| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 125.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
2021 06 22 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О Л.Бд холбогдох эрүүгийн 2134000000087 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 1971 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соргог” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Тав аймаг дах сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, О Л.Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б нь 2017 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын төвд 45-77 СЭА улсын дугаартай “Мицибуши Пион” маркийн тээврийн хэрэгсэл дотор 52 настай С.Лхагвасүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан доромжилж, хөхний дээд хэсэгт хазах, 2 гуяны дотор талыг базах, анусруу нь бэлэг эрхтнээ хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Л.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. С.Лхагвасүрэнгийн анус руу бэлэг эрхтнээ хийсэн үгүйгээ мэдэхгүй байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар
Эрүүгийн 2134000000087 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын төвд 45-77 СЭА улсын дугаартай “Мицибуши Пион” маркийн тээврийн хэрэгсэл дотор 52 настай С.Лхагвасүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан доромжилж, хөхний дээд хэсэгт хазах, 2 гуяны дотор талыг базах, анусруу нь бэлэг эрхтнээ хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйл баримт нь эрүүгийн 2134000000087 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
2017 оны 05 дугаар сарын 29-ний тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ...үзлэг хийхэд 45-77 СЭА улсын дугаартай Мицибуши Дион маркийн машин байв. Уг тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр С.Лхагвасүрэн нь Л.Бд хүчиндүүлсэн гэх бөгөөд хойд суудал нь шаргал өнгийн голдоо цагаан оруулгатай байв. Суудлын хүн суух хэсэг гадна талдаа цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг уг тээврийн хэрэгслийн эзэн Очирбат цэвэрлэсэн гэх тул суудлын бүрээсийг сөхөж үзэхэд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр суудал, суудлын бүрээс бохирлогдсон байх тул гэрэл зургаар бэхжүүлж авсан... талаарх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35 дугаар хуудас/,
шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №7156 дугаартай ...С.Лхагвасүрэнгийн биед баруун хөх, гуя, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,
хохирогч С.Лхагвасүрэнгийн ...2017 оны 05 дугаар сарын сүүлээр байсан байх, яг өдрийг нь санахгүй байна. Би Сүмбэр сумын төвд Быд очоод хорхог хийж идчихээд 0.75 литрийн 4 шил архи хамаатнуудаараа хувааж уучхаад Б Очирбат бид гурав эхлээд Дагваа ахыг хүргэж өгчхөөд сумын төв дээр ирээд хуучин колонкийн ойролцоо байсан байх би шөнө байсан болохоор яг газрыг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг газар зогсоод Очирбатыг Б машинаас буу гээд буулгачихсан. Тэгээд Б эхлээд машины хаалгануудыг дотроос нь түгжсэн. Би машины арын суудалд ганцаараа сууж байсан. Б жолоочийн хажуу суудал дээр сууж байгаад арын суудал дээр дамжиж орж суусан. Тэгээд Б миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэнд маань хүрээд байхаар нь боль гээд машинаас буух гэсэн чинь автомашины хаалга түгжигдчихсэн болохоор онгойхгүй байсан чинь Б намайг хүчиндэнэ, бэлгийн харьцаанд орно гээд миний хувцсыг тайлах гээд байхаар нь би эсэргүүцээд дийлэхгүй байж байтал Б хөл цавьнаас базаад цээжнээс хазаад байх шиг байсан. Тэгээд миний хувцсыг тайлаад нүцгэлээд миний хоёр гарыг дээш өргөж байгаад бөгсний нүх рүү бэлэг эрхтнээ хийгээд хөдөлж байгаад болиоч гэж хэлээд миний бөгснөөс бэлэг эрхтнээ сугалж аваад дээрээс боссон. Тэр үед Очирбат хаалга онгойлго гээд цонх нүдээд байж байсан... өмдөө харсан өмд бандааш цус болчихсон байсан...миний бөгсний нүх рүү бэлэг эрхтнээ хийгээд байсан, харин миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийгээгүй...миний цээж хазсан шүдний оромтой хөхөрчихсөн, хөл гуя салтаа хэсгээр хөхөрчихсөн байсан. Тухайн үйл явдал болсноос хойш миний цагаан мах эргэдэг болчихсон. Б миний цээжнээс хазаад хөл гуянаас базлаад байсан... би толгойны хагалгаанд орж байсан болохоор толгойгоо дараад хамгаалаад байсан... /хх-ийн 60-62 дугаар хуудас/
гэрч Л.Эрдэнэчимэгийн ...04 цагийн үед гадаа машин ирээд хашаа руу машин орж ирсэн...жолооч нь төрүүлээд ороод ирсэн, араас нь манай ээж бараг хөлөө зөөж чадахгүй үс гэзэг нь сэгсийчихсэн байсан, би ээж та яачихсан юм танаас сонин үнэр үнэртээд байна, амаа угаа гэчхээд хажуугаар нь гарсан хөл дээрээ тогтож чадахгүй байсан, тэгээд ээж орондоо хэвтчихээр нь хөнжлийг нь засаж өгсөн чинь ээжийн цээж улаан болчихсон байхаар нь за за өглөө асууя гэж бодоод унтуулсан, тэгээд өглөө 09 цаг болгоод Очироо ах, ээж хоёрыг дуудаж босгоод та яачихсан юм гэсэн дугарахгүй байж байснаа намайг Бор ийм болгосон гэсэн...ээж миний бөгс өвдөөд цагаан мах эргээд байна гэхээр нь би болохгүй юм болсон байна гэдгийг ойлгоод эмнэлэгт үзүүлж эмнэлгээс цагдаад мэдэгдсэн... /хх-ийн 65-66 дугаар хуудас/
