Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           06               15                                               2021/ШЦТ/199            

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Мад холбогдох эрүүгийн 2134000000016 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Д.М,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Д.М нь Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Сумт” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус сумын цагдаа цагдаагийн ахлах дэслэгч Ц.Баянжаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

Мөн Д.М нь хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч Ц.Баянжаргалын биед нь халдаж дээд уруулын салстад шарх, дээд шүдний буйланд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Д.М:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.. гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2134000000016 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

   

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Сумт” гэх газарт тус сумын цагдаа цагдаагийн ахлах дэслэгч Ц.Баянжаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

мөн хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч Ц.Баянжаргалын биед нь халдаж дээд уруулын салстад шарх, дээд шүдний буйланд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000016 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-8 дугаар хуудас/, эд зүйлд, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28, 29 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай “Ц.Баяржаргалын биед дээд уруулын салстанд шарх, дээд шүдний буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хантаазанд 11.5х4.4см ханзарсан гэмтэл, 15см ханзарсан гэмтэл, 20см урагдсан гэмтэл, цамцанд 17.5см ханзарсан гэмтэл, 17.5см ханзарсан гэмтэл, 13.5см ханзарсан гэмтэл, 13.5см ханзарсан гэмтэл, 5.5см ханзарсан гэмтлүүд... ...шинжилгээнд ирүүлсэн хантааз болон цамцанд үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх—ийн 38-40 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 199 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан автомашины будагны хагархай нь тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан 91-74 УБЕ улсын дугаартай автомашины будагны хагархайтай элементийн найрлага болон агууламж, өнгөний хувьд таарч тохирч байгаа... талаарх дүгнэлт, тус дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43, 44-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Е84595503 дугаартай хуруу шилтэй “М” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13-503 дугаартай “TOYOTA GRAND MARK-2 автомашины хохирлыг 1.704.400 /нэг сая долоон зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр,

Хар өнгийн цамцны хохирлыг 5.000 /таван мянга/ төгрөгөөр,

Ногоон өнгийн хантаазны хохирлыг 24.750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгөөр тус тус үнэлсэн... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 49-66 дугаар хуудас/

 

хохирогч Ц.Баянжаргалын ...Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд 1 дүгээр багийн төв дээр явж байсан 42-35 ТӨВ улсын дугаартай Портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад тээврийн хэрэгслийн жолооч архи хэрэглэсэн байсан бөгөөд жолоочид арга хэмжээ авахаар цагдаагийн хэсэг дээр дагуулж очих гэтэл машинаа унаад зугтаасан тэгээд араас нь нэлээн хөөгөөд сумын төвөөс 2 км зайд очоод жолооч талын хаалга онгойлгох гэтэл баруун гараараа миний уруул хэсэгт цохисон надтай зууралдаад миний хувцсыг урсан, миний баруун хөлний шөрмөс эвгүй болсон байна алхаж болохгүй мөн цохисноос болоод миний үүдэн хоёр шүд хөдөлгөөн орсон байна... /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, 

гэрч Д.Пүрэв-Очирын ...Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Төв аймаг Алтанбулаг сумын Гацаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхад хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржаргал нь 01 цаг 40 минутын үед суманд хүрээд ир согтуу жолооч машин бариад зогсохгүй зугтаагаад байна гэж хэлсэн тэгэхэд нь би сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд Баяржаргал нь надад хандан машин шалгах гээд очтол жолооч нь надаас зугтаагаад хаалгыг нь нээгээд миний нүүр лүү цохиод машины хаалганд нь чирэгдчихлээ мөн миний машиныг ухрахдаа мөргөсөн гэж хэлж байсан тэгээд Баяржаргалын машинтай бид хоёр араас нь яваад Төв аймаг Алтанбулаг сум 3 дугаар баг Хүүш гэх газар жолоочийн гэрийн гадаа очсон тэгтэл жолооч М нь машинаас буугаад зугтаасан харин машин дотор нь байсан Насанбат, Энхбаатар, Долгормаа нар нь машин дотор согтуу сууж байсан тэгээд Насанбат, Энхбаатар хоёрыг цагдаагийн хэсэг дээр авчраад согтуурлыг нь шалгасан юм... Ц.Баяржаргалтай уулзахад амнаас нь цус гарсан, цамц болон хантааз нь урагдчихсан баруун хөл нь гишгэж болохгүй хөндүүрлээд байна гэсэн байдалтай байсан. ...Насанбат, Энхбаатар хоёрт согтуурал хэмжих драгер багажаар үлээлгэж согтолтыг тогтооход Насанбат нь 2.09 хувь, Энхбаатар нь 1.46 хувийн согтолттой байсан. ...зүүн талын урд, хойд хаалга хонхойсон зүүн арын хонго цөмөрсөн арын гупер хагарч будаг нь халцарсан байдалтай байсан машиныг унахад дугуй нь хавираад дугараад байсан... /хх-ийн 26 дугаар хуудас/,

шинжээч И.Ганболорын ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл. ...Тиймээ гараар цохиулах үед үүсгэгдэх боломжтой... нарийн шинжилгээнд зургаа авхуулаад ир гэсэн боловч үзүүлэгч Ц.Баяржаргал нь ирээгүй.... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Мын ...миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 79-80, 81-82 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Мын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Сумт” гэх газарт тус сумын цагдаа цагдаагийн ахлах дэслэгч Ц.Баянжаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

мөн хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч Ц.Баянжаргалын биед нь халдаж дээд уруулын салстад шарх, дээд шүдний буйланд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мын тогтоогдсон хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

мөн хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан ба дээрх хоёр үйл баримтууд нь хууль бус хэд хэдэн буюу 2 удаагийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас илэрдэг бөгөөд уг хууль бус хэд хэдэн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийн буюу цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн албан үүргээ хэвийн явуулахыг буюу хэв журам сахиулах үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэж, хувцсыг нь урж, бие махбодид нь халдаж гэмтэл учруулан хүч хэрэглэн, нийгмийн хэв журам сахиулах хэвийн үйл ажиллагааг зөрчсөнөөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж,

 

мөн хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн түүнийг зодож, цохих, түлхэж унагаах, чирж гулдрах зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл эс үйлдэхүйн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж тус тус үздэг.

 

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.Баяржаргалтай нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудлаас маргалдаж, эсэргүүцсэний үндсэн дээр зодох, хувцас хунарыг нь урах сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэргүүд нь хэд хэдэн буюу хоёр өөр үйлдэл, эс үйлдэхүйгээр хийгдсэн байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу хэд хэдэн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой буюу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, эсэргүүцсэн, мөн эсэргүүцсэний улмаас түүнийг зодож, цохиж, түлхэх, унагаах, чирж гулдрах хувцас хунарыг урж гэмтээх зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Ц.Баяржаргалын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, түүний биед зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд цагдаагийн алба хаагчийн нийгмийн хэв журмын хэвийн үйл ажиллагааг сахиулах үүднээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэж, зөрчсөн, мөн хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон түүнийг цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэргийн шинжүүдийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн,

Мөн эсэргүүцсэний улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.  

 

Хохирогч Ц.Баяржаргал нь шүүгдэгч Д.Маас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалтай холбоотой баримт тус тус гаргаж өгөөгүй ч гэсэн  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13-503 дугаартай “TOYOTA GRAND MARK-2 автомашины хохирлыг 1.704.400 /нэг сая долоон зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр,

Хар өнгийн цамцны хохирлыг 5.000 /таван мянга/ төгрөгөөр,

Ногоон өнгийн хантаазны хохирлыг 24.750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгөөр үнэлсэн хохирлыг нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.Баяржаргалын шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Баяржаргалд мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Д.Мад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй... гэж хуульчилсан нь хэд хэдэн гэмт хэрэг буюу хоёр гэмт хэрэг үйлдсэн түүнд дээрх зүйл, заалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Түүнчлэн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоож,

уг гэмт хэрэг тус бүрт нь оногдуулсан торгох ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг гурван мянга нэг зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Мад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, 

шүүхээс шүүгдэгч Д.Мад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Мад оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 3 /гурван/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй       

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгийн торгох ялаар,

 мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мад шүүхээс оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Мад оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б Д.Мад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн 2134000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.      

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.ГАНДАНСҮРЭН