| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0403/И |
| Дугаар | 131/ШШ2017/00526 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2017/00526
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр бригадад оршин суух, эмэгтэй, ВЛ73021902 регистрийн дугаартай, Магсар овогт Тангадын Саруулын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Гурванбулаг сумын дунд сургуульд холбогдох
Гурванбулаг сумын дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 371016 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Саруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1973 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Ам бүл 8, нөхөр хүүхэд, зээгийн хамт амьдардаг. Гурванбулаг сумын дунд сургуульд сурагчдын дотуур байрны үйлчлэгчээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон. Гэтэл ажлаа хийгээд зохих ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад шинээр томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхдалай нь 3 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэлд хүргүүлээд ажлын ур чадвараар тэнцээгүй хэмээн тааварлаж мөн ажил дүгнэхэд хангалтгүй үнэлгээ өгсөн гэж 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот захирлын тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 371016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1973 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Ам бүл 8, нөхөр хүүхэд, зээгийн хамт амьдардаг. Гурванбулаг сумын дунд сургуульд сурагчдын дотуур байрны үйлчлэгчээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон. Гэтэл ажлаа хийгээд зохих ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад шинээр томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхдалай нь 3 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэлд хүргүүлээд ажлын ур чадвараар тэнцээгүй хэмээн тааварлаж мөн ажил дүгнэхэд хангалтгүй үнэлгээ өгсөн гэж 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот захирлын тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 371016 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01-03 саруудад ажиллаж цалин авсан, надад туршилтын хугацаа хэрэглээгүй, тушаалд энэ талаар бичигдээгүй миний өмнө ажиллаж байсан хүн нь өөр ажилд орж улмаар би байнгын ажлын байранд ажилд орсон байсан, би ажлаа сайн хийж байсан, алдаа дутагдал гаргаагүй ажилдаа эгүүлэн тогтоолгоно гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхдалай шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийн захирал Б.Мөнхдалай миний бие нь нэхэмжлэгч Т.Саруулын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын 33 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авлаа. Иймд дараах тайлбарын дагуу Т.Саруулыг дараах үндэслэлийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.
Иймд дараах тайлбарын дагуу Т.Саруулыг дараах үндэслэлийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.
1. 2016 оны 12 дугаар сард Т.Саруулыг сурагчдын дотуур байрны угаагчийн ажилд авахдаа захирал Д.Цэцэгээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дэх заалт 24.2 дугаар заалт, ( Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна ) дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4 дэх заалт (Шинээр ажилд авсан иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн захирал түр тушаал гаргаж баталгаажуулах ба туршилтын хугацаа 3 сар байна. Хугацаа дуусмагц жинхлүүлэх эсэхийг захирлын дэргэдэх зөвлөлөөр шийднэ.) зэргийг хэрэгжүүлээгүй угаагч Саруултай ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авах тушаал гаргасан боловч туршилтын хугацааг тодорхой зааж өгөөгүй зэрэг зөрчилтэйгээр ажиллуулж байсан.
2. Угаагч Т.Саруулын ажил үйлчилгээний чиг үүрэг нь сурагчдын ариун цэвэр болон сурагчдын дотуур байрны цэвэрлэгээ үйлчилгээ байрын багшийн амралттай байх хугацаанд байрын сурагчдын дэг журам, амь насыг хариуцан ажиллах чиг үүрэгтэй байх ба ажиллаж байх хугацаандаа сурагчидтай зүй бусаар харьцсан, сурагчдын ахуй болон дотуур байрын цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй цэвэрлэж байсан, ажлын байраа орхин явж ажлын хариуцлага алдсан, ажилтан албан хаагчид сурагчидтай харьцах багаар ажиллах чадвар сул, нийгмийн идэвх муу зэрэг нь ажиллаж байх хугацаанд сурагчид албан хаагчдаас авсан судалгаагаар болон сургуулийн удирдлагын зүгээс хийсэн 2 удаагийн хяналт шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдсон тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дэх заалт 40.1.2 дугаар заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4 дэх заалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 20 ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хурлаар хуралд оролцсон гишуудийн 71.4 хувийн саналаар угаагч Т.Саруулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.
