Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0857

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Э.Мийн нэхэмжлэлтэй, Оөгдд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Э овгийн Э-ын М,

Хариуцагч: Оөгд

Нэхэмжлэлийн шаардлага: “Оөгд-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие Э овогтой М нь 1987 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, мэргэжлээр тус тус төгссөн, хууль зүйн ухааны болон төрийн удирдлагын магистр цолтой төрд 31 жил оюуны өмчийн салбарт 24 жил ажиллаж байгаа төрийн албан хаагч юм.

1987 онд МУИС төгссөнөөсөө хойш Завхан аймгийн АДХГЗ-д / хуучин нэрээр/ хуулийн хэлтэст кодификаторч, арбитрч, ахлах арбитрч, Завхан аймгийн сум дундын шүүхэд шүүгч, аймгийн шүүхийн гишүүн, шүүгч, Дархан хотын ХЗЗӨГ-т зөвлөгч- өмгөөлөгч зэрэг ажил хийж байгаад 1996 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс өнөөг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Оюуны өмчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт Зохиогчийн эрхийн газрын дарга, Оюуны өмчийн газарт Зохиогчийн эрхийн хэлтсийн даргаар тус тус ажиллалаа.

Энэ хугацаанд Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай / 1996,1999 оны нэмэлт өөрчлөлт/, Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай/1998 он/, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/ 2006 он/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай / 2010 он/, Зар сурталчилгааны тухай хууль /2002/, Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай хууль зэрэг хуулиуд болон оюуны өмчийн салбарын олон улсын гэрээнд нэгдэх 10-аад хууль, оюуны өмчийн салбарын 30-аад дүрэм журмын төслийг боловсруулан батлуулснаар өнөөг хүртэл мөрдөгдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхийг хангах үүднээс оюуны өмчийн хяналтын тогтолцоог анх санаачлан, холбогдох хууль, дүрэм журмын төслийг боловсруулж батлуулснаар оюуны өмчийн зөрчил манай улсад харьцангуй буурч байна. Бүтээл ашигласны төлбөрийг зохиогч эрх эзэмшигч нарт хуваарилдаг дэлхий нийтийн тогтолцоог монгол улсад нутагшуулах үүднээс хамтын удирдлагын байгууллагын тогтолцоог бий болгосноор жилд 200 гаруй сая төгрөгийг зохиогч эрх эзэмшигч нарт хуваарилдаг болсон.

Төрийн ажил хийхийн зэрэгцээ оюутан сурагчдад оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр МУИС, Отгонтэнгэр, Шихихутаг, Их засаг, Идэр, Халх журам зэрэг хууль зүйн сургууль, ХААИС, СУИС зэрэг сургуулиудад нийт 1000 гаруй оюутнуудад хичээл зааж” Оюуны өмчийн эрх зүйн үндсэн асуудлууд” ном, Японы Патентийн сэтгүүлд Монгол улсын оюуны өмчийн салбарын өнөөгийн хөгжил сэдвээр 2 удаа өгүүлэл нийтлүүлж, олон улсын хуралд илтгэл тавьж хэлэлцүүлж байсан.

Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Ийнхүү төрийн албаны тангарагтаа 31 жил тасралтгүй хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байхад тус Оөгд Э.Эхууль зүйн үндэслэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-нд тушаал гарган ажлаас халсанд гомдолтой байна.

Оюуны өмчийн газар 2016 онд Улсын Бүртгэлийн Ерөнхий газартай нэгтгэгдсэн байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 12-нд УИХ-ын шийдвэрээр бие даан ажиллах болж улмаар газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Э2018 оны 6 дугаар сард томилогдон ирсэн.

Э.Э2018 оны 9 дүгээр сараас эхлэн намайг өргөдлөө өг ажлаас гар гэдэг ажлын байрны дарамт үзүүлсэн бөгөөд миний бие хууль зүйн үндэслэлгүй учраас өргөдлөө өгөх боломжгүй, 2019 оны 4 дүгээр сард 55 насанд хүрч тэтгэвэрт гарна гэж хэлсэн ч тэр хамаагүй гэж дарамталсаар байгаад миний ажил үүрэгтэй хамааралгүй шалтгаан заан ажлаас үндэслэлгүй халсан байна.

Эхлээд хэлэхдээ та мэдлэгтэй байна чадвартай байна, ажлаа сайн хийгээд байна, ажлын төлөө зүтгээд байна, олон нийтэд нэр хүндтэй байдал чинь яамныханд таалагдахгүй байна гэж хэлдэг байснаа сүүлдээ Ц.Н******* сайд таныг хал, явуул гэж хэлсэн гэх болсон юм. Миний бие ажлаас халагдах болсон шалтгааныг мэдмээр байна гэхээр сүүлдээ цалинтай чөлөө өгье гэх болсон. Цалинтай чөлөө олгох нь ч гэсэн хууль зүйн үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн учраас зөвшөөрөөгүй, ажлыг маань хийлгэхгүй гээд байгаа шалтгааныг мэдмээр байна гэж би хэлж зөвшөөрөөгүй юм.

Монгол улсын төрийн албыг мэргэшсэн тогтвортой байх, улмаар төрийн дархлаа, үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн албан хаагчийн үүрэг чухал гэ ж үздэг учраас хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие ажил үүргээ хангалттай биелүүлж ирсэн гэж боддог, олон нийт ч намайг тэгж үнэлдэг.

Өнөөг хүртэл ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй, фэйсбүүкээр хүний нөөцийн ажилтан надад халсан тухай мэдэгдсэн, тухайн өдөр миний бие ханиад хүрээд өвчтэй байхад тушаал гаргасан, Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, Төрийн албаны тухай хуулийн 23, 25 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй байхад ажлаас халсан нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие Төрийн албаны зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 26-нд гомдлоо гаргасан бөгөөд ажлаас халсан нь хууль бус, үндэслэлгүй тухай дүгнэлтийг 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 230 тоотоор Оөгд Э.Э хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хувийн эрх зүйтэй холбоотой гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм. Үүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 18-ний өдөр харьяаллын маргаан мөн гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хурлаар хэлэлцэн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд хууль бусаар ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоон өгч, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Ажилгүй байсан үеийн цалингаас гадна оны эцэст ажилласан хугацаа, ажил үүргээ хангалттай биелүүлсэн эсэхээс үл хамааран хүн бүрт нэг сая төгрөгийн урамшуулал олгосон байсан учир бүтэн жил шахам хугацаанд ажил үүргээ хангалттай биелүүлсэн тул урамшуулал авах эрхтэй гэж үзэж байгаа юм.

Миний сарын цалин 1 сая 132 мянган төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаагаар, /одоогоор 5 сар болж байна/ урамшуулал 1 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс цалингийн хэмжээ нэмэгдсэн тул нэмэгдсэн хэмжээгээр нэхэмжилж байна.

... Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажлаас халсан Оөгд-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 тоот тушаалыг хууль зөрчиж гарсан үндэслэлээр хүчингүй болгож, Зохиогчийн эрхийн бүртгэлийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоон өгч, ажилгүй байсан хугацааны цалинг урамшууллын хамт гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Оөгдд даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна.

... Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс өгөх ёстой материалаа өгөөгүй байсан нь миний буруу мэт тайлбарлаж байна. Дүгнэлтээс үзэхэд фондод байхгүй байсан гэсэн байна. Фондод байхгүй гэдэг нь 1994 оноос хойших бүх зохиогчийн эрхийн бүтээлийн байгаа хэсэгт нь тооллого хийсэн байна. 1276 эх бүтээл огт байхгүй гэж байна. 1276 эх бүтээл гэдэг нь газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаал гарсан 2018 оны 8 дугаар сараас хойш 1 сарын тодор үзэхэд 1276 бүтээлийн эх баримтыг аваагүй байна гэж буруутгах үндэслэлгүй. 1276 эх бүтээл байхгүй байна гэдэг нь фондод байхгүй байна гэсэн үг. Түүнээс зохиогчийн эрхийг бүртгэх материалаа авчихаад түүнийг архивч рүү шилжүүлэх процесстой энэ дүгнэлт хамааралгүй.  1276 бүтээл намайг ажил авахад ч дутуу байсан. Тэр  хэвээрэй явж байгаа. Тухайн үед нь тооллого хийгээд нөхөн бүрдүүлэлт хийж чадахгүй байсан зүйл байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн миний чиг үүрэгтэй хамааруулж байгаа нь буруу. “Э*******” ХХК-ийн зохиогчийн эрхийг бүртгэхээс татгалзах юм бол маргаан шийдвэрлэх газар болон шүүхэд өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Комиссын бүрэлдэхүүнд орсон бүрэлдэхүүн нь шинэ бүтээлийн шинжээч зэрэг хүмүүс байгаа. Патент гэдэг нь бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, ашигтай загвар  гэж гурван өөр объект. Тэгэхээр шинэ бүтээл гэдэг мэдүүлэг бүрдүүлчхээд томьёолох хэсгээрээ бүтээгдэхүүний загварт олгох патент олгоно гэвэл өгөхгүй. Архитектурын бүтээлээр бүртгүүлнэ гэчхээд фото зураг хавсаргаж өгсөн. М******* ХХК архитектурын бүтээл авч ирсэн тул өгсөн. Түүнээс хувийн сонирхлоор өгөхгүй байсан зүйл байхгүй. “Э*******” ХХК-д түүнийг хийсэн хүн байхгүй. Зохиогч нь М******* ХХК-д байсан. Энэ хоёр компанийн маргаантай асуудалд намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. 15,000,000 төгрөгийн тухайд энэ мөнгийг намайг авч ашигласан байна гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байхгүй. Оюуны өмчийн салбарыг боддог байдлаас болж ийм зүйл болсон. Б/32 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээ тайлбарлахдаа тооллогын комиссын дүн, “Э*******” ХХК-ийн гомдлыг шалгасан комиссын дүгнэлтийг тайлбарлаж байна. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй хамааралтай байх ёстой. Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр манай зохиогчийн эрхийн хэлтсийн хариуцах чиг үүрэгт нь хамаарсан ажлыг хангалтгүй биелүүлж энэ нь үр дүнгийн гэрээгээр нотлогдсон бол албан үүргээ хангалтгүй гэж үзэх боломжтой. Фондод байгаа гэж байгаа тул улсын бүртгэлийн архив хариуцсан нэгжийн асуудлыг ярьж байна. Бүрэн бүтэн байдлыг хариуцах нь архивчийн үүрэг. Архивч, шинжээч гэх албан тушаалыг бий болгосон гэж намайг буруутгаж байна. Энэ нь 2018 оны 6 дугаар сард болсон. Түүнээс хойш 2 сарын дотор хийсэн зүйлээр намайг буруутгаж байна. Түүнээс өмнө архивчийн орон тоо байхгүй байсан. Дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.7, 10.2.8 дугаар зүйлийг баримталсан гэж зохиож тайлбарлаж байна. Тушаалд 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.2.7, 10.2.8 дугаар хэсгийг үндэслэсэн бол тушаалдаа дурдах байсан. Сахилгын арга хэмжээ аван талаар надад мэдэгдээгүй. Нэг удаа яагаад хоцорсон бэ гэж Э.Эдарга асуусан. Тэр өдөр нь  номын сангийн консисум дээр семинартай байсан. Өглөө орж хуруугаа бүртгүүлчхээд гардаг гэж тайлбарлаж байна. Цагийн бүртгэл системээр харагдана. Түүнээс хэн нэг хүн намайг ажилдаа ирчхээд явдаг гэж тайлбарлаж байгаа нь нотлох баримт болохгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Ажлаас халах нь сахилгын шийтгэл биш гэж байгаа нь ойлгомжгүй байна. Чиг үүрэгтэй хамааралгүй үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байна. Чиг үүрэгтэй хамааралгүй үүрэг гүйцэтгээд байна гэдэг нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгтэй яаж холбогдоод байгаа юм. Би өөрийн ажлын байранд заасан чиг үүргээс ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн бэ гэдэг нь нотлогдохгүй байна. Үр дүнгийн гэрээг харгалзахгүй байж болохгүй. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх дүгнэх журамд заасан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг би хангалттай биелүүлж ирсэн гэдгийг үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцсон илтгэх хуудсаар нотлогдож байна. Үр дүнгийн гэрээнд архив, фондтой холбоотой чиг үүрэг байхгүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Б.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан Э******* овогтой М нь "Х*******” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай холбоотой төсвийн орлого болох их хэмжээний мөнгийг бэлэн мөнгөний орлогын баримтыг хувьдаа завшсан асуудалд холбогдсон юм. Х******* компани нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгуулах тухаи” хүсэлтэд Э.Мид холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх нотлох баримт хавсаргагдсан байсан. Оөгд-ын 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/83 дугаар тушаалаар Х******* компанийн эзэмшиж буй 6541 дугаартай “К*******” барааны тэмдгийн үнэлгээ хийх комиссыг байгуулсан бөгөөд уг комисс 2018 оны 8 дугаар сарын 8- ны өдөр хуралдаж, мөн өдрийн 3/272 тоот албан бичгээр дээрх барааны тэмдгийн үнэлгээг 1.500.000.000 төгрөгөөр баталгаажуулсан байдаг. Үүний дагуу Оюуны өмчийн газрын 6 дугаар батламжийг Х******* компанид олгосон. Тус компани нь Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 59 дүгээр тушаалын 15 дахь заалтад Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулахад үнийн дүнгийн 1-5 хувийг Оюуны өмчийн газарт төлөх, Оөгд-ын 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 65 дугаар тушаалаар баталсан “Оюуны бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам”-ын 2.13 дахь заалтад “Үнэлгээ тогтоосон болон баталгаажуулсан тохиолдолд хүсэлт гаргагч нь тогтоосон хэмжээгээр үйлчилгээний хөлс төлнө” гэж заасны дагуу барааны тэмдгийн үнэлгээг баталгаажуулсан ажил үйлчилгээний хөлсөнд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөгийг төлсөн байдаг.Гэтэл Оюуны өмчийн газрын дансанд тушаагдах ёстой байсан 15.000.000 төгрөгийг байгууллагын санхүүгийн хувьд ямар нэг эрх эдэлдэггүй Э.М нь бэлэн мөнгөний орлогын баримтыг хууль бусаар ашиглан гарын үсэг зурж аваад байгууллагын дансанд хийгээгүй байсан. Үүнийгээ өөрөө ч гэсэн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Оюуны өмчийн газрын Голомт банк дахь дансанд тушаасан. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн Б/32 дугаар тушаалын үндэслэл нэгдүгээрт Х******* ХХК-ийн барааны тэмдгийн үнэлгээний 1,5 тэрбум төгрөгийн 1 хувь болох 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын А/16 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед манай байгууллагын данс хаагдсан байсан. Гэхдээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сангийн яамнаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд баримт ирүүлсэн. Уг баримтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дансыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нээсэн болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Э.М нь уг үнэлгээний батламжийн хөлс болох 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн аваад 6 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хийх боломжтой байсан. Гэтэл уг мөнгийг дансанд хийлгүйгээр 2 жил 4 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Оюуны өмчийн газрын дансанд хийсэн. Дансанд шилжүүлэх болсон шалтгаан нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Х******* ХХК-иас Оюуны өмчийн газарт албан тоот явуулж манай үнэлгээний батламжийн хугацаа дуусаж байгаа тул сунгаж өгнө үү гэсэн. Уг албан тоотод 15,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард төлсөн гэж дурдсан. Тухайн үед 15,000,000 төгрөг манай дансанд ороогүйг мэдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Голомт банк дахь дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2 жил 4 сарын хугацаанд хувийн дансандаа байлгаж яаж зарцуулсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан төрийн байгууллагын мөнгийг бэлнээр хүлээж авч ашигласан. Мөн Оюуны өмчийн мэдээллийн сангийн нэгдсэн тооллого хийсэн. Нэхэмжлэгч болохоор зөвхөн зохиогчийн эрхтэй холбоотой тооллого хийсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалын дагуу 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, зохиогчийн эрхийн мэдээллийн сан зэрэгт тооллого хийж нэгж тус бүрээр нь тайлан гаргасан. Үүнээс зохиогчийн эрхийн бүтээлийн хадгаламжийн нэгжийг тоолоход сангийн хадгаламжид нийт 9860 нэгж байх ёстойгоос мэдүүлэг нь байгаа боловч зохиогчийн эрхийн мэдээллийн сангийн хадгаламжийн нэгжид 8584 бүтээл тоологдож 1276 эх бүтээл огт байхгүй. Тоологдвол зохих 9860 мэдүүлгээс 8838 нэгж тоологдсон. Эх бүтээл нь байгаа боловч тооллогод хамрагдаагүй буюу огт байхгүй 162 мэдүүлэг байна гэсэн дүгнэлт гарсан.  Мөн эх бүтээл нь мэдээллийн санд хадгалагдаж байгаа бөгөөд зохиогчийн эрхийн бүтээлээр бүртгүүлэх хүсэлт нь архивын нэгжид хадгалагдаагүй 36 мэдүүлэг байна гэсэн тайлан гарсан. Энэ нь зохиогчийн эрхийн буюу нэхэмжлэгчийн хариуцаж байсан хэлтсийн бүтээлийн хадгаламжийн нэгжид хийсэн  тооллого. Бусад ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн патентийн нэгжүүдтэй ямар ч хамааралгүй. “Э*******” ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулж Хууль зүй дотоод хэргийн сайдад гомдол ирсэн. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Оюуны өмчийн газарт өргөдөл гомдлын дагуу шалгах тухай албан тоот ирсэн. Үүний дагуу комисс томилогдож шалгаж дүгнэлт гаргасан. Комиссын дүгнэлтээр нэхэмжлэгч Э.Мийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан тайлбар нь С*******ХХК-д явуулсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9/4070 тоот албан бичигт зохиогчийн эрхийн бүтээл биш гэж үзсэн нь утга агуулга болон хууль зүйн хувьд зөрчилдөж байна. Мөн Э.М нь хуулиар өөрийн эрхэлж буй албан тушаалын чир үүрэг болон эрх хэмжээгээр олгогдоогүй хууль бус үйлдэл хийж дээрх мэдүүлгийг бүртгэхгүй татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтыг зөрчин зохиогчийн эрхийн бүтээлээр бүртгүүлэх тухай мэдээллийг Оюуны өмчийн газрын Архивт авч үлдэлгүйгээр тус компанид буцааж хүргүүлсэн зэрэг зөрчил гаргасан болохыг тогтоож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт гарсан. Эдгээр үндэслэлээр 2018 оны Б/32 дугаар тушаал гарсан. Мөн нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарладаг.  Бидний зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гарган Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт Оюуны өмчийн газрын 414 тоот өрөөнд сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдсэн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Сонсох ажиллагааг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийлгэхгүй, оролцохгүй гэж мэдэгдэж сонсох ажиллагаа хийх боломжийг нэхэмжлэгч бүрдүүлж өгөөгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Санхүүгийн чиг үүргийг надад хамаатуулан ажлаа хэтрүүлэн хийлээ гэж байгаа юм уу гэж тайлбарлаж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт тогтоосон чиг үүргийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл тогтоосон журмаар бол нэхэмжлэгч санхүүгийн чиг үүргийг хэрэгжүүлж баримт үйлдэж мөнгө хүлээж авах үүрэггүй. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтод байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон архивын хууль тогтоомжийн дагуу архивын баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрдүүлж эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөх, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж, гэрчилгээ олгох журамд зааснаар цаг хугацаанд нь гаргаж өгөхөд хяналт тавих, гүйцэтгэлийн удирдлагаар хангах зэрэг чиг үүрэг байна. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажлын байрны тодорхойлолтод чиг үүргийг дэлгэрэнгүй заасан. Үүнд авилга ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах гэж заасан. 15,000,000 төгрөгийн тухайд ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэж байгаа.  Мөн зохиогчийн эрхэд холбогдох тодорхой асуудлаар тодорхой зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавих зэрэг чиг үүрэг байна. Эдгээр нь өмнөх ажлын байрны тодорхойлолтод ч мөн байсан. Газрын дарга, хэлтсийн дарга нар харьяа газар нэгжийнхээ ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, өдөр тутмын ажлын удирдан зохион байгуулах үүрэгтэй. Үүний дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэж ажлаас халсан. Тиймээс надад хамаагүй гэж байгаа нь удирдах ажилтны хувьд хариуцлагагүй тайлбар байна гэж үзэж байна. Гаргасан зөрчилд бүрийг шалган тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар харагдсан. “Э*******” ХХК-ийн гэрчилгээг олгосон үгүйг сайн мэдэхгүй байна. Э.Эдаргаас асуухад шинээр хүсэлтээ гаргаагүй тул өгөөгүй байгаа. Гомдлыг нь шалгаад шийдвэр гаргаж хүргүүлсэн. Тухайн баримт материалууд нь Архивт хадгалагдаагүй. Тиймээс боломжгүй байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлээр ажлаас халаагүй. Сахилгын шийтгэлээр халж байгаа тохиолдолд 26 дугаар зүйлийг баримтлах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр халсан. Энэ нь өөр ойлголт гэдгийг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Оөгд-ын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Оөгд-ын 2018 оны Б/32 дугаар тушаалд тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/14 тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2-т заасныг үндэслэн “Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мийг төрийн албанаас халж[1] шийдвэрлэжээ.

