Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0645

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0544 дүгээр  шийдвэр

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Барилга хот байгуулалтын сайд

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Б.Чт, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0145/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0544 дүгээр шийдвэрээр “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1.5, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15, 33.1.25-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-аас Барилга, хот байгуулалтын сайдад холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын  сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

3.1. улсын комисс хүлээн авснаас хойш 2 жилийн дараа Г аймаг дах Анагаах ухааны сургуулийн барилгын ашиглалтын талаарх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт зохицуулалт албатай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний 32.0-д зааснаар “чанарын баталгаат хугацаанд одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн дагуу 3 жил байна” гэж зааснаар баталгаат хугацааны чанарын зөрчлийг арилгуулахаар гаргасан улсын байцаагчийн акт гэж үзэн зөрчлийг өөрийн хөрөнгөөр засаж, сайжруулсан байдаг. Гэтэл улсын байцаагчийн актын дүгнэлт заасан зөрчлийг засаж сайжруулж байх хугацаанд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуульд заасан Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусаагүй байсан тул тухайн дүгнэлтийн нэхэмжлэгчид чиглэсэн зөрчлийг залруулах ажиллагаа явагдаж байгаа учраас уг актын талаар маргаагүй. Мөн Г аймгийн Анагаах ухааны их сургуулийн барилгын ашиглалтын үйл ажиллагааг тус аймгийн М ХХК нь хариуцаж байгаа тул улсын байцаагчийн актын нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэсэн захиргааны акт гэж үзэхгүй юм.

3.2. Цаашлаад тухайн дүгнэлт нь барилгын гүйцэтгэгч буюу М ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар шууд заагаагүй буюу цаашид хийж, засаж залруулах шаардлагатай ажилд дүгнэлт өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс талуудын маргаж буй бүхий л үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй бол яагаад дүгнэх шаардлагагүй талаар шийдвэртэй үндэслэл бүхий байдлаар тусгах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан.  Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь маргаж буй захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй бөгөөд Судлан тогтоох зарчим, Сонсох ажиллагаа, Нотлох зарчим-ыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Учир нь "Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт зохицуулалтын албатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 32.0-д зааснаар чанарын баталгаат хугацаанд одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн дагуу 3 жил байна гэж зааснаар баталгаат хугацааны чанарын зөрчлийг арилгуулахаар барилгын ажлыг засварлаж байх хугацаанд М ХХК-нд огт мэдэгдэлгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгаа.

3.3. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзэх баримт тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс уг маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчим хангагдаагүй байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж зааснаар шийдвэр гаргаж буй шүүх нь хэрэгт авагдсан бүхий л баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж гагцхүү шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчжээ. Мөн маргааны зүйл болох Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-020/84 дугаар дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгсөн нь тухайн байцаагчийн дүгнэлтийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-дэх хэсгээс харж болно.

3.4. Нотолгооны зүйлд багтаж буй нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой зев илэрхийлж чадах нотлох баримтын шинжийг нотлох баримтын үнэн зөв байдал гэнэ. Бодит байдлын тухай үнэн мэдээлэл агуулж буй нотлох баримт л үнэн зөв байна. Үнэн зөв биш нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсхүл үгүйсгэх чадваргүй байна. Тийм ч учраас нотлох баримтын үнэн зөв байдал заавал шалгагдах ёстой юм. Тухайлбал, нотлох баримтын үнэн зөв байдал нь цугларсан бух нотлох баримтын хоорондын уялдаа холбоо, харьцуулсан судалгаа зэргээс шалтгаална. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэр гаргахад гол нотолгоо болсон Мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-020/84 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд шууд чиглээгүй, нөгөөтээгүүр барилгын тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл болохгүй байтал шүүх анхаарч үзсэнгүй.

3.5. Хариуцагч нь барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээ нь байгаа боловч хүчингүй болгох нехцөл байдлыг судлан тогтоох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн эсэх, бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгох зайлшгүй шаардлага байсан эсэхийг анхаарч үзээгүй бөгөөд зөвхөн цуцлах эрхийн хэм хэмжээг дурдан үндэслэлтэй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн хамгийн гол нь шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15-д ... барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ алдаа, зөрчлүүд гарсан байх бөгөөд энэ нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож, нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байх тул дээрх дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч М ХХК-ийн барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ. Дээрх дүгнэлтээс харахад шүүх хэргийн нөхцөл байдлыг ганцхан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоож, тодорхойлж байгааг харж болно. Шүүх нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилготой гэтэл анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүхийн алдаа жижиг гэж тооцогдохгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдог. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0544 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Анх Барилга, хот байгуулалтын сайдаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр БУ19-858/21 дугаартай тусгай зөвшөөрлийг “М ” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгож, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 216 дугаар тушаалыг үндэслэн “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ болон “М ” ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр БУ-19/858/21 дугаартай Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээг байгуулжээ.

2.2. Улмаар маргаан бүхий Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Барилгын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэмэлт ажлын төрлөөр олгох, сунгах, зарим тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 124 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.14.3, 15.14.6, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.3, 20.5, 20.6, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь заалт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-020/84, 01-07-020/08/83/376 дугаартай дүгнэлт, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам-ыг тус тус үндэслэн “М ” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан Барилгын тухай хуульд заасан зүгшрүүлэг, тохируулгын ажлыг өөрийн санаачилгаар болон ашиглагч байгууллага, эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, дүгнэлтийг хүлээн авч засаж сайжруулах, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн тул Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай тушаалын М ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

2.4. Анхан шатны шүүх ...хариуцагч барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага, нөхцөлд хяналт тавьж ажиллах эрхтэй. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “М ” ХХК нь Г аймгийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Анагаах ухааны коллежийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ алдаа, зөрчлүүд гаргасан байх бөгөөд энэ нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож, нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргалгүй хүчин төгөлдөр болсон байх тул дээрх дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч “М ” ХХК-ийн барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Улсын байцаагчийн актын дүгнэлтэд заасан зөрчлийг засаж сайжруулж байх хугацаанд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ... Шийдвэр гаргахад гол нотолгоо болсон Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны 07-020/84 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд шууд чиглээгүй, нөгөөтэйгүүр барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй... гэх гомдлыг хангах боломжгүй байна.

2.6. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г аймаг дахь анагаах ухааны их сургуулиас Улсын Их Хурлын гишүүн Б.Э -д хандан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дугаар дэмжлэг хүсэх тухай ... Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн газраас М компанид удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тус компани зөрчил дутагдлыг арилгах талаар ямар ч ажил хийсэнгүй гэх албан бичгийг хүргүүлсэн. Үүний дараа Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгч М ХХК-д хандан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаж, засвар үйлчилгээг хийж хэвийн үйл ажиллага явуулах нөхцлийг бүрдүүлж өгөхийг мэдэгджээ.

2.7. Үүний дараа нэхэмжлэгч М ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан ... манай компани нь 2 удаа очиж гаргасан зөрчлийг арилгаж засварласан гэх албан тоот хүргүүлсэн. Барилга, Хот байгуулалтын яам нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3/859 дүгээр албан тоотоор Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахыг хүсэж, улмаар маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-07-020/84 дүгээр дүгнэлт гарсан байна.

2.8. Дээрх үйл баримтаас үзвэл Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын хяналт шалгалтын талаарх албан бичиг, Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй хэдий ч тухайн баримтыг хэрхэн үнэлж, шийдвэр гаргах нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм.

2.9. Хэдийгээр нэхэмжлэгч “М ” ХХК нь Улсын байцаагчийн актын дүгнэлтэд заасан зөрчлийг засаж сайжруулж байх хугацаанд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх боловч Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгч М ХХК-д ... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаж, засвар үйлчилгээг хийж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж өгөхийг мэдэгдэж, уг хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/740 дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байх бөгөөд заасан хугацаанд зөрчлөө арилгаж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцлөөр хангаагүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд “... Г аймаг дах Анагаах ухааны сургуулийн барилгын ашиглалтын явцад үүссэн дээрх нөхцөл байдал нь гэрээнд заасан чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгч байгууллагаас илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч чанарын шаардлагыг бүрэн гүйцэд хангуулаагүй, захиалагч, зураг төслийн байгууллагаас тухайн ажлуудад тавих хяналтыг хангалтгүй гүйцэтгэсэн, технологийн болон чанарын шаардлага хангахгүй байгаа ажлуудыг засаж сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс шалтгаалсан байна. Дээрх зөрчлүүд нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь заалтын хэрэгжилтэд нийцэхгүй байна. М  ХХК нь ... сургуулийн барилгын халаалт, дулаан хангамж доголдох нөхцлийг бүрдүүлсэн байна. Агаар халаагч төхөөрөмжүүдийн ашиглалтын зааврыг боловсруулаагүй, түүнд заасан байх горимын дагуу ажиллуулахгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй байна. Сургуулийн барилгын ашиглалтын явцад чанарын шаардлага хангахгүй байгаа цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор М  ХХК нь дулааны шугамын голчийг зураг төслийн дагуу өргөтгөх, дулааны узелийг элеватор эсвэл холигч насосны узелээр солих, дулааны узелийн өрөөнд суурилагдсан 2 ширхэг цахилгаан насост засвар үйлчилгээ хийж дуу чимээ, доргио бууруулах, барилгын дотор халаалтын системийн босоо шугамуудад балансын хаалт суурилуулах, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар барилгын дулааны алдагдлын хэмжилт, судалгаа хийлгүүлэх, М ХХК нь даралт, температурын хэвийн горимыг мөрдөж ажиллах, дулааны төв болон салбар шугамд горим тохируулгын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай. М  ХХК нь барилгын агаар халаагч төхөөрөмжүүдийн ашиглалтын зааврыг боловсруулж ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх, ашиглагч байгууллагын зүгээс тухайн төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулах шаардлагатай. Цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулж цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулахад чиглэгдсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай, Барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагууд хамтран ашиглалтын явцад үүссэн нөхцөл байдлуудыг засаж сайжруулах, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авах, оюутан сурагчид, багш, ажилчдын ажиллах, суралцах таатай орчин бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, эдэлгээний хугацааг уртасгах талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн байх бөгөөд уг дүгнэлтэд дурдагдсан үйл баримтуудтай талууд маргаагүй, засаж залруулж байсан болох нь тогтоогдож байна.

2.11. Мөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3“хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.3“Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж, 14.4“Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ” гэж, 14.5“Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно” гэж, 14.6“Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна”, 14.7“Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна” гэж, 26.2“Барилга байгууламжийн үндсэн бүтэцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж тус тус заасан.

2.12. Гэтэл нэхэмжлэгч М  ХХК нь зураг төслийг зөрчиж шугамын голчийг багасгасан, дулааны эвеваторын узелийг ялтсан дулаан солилцуур болгон өөрчилж, 2-р хэлхээнд шилжүүлсэн байх тул дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг арилгаж, засвар үйлчилгээг хийснээр барилгын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололзоог бүрэн хангана гэж үзэхээргүй, ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болсон байна.

2.13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... сонсох ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.

2.14. Хариуцагчийн хувьд “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаарх М ТББ-д вэб сайтаар дамжуулан М ХХК-д мэдэгдэж, олон нийтэд мэдээлсэн гэх боловч тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.

2.15. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг буруу баримталсан, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.24 дэх заалтыг нэмж,  33 дугаар зүйлийн 33.1.24-д хууль тогтоомжид заасан бусад эрхгэж заасныг 33.1.25 гэж өөрчилсөн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0544 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1.5, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15, 33.1.24-д тус тус заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