гэрч Б.Очирбатын ...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай ах дүү нар манай хамаатны дүү болох С.Пүрэвсүрэнгийн гэрт цуглаж ямаа боож идсэн. Бид нар ямаа боож идэхэд Хараа, Ерөөл нэртэй 0.75 граммын архи 5-6 шилийг наймуулаа хувааж уусан. Архи ууж, хоол идэж сууж байгаад шөнийн 00 цагийн үед Пүрэвсүрэнгийн гэрт байсан хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөхөөр болоод Дагваа ах, Б, Лхагвасүрэн нарын хамт явсан. Бид нар эхлээд Дагва ахыг гэрт нь буулгачхаад цаашаа Лхагвасүрэнг хүргэж өгөхөөр явсан. Бид гурав явж байтал Л.Б намайг машинаас буулгасан юм шиг байна лээ тухайн үед бид нэлээн согтуу байсан...намайг машинаас гараад машины хаалгыг дотор талаас нь Б цоожлоод С.Лхагвасүрэнтэй машин дотор үлдсэн, машин дотор 2 цаг орчим болсон...намайг Б хүчээр буулгасан.Л.Б нь надаас том биетэй, бяр чадалтай хүн байгаа юм...07 цагийн үед Лхагвасүрэнгийн бие өвдөөд бие нь хавдаж хөхөрсөн байхаар нь эмч дуудаж үзүүлээд мэдсэн. Би машиндаа суугаад үзтэл машины хойд суудлын бүрээс дээр цусны толбо үлдсэн байсан... /хх-ын 69-70 дугаар хуудас/,
гэрч Г.Энхтуяагийн ...2017 оны 05 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна, ажил дээрээ очоод удаагүй байхад Эрдэнэчимэг, Гантөмөр нар ирээд манай ээж Лхагвасүрэн өнгөрсөн шөнө хүчиндүүлчихсэн байна гэрт очоод үзээд өгөөч гэсний дагуу Лхагвасүрэнгийн гэрт очсон. Гэрт нь очоод үзэхэд Лхагвасүрэнгийн цусны даралт, зүрхний цохилт ихэссэн яг хэд байсныг санахгүй байна, айж caндaрсан байдалтай байсан. ...үзлэг хийхэд гар орчим, 2 хөхний дээд хэсэг, умдагны дээд хэсэг хүйсний доод хэсэг, 2 гуяны дотор талд олон тооны хөхөрсөн, няцралттай байсан, тэгэхээр нь Лхагвасүрэнгээс ямар учраас ийм болсон талаар асуухад манай хүргэн Бороо буюу Б намайг өнгөрсөн шөнө зодож хүчиндсэн тэгэхдээ намайг амаараа хазаад ингээд хөхрүүлчихсэн гэж хэлж байсан. Тэгээд Лхагвасүрэнд эмэгтэйчүүдийг дотуур үзлэг хийхэд үтрээ уужим гар дагаад цайвар шингэн цусархаг зүйл гарч байсан. Мөн бэлэг эрхтний гадна хэсэг шарх болсон хавдчихсан байсныг асуухад хазаад ингэчихсэн гэж хэлж байсан. Лхагвасүрэн надад миний хошного өвдөөд байна гэхээр нь үзэхэд цагаан мах нь наашаа төмбийж гараад хавдчихсан байсан тэгэхээр нь яагаад ингэсэн гэхэд Бороо миний хошного руу бэлэг эрхтнээ хийсэн гэсэн... /хх-ын 64 дүгээр хуудас/
яллагдагч Л.Бы ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би цээжнээс нь хазсанаа санахгүй байна... учир нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Лхагвасүрэнд учруулсан хохирлоо нөхөн төлсөн... /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Л.Бы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 124-127, 132 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Бы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын төвд “Мицибуши Пион” маркийн 45-77 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 52 настай С.Лхагвасүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан доромжилж, хөхний дээд хэсэгт хазах, 2 гуяны дотор талыг базах, анус руу нь бэлэг эрхтнээ хийсэн үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг прокуророос бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байнна.
Гэсэн хэдий ч улсын яллагч шүүхийн хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлтэдээ тус гэмт хэрэг нь хүчиндэх гэмт хэргийн буюу бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийн шинжийг буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх улмаар эрүүгийн хариуцлага оногдуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан зүйл хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан ба 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл хэсэгт ...нэг жилээс таван жил хүртэл... гэж доод хэмжээ нь багассан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэж гаргажээ.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хууль хэрэглээний хувьд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх биш 2015 онд баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан буцаан хэрэглэж, дээрх зүйл хэсгээр зүйлчилж, гэм буруутайд тооцон, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг хэдийгээр 2017 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн боловч цаг хугацааныхаа хувьд 2015 оны баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн хууль нь түрүүлж хэрэгжин үйлчилж эхэлсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн нэмэлт өөрчлөлтөөр тухай зүйл хэсэгт буюу 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт ороогүй тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.
Шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэл нь шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Лхагвасүрэнгийн биеийн аль нэг хэсэгт буюу анус руу нь бэлэг эрхтнээ оруулсан үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг төгссөн гэж үзсэн.
Тэрээр шүүгдэгч Л.Б хохирогч С.Лхагвасүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдалтай байхад нь хүч хэрэглэн, анус руу нь бэлэг эрхтнээ хийж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж, өөрөө хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хангасан, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Л.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй, хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Баас хохирогч С.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болох нь хавтаст хэргийн 51-53, 54-55, 60-62 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Лхагвасүрэнгийн удаа дараагийн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч С.Лхагвасүрэнд мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин хохирогч шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О Л.Быг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000087 дугаартай хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч О Л.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч О Л.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2134000000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч О Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН