| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0190/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/203 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/203
2021 06 16 2021/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т Б.Өт холбогдох эрүүгийн 2134000000206 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1994 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Т Б.Ө,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ө нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хөдөө иргэн Ц.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар Ц.Шинэхүүгийн толгой, зүүн хацар тус газар нь архины шилний хагархай болон чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Ө:
...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй, хохирол 554.000 төгрөгийг төлсөн, Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хөдөө иргэн Ц.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар Ц.Шинэхүүгийн толгой, зүүн хацар тус газар нь архины шилний хагархай болон чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000206 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
хохирогч Ц.Шинэхүү ...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед найз Ө гэх залуу манайд адуу үзэхээр ирсэн, ирэхдээ Ө 2 пивотой ирсэн, тэгээд тэрийг нь хувааж уучхаад Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн хойд талд байрлах уул руу гарч 1 том пиво хувааж уусан, Өын хүргэн ах гэх нэг залуу, түүний найз гэх бас нэг кровн машинтай залуу байсан... пиво уугаад сууж байтал Ө гэх залуу "Танай бэр дүү чинь дүүгээс чинь яагаад салсан юм бэ" гээд байхаар нь би "хүний амьдрал бид нарт хамаагүй би мэдэхгүй" гэж хэлсэн чинь Ө "чи муу тэгээд яах гээд байгаа юм тэр хоёр яасан талаар хэл ална шүү" гэсэн "би яах юм бэ хоёулаа муудалцаад яах юм бэ гэж хэлээд ахынх нь машин руу ороод суусан..би машинаас буутал Ө гэнэт над руу гүйж ирээд миний шанаа руу гараараа цохиод авсан, би боль гэхэд дахиад дайраад байсан, тэгээд бид хоёр заамдалцаад авсан, хүргэн ах нь уз уз гээд машиндаа суучихсан, тэгээд бид хоёр хоорондоо зодолдоод намайг цохиод байхаар нь би ганц хоёр цохисон, ...би зугтаагаад кровн машины арын суудал дээр ороод суугаад байж байтал нөгөө талын хаалгаар Ө орж ирээд ална пизда минь гэж орж ирээд архины шилний хагархай ёроолоор зүүн шанаа руу цохисон, тэгээд миний хацарнаас цус гарсан тэгээд би машинаас буугаад зугтаасан... машины хажууд цусаа дараад доошоо тонгойгоод сууж байтал Ө гүйж ирээд миний толгой хэсэг рүү чулуугаар цохисон, тэгээд хүргэн ах нь болон хамт явж байсан залуу нь Өыг хорьсон, тэгээд би цаашаа явган сумын төв рүү яваад аймгийн эмнэлэгт ирсэн... толгой руу чулуугаар цохисон, хацарлуу архины хагархай шилээр цохисон, эрүү бол болон нуруу хавирга хэсэг рүү газар хэвтэж байхад өшиглөсөн... Надад эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, мөн эмнэлэгт зураг авхуулахад 54.000 төгрөг төлсөн, нийт 554.000 төгрөг төлсөн болно. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Г.Ганбаатарын ...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай найз Доржсэмбээ гэх залуу над руу залгаж дуудаад Сэргэлэн сумын наана байрлах айлын адууны зүчээ орж адуу үзээд ирэх үү гэж намайг гуйсан тэгээд би зөвшөөрч найз Доржсэмбээтэй хамт Төв аймгийн Сэргэлэн сум руу явсан, түүний хадам дүү Ө гэх залуу хамт явсан... Ө, Шинэхүү нар нь хоорондоо муудалцаад хэрэлдээд байх шиг байсан чанга чанга орилолдоод байсан, яг юуны талаар яриад байсныг сайн мэдээгүй ...Ө, Шинэхүү нар хоорондоо зодолдоод дээр доороо ороод эхэлсэн, тэгэхээр би машинаас буугаад салгасан Дорждэмбээ бас хамт салгасан, тэгээд би Шинэхүү гэх залууг аваад машиндаа суулгаад байж байтал араас Ө машинд орж ирээд арын суудал дээр зодолдоод явчихсан, тэгээд би машинаас бууж нөгөө хоёрыг салгаад Шинэхүүг машинаас татаж буулгасан, тэгтэл Шинэхүүгийн хацарнаас цус гарчихсан миний суудлын бүрээсийг цус болгосон байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч Ц.Доржсэмбээгийн ...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэг мэдэхэд Шинэхүү, Ө хоёр муудалцаад, зодолдоод байх шиг байсан би ч согтуу байсан учраас бүдэг бадаг санаж байна... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч Б.Өын ...Шинэхүү намайг бэр хүүхнээ хуучин нөхрөөс нь салгасан барьсан гэж над руу үг хаяад маргаан эхэлсэн, тэгээд бид хоёр халамцуу байсан учраас барилцаж аваад бид хоёр бие биенийхээ нүүр лүү гараараа цохилцсон ...би босож ирээд уур хүрээд газар байсан архины шилний хагархай шилний ёроолыг аваад зүүн хацар хэсэгт нь нэг удаа цохитол хацарнаас нь цус гарсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
яллагдагч Б.Өын “...Шинэхүү бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаад "бэр хүүхнээ хуучин нөхрөөс нь салгасан барьсан" гэсэн утгатай зүйлээс бол маргалдаад тэгээд бид хоёр зодолдоод барилцаж аваад дээр доороо орсон, тэгээд Ганбаатар болон Доржсэмбээ ах нар салгасан, тэгээд Шинэхүү Ганбаатарын машинд хойд суудал дээр нь ороод суусан ба газар байсан архины шилний хагархай шилний ёроолыг аваад Шинэхүүгийн араас нь ороод машинд сууж байхад нь зүүн хацар тус газар нь нэг удаа цохисон, тэгээд Шинэхүүгийн хацарнаас цус гарсан... би хүний бие махбодид халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Шинэхүүд эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай ...Ц.Шинэхүүгийн биед дагзны төвгөрт, зүүн зулайн хуйх, хацарт шарх, зүүн зулайн хуйх, чихний дэлбэнд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, цээжинд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Өын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52, 55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Ө нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Ө нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт хөдөө иргэн Ц.Шинэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар Ц.Шинэхүүгийн толгой, зүүн хацар тус газар нь архины шилний хагархай болон чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч, хохирогч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Ө нь хохирогч Ц.Шинэхүүтэй маргалдаж барилцан авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж архины шилний хагархайгаар зодож, цохих зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Б.Ө нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Өын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Шинэхүүгийн биед дагзны төвгөрт зүүн зулайн хуйх, хацарт шарх, зүүн зулайн хуйх, чихний дэлбэнд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, цээжинд цус хуралт, зуун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ц.Шинэхүү нь шүүгдэгч Б.Өоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ө нь хохирогч Ц.Шинэхүүд хоёр удаа буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөг, нийт 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн, хохирогч Ц.Шинэхүү нь шүүгдэгч Б.Өт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан хохирогчд 500.000 /таван зуун мянга/ төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Өыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Өт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Өт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Б.Өт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000206 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний 2 хэсэг хагархайг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т Б.Өт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хоёр хэсэг хагархайнуудыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн 2134000000206 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т Б.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН