Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0832

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Д ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Д ю” ХХК

Хариуцагч: Ам,гтг Кхд,

            Нэхэмжлэлийн шаардлага: ““Д ю" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах "Ш*******" нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “Д ю” ХХК-ний Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах "Ш*******” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Өргөдлийг хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоосон тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах эрх зүйн үр дагавар бий болох бөгөөд өргөдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрх зүйн үр дагаварт хүргэж улмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх юм. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн "Д ю" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах "Ш*******" нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах”.

Нэхэмжлэлийн шаардлагын өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэх гэснийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах байсан боловч Сэлэнгэ аймгийн Заамар сумын байгаль орчны байцаагч байхгүй байсан тул байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй. Ашигт малтмал газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээнд очиж материалаа өгсөн боловч дутуу гээд хүлээж аваагүй. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгаль орчны байцаагч нь ирж төлөвлөгөөгөө батлуулсан. Төлөвлөгөөгөө батлуулчхаад эргэж хандахад сунгуулах ёстой хугацаа нь дууссан тул хүлээж авахгүй гэсэн. Тиймээс шүүхэд хандахаас өөр арга байхгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт сунгахаас татгалзах асуудал. Түүнээс өргөдлийг хүлээн аваас татгалзах тухай зохицуулалт биш.  Төрийн захиргааны байгууллага Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дутуу ч байсан хүлээж авах үүрэгтэй. Өргөдөл нь шаардлага хангахгүй байсан бол ийм үндэслэлээр татгалзсан талаар албан бичиг ирүүлэх байсан. Тусгай зөвшөөрөл дуусгавар болгож бүртгэсэн талаар мэдэгдээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулаагүй. Мөн гэрчийн мэдүүлэгт батлуулаагүй тохиолдолд хүлээж авдаг уу гэж асуухад “заримдаа хүлээж авдаг” гэж мэдүүлсэн. Тэгэхээр ямар аж ахуй нэгжийнхийг хүлээж аваад ямар аж ахуй нэгжийнхийг хүлээж авдаггүй юм бэ гэдэг асуудал байна. Хугацаа сунгуулах сэргээлгэх талаар хүсэлтэд мөн хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан. Яагаад жилийн дараа шүүхэд хандсан бэ гэхээр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад хандсан өргөдлийн хариуг авсны дараа хандсан.  Гомдол гаргасан боловч тухайн үед шийдвэрлээгүй байсан. Тиймээс шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа өргөдлийг шийдвэрлэж өгсөн. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх буцаах үндэслэлийг заасан. Үүнд өргөдөл гомдол нь тодорхой нэр хаяггүй, өмнө нь хандаж байсан асуудлаар хандсан бол, тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан гэж зэрэг үндэслэлээр огт хүлээж авч хянахгүй буцаах зохицуулалттай.  Буцаахтай холбоотой зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Харин иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд буцаахтай холбоотой зохицуулалт байна. Тэгэхээр энэ зохицуулалтын хүрээнд буцаасан асуудал нь энэ хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Өргөдөл өгөхөд хүлээж авалгүй буцаасан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, бүртгэлийн ажилтны мэдүүлгээр нотлогдож байна. Тэгэхээр хуульд заагаагүй үндэслэлээр буцаасан гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

... Тусгай зөвшөөрлийг сунгах өргөдөлтэй холбоотой зохицуулалт байгаа. Гэхдээ ямар ямар  материал хавсаргах, өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт байгаа боловч өргөдлийг буцаахгүй байх, хүлээн авахгүй байхтай холбоотой зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Мөн хүчингүй болгосон бүртгэлтэй холбоотойгоор бүртгэл нь захиргааны акт тул эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулах ёстой. Үүнийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан. 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт 20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрт шууд хүргүүлнэ гэж заасан. Энэ талаар ажиллагаа огт хийгээгүй” гэв.

 

Хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д*******ээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Д ю” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Д ю ХХК-ийн Дархан Уул аймгийн Ш******* суманд байрлах “Ш*******” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХҮ-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах” гэж өөрчилсөн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дархан Уул аймгийн Ш*******, Хонгор сумдын нутагт байрлах “Ш*******" нэртэй 550.45 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгожээ.

“Д ю” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 -т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлээгүй байна.

Иймд төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор заасныг үндэслэн Дархан Уул аймгийн Ш*******, Хонгор сумдын нутагт байрлах “Ш*******” нэртэй 550.45 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн.

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” гэж хуульчилсан.

Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Д ю” ХХК нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” болон Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг үндэслэн дээр дурдсан тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд “Д ю” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь өөр зохицуулалттай, өөр өргөдөл гомдлын тухай яригдаж байгаа. Өргөдөл гэсэн тодорхойлолт нь ч гэсэн өөр. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь өөр харилцааг зохицуулдаг. Хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан байхад Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргадаг өргөдөл гомдолтой ижил хэмжээний өргөдөл гэж тайлбарлаж байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь ч гэсэн ингэж хандаж байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэж байсан.  2019 оноос эхэлж мөрдөж байгаа хууль биш. 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж мөрдөж байгаа хууль. Өргөдөл гомдолтой холбоотой хэрэг өмнө нь шийдвэрлэгдэж байсан. Нэгэнт төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллах үүрэгтэй хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй. Тиймээс дутуу материалтай өргөдлийг хүлээж авах боломжгүй. Гэхдээ гэрчийн мэдүүлэгт дурдсанаар өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй бол өргөдлийг хүлээж аваад нэг сарын хугацаанд хүлээдэг. Гэхдээ энэ нь бусад баримтууд нь бүрэн бол гэж гэрч мэдүүлсэн. Ихэнх баримтууд нь дутуу бол ямар ч өргөдлийг хүлээж авдаггүй гэсэн санааг гэрч илэрхийлсэн. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Д ю” ХХК-иас Ам,гтг Кхдт холбогдуулан гаргасан ““Д ю" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах "Ш*******" нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах”[1] тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Н албан томилолттой эзгүй байсан тул биднээс шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хоцорч батлагдсаныг харгалзалгүйгээр өргөдлийг хүлээн аваагүй, түүнчлэн сонсох ажиллагаа хийгээгүй буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулалгүйгээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан материалыг бүрэн ирүүлээгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээж авах боломжгүй, байгууллагын вэб сайтад дуусгавар болсон, цуцлагдсан бүх тусгай зөвшөөрлийг сар бүр нийтэлж байгаа” хэмээн тус тус маргасан.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар, 22.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг мөн хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгах”-аар, 22.4-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзах”-аар тус тус зааснаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсхүл сунгахаас татгалзах шийдвэр гаргах агуулгатай байна.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан нь харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс нэгтгэн үзвэл, “Д ю” ХХК нь XV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2018 оны 06 дугаар сарын 25-ны[2] өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөхөөр захиргааны байгууллагад хандсан болох нь үгүйсгэгдэхгүй байна. Тодруулбал,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ч.Н нь 2018 оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан Улсын байцаагчдын чадавхижуулах сургалтад хамрагдаж байсан[3] байх ба тэрээр *******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянаж, хүлээж авсан[4], мөн Дархан-Уул аймгийн ш******* сумын Засаг дарга нь мөн төлөвлөгөөг 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан[5] тухай тодорхойлолтуудыг шүүхэд ирүүлсэн байна. 

Мөн гэрч З.П-с “...төлөвлөгөөнд байгаль орчны байцаагч гарын үсэг зураагүй байна гээд аваагүй, материалаа буцаагаад компани дээр аваачиж өгсөн...”[6], гэрч Н.Н-ын “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусах байсан бол өргөдлөө 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө өгөх ёстой байсан. 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн бол надад өргөдлийг бүртгэх эрх байхгүй. Хуулийн этгээд албан бичгээр хандах шаардлагатай байсан...”[7] гэж тус тус мэдүүлсэн.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ өгөхөөр 2019 оны 05 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газарт биечлэн очсон байх боловч материал хүлээж авах чиг үүрэг бүхий мэргэжилтэн “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр материалыг хүлээж аваагүй, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөвлөгөөгөө батлуулаад дахин очиход мөн мэргэжилтэн хугацаа хэтэрсэн байна. Одоо ямар ч арга байхгүй гэж хэлээд хүсэлтийг аваагүй” гэж тайлбарлан маргаж байгааг үгүйсгэхээргүй, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох материалыг хүлээж авсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 болон 22.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульд заасан байхад материалын бүрдэл дутуу, хуульд заасан хугацааны өмнө гаргаагүй гэсэн шалтгаанаар материалыг огт хүлээж авахгүй байгаа нь өргөдөл, гомдлыг заавал хүлээж авах үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж “Д ю” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авалгүй буцааж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр болжээ.

Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуульд заасан энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэл болохоос бус хүсэлтийг хүлээж авахгүй буцаах үндэслэл болохгүй юм.

Иймд “Д ю” ХХК-иас Ам,гтг Кхдт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “Д ю" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах "Ш*******" нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй болон тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан “Д ю" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Д ю" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Ш******* суманд байрлах “Ш*******” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бусад тооцож, ХV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ам,гтг Кхдт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 129 дэх талд

[2] Хавтаст хэргийн 43 дахь талд

[3] Хавтаст хэргийн 66 дахь талд

[4] Хавтаст хэргийн 104-105 дахь талд

[5] Хавтаст хэргийн 101 дэх талд

[6] Хавтаст хэргийн 92 дахь талд

[7] Хавтаст хэргийн 95 дахь талд