Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             06                28                                               2021/ШЦТ/217                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч, хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч, хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Өлзийцэцэг,

шүүгдэгч, хохирогч Г.Т, түүний өмгөөлөгч Өлзийцэцэг, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

                                         

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч М Б.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Б Г.Т, Б Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034005840608 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр түүнийг асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн, бие эрүүл, дугаарын регистртэй, М Б.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, дугаарын регистртэй, Б Г.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Ц.Б,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд Г.Т, Ц.Б нартай архидан согтуурч, улмаар согтуурсан үедээ Г.Т, Ц.Б нарыг шалтгаангүйгээр зодож, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

яллагдагч Ц.Б, Г.Т нар нь бүлэглэж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд Б.Ттэй архидан согтуурч, улмаар согтуурсан үедээ Б.Тийг зодож,  өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Т:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Г.Т:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Ц.Б:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Б.Т:

...Хэрэг болдог өдөр дэлгүүрийн гадаа энэ хоёртой таарсан. Намайг ганц юм уух уу гэхээр нь би энэ хоёрыг дагаад явсан. Тэгээд байж байтал хүнээс мал авах гэсэн юм хөдөө явчхаад ирье гэхээр нь дагаж яваад хөдөө очоод ганц нэг юм уусан. Төв дээр орж ирээд манай гэрийн гадаа ирээд зодоон болсон. Ц.Б эхэлснээс болоод энэ хоёр намайг зодсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

 

Хохирогч Г.Т:

...Бид нар дэлгүүрийн үүдэнд таарсан тэгээд ганц нэг юм ууя гээд хөдөө гарсан. Айлд ганц нэг юм уугаад сууж байсан чинь худлаа унтлаа гээд тиймэрхүү асуудлаас болоод маргалдсан. Хөдөө эвлэрчхээд сумын төв рүү орж ирсэн. Сумын төв дээр ирээд Б.Тийн гадаа очоод ганц нэг юм уусан өөр зүйл байхгүй. Миний нүд толгой руу Б.Т цохисон гэхдээ одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

Хохирогч Ц.Б:

...Бид нар 2020 оны 9 дүгээр сарын 03-ний өдөр тараад хөдөө гарч архи уусан. Би очоод унтаад өгчихсөн байсан. Тэгээд гэртээ очиж унтаж байгаад Оюунбадрах руу залгасан чинь Б.Тийнд байна гэсэн. Яваад очсон чинь Б.Т намайг чи Г.Тыгаа өмөөрөх гэж ирэв үү гээд над руу дайрсан. Миний нүүр лүү өшиглөсөн эмнэлэгт үзүүлсэн чинь хамар ясны хугарал байна гэсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2034005840608 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 526 дугаартай ...Б.Тийн биед өвчүүний бүдэрхийн цууралт, тархи доргилт, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 532 дугаартай ...Ц.Бийн биед баруун нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 528 дугаартай ...Г.Тын биед баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх /хх-ийн 41-42 дугаар хуудас/ дүгнэлтүүд,

хохирогч Ц.Бийн ...Би амралтаараа өөрийн нутаг болох Дэлгэрхаан суманд ирсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Г.Т, Б.Т нарын хамтаар 0,75 граммын Алтантүрүү гэх нэртэй архи хувааж уугаад би гэртээ хариад унтаад өгсөн. Тэгээд би 18 цагийн үед босоод Оюунбадрах гэх нутгийн залуу руу залгаад хаана байгаа талаар асуутал Б.Т, Г.Т, Шагдарсүрэн нарын хамтаар Тийн гэрийн гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тийн гэрийн гадаа яваад очтол тэр 3 архи дуусахаар нь явах гэтэл Т намайг чи яах гэж ирсэн юм бэ? Тыг өмөөрч ирсэн үү намайг элбэж зодож гэж байгаа юм уу гэж хэлээд миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би гараад зугтаатал Т миний араас гараад ирсэн. Тэгэхээр нь би Дэлгэрхаан сумын Тамгын газрын дарга ажилтай А.Цэдэн-Ишийн гэр ойрхон байдаг болохоор нь утас руу нь залгаад Т намайг алах гээд байна гараад ир гэж хэлсэн. Тэгтэл Цэдэн-Иш гэрээсээ гарч ирээд Тийг хорьж байтал Т Цэдэн-Ишийн хажуугаар нь орж ирээд миний нүүр лүү дахиад өшиглөсөн. Тэгтэл Цэдэн-Иш Тийг түлхээд цааш нь авч яваад би гэр лүүгээ явсан. Би Төд зодуулснаас болж миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамрын зүүн хэсэгт шалбарсан гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Би Тийн биед халдаагүй. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Зүгээр архи уугаад юм яриад сууж байсан... Т... Тын... нүүрэн тус газар нь өшиглөж байх шиг байсан... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

хохирогч Г.Тын ...2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн үед манай сумын иргэн Б.Т гэх залуу манай гэрийн гадаа ирээд надад 2уулаа ганц шил архи хувааж ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд цуг Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг руу Өндөр дов гэх газар луу өөрийн хөдөө гэр лүү явж хонь авчрангаа ууя гээд явж байтал манай сумын иргэн Шагдарсүрэн, Оюунбадрах 2 замд тааралдаад бид 4 хамт явсан. Тэгээд манай хөдөө гэрт очоод нөгөө архиа хуваагаад ууж байтал Шагдарсүрэн унтаад өгтөл Т Шагдарсүрэнг нохой шиг худлаа унтаад гээд байхаар нь би унтаж л байг л дээ чи унтдаггүй юу гэж хэлтэл Т намайг босож ирээд миний нүүр лүү цохиод авсан. Тэгтэл Шагдарсүрэн, Оюунбадрах 2 салгаад бид 4 сумын төв рүү явсан. Тэгээд бид 4 Тийн гэрийн гадаа очтол манай сумын иргэн Б араас хүрээд ирсэн. Тэгтэл Шагдарсүрэн, Оюунбадрах 2 яваад өгсөн. Тэгтэл Т Бийг гэр лүүгээ дагуулаад орохоор нь би гадаа Бийг гадаа хүлээж байтал Б Тийн гэрээс гүйгээгээрээ зугтаагаад гараад ирсэн. Тэгтэл Т араас нь гарч ирээд миний нүүр лүү шууд өшиглөөд авсан. Тэгээд би хэсэг дээшээ харж хэвтэж байгаад гэр лүүгээ зугтаагаад ирсэн. Тэр үед Т буцаад гэр лүүгээ яваад орсон. Би Төд зодуулснаас болж миний 2 нүд хавдаж хөхөрсөн, толгой маш их өвдөөд байна. Би маш их гомдолтой байна зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа. Би Тийн өөдөөс нэг ч удаа гар хүрээгүй. Тухайн үед би бага зэрэг согтолттой Т бас бага зэрэг согтолттой байсан... Бийн... ямар ч байсан нүд нь хөхөрсөн байсан... /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ... Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Өндөр дов" гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Т нь гараараа зүүн нүд рүү 2-3 удаа цохисон, зүүн чих рүү толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд хохирол учирсан... Тухайн өдөр Шагдарсүрэнгийнд архи согтууруулах ундаа сууж байсан чинь Шагдарсүрэн унтаад байсан тэгэхэд Т Шагдарсүрэнг нохой унталтаар унтаад гээд байсан тэгэхээр нь би Тийг наад унтаж байгаа хүнийг чи юу гээд байгаа юм гэсэн чинь Т намайг чи хар хүний өөдөөс шар хүн гэгчээр юу гээд байгаа юм гээд намайг цохиж зодсон... Т намайг цохиж зодож миний зүүн чих хатгаж өвдөж шуугьж байна зүүн нүд ухархайгаар хатгаж чинэрч өвдөж байна... Би толгой, чихний зураг 120 000 төгрөгөөр авхуулсан Улаанбаатар хот болон Төв аймаг орох зардал 160,000 гаран төгрөг болоод байна баримт одоогоор байхгүй байна... Т ч над руу дайраад байсан тэр үед би хүзүүнд нь байсан улаан утсыг нь тасалсан өөр цохиж зодсон зүйл байхгүй... Т надад хохирол мөнгө барагдуулаагүй... Надад одоо гарсан зардал мөнгө барагдуулбал гомдол санал гэх зүйл байхгүй байна... /хх-ийн 10 -11 дүгээр хуудас/,

