийг айлгаж өөрөөсөө холдуулахаар хутгатай гараа савсан. Тэгэхэд Д.Алтансүх газар унасан. Тэр үед Д.Н гүйгээд ирэхээр нь би надаас хол байгаарай гээд хутгаа бариад холдоход 2 гараа сунгаад над руу ойртох гээд байхаар нь би хутгатай гараа савах үед зодолдож байсан болохоор Д.Ныг хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг нь нотлогдож байна.

Д.Б нь 64 настай, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ам бүл ганцаараа амьдардаг ба хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд биеэ хамгаалж, урьд нь огт танихгүй Д.Алтансүх, Д.Н нарыг айлгаж, гэрээсээ гаргах гэсэн санаа зорилготой байсан, мөн түүний биед Д.Н гэмтэл учруулсны улмаас биеэ хамгаалах явцдаа сэтгэл санаа нь цочрон давчидсан үедээ тэд нарын биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал харагдаж байна.

Мөн шинжээчийн 3776 тоот дүгнэлтэд дурдагдсан “...Д.Алтансүхийн биед баруун чамархай, баруун өгзөг, шуу, хүзүүний зүүн хэсэгт шарх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу зүсэлтүүд байдаг” гэсэн нь давхар Д.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотолж байна.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн нэгдмэл санаатай хэлбэрийн хүрээнд үргэлжилсэн үйлдлээр тухайн цаг хугацаанд хохирогч Д.Алтансүх, Д.Н нарыг анх галт зэвсэг болох буугаар “ална” гэж айлган сүрдүүлж, улмаар бууг нь булааж авсны дараа хүйтэн зэвсэг болох хутга барин элдэн хөөж хохирогч нарыг тус бүр 4 удаа, нийт 8 удаа хутгалж, улмаар бусад байдлаар хүч хэрэглэн зодож, тэднийг ухаан алдуулсан буюу хэвтрийн байдалд оруулсан олон тооны шарх гэмтэл үүсгэснээр бие махбодь, сэтгэл санааны хувьд шаналган зовоож, тарчилгасан болох нь тогтоогдсон, гэмт хэргийн субъектив шинж буюу сэдэлт, зорилго гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга, нөхцөл байдлын зэрэг бүх шинжээрээ “хүнийг алах” гэм буруугийн сэдэлт, зорилгын нэгдмэл шинжийг бүрэн хангасан, үйлдлийн арга нь онц харгис гэж үзэх үндэслэлтэй, мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч хохирогч нар бага бус хэмжээгээр архидан согтуурсан нь хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх боловч хохирогч Д.Алтансүх, Д.Н нар нь анхлан Д.Бийн эсрэг хууль бус, зүй бус үйлдэл хийгээгүй түүнийг дээрэлхэн дарамталсан, довтолсон гэж үзэх үндэслэл баримт тогтоогдоогүйгээс гадна хохирогч нар нас бараагүй амьд байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг өөрчлөх үндэслэл болохгүй, харин тухайн гэмт хэрэгт завдсан үндэслэл болсон байгааг тэмдэглэж байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, хэргийн үйл баримтад бодит дүгнэлтийг хийгээгүй байна гэж үзэхээр байна.

Шүүх хэрэгт дээрх эргэлзээ бүхий нотлох баримтууд авагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, ялтан, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг огт хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Д.Бийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт санаа зорилгод бодит дүгнэлтийг хийж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Д.Алтансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох гэмт хэргийн ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ганцаараа амьдардаг. Би бусдад хөнгөн болон хүнд хохирол учруулснаа ойлгож, ухамсарлаж, харамсаж байгаа. Миний биеийн байдал хүнд байгаа. Энэ байдлыг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

           

            Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Өмгөөлөгчийг оролцуулан байцаалт авсан байдаг. Хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. ...” гэв.

 

 ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэргийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:”, 1.1 дэх заалтад “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан;” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр талд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 435 дугаартай захирамжаар шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарыг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 637 дугаартай захирамжаар шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарыг, 2018 оны 6 дугаар сарын 11 өдрийн 709 дугаартай захирамжаар шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарыг тус тус томилсон байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ, өмнөх Ерөнхий шүүгчийн захирамжид зааснаас өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн атлаа бүрэлдэхүүн томилуулаагүй байна.

 

Анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын буюу хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Б.Н нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                              М.АЛДАР