Актын хууль зүйн үндэслэлээс үзвэл Оөгд нь Э.Мийг захиргааны санаачилгаар төрийн албан хаагчийг төрийн албанаас халж байгаа эсэх, эсхүл төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа эсэх алин болох нь тодорхойгүй алдаатай захиргааны акт болжээ.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлд Оөгд-ын 2018 оны Б/32 дугаар тушаалд тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын “Арав. Сахилгын шийтгэл ногдуулах” хэсгийн 10.2-т “Албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд шууд халах үндэслэл болох бөгөөд ...” гэж заасныг дурьдаж Э.Мид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тус газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг шүүхэд ирүүлсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын 10.4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...”[2] гэж заасныг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан талаар тайлбарлаж маргаагүй, түүнчлэн маргаан бүхий актад “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн” гэж заасан байх тул шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс Оөгд-ын 2018 оны Б/32 тоот тушаалыг эс зөвшөөрч “Архивын материалын бүрдүүлэлт дутуу байга нь миний ажлын байрны чиг үүрэг хамаарахгүй бөгөөд хяналт шалгалт хийх эрх хэмжээгүй этгээдүүдийн дүгнэлтийг үндэслэж ажлаас халсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.М нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эсэх тухайд маргаагүй, харин “хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцсан нэгжийн архивын баримт бичгийг бүрдүүлээгүй, төрийн байгууллагад төлөгдвөл зохих мөнгийг бэлнээр авч төрийн байгууллагын дансанд тушаалгүйгээр 2 жил гаруй хугацаанд ашигласан нь тогтоогдсон тул маргаан бүхий акт зорилгодоо нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан байх ба “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэж төрийн албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдолд төрийн албан хаагч нь удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлыг шалган тогтоосон байх шаардлагатай юм.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас Зохиогчийн эрхийн хэлтсийн  дарга  Э.Мийн  2017  оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “А” буюу маш

