| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
2021 06 16 2021/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч М.Гансувд,
иргэний нэхэмжлэгч З.Цэдэнсодном
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Б.Хд холбогдох эрүүгийн 2134000000093 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаартай регистртэй, А Б.Х,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Х нь төрөл садангийн хүн болох 16 настай А.Сүхбатаар туслалцуулан цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг, Арслангийн дэнж гэх ойн сан бүхий газарт 2021 оны 01 дүгээр сарын 20-ын үеэр 2 931м3 хуурай шинэс мод бэлтгэж, уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр З.Цэдэнсодномын өмчлөлийн улсын дугааргүй FOTONLOVOL-200 маркийн бага оврын трактороор тээвэрлэж, байгаль орчинд 389.918 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Х:
... Дахиж ийм юм хийхгүй гэм буруутайгаа ойлголоо... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000000093 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Х нь зөвшөөрөлгүйгээр, 2021 оны 01 дүгээр сарын 20-ын үеэр цахилгаан хөрөө ашиглан, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг, “Арслангийн дэнж” гэх ойн сан бүхий газарт 2 931м3 хуурай шинэс мод бэлтгэж, уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр З.Цэдэнсодномын өмчлөлийн улсын дугааргүй FOTONLOVOL-200 маркийн бага оврын трактороор тээвэрлэж, байгаль орчинд 389.918 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн 2134000000093 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяагийн ...Сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх зөвшөөрөл авч мод бэлтгэж хийх ёстой байдаг. Тухайн үед ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан гэсэн. ...Тухайн мод бэлтгэсэн Арслангийн ам гэх газарт 2021 онд талбай тусгаарлалт хийгдээгүй байгаа. ...Энэ жил Баянгол 3 дугаар багийн нутаг Хүрхрээ гэх газар, Цогт-Өндөр 2 дугаар багийн нуурт зэрэг газруудад талбай тусгаарлалт хийгдсэн байгаа... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч З.Цэдэнсодномын ...Хгийн гэрийн гадаа байдаг жижиг ногоон трактор бол миний эзэмшлийнх байгаа юм. Би Увс аймгийн Өндөрхангай сумаас 3.000.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Би Хд нүүдэл хийхэд хэрэгтэй гээд байхаар нь 2020 оны 11 сарын эхээр "2021 оны хавар өвөлжөөнөөс буухаараа авч ирээд өгчхөөрэй" гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд саяхан трактор надад хэрэгтэй болоод Хгээс асуусан чинь галын түлээнд явж байгаад цагдаа нарт баригдсан гэж хэлсэн ...бичиг баримт огт байхгүй. Тухайн үедээ ч гэсэн би бичиг баримтгүй трактор авч байсан. Би трактороо 2015 онд Увс аймгийн Өндөрхангай суманд амьдардаг хүнээс худалдаж авч байсан. Одоо тэр надад трактор зарсан хүн байхгүй байх. Сүүлд сонсоход нас барсан гэж байсан. Би өөрийн трактороо авмаар байна... /хх-ийн 42 43 дугаар хуудас/
гэрч А.Сүхбатын ...2021 оны 01-р сарын дундуур хүргэн ах Х бид 2 Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Арслангийн дэнжид байрлах өвөлжөөнөөс дээшээ 2 километр орчим газар явж мод бэлтгэсэн. Би сайн мэдэхгүй байна. Хүргэн ах Х цуг явъя гээд цуг явсан ...4 ширхэг мод тайраад авч ирсэн...цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
гэрч Г.Батжаргалын ...Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сумын экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Хүрэлбаатар, ойн ангийн мэргэжилтэн Гантулга, хууль эрх зүйн ажилтан Ганзориг бид 4 Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Баянголын ам руу шалгалтаар явсан юм Баянголын амны Арслангийн дэнж гэх газар иргэн Б.Хгийн өвөлжөөгөөр ортол гэрийн гаднаа мод хураасан байсан. Ямар ч зөвшөөрөлгүй байсан. ...2021 оны сумын иргэдийн нийтийн хурлын тогтоолоор хэрэгцээний модны зөвшөөрлийг Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянголын ам руу хийлгэхгүй гэсэн тогтоол гарсан. Арслангийн дэнж дээрээ гэрийнхээ ойр орчмоос бэлтгэсэн байсан... Ямар ч зөвшөөрөл авах талаар ярьж байгаагүй... 3 метрийн урттай тайрсан хуурай мод байсан. Сар бүрийн 25-нд иргэдийн нийтийн хурал болдог тэр хурал дээр байнга мод бэлтгэхдээ зөвшөөрөл авч бэлтгэх талаар хэлдэг байсан... /хх-ийн 49 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Хгийн ... 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутагт байрлах Арслангийн дэнж гэх газар руу галын түлээнд өөрийн эгчийн дүү Сүхбатын хамт явсан. Тэгээд ууланд очоод 3 ширхэг ургаа хатсан модыг моторт хөрөөгөөр тайрч унагаагаад унанги 1 ширхэг модны хамт мод тус бүрийг 3 метрээр тайрч бэлтгээд миний өөрийн эзэмшлийн ногоон өнгийн жижиг трактороор чирээд гэрийн гадаа авч ирээд уг авч ирсэн моднуудаа 1,5 метрээр тайрч жижиглэж байгаад хөрөө эвдлээд зарим нэг модыг нь дутуу хөрөөдөөгүй байлгаж байтал 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн алба хаагч нар, байгаль хамгаалагч нарын хамт ирж шалгасан...Би мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Учир нь манайх хөдөө байдаг байнга сумын төвд ирээд байдаггүй...Би уг моднуудыг бэлтгэхдээ Сүхбатын хамт бэлтгэсэн...Би Сүхбатыг галын түлээнд явъя гэж хэлээд авч явсан. Би тэр тухай хэлээгүй асуудалгүй хамт явъя л гэж хэлсэн...Би моторт хөрөө, ногоон өнгийн жижиг трактор ашиглаж мод бэлтгэсэн... Трактор болон моторт хөрөөнд бичиг баримт гэж огт байхгүй...Би байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа...хохирлоо нөхөн төлөхөд бэлэн байна. Миний хууль бусаар мод бэлтгэсэн гэх газрыг Арслангийн дэнж гэдэг...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 92-93 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Төв аймгийн Батсүмбэр сум дахь сум сумдын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ...Батсүмбэр сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаарагддаг. Бэлтгэсэн нийт 2 931м3 хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2 931м3*73907*1.8=389.918 төгрөг... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг нь 3 дахин өсгөж гаргана... дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/66 дугаартай эд зүйлийн үнэлгээний ...FOTON LOVOL 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2.480.000 төгрөг... гэх тайлан /хх-ийн 58-84 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Хгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 107, 111-118 дугаар хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Х нь зөвшөөрөлгүйгээр, 2021 оны 01 дүгээр сарын 20-ын үеэр цахилгаан хөрөө ашиглан Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг, “Арслангийн дэнж” гэх ойн сан бүхий газарт 2 931м2 хуурай шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, уг модыг З.Цэдэнсодномын өмчлөлийн “FOTONLOVOL-200” маркийн улсын дугааргүй бага оврын трактороор тээвэрлэж, байгаль орчинд 389.918 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Б.Х нь ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 2.931 м2 мод бэлтгэснээрээ тухайн гэмт хэрэг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Хгийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 389.918 төгрөгийн шууд хохирол учирж, 1.169.754 /нэг сая нэг зуун жаран есөн мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1.169.754 /нэг сая нэг зуун жаран есөн мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 1.169.754 /нэг сая нэг зуун жаран есөн мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийн төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Хг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Хд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Хд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон дээрх 180 /нэг зуун ная/ хоног буюу 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000093 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяа нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хятад цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,
мөн Боржигон овгийн Үүрийнтуяагийн Эрдэнэтуяад хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 15 ширхэг 2.931 м3 хуурай модыг иргэний нэхэмжлэгч НБ88052015 дугаарын регистртэй, Боржигон овгийн Үүрийнтуяагийн Эрдэнэтуяагаас, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “FOTONLOVOL-200” маркийн улсын дугааргүй бага оврын тракторын үнэ болох 2.480.000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч А Б.Хгээс тус тус гаргуулан зохих байгууллагад шилжүүлэн улсын орлогод оруулахыг,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “FOTONLOVOL-200” маркийн улсын дугааргүй бага оврын тракторыг хууль ёсны эзэмшигч УВ54020116 дугаарын регистртэй Дайртан овгийн Замандийгийн Цэдэнсодномд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А Б.Хг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Хд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А Б.Хд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.
7. Эрүүгийн 2134000000093 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч А Б.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяа нь шүүгдэгч Б.Хгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А Б.Хгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “FOTONLOVOL-200” маркийн улсын дугааргүй бага оврын тракторыг хууль ёсны эзэмшигч УВ54020116 дугаарын регистртэй Д овгийн З.Ц олгохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн, шүүгдэгч А Б.Хг гэмт хэрэг үйлдэж олсон иргэний нэхэмжлэгч НБ88052015 дугаарын регистртэй, Боржигон овгийн Үүрийнтуяагийн Эрдэнэтуяад хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 15 ширхэг 2.931 м3 хуурай модыг иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Б овгийн Ү.Э,
Д овгийн З.Ц эзэмшлийн “FOTONLOVOL-200” маркийн улсын дугааргүй бага оврын тракторын үнэ болох 2.480.000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч А Б.Хгээс тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН