Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00594

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баацагаан сум 6-р багт оршин суух, ВЖ80050101 регистрийн дугаартай, Бальбий овогт Дармаагийн Оюунжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Баацагаан сум 6-р багт оршин суух, ВЖ7411174 регистрийн дугаартай, Лувсанжамбаа овогт Жанчивын Мөнхдалайд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон хамтран өмчлөх эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийн хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунжаргал, хариуцагч Ж.Мөнхдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунжарал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ж.Мөнхдалайтай 1997 онд гэр бүл болж 1999 оны 1 сарын 18-нд охин М.Ариунаа, 2004 онд охин М.Амгаланзаяа, 2005 онд охин М.Цэцэнбилэг нарыг төрүүлж 19 жил хамт амьдарсан. Амьдрах хугацаандаа архи ууж хөөж туух, зодож нүдэх зэргээр дарамталдаг байсан тул 2016 он 07 сарын 06-наас салж тусдаа амьдарч байна. Амьдрах хугацаандаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр олон малтай болсон ба 2015 оны жилийн эцсийн байдлаар 480 толгой мал тоолуулсан. Ж.Мөнхдалайгаас мал авах талаар хэлэхэд шүүхдээд ав гэсэн. Ж.Мөнхдалай нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 351 мал тоолуулсан байна.

Иймд Д.Оюунжаргал, М.Ариунаа, М.Амгаланзаяа, М.Цэцэнбилэг нарт өмч болох

1. Адуу 13 толгой x 300000 = 5.400.000 төгрөг

2. Үхэр 13 толгой x 350000= 4.550.000 төгрөг

3. Хонь 20 толгой x 70000 =14.000.000 төгрөг

4. Ямаа 300 толгой x 40000= 12.000.000 төгрөг бүгд нийт 351 толгой мал,

23.350.000 төгрөг гаргуулах. Мөн М.Амгаланзаяа, М.Цэцэнбилэг нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож. Том охин М.Ариунаа нь 18 насанд хүрсэн тул сургалтын төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Би Ж.Мөнхдалайтай эвлэрэх хүсэлгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож, өөрийн өмчийн малаа авах, том охины сургалтын төлбөрийг гаргуулж өгнө үү ...гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид одоо эвлэрэх боломжгүй. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Мөнхдалай нь байнга архи ууж зодож нүдэж гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг байсан. Нөхөр бид 2 тусдаа амьдраад 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд эргэж тойрч байгаагүй Том охин М.Ариунаа нь одоо МУБИС-ийн 2-р курсд орно. Эхний курсын төлбөрийг би төлсөн. 3 хүүхэд одоо миний асрамжид эрүүл энх өсөж сурч байна. 2 бага хүүхэд аав дээрээ очих дургүй, би аавтай нь уулзуулахгүй гэж хорьж цагдах зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна...гэв.

Хариуцагч Ж.Мөнхдалай шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн иргэн Ж.Мөнхдалай би 1997 онд Д.Оюунжаргалтай гэр бүл болж, 19 жил амьдарч 3 охинтой болсон. Бид энэ хугацаанд сайхан амьдарч байсан. Гэтэл Д.Оюунжаргал нь намайг байнга архи ууж, дарамталдаг байсан гэж бичсэн байна. Би энэ хугацаанд архи ууж байгаагүй, сүүлийн үед гэр бүлийн хоорондын таарамжгүй маргаанаас болж бага зэрэг архи ууж байсан. Д.Оюунжаргал нь 2016 оны 07 сарын 06-ны өдөр 3 хүүхдээ авч намайг орхин явсан бөгөөд би ганцаараа малаа маллаж байгаад нутаг сэлгэх шаардлагатай болж шинэ газар нүүсэн. Нүүсэн газар мал маань тогтворгүй байсан бөгөөд би ганцаараа нойр хоолгүй байсан тул нэг өдөр нийт 140 мал чононд идүүлж үрэгдсэн. Би Оюунжаргалын нэхэмжлэлийн дагуу малаа өгнө. Гэхдээ энэ малыг бид тавд яаж хувирлан өгөхийг шүүх шийднэ байх гэж бодож байна. Би охин Амгаланзаяа, Цэцэнбилэг нарт тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бидэнд хувааж хуримтлуулсан мөнгө байхгүй, малаас өөр эд хөрөнгөгүй, малаа өгөхөөр охин Ариунаагийн сургалтын төлбөрийг өгөх эдийн засгийн боломжгүй үлдэнэ. Одоо охин Ариунаагийн сургалтын төлбөрт өгөх 1 сая төгрөг байгаа, өөр ямар ч мөнгөгүй. Иймд охин Амгаланзаяа, Цэцэнбилэг нарын тэтгэмжийг төлөх хугацааг харж үзэж өгөхийг хүсэж байна. Мөн Ариунаагийн сургалтын төлбөрийг Оюунжаргалтай 50 хувиар төлж байх хүсэлтийг гаргаж байна. Д.Оюунжаргал нь цаашид надтай хамтран амьдрах хүсэлгүйгээр нэхэмжлэлд бичсэн байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ..гэжээ.

Хариуцагч Ж.Мөнхдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид таарч тохирохгүй болсон шалтгаан нь надаас ганц болоогүй гэж бодож байна. Би байнга архи ууж зодож нүдээд байсан зүйл байхгүй. Үл ойлголцон 2 удаа хэрүүл маргаан хийж байсан. Одоо энэ хүн эвлэрэх, хамт амьдрах боломжгүй гэж байгаа бол би гэр бүлээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Гурван охиноо цаашид харж хандаж явах болно. Харин Д.Оюунжаргал нь хүүхдүүдийг минь надтай уулзахад хориг саад хийхгүй байхыг хүсэж байна. Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна..гэв.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ;

 Ж.Мөнхдалай бид 2-ын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхэд хандаж, мал болон эд хөрөнгө хуваалгах тухай хүсэлт гаргасан.Өөрсдөө тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэлгүй, хуваахаар болсон. Нийт Адуу 23, үхэр 18, хонь 13, ямаа 387 тооны байгаагаас Д.Оюунжаргалд үхэр-18, хонь-8, ямаа-300 тооны, Ж.Мөнхдалай нь адуу-23, хонь-5, ямаа-87 тооны малыг тус тус авахаар харилцан тохиолцлоо. Бид харилцан тохиролцоод охин М.Амгаланзаяа, М.Цэцэнбилэг нарыг эх Д.Оюунжаргалын асрамжид үлдээж, охин М.Амгаланзаяад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр, М.Цэцэнбилэгт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор харилцан тохиолцов. Охин М.Ариунаагийн 2017, 2018 оны сургалтын төлбөрийг эцэг Ж.Мөнхдалай төлнө. 2019 оны сургалтын төлбөрийг эх Д.Оюунжаргал төлөхөөр тохиролцов. Өөр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ..

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Оюунжаргал, хариуцагч Ж.Мөнхдалай нарын иргэний үнэмлэх болон гэр бүлийн гэрлэлтийн баталгааны хуулбар, 2015, 2016 оны мал тоолсон тухай баримт, Номундалай ахлах сургуулийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, охин М.Амгаланзаяа, М.Цэцэнбилэг нарын төрсний гэрчилгээний хуулбар, охин М.Ариунаагийн цахим үнэмлэхний хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунжаргал нь хариуцагч Ж.Мөнхдалайд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хувааж, хүүхдийн сургалтын төлбөр гаргуулахыг хүсэн шаардсан байна.

Гэрлэгчид нь 1997 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүлээ батлуулж,хамтран амьдрах хугацаанд 1999 оны 01 сарын 18-ны өдөр охин М.Ариунаа, 2004 оны 03 сарын 12-ны өдөр охин М.Амгаланзаяа, 2005 оны 10 сарын 12-ны өдөр охин М.Цэцэнбилэг нарыг төрүүлэн эцэг Ж.Мөнхдалайгаар овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь Номун-далай ахлах сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 256, 257 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 515 дугаартай албан бичиг, хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Оюунжаргал, хариуцагч Ж.Мөнхдалай нар нь гэр бүлийн таарамжгүй байдал, сэтгэл санаа нийлэхгүй зэргээс болж 2016 оны 07 сараас хойш тусдаа амьдарч байгаа, зохигчид эвлэрэх хугацаа авах, эвлэрүүлэн зуучлагчид хандах хүсэлт гаргаагүй тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзэв.

Зохигчид шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож Д.Оюунжаргал нь 3 хүүхдээ өөрийн асрамжид хэвээр үлдээж, охин М.Амгаланзаяад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж, хариуцагч Ж.Мөнхдалай нь охин М.Ариунаагийн 2 жилийн сургалтын төлбөр, охин М.Цэцэнбилэгт хүүхдийн тэтгэлэг тус тус төлөхийг зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө сайн дураар харилцан тохиролцож хуваан авахаа илэрхийлж шүүхийн шатанд эвлэрсэн тул зохигчдын дунд маргаангүй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.., 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин М.Амгаланзаяа, М.Цэцэнбилэг нарыг эхийн асрамжид үлдээж, охин М.Цэцэнбилэгт хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Ж.Мөнхдалайгаас гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон охин М.Ариунаагийн сургалтын төлбөрийг хэрхэн төлөх талаархи зохигчдын тохиролцоог баталж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173.500 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2082000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 48262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бальбий овогт Дармаагийн Оюунжаргал, Лувсанжамбаа овогт Жанчивын Мөнхдалай нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн охин М.Амгаланзаяа, 2005 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн охин М.Цэцэнбилэг нарыг эх Д.Оюунжаргалын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь охин М.Амгаланзаяад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Цэцэнбилэгийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ж.Мөнхдалайгаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Д.Оюунжаргал нь үхэр-18, хонь-8, ямаа-300 толгойг авахаар, Ж.Мөнхдалай нь адуу-23, хонь-5, ямаа-87 тооны малыг тус тус авахаар, охин М.Ариунаагийн 2017, 2018 оны оюутны сургалтын төлбөрийг эцэг Ж.Мөнхдалай, 2019 оны сургалтын төлбөрийг эх Д.Оюунжаргал тус тус төлөхөөр зохигчид харилцан эвлэрсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин М.Ариунаа, М.Амгаланзаяа, М. Цэцэнбилэг нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ж.Мөнхдалай, эх Д.Оюунжаргал нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324250 төгрөгийн 127025 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ж.Мөнхдалайгаас 197225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунжаргалд олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ж.Мөнхдалайгаас улсын тэмдэгтийн хураамж 48262 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