сайн гэж дүгнэжээ[3].

Мөн газрын даргаас Зохиогчийн эрхийн хэлтсийн даргатай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”[4] байгуулсан байх боловч уг гэрээг хагас жилээр дүгнэсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлсэнгүй.

Оөгд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулагдсан Архивын тооллогын комиссын тайланд “...Зохиогчийн эрхийн бүтээлийг 1994 оноос эхлэн архивт хадгалж ирсэн...” [5] гэсэн байх ба уг тайланд дурьдсан зохиогчийн эрхийн бүтээлийн сангийн хадгаламжид байх ёстой 9860 нэгжээс 1267 эх бүтээл байхгүй, эх бүтээл нь байгаа боловч тооллогод хамрагдаагүй 162 мэдүүлэг, эх бүтээл нь байгаа боловч хүсэлт нь хадгалагдаагүй 36 мэдүүлэг байна гэсэн нь аль цаг хугацааны бүтээл, мэдүүлэг болох нь тодорхойгүй байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баталсан зохиогчийн эрхийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3.11.4-т “...архивын баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрдүүлж, хугацаанд нь эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх”[6] чиг үүрэгтэй байхаар заажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар хавсралтаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”[7]-ийн 4.10-т зааснаар “... эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлийн архивын сан хөмрөг бүрдүүлэх” чиг үүрэг нь тус газрын архивын асуудал хариуцсан нэгжид хамаарч байсныг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалын хавсралтаар зохиогчийн эрхийн хэлтэст “мэргэжилтэн-архивч”[8]-ын орон тоог бий болгож уг хэлтэст шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Оөгд-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулагдсан Архивын тооллогын комиссын тайлангаар тогтоогдсон гэх “архивын материал дутуу” зөрчил нь дан ганц нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэгт хамаарахааргүй байхад хариуцагч нь уг зөрчлийг нарийвчлан нягталж шалгаагүй, зөрчлийг тогтоогоогүй нь буруу байна.

Учир нь хариуцагчаас Э.Мийн 2017 оны ажлын үр дүнг сайн гэж үнэлсэний дараа цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн тооллогын комиссын тайланг үндэслэж нэхэмжлэгчийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд архивын материал дутсан нь архивын баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрдүүлж, хугацаанд нь эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалсан эсэхийг нэгбүрчлэн шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн албан үүргийн биелэлтийг дүгнэх шаардлагатай байжээ.

 

“Э*******” ХХК-иас гаргасан гомдлыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтэд “Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зохиогчийн эрхийн бүтээлийг дээрх үндэслэлээр гэрчилгээ олгохгүй, татгалзан буцаах тухай зохицуулалт байхгүй. Харин Э.М нь эрх хэмжээ олгогдоогүй хууль бус үйлдэл хийж дээрх мэдүүлгийг бүртгэхгүй татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна”[9] гэжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг нэрлэн заасны дотор зохиогчийн эрхийг бүртгүүлэхээр ирүүлсэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах эрх хэмжээ байхгүй байхгүй байхад Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Моос “...танай ирүүлсэн бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл биш тул бүртгэх боломжгүй”[10] гэсэн хариуг өгсөн байх тул ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс “Оөгд-ын 2018 оны А/20 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг зохиогчийн эрхийн асуудлаар мэргэшээгүй мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн нь хууль бус” хэмээн тайлбарлан маргах боловч Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын ажлын үр дүнг үнэлэх эрх бүхий этгээд болох Оөгд нь хуулийн этгээдийн гомдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах замаар эрхээ шилжүүлж дүгнэснийг буруутгах боломжгүй.

“Х*******” ХХК-аас 6541 тоот барааны тэмдгийн үнэлгээ баталгаажуулсан үйлчилгээний хөлсөнд төлсөн 15 сая төгрөгийг Э.М нь 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр бэлнээр хүлээн авсан болохоо үгүйсгээгүй ба тухайн цаг хугацаанд Оюуны өмчийн газар нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдаж тус газрын Голомт банкин дахь 1415111840 тоот 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээгдсэн болох нь Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарны 20-ны өдрийн 12-2/4211 албан бичгээр[11], мөн Э.М нь энэхүү үйлчилгээний хөлсийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкин дахь Оюуны өмчийн газрын 1175116159 тоот дансанд төлсөн болох нь тус банкнаас ирүүлсэн дансны хуулгаар[12] тус тус тогтоогдов.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээлэл, технологийн албанаас ирүүлсэн тодорхойлолтод “Прокурорын байгууллагын гэмт хэргийн бүртгэл, мэдээллийн цахим санд /2014-2019/ УС******* регистрийн дугаартай Э******* овогтой Мид холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг байхгүй”[13] гэснээс үзвэл, энэхүү зөрчил нь нь албан хаагчаас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Харин Э.Моос төрийн байгууллагад төлөгдвөл зохих үйлчилгээний хөлсийг төрийн байгууллагын дансанд тушаагаагүй 2 жил гаруй болсон явдал нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах, эсхүл мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж болох боловч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн эдгээр зохицуулалтуудыг хэрэглээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “15 сая төгрөгийг төрийн байгууллагын дансанд төлөлгүйгээр 2 жил 4 сарын хугацаанд ашигласан нь төрийн албан хаагчийн хувьд байж болохгүй явдал” гэсэн тайлбарт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Моос “албан үүргээ удаа дараа/2 буюу түүнээс дээш удаа/  хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул Оөгд-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 тоот тушаал нь төрийн албан хаагчид хуулиар олгогдсон “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг алдагдуулсан шийдвэр болжээ.

Иймд Э.Мийг Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2018 оны 11 дүгээр сарын 29-өөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 258 хоногоор тооцож Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т тус тус “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нийт 16,246,327 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Оөгдд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оөгд-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Мийг О өн г З-ийн э-ийн х-ийн д-ын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Мийн ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 29-өөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт олгох 16,246,327  /арван зургаан сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин долоон/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Оөгдд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 198-209 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 385 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь талд

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь талд

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь талд