Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0460

 

Иргэн А.Баасанжавын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.Баасанжав, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, иргэн А.Баасанжавын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, нэхэмжлэгч А.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-ийн 27 дугаар байрны хойд талын 96 м.кв газрыг А.Өлзийсайханаас А.Баасанжавд шилжүүлэн эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээ олгохыг хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Манайх зохих хууль журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, энэхүү газрыг 16 дахь жилдээ эзэмшиж байна. Уг газар дээр үл хөдлөх хөрөнгө 170 м.кв барилга байгууламжтай. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 тоот шийдвэрийг дутуу дулимаг, бүрэн бус, буруу шийдвэр гэж эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дээрх 13 тоот шийдвэрт “...А.Баасанжавд газар шилжүүлэн эзэмших эрхийг Засаг даргын захирамжаар олгоогүй хэдий ч тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын хууль зөрчиж, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн буруутай үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргалаас нэхэмжлэгч А.Баасанжавын зүгээс шүүгчийн ёс зүйгүй итгэлгүй хүн гэж татгалзах хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн гэрчээр н.Болормааг оролцуулаагүй, газрын шинэ хуулиудын хоорондын нотлох баримтууд, мөнгө төлсөн баримтууд, гэрээнүүдийг хольж хутган бантагнуулж шийдвэрлэсэн. Өнгөрсөн үеийнхээ Газрын албыг илт баримтгүйгээр буруутгасан. Нотлох баримт, хуучин хуулийн зарим заалтуудыг буруу тайлбарлах, орхигдуулах, өөрсдөдөө бурууг оноохгүйн тулд шинэ хуулийн заалттай хольсон зэрэг нь буруу шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Үүнд: Манай эзэмшлийн 220 м.кв талбайгаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр, хууль бус аргаар 124 м.кв талбайг хасаж байгаа нь Монгол Улсын хуулиар тогтоогдсон иргэний эрх, Үндсэн хууль, Газрын тухай хууль /хуучин, шинэ/, Өмчийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг бүхэлд нь ноцтой зөрчиж байна. Түүгээр зогсохгүй газрын асуудлаас болж иргэн миний бусадтай байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон улсын эрх зүйн актуудад нийцсэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээ хэлцлүүдийг бүхэлд нь үгүйсгэж эрсдэлд оруулж байна. Энэ нь иргэн миний Үндсэн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчин дуусашгүй маргаан, тэмцлийг бий болгож байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар газрын тухай хуучин хуулиар манай асуудал шийдэгдсэн гэдгийг хурлын явцад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар “Манай алба 2003 оны 03 дугаар сард Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан” гэдэг. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын сайтад 2004 онд байгуулагдсан гэж байдаг. Улсын бүртгэлийн алба нь тус газартаа харьяалагддаг. Энэ нь нотлох материалд бий.

Эндээс үзвэл энэ хугацаанаас өмнөх газрын тухай асуудал нь Газрын тухай хуучин хуулиар тухайн цагт ажиллаж байсан, газрын асуудал шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэрэгжиж байсан нь тогтоогдож байна. Иймд манай газраас 124 м.кв талбайг хасаж буй нь: 1. Энэ нь хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй. 2. Үндэслэл нь тогтоогдоогүй. 3. Зөрчсөн гэх ямар ч асуудал байхгүй.

Иймд манай газрын асуудал 1994 оны газрын хуулиар шийдвэрлэгдсэн. 220 м.кв газар эзэмшихтэй холбогдуулан ямар нэг хууль, эрх зүйг зөрчсөн асуудал байхгүй болно. Гагцхүү 1994 оны хуулийг 2003 оны Газрын тухай хуультай хольж хутгаад асуудал үүсгээд байгаа юм. 1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуулинд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно”, 27.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа сум дүүрэгтээ газар эзэмших давуу эрхтэй” гэж тус тус заажээ.

“Гэрээний үндсэн дээр” гэсэн гурван үгэнд энэ хуулийн бүхэл бүтэн агуулга нь оршиж байна. Үүгээрээ 2003 оны Газрын тухай хуулиас ялгарч байна. Энэ хууль нь 1. Газрын тухай хууль 2. Гэрээ 3. Гэрчилгээ нь захирамжтай, захирамжийн хавсралттай гэсэн 3 хэсгээс бүтсэн цогц хууль эрх зүйн иж бүрэн баримт байна.

29 дүгээр зүйлийн 29.1. “Төрийн өмчийн газрын Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаагаар “гэрээгээр” эзэмшүүлж болно...”

Газар эзэмших хүсэлт гаргах, хүлээн авах. 30.1, 30.2, 30.4, 30.5. Энэ хүсэлтийг гаргахдаа багийн даргаар дамжуулан гаргадаг байсан.

24.1, 24.1.1, 24.1.3, 24.2, 24.2.1, 24.2.3 холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн.

31 дүгээр зүйл. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах. 31.1, 31.2. Иргэдийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг.

32 дугаар зүйл. Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам. 32.1, 32.2 /1-7, 10/, 32.2.3, 32.2.4.

33 дугаар зүйл. Газар эзэмшигчийн эрх, үүрэг 33.1 /1-5/, 33.2 /1-5/, 36, 37.1 /1-6/.

Энэ хуулинд тусгагдаагүй эрх зүйн харилцааг гэрээгээр, 32.2.10 ...шаардлагатай гэж үзсэн бусад асуудал ... гэрээгээр зохицуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ 1994 оны Газрын тухай хууль нь гэрээний үндсэн дээр давуу эрхээр олгогдсон, зохицуулалт шаардлагатай гэж үзсэн бусад асуудал 32.2.10 дахь заалтаар, 610 тоот гэрээнд тусгагджээ. Манайх энэ гэрээгээр, энэ хуулийн дагуу 220 м.кв талбайтай болж 60 жил эзэмших эрхтэй болсон байна. Одоо 44 жил үлдсэн байна.

2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хэрлэн сум Чойбалсан хотын Засаг даргын Тамгын газрын захирагчийн албатай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших талаар байгуулсан 610 тоот гэрээ, үүнийг Засаг дарга Я.Насандэлгэр батламжилсан 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжийг үндэслэн гэрээг доорх нөхцөлөөр байгуулсан байна.

Нэг. 1.1, 1.2.

Хоёр. 2.1. 220 м.кв талбай, 2.2, 2.3, 2.4.

Гурав. Сум хотын Засаг даргын Тамгын газрын захирагчийн албаны хүлээх үүрэг, 3.1. Газар эзэмшигч, ашиглагч нь гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад байнга хяналт тавина. 3.2. 3.3. Газар эзэмшигч нь газраа зориулалтаар ашиглах, зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор барилгаа барьж эхлэх газар эзэмшүүлэгчтэй /ярилцалгүйгээр/ өөр хүнд шилжүүлсэн, худалдсан, орчны газрын цэвэрлэгээ хяналт тавьж хариуцлага тооцно.

Дөрөв. Газар эзэмшигч, ашиглагчийн хүлээх үүрэг. 4.1. Гэрээнд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд газрыг ашиглаж эзэмшинэ. 4.6. Барилга байгууламж эхлэхээс өмнө газар шорооны ажил хийх улаан шугам тавих талаар хотын захиргаатай гэрээ байгуулна.

Тав. Гэрээний хариуцлага. 5.1. Хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 60 жилийн хугацаагаар гэрээг байгуулна. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэнэ. 5.2. Гэрээтэй холбогдолтой маргааныг хэлэлцээрийн журмаар зохицуулна. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Иймд 1994 оны Газрын тухай хуулинд бусдад газрыг шилжүүлэхдээ Засаг даргын захирамж гарна гэсэн заалт байхгүй, харин үүнийг захирагчийн албанд газрын асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж шилжүүлэхийг энэхүү /хуулийн 32.2.10 заалтаар/ гэрээнд тусгасан байна. Мөн 152 дугаар захирамжинд Б.Болормаад байнга хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Засаг даргын томилсон албан тушаалтан гэрээг байгуулж, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэнэ” гэжээ. 2003 оны хуулинд бол Засаг даргын захирамж гарах ёстой байна. 2003 оны хуулинд талбайг нэмэх тохиолдолд нэгж талбай бүрт захирамж гаргах ёстой байна. 2003 оны хуулинд зөвхөн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших эрх нь нээгдэж байна. Үүгээрээ хоорондоо ялгагдаж байна.

1994 оны хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.10 гэсэн зохицуулалт талбайг нэмэх, шилжүүлэх нь гэрээндээ тусгагдсан байна. Мөн гэрчилгээн дээрээ давхар бичилт хийхийг зөвхөн хуучин хуулийн хэрэгжих явцад хүчин төгөлдөр байсан байна. Бүртгэлийн алба, Газрын алба 2 нэг байсан байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Баасанжав нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн А.Өлзийсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяртай маргаан бүхий 220 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргажээ. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид “... гэрээнд заасан газрын хэмжээ Засаг даргын захирамжаар олгосон газрын хэмжээнээс 124 м.кв-аар зөрүүтэй байна. Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа нь эрх бүхий Засаг даргын захирамжаар шийдвэрлэгдэж баталгаажих бөгөөд хэн нэгэн албан тушаалтны гараар бичсэн тэмдэглэлийг албан ёсны гэж үзэх үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр 124 м.кв газрыг чөлөөлж зөрчлийг арилгасны дараа газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай хариуг өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч А.Баасанжав нь “220 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Би зохих журмын дагуу 220 м.кв газрыг эзэмшихээр гэрээ байгуулж, төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн байхад Газрын албанаас үүнийг үгүйсгэж, газраа чөлөөлөхийг шаардаж байгаа нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж, хариуцагч нараас “... маргаан бүхий 96 м.кв газрыг анх иргэн А.Өлзийсайханд эзэмшүүлсэн... тухайн үед ажил хариуцаж байсан албан тушаалтнууд нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу эрх бүхий Засаг даргын захирамж шийдвэргүйгээр газрын хэмжээг нэмэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүй... маргаан бүхий газар нь шинээр тавигдах авто замын трасст давхцаж байгаа” гэж тус тус маргасан байна.

Газрын тухай хууль /1994 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Сум, дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга ... тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, Газрын тухай хууль /2002 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд  бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх болон газар эзэмших эрхийг шилжүүлэх нь зөвхөн Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр хийгдэх ёстой асуудал бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэвч шүүх “...тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын хууль зөрчиж, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь,

Анх Дорнод аймгийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газрын зөвшөөрөл олгох тухай” 152 дугаар захирамжаар иргэн А.Өлзийсайханд 6 дугаар баг, СМУ-ийн 27 дугаар байрны хойд талд байрлах 96 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамж гарахаас өмнө буюу 2000 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 07/14/208 тоот газар эзэмших гэрчилгээ олгожээ. Энэхүү газар эзэмших гэрчилгээний улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл хэсэгт “6 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа СМУ-ийн 27 дугаар байрны зүүн хойд талын цонхноос агуулах үйлчилгээний барилгын цэвэр бохирын шугамын газрыг оролцуулан 124 м.кв газрыг агуулах үйлчилгээний барилгын 96 м.кв талбай газар дээр эзэмшилд нь нэмж олгов. /Нийт талбай 220 м.кв/ Хотын зохион байгуулагч Ц.Буд. 2001 оны 10 дугаар сарын 01” гэсэн тэмдэглэгээг хийжээ.

Үүний дараа буюу 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэрлэн сум, Чойбалсан хотын Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба нь иргэн А.Өлзийсайхантай 220 м.кв газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн дээрх газар эзэмших гэрчилгээний улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл хэсэгт нэмж “7 дугаар багийн иргэн А.Баасанжавт шилжүүлэн эзэмшүүлэв. Газрын даамал Б.Болормаа. 2004 оны 05 дугаар сарын 11”, газар эзэмшүүлэх гэрээнд “А.Өлзийсайханаас А.Баасанжавт өөрсдийн хүсэлтийн дагуу гэрээ, гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэв. 2004 оны 05 дугаар сарын 11” гэсэн бичиглэлийг тус тус гараар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээнд тухайн үед тус асуудлыг хариуцан ажиллаж байсан албан тушаалтнууд эзэмшил газрын хэмжээг 220 м.кв болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч А.Баасанжавт шилжүүлсэн тухай тэмдэглэгээг хийснээс гадна 220 м.кв газрыг А.Баасанжавт эзэмшүүлэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулан, гэрээнд Хэрлэн сумын Засаг даргын тамга, тэмдэг дарагдаж, тухайн үед Хотын зохион байгуулагчаар ажиллаж байсан Ц.Буд, газрын даамал Б.Болормаа нар гарын үсэг зурсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үед буюу 2001, 2004 онд эрх бүхий албан тушаалтнууд газрын хэмжээг нэмэгдүүлэх болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хариуцлагагүй хандаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг байсанд нэхэмжлэгч А.Баасанжавыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Баасанжав нь иргэн А.Өлзийсайханаас 220 м.кв газрыг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2006-2016 онуудад газар эзэмших гэрээнд заасны дагуу 220 м.кв газрын төлбөрийг жил бүр төлж, үүнээс гадна маргаан бүхий газарт барилга барихаар 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр техникийн нөхцөл авч, 105 м.кв, 41 м.кв бүхий залгаа 2 барилга барьж, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашиглаж байхад Газрын алба уг хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй байна.

Харин хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон дүгнэлтээр 41 м.кв талбай бүхий барилгын зүүн талд 15.3 м урттай дулаан, цэвэр усны шугам байрлаж байгаа болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагчаас шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгчийн зардлаар тус шугамыг шилжүүлэн зөөх арга хэмжээг авах нь зүйтэй болно.

Ийнхүү албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч А.Баасанжавын давж заалдах гомдол болон “220 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16–ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Баасанжавд 220 м.кв газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА