Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

 

 


   2021            06             16                                                2021/ШЦТ/202                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Д.Бд холбогдох эрүүгийн 2134000000131 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Ш Д.Б,

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт “Ямаатын гозгор” гэх газарт өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Дэмбэрэлтэй “Гэрийнхээ эд хогшлыг чи оруулчхаж чадахгүй байна уу? намайг гуйгаад байх юм” гэж түүнд хэлж, улмаар уг шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүнийг хөл гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2134000000131 дугаартай хэрэгт хохирогч Д.Дэмбэрэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, яллагдагч Д.Б /хх-ийн 46-47 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Баян сумын эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай хуудас /хх-ийн 12-13 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28, 50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт “Ямаатын гозгор” гэх газарт өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Дэмбэрэлтэй “Гэрийнхээ эд хогшлыг чи оруулчхаж чадахгүй байна уу? намайг гуйгаад байх юм” гэж түүнд хэлж, улмаар уг шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүнийг хөл гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000131 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

хохирогч Д.Дэмбэрэлийн ...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим манайх гэр бүлээрээ Төв аймгийн Баянцагаан сумаас Баян сумын нутаг Цавчир 3-р багийн нутаг Ямаатын гозгор гэх газарт отроор нүүж очсон. Тэнд очоод гэр сууцаа барих гээд ачаа бараагаа буулгаж байгаад нөхөр Д.Бтай муудалцсан юм. Манай нөхөр намайг "Гэрийнхээ эд хогшлыг чи оруулчхаж чадахгүй байна уу, намайг гуйгаад байх юм" гээд хүнд авдар гэх мэт эд зүйл өргүүлэх гээд байхаар нь өөдөөс нь эсэргүүцэж хэдэн үг хэлсэн чинь уурлаад намайг барьж авч урдуураа тонгорч унагаасан. Би босч ирээд "Чи намайг ингэж байхаар алчих" гэж хэлсэн чинь хариуд нь Д.Б "Чамайг алчихсан ч яадаг юм гээд намайг заамдаж авч байгаад цавь руу өшиглөөд дараа нь заамдаж авсан чигтээ зүүн гараа атгаж байгаад миний баруун нүд орчимд нэг удаа хүчтэй цохисон. Би уйлаад доошоо суусан "Зод чи намайг зодоод алчих чи гээд хэлээд боссон чинь намайг гараараа дахин заамдаж татаад толгойгоороо миний нүүрэн тус газар мөргөж унагаасан. Намайг газар унасан хойно дээрээс миний цээжин дээр өвдөгөөрөө дарж нухаж өвтгөсөн. Хоолойноос багалзуурдаж байгаад "Чамайг ална шүү? гэж сүрдүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Б миний дээрээс босчхоод "Чи надаас салаад өг" гэж шахаж шаардаад байсан. Удалгүй би 2 хүүхдээ аваад явах гэсэн чинь намайг явуулахгүй барьж авч зуурчхаад миний өмсөж явсан дээлийн энгэр зэргийг урсан. Миний тухайн үед зодуулахдаа өмсөж байсан цус болж бохирдсон бүх хувцас надад одоо байгаа. Тэгээд би хэсэг хугацааны дараа Д.Бг гэртээ хүүхдүүдээ дагуулаад орохоор нь машинаа унаад шууд Баян сумын эмнэлэгт очиж үзүүлсэн Дараа нь сумын цагдаагийн хэсэг дээр очсон..., Манай том охин 11 настай О. Манжхорол, бага охин 5 настай Б.Маралжингоо нар болон манай гэрийг нүүлгэж өгөх гээд ирсэн байсан манай ээжийн төрсөн дүү Ч.Саранболд эгч нар байсан. Миний толгой өвдөж их зовиуртай байна. Миний баруун зүүн нүдний ухархай орчим битүү хавдаж хөхөрсөн. Зүүн шанаа орчимд хөндүүртэй. Мөн энгэр цээж хэсэг дээр хөхөрч хавдсан гэмтэл зовиуртай байна..., ...Халддаг зоддог байсан. 2018 оны хавар 5 сард орчим байх Төв аймгийн Баянцагаан сумд манай эмээ Лхам гуайнд байхдаа согтуугаар танхайрч миний эрүү хуга цохиж, аймаг, сумын эмнэлэгт очиж үзүүлж байсан. Хамгийн сүүлд гэхэд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би эмээгийнхээ эгчийн хүүхэд Я.Пүрэвдорж гэх ахтай юм ярьж байтал манай нөхөр Д.Б голоор орж ирээд "Та нарт ямар хамаатай юм пизда нар минь" гээд ирээд миний толгой руу гараа зангидаж байгаад цохиж авч, сандал барьж авч далайж гавлыг чинь хага цохино, хэрэлдээд байдаг өмхий амыг чинь таглана, данхтай халуун цай дээрээс чинь хийчихнэ шүү гэж айлгаж данхтай цай шүүрч авч намайг сууж байхад миний толгой дээр барьж байсан. Тухайн үед миний хажууд байсан манай том охин ч бас маш их айж уйлсан... /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Бгийн ...Манайх Төв аймгийн Баян сумын Гацааны жалга гэх газраас нүүгээд Ямаатын гозгор гэх газар буусан. Тэгээд гэрээ барьж дуусаад ачаагаа оруулж байсан чинь манай эхнэр Дэмбэрэл яагаад алга болчихдог юм. Хурдан оруулаач гэж надруу дайрсан. Би оруулж байна гэж хэлсэн чинь миний өөдөөс хэрүүл хийгээд босч ирээд миний толгойруу нэг алгадаад авахаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа шанаадаад, нэг удаа алгадсан Тэгээд надтай зууралдаад байхаар нь газар унагааж байгаад цээжин дээр нь өвдгөөрөө хэсэг хугацаанд дарж байгаад босгосон... авгайтайгаа маргалдаж муудалцаад барьцалдаад авсан үедээ нүүр лүү нь хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохчихсон... /хх-ийн 4-5 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дугаартай ...Д.Дэмбэрэлийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Энхболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт “Ямаатын гозгор” гэх газарт өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Дэмбэрэлтэй “Гэрийнхээ эд хогшлыг чи оруулчхаж чадахгүй байна уу? намайг гуйгаад байх юм” гэж түүнд хэлж, улмаар уг шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүнийг хөл гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Улмаар дээрх тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Б нь өөрийн эхнэр Д.Дэмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор байна.

 

Гэхдээ шүүх шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн болно.

Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4- дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.

 

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

 

Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заассан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.

 

Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дэмбэрэлтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр, нөхөр хэдий ч тухайн үйл баримт болсон буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед зодож хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байнгын шинжтэй биш тохиолдлын шинжтэй нэг удаагийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, “гэрийнхээ эд хогшлыг чи оруулчихаж чадахгүй байна уу? намайг гуйгаад байх юм” гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад үйлдэгдсэн үйлдэл байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дэмбэрэлтэй ахуй хүрээний асуудлаас маргалдаж, тухайн нөхцөл байдалд зодох, сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр шүүгдэгч хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэм буруугийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дэмбэрэлийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн эгэм, баруун гуянд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.  

 

Хохирогч Д.Дэмбэрэл нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлээгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхэд бичгээр гаргаж өгсөн хохирогч Д.Дэмбэрэлийн хүсэлтээр тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун наян цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Д.Бд оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

      

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ш Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Д.Бд шүүхээс оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2134000000131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.       

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН