Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 156

 

Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг,

хохирогч Д.Бат-Очир,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар магадлалтай, 201618000280 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан Дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч Ц.Мөнхсайханы өмгөөлөгч Д.Мөнхцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... иргэд хоорондын хамтын бизнесийн дундын эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн маргааныг эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн. Ц.Мөнхсайханд холбогдуулан шалгаж байгаа Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх эрүүгийн хариуцлагад татаж болохгүй буюу Эрүүгийн хуулиар тогтоосон ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хүлээлгэхгүй чөлөөлөх тухай заалтыг хэрэглэснээс бус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тэр шатанд нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн заалтыг огт хэрэглээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын нэгэнд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байх гэж заасан бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй, үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэдэгт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны алиныг нь ч явуулахгүй байхыг ойлгоно гэсэн байдаг. Энэ мэт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудад нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэрийг хянан шийдвэрлэх ажиллагааны алийг ч явуулахгүй байх, мөн шүүхийн өмнө болон шүүхийн шатанд энэ нөхцөл байдал тогтоогдвол харилцан адилгүй өөр процессийг хэрэгжүүлэх тухайлбал яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүгчийн захирамжаар хэргийг шууд хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байна. Энэ хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр прокуророос шүүхэд шилжүүлсэн боловч 1 дүгээр сарын 6-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүнээс долоо хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 13-ны өдөр тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, хуралдааны товыг зарлан, шүүх хэргийг шийдвэрлэлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, мөн хуулийн 286 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол гарах үед шийдвэрлэвэл зохих асуудлуудыг нэг мөр эргэлзээгүй шийдвэрлэлгүйгээр шийтгэх тогтоол гаргаж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээр хянан шийдвэрлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байсаар байтал, хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлгийг хэт нэг талыг барьж явуулан бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Ц.Мөнхсайханы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ц.Мөнхсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр иргэн Д.Бат-Очирын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дураараа авч явсны улмаас иргэн Д.Бат-Очирт 10,065,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо “... иргэд хоорондын хамтын бизнесийн дундын эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн маргааныг эрүүгийн хэрэг болгон шийдвэрлэсэн ...” гэх боловч тэдний хооронд ямар нэгэн хамтран ажиллах болон хэн нэгнийхээ өмнө үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдаагүй, энэ талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд иргэн Д.Бат-Очирын өмчлөлийн 176 ширхэг дугуйг түүний зөвшөөрөлгүй авч явсан Ц.Мөнхсайханы үйлдэл, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “дураараа аашлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан тул шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцдог.

Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан дураар аашлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэгт ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэнэ.

Харин хэрэгт холбогдогч буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан тохиолдолд ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэж, гэм бурууг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх Ц.Мөнхсайханд холбогдох хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө хуулийн хэм хэмжээг буруу баримтлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар магадлалд “... шүүгдэгч Ц.Мөнхсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