Иймд Т.Саруулын нэхэмжлэлийн шаардлагыг дунд сургуулийн захирал Б.Мөнхдалай миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон уг нэхэмжлэхийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Саруул нь 2016 оны 12 сард ажилд орсон тус угаагчийн ажилдаа орох явцдаа тухайн ажилд авсан захирал Цэцэгээ нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дэх заалтыг зөрчиж тус ажилд авсан хүнтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилд авсан байна. Нярав нь тухайн угаагч Т.Саруулын ажлыг шалгасан. Т.Саруулын ажлыг шалгахад ажил үйлчилгээний чиг үүрэг нь сурагчдын ариун цэвэр болон сурагчдын дотуур байрны цэвэрлэгээ үйлчилгээ байрын багшийн амралттай байх хугацаанд байрын сурагчдын дэг журам, амь насыг хариуцан ажиллах чиг үүрэгтэй байх ба ажиллаж байх хугацаандаа сурагчидтай зүй бусаар харьцсан, сурагчдын ахуй болон дотуур байрын цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй цэвэрлэж байсан, ажлын байраа орхин явж ажлын хариуцлага алдсан, ажилтан албан хаагчид сурагчидтай харьцах багаар ажиллах чадвар сул, нийгмийн идэвх муу зэрэг нь ажиллаж байх хугацаанд сурагчид албан хаагчдаас авсан судалгаагаар болон сургуулийн удирдлагын зүгээс хийсэн 2 удаагийн хяналт шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдсон тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дэх заалт 40.1.2 дугаар заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4 дэх заалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 20 ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хурлаар хуралд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар угаагч Т.Саруулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно Тухайн угаагчийг ажлаас нь чөлөөлөхдөө захирлын дээд зөвлөлөөр шийдвэрлээд захирлын дээд зөвлөл нь нийт 9 гишүүн байдаг, нийт 9 гишүүний саналыг аваад 71.4% ажилчин Т.Саруулыг ажлын байдал хангалтгүй байна гэж үзэж ажлаас чөлөөлөх зүйтэй гэж үзээд тухайн угаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Тухайн угаагч нь нийт сургуулийн дотуур байрны нийт 70-80 хүүхэд амьдарч байдаг, угаагч нь тухайн хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байдаг. Т.Саруул нь 5 хоног ажиллаж 2 хоног нь амардаг, амралттай байгаа хоногийн хугацаанд тухайн угаагч нь нийгмийн идэвх олон нийтийн оролцоонд биеэ авч явах байдал сул байдаг учраас 70-80 хүүхдийн амь нас, ариун цэврийн байдлыг даан ажиллаж чадахгүй юм. Энэ нь тухайн угаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч талаас санал болгосон хэргийн 3, 5, 7, 46-48 дугаар талд, хариуцагч талын санал болгосон 18-48 дугаар талд тус тус авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар, дэлгэцээр нэг бүрчлэн харуулан тал бүрээс нь шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Саруулын Гурванбулаг сумын дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 371016 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхдалай зөвшөөрөөгүй, татгалзсан байна.
Нэхэмжлэгч Т.Саруулын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Т.Саруул нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 77 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дунд сургуулийн дотуур байрны угаагчаар ажилд орж ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалаар уг ажлаасаа халагджээ. /хэргийн 5, 7, 39-42 дугаар тал/
”... урьд ажиллаж байсан сургуулийн захирал нь Т.Саруулыг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар Т.Саруултай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4-д зааснаар түр тушаал гаргаж, туршилтын 3 сарын хугацаа хэрэглээгүй хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байсан.Т.Саруулын хувьд ажиллаж байх хугацаандаа сурагчидтай зүй бусаар харьцсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байраа орхин явж ажлын хариуцлага алдсан, багаар ажиллах чадвар сул, ниймийн идэвх муу зэргээр сурагчид болон албан хаагчдаас авсан судалгаа,сургуулийн удирдлагын 2 удаагийн хяналт шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан болох нь тогтоогдсон тул захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хурлаар хуралд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн...” гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхдалай,
“...би 2016 оны 12 дугаар сар,2017 оны 01-03 саруудад ажиллаж цалин авсан, надад туршилтын хугацаа хэрэглээгүй, тушаалд энэ талаар бичигдээгүй миний өмнө ажиллаж байсан хүн нь өөр ажилд орж улмаар би байнгын ажлын байранд ажилд орсон байсан, би ажлаа сайн хийж байсан, алдаа дутагдал гаргаагүй ажилдаа эгүүлэн тогтоолгоно...” гэж нэхэмжлэгч Т.Саруул нар тус тус шүүх болон шүүх хуралдаанд тус тус тайлбар гаргаж маргаан үүсгэсэн байна. Хуульд заасан үндэслэлийг шалгавал:
1. Ажил олгогч Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Цэцэгээ нь ажилтан Т.Саруулыг ажилд авах тухай 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 77 тоот, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 86 тоот тушаалыг тус тус гаргасан байх ба хоёр тушаал гаргасан явдалд ажилтан Т.Саруул буруугүй бөгөөд Т.Саруул нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдах өдөр хүртэл 4 сар цалин авсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлын тушаалууд, Т.Саруулын нийгмийн даатгалын 0749929 тоот дэвтрээр тус тус тогтоогдсон байна. /хэргийн 3, 7, 39-42 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан заалтыг ажил олгогч дунд сургууль буюу сургуулийн захиралд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэг хүлээлгэсэн байхад ажил олгогч байгууллагын захирал нь ажилтан Т.Саруултай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр 4 сарын турш ажиллуулж цалин хөлс олгосонд ажилтан Т.Саруулыг буруутгах хууль зүйн үндэсгүй, ажилтан Т.Саруулыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилтан гэж үзнэ.
Ажил олгогч Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Цэцэгээгийн Т.Саруулыг ажилд авах тухай 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 77 тоот, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 86 тоот тушаалуудад Т.Саруулыг ажилд авахдаа туршилтын хугацаа заагаагүй байх тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажиллуулсан гэж үзэх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажиллуулахаар заасан заалттай нийцэж байна.
Мөн түүнчлэн ажилтныг ажилд авахдаа заавал туршилтын хугацаа хэрэглэхийг хуулиар шаарддаггүй тухайн ажлын байранд талууд харилцан тохиролцож эсвэл урьд ажиллаж байсан ажилтны түр болон бүр ажлаас гарсантай холбоотойгоор болон ажлын онцлог, тодорхой үндэслэл үүссэн зэргийг харгалзан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг тул ажилтан Т.Саруулыг байнгын ажлын байранд туршилтын хугацаагүйгээр ажилд авсан гэж үзнэ.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч, Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Мөнхдалай нь “Т.Саруулыг дотуур байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх тухай“ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадварын... хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг үндэслэл болгосон байх ба ажилтан Т.Саруул нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, шийдвэр гарсан тохиолдолд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт юм. Тухайн ажлын байрны угаагчийн ажил нь ажилтнаас мэргэжил, ур чадвар шаардагддаггүй харин ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн асуудал шаардана.
Мөн ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг нэгэнт цуцалсан бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг ажилтны эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.
3. Аливаа ажил олгогч байгууллага буюу түүний эрх олгосон албан тушаалтан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлах байтал Гурванбулаг сумын дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Мөнхдалай нь ажилтан Т.Саруулд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ болох ажлаас халах шийтгэл ногдуулахдаа Т.Саруулыг дотуур байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах заалтыг баримтлаагүй,
Иймд нэхэмжлэгч Т.Саруулыг Гурванбулаг сумын дунд сургуулийн дотуур байрны угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 371016 төгрөгийг Гурванбулаг сумын дунд сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Т.Саруулд олгож, Т.Саруулын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус сургуулийн санхүүд даалгаж шийдвэрлэв.
Хариуцагч Гурванбулаг сумын дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 11780 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулав.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хэрэгт цуглуулж өгсөн, хэргийн 43-48 дугаар талд авагдсан нотлох баримтууд нь Т.Саруулыг дотуур байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн тухай тус сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалын агуулга буюу тушаал гаргахдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.4-д заасныг нотлох баримт болж чадахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгаар зүйлийн 128.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Саруулыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дунд сургуулийн дотуур байрны угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговорт 371016 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Т.Саруулд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Т.Саруулд олгох 371016 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүргийг Гурванбулаг сумын дунд сургуулийн санхүүд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан уг нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 11780 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