Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00433

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82-34 тоот хаягтай, Хос Бүргэдийн Түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг, 41 дүгээр байр, 01 тоотод оршин суух, РД:НЩ78030665 регистрийн дугаартай, Дэмбэрэлийн Энэбишид холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.312.600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат, хариуцагч Д.Энэбиш, шүүх хуралдааны нарийнбичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 04 сарын 05-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаатай, сарын 145.800 төгрөгөөр сар бүрийн 20-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрөмжийг хүлээн авсан болно. Худалдах худалдан авах гэрээний дагуу зарим сарын төлөлт хийгдээгүйн улмаас одоо болтол төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 1.312.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Уг төхөөрөмж нь 7 шатлалтай, Америкийн нэгдсэн улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүн юм. Мөн тухайн бүтээгдэхүүнийг 2250000 төгрөгөөр худалдаалж байгаа. Телевизээр манай байгууллагын бүтээгдэхүүн болох ус цэвэршүүлэгч нь усыг ямарч эрдэсгүй болгодог тул хүний эрүүл мэндэд хортой, мөн уг бүтээгдэхүүнийг Оросын холбооны улсаас оруулж ирдэг, мафитай холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Манай байгууллагаас телевизээр гарсан мэдээллийн дагуу TY25, ETV телевизүүдээр залруулга хийсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн хэрэглэгч нартай утсаар ярьж, мессеж бичсэн. Мөн Баянхонгор аймгийн хэрэглэгч нар аймгийн МХГ болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт хандсан ба шинжилгээний хариу гарсан. Би аймгийн шинжилгээний хариуг хариуцагч талд танилцуулсан боловч хариутай эвлэрээгүй тул би Ус сувгийн удирдах газарт шинжилгээ өгөх талаар зөвлөгөө өгсөн. Д.Энэбиш хэрэглэгч нь манай бүтээгдэхүүнд итгэхгүй байгаа бол Ус сувгын удирдах газар, Мэргэжлийн хяналтын газарт хандаад шинжилгээ хийлгүүлэх хангалттай хугацаа байсан. Гэтэл өдийг хүртэл шинжилгээ хийлгүүлээгүй байж манай бүтээгдэхүүнийг буцааж, гэрээгээ цуцлана гээд байгааг ойлгохгүй байна. Манайд ашиглаж байгаа усанд шинжилгээ хийдэг багаж бол одоогоор улсын хэмжээнд ашиглагдаж байгаа багаж юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.. гэв.

Хариуцагч Д.Энэбиш шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Дэмбэрэл овогтой Энэбиш Баянхонгор сумын 1 дүгээр баг 41 дүгээр байр, 1 тоотод нөхөр, охин, хүүгийн хамт амьдардаг. 2016 оны 04 сарын 05-ны өдөр Хос бүргэдийн түшээ ХХК-иас AQUA PURE PRO ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг худалдан авсан. Худалдан авснаас хойш 3 сарын дараа Үндэсний телевизээр уг төхөөрөмжийг ус цэвэршүүлдэггүй, хүний биед эрдэс бодисгүй ус болдог гэж ярьсан. Түүнээс хойш энэ усыг хэрэглэхээ больсон. Уг компанийг усны төхөөрөмжөө буцаан ав гэж хэлсэн боловч аваагүй. Одоогоор хэрэглэхгүй, өгсөн мөнгөө буцааж авмаар байна ..гэжээ.

Хариуцагч Д.Энэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Америкаас орж ирсэн гэх бичиг баримт нь байгаа юм уу, мөн телвизээр 00 ус гэж мэдээлэл гарсан.Тэгэхээр нь төхөөрөмжөө ав гэсэн шаардлагыг тавьсан. Шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явж чадаагүй, мөн аймагт энэхүү шинжилгээг хийдэггүй гэсэн. Мөн өөрсдөө аяганд ус хийгээд багажаа хийгээд шинжлээд байсан. Одоо манайх уг төхөөрөмжийг хэрэглэхгүй байгаа. Одоогоор биед сөрөг нөлөө үр дагавар гараагүй ч гэсэн цаашид юу болохыг мэдэхгүй байна. Хэрвээ телевизээр худал мэдээлэл гарсан гэж байгаа бол энэ байгууллага хэрэглэгч нарт мэдээлэл өгч уг мэдээллийг няцаах байсан. Би л лав тийм мэдээлэл сонсоогүй. Зарим айлтай гэрээ хийхдээ тодорхой хугацааны дараа шүүлтүүрийг сольж өгөх талаар гэрээнд тусгасан атлаа манай гэрээнд шүүлтүүр солих талаар тусгаагүй байсан. Иймд төлбөрийг төлөх боломжгүй. Гэрээг цуцлах саналтай байна.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь хариуцагч Д.Энэбишид холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.312.600 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Д.Энэбиш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь 2016 оны 04 сарын 06-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 145.800 төгрөгөөр сар бүрийн 20-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэйгээр иргэн Д.Энэбиштэй тохиролцон зээлээр худалдах худалдан авах гэрээ хийжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хос бүргэдийн түшээ ХХК, Д.Энэбиш нарын хооронд 2016 оны 04 сарын 06-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж AQUA PURE PRO ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Д.Энэбиш зээлээр худалдан авч урьдчилгаа 500.000 төгрөгийг төлж, үлдэх 1750.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 145800 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 20-ны өдөр дууссан боловч хариуцагч Д.Энэбиш нь 937400 төгрөгийг төлж нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1312600 төгрөгийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ..гэснээс үзвэл О.Алтанчимэг нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч төлбөрийг хэсэгчлэн төлж байсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.., 222 дугаар зүйлийн 222.3-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ..гэжээ.

Харин Д.Энэбиш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 10 сард Монголын Үндэсний телевиз бусад телевизүүдээр ус цэвэршүүлэх төхөөрөмж нь хуурамч, хүний биед хортой буюу усыг ямар ч эрдэс баялаггүй болгодог гэсэн мэдээлэл явсан тул уг төхөөрөмжийг дахин хэрэглээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн байна.

Гэвч хариуцагч нь дээрх байдлаа шүүх хуралдааны явцад нотлоогүй, татгалзалтай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн 2017 оны 01 сарын 15-ны өдрийн 25/13 дугаар албан бичгээр Ус цэвэршүүлэгч зардаг компаниудтай холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөөгүй гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн.

Түүнчлэн Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 06/047/48 дугаар дүгнэлтээр Химийн шинжилгээний дүнгээр Pure-Pro-Ro-Ec105P усны шүүлтүүрийн шүүсэн усанд хатуулаг, төмрийн агууламж илрээгүй, хлорид 2.1 дахин, нитрат 3.7 дахин, сульфат 6.4 дахин буурсан гэсэн ..дүгнэлт, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 05-05-009/12 дугаар дүгнэлтээр Тухайн шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр шүүгдэж байгаа ус нь Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, Аюулгүй байдал, Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын Хими нян судлалын үзүүлэлтүүдийн шаардлагыг хангаж байна..гэсэн дүгнэлт зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-ийнAQUA PURE PRO ус цэвэршүүлэх төхөөрөмж нь эрхийн доголдолтой бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д.Энэбишээс Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.312.600 төгрөг гаргуулж Хос бүргэдийн түшээ ХХК нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