хохирогч Б.Тийн: 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Дэлгэрхаан сумын төвд явж байтал тус сумын иргэн Т, Б нартай тааралдсан... нөгөө архи дуустал Шагдансүрэн, Оюунбадрах нар яваад өгсөн.  Тэгээд Б, Т бид 3 үлдээд би тэр 2-ыг та 2 одоо яв яв би гэртээ орж унтлаа гэж хэлтэл Б намайг пизда минь чи хөөгөөд байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ агсраад байгаа юм уу гэж хэлтэл Б намайг барьж аваад миний хүзүүнд байсан утсаар намайг боосон. Тухайн боосноос болж миний хүзүү нэлээн шалбарсан. Тэгээд би хэсэг муужраад унатал Т намайг ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь би Тыг чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гээд би хоёулантай нь ноцолдсон. Тэр 2 хоёулаа байсан болохоор хэн нь хаана яаж цохиж байгаа нь мэдэгдээгүй. Тэгэхээр нь би 2 хүнд алуулах юм байна гэж бодоод эхнэр лүүгээ залгаад цагдаа дуудаад өг гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай эхнэр хүүхэд Говь-Алтай аймагт байсан. Би тухайн үед бага зэрэг согтсон байсан. Тухайн зодооноос болж миний толгой хавдсан, хүзүү шалбарсан, баруун гарын сарвууны ар хэсэг болон шуу хавдсан, цээж хөхөрч хавдсан зэрэг гэмтэл учирсан. Би маш их гомдолтой байна...Тэр 2 нийлээд намайг энэ мууг алсан байхад өмөөрөх хүн байхгүй алчихъя гээд дайраад байсан... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

гэрч Э.Пунцагдуламын ...Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр над руу утасдаад миний нүд рүү хун цохичихлоо гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед ажилтай байсан болохоор тоогоогүй. Тэгтэл 20 цагийн үед байхаа манай сумын Тамгын газрын дарга Цэдэн-Иш залгаад Т Бийг элдэж хөөгөөд байна танай нөхөр Тийн хашааных нь гадаа хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 орчим минутын дараа Тийн гэрийн гадаа манай нөхөр байхгүй байсан. Тэгэхээр нь би болсон зүйлийн талаар асуутал манай нөхөр намайг зүгээр байж байтал Т намайг зодчихлоо гэж хэлсэн. Манай нөхрийн 2 нуд хөхөрч хавдсан, толгой нь өвдсөн байдалтай байсан Т бас Бийг зодож биед гэмтэл учруулсан байсан... Т манай нөхрийг урьд бас зодож байсан удаа дараа болж байгаа учраас би гомдолтой байна... /хх-ийн 21-22 дугаар хуудас/

гэрч А.Цэдэн-Ишийн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой гэртээ амарч байтал Дэлгэрхаан сумын иргэн Б гэх залуу миний утас руу залгаад Т гэх залуу намайг зодох гээд миний араас хөөгөөд байна танай гэрийн гадаа ирж байна гараад ир гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гартал Б манай хашааны гадаа ирсэн араас Т ирж байсан. Тэгээд би яасан юу болсон бэ? гээд асуутал Т шууд ирээд Бийн нүүрэн тус газар цохиод авсан. Тэгэхээр нь би голоор нь ороод Тийг бариад автал Т Бийг 1 гараараа бариад авсан. Тэгээд би хориод байж байтал Т Бийг чи муу гилжгий толгойтой новш минь толгойг чинь тэгшилнэ гээд дайраад байсан. Тэгээд би Тийг салгаад Бээс 100 м орчим холдуулаад аргадсан. Тэгээд бид нэлээн ярилцаж байгаад буцаад Б рүү ирсэн. Тэгээд Тийг Бээс уучлалт гуйх гэж байна гэж бодтол Б доороо явган сууж байтал Т нүүр лүү дахиад өшиглөөд авсан. Тэгэхээр нь би Тийг араас нь барьж аваад салгаж гэрийнх нь зүг аваад явсан. Тэгээд би гэрийнх нь хажууд 1 цаг гаруй ярьж аргадаж байгаад би Төөс салаад гэрийн гадаа иртэл Б яваад өгсөн байсан. Тухайн үед Б, Т 2 архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ нээх их согтоогүй байсан. Бийн... ямар ч байсан ам, хамраас нь хэмжээний цус гарч байсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Э.Оюунбадрахын ...бид хэд архиа хувааж уугаад дуустал Б гэр дүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь бид 4 мотоциклтой яваад яах вэ гэж бодоод тэндээ мотоциклоо орхиж Тийн машинтай манай хөдөө гэр лүү хонь авахаар явсан. Тэгээд бид хэд манай гэрт очиж Тт 1 ямаа барьж өгөөд манай гэрт орж хоол хийж идэнгээ 0,500 граммын Хараа гэх нэртэй архи задлаад хувааж уугаад талдаа ороогүй байтал Шагдарсүрэн гэрт гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Тэгтэл Т, Шагдарсүрэнг энэ яасан их унтдаг писда вэ? гэж хэлтэл Т чи өөрөө унтдаггүй юу яах вэ унтаж л байг гэж хэлсэн. Тэгтэл Т, Тыг юу ч хэлэлгүй нүүрэн тус газар нь удаа угсраад цохиж аваад багалзуурдсан. Тэгэхээр нь би салгаад Тийг гэрийн гадаа гаргасан. Тэгтэл Т гадаа гараад цамцаа тайлж шидээд  би Тыг ална наадахаа гаргаад ир гээд дайраад байсан. Тэгээд би Тийг тайвшруулаад хорьж байтал Т, Т 2 хоорондоо эвлэрэхээр болсон. Тэгээд тэр 2 тусдаа уулзаад эвлэрэх гэж байна гэж бодоод харж байтал Т дахиад Тыг цохиж унагаагаад босоод ирэхэд нь нүүрэнд нь 2 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь Шагдарсүрэн бид 2 дахиж салгаад хооронд нь эвлэрүүлсэн. Тэр үед Т бага зэрэг согтсон Тийг би согтсон үгүйг нь мэдээгүй гэхдээ гайгүй харагдаж байсан. Тэгээд бид 4 ямаагаа аваад сумын төв рүү орж дэлгүүрийн гадаа иртэл Т, Tөмөрбаатараас намайг уучлаарай би чамайг дахиж зодохгүй гээд уучлалт гуйгаад дэлгүүрээс 1 шил 0,75 граммын Экс гэх нэртэй архи аваад Тийн хашааны гадаа очсон. Тухайн үед Тын зүүн талын нүд нь нэлээн том хавдаад хөхөрсөн, хоолойны хэсэг нэлээн улайж шалбарсан байсан. Тэгээд бид 4 авсан архиа задлаад уух гэж байтал Б бид нар дээр ирсэн. Тэгээд бид 5 нийлээд нөгөө архиа хувааж уугаад дуусах үед Шагдарсүрэн бид 2 тэр 3-аас салаад яваад өгсөн. Тэрнээс хойшоо юу болсон талаар би мэдэхгүй сүүлд нь сураг сонсоход Т нь Т, Б нарыг нэмж зодсон сураг гарахаар нь би Тыг очиж хартал Тын баруун талын нүд нь бас хавдаж хөхөрсөн байсан. Намайг харж байхад лав Т Тийн биед халдаагүй угаасаа Т Тыг биедээ халдуулахгүй илт зодоод байсан... /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

гэрч А.Шагдарсүрэнгийн ...бид 4, 1 шил 0.500 граммын Хараа гэх нэртэй архи уусан. Тухайн архийг уугаад эхэлж байхад миний толгой өвдөөд байхаар нь би Оюунбадрахын гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байтал унтаад өгсөн байсан. Тэгтэл хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь босоод хартал Т Тын дээр нь гараад гараараа Тын нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд би юу болоод байгаа юм бэ? Боль гээд хориод юунаас болоод маргалдсан гээд асуутал чамайг орон дээр унтаж байтал Т Тыг зодсон гэж хэлсэн. Тэгээд Оюунбадрах бид 2 нөгөө хоёрыг салгаад гэрийнх нь гадаа гартал Т Тыг дахиад нүүр лүү нь 3-4 удаа цохиод авсан. Тэгээд дахиад салгаад болохгүй болохоор нь би сумын төв рүү яваад өгсөн...бид 4 ууж байтал Б араас ирсэн. Тухайн үед гадаа харанхуй болж байсан. Тэгээд нөгөө архиа ууж байгаад Оюунбадрах бид 2 дуусгалгүй бид 2 явлаа гээд яваад өгсөн. ...Тын... нүд нь хөхөрч хавдсан шанаа нь хавдсан байсан. Б надтай таараад Т Т бид 2-ыг зодчихлоо гээд ганцаараа явж байсан...ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан...Бага зэрэг согтсон байсан... гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Т, Ц.Б нар хохирогч Б.Тийг зодож түүний биед өвчүүний бүдэрхийн цууралт, тархи доргилт, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Г.Тыг зодож түүний биед  баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ц.Бийг зодож түүний биед  баруун нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Т, Ц.Б нарын тогтоогдсон хамтран нийлж хохирогч Ц.Тийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, мөн шүүгдэгч Ц.Тийн тогтоогдсон хохирогч Г.Т, Ц.Б нарыг зодож, тус бүр хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтуудыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Г.Т, Ц.Б нар хохирогч Б.Ттэй, шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Т, Ц.Б нартай маргалдаж, муудалцах үед зодож, цохих сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Т, Ц.Б нарын нийлж хохирогч Б.Тийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасныг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хууль санаачлагчаас “Гэмт хэрэгт хамтран оролцоо”-ны  “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд уг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх шинжийг,

 

мөн шүүгдэгч Б.Т нь ганцаараа хохирогч Г.Т, Ц.Б нарыг зодсон бөгөөд энэ нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр, түүнээс олон хүний” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

 

Тэрээр шүүгдэгч Г.Т, Ц.Б нар бүлэглэн Б.Тийг зодож, цохиж байгаа,

Шүүгдэгч Б.Т нь Г.Т, Ц.Б нарыг зодож, цохиж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Б.Тийн биед өвчүүний бүдэрхийн цууралт, тархи доргилт, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,

хохирогч Г.Тын биед  баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл,

хохирогч Ц.Бийн биед  баруун нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул шүүгдэгч Г.Т, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу “бүлэглэн”,

мөн шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хоёр, түүнээс олон хүний” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нар нь тус бүрийн хүнийг зодож цохьсон, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ, уг үйлдлийг нь зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан хохирол, уг хохирол учирсны улмаас үүссэн хор уршгийг, эдгээрээс үүсэн гарах үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байгаа талаараа мэдүүлдэг бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгож байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, хохирол, хор уршгийг, энэ бүгдээс үүсэн гарах үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрч байгааг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Г.Т, Ц.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б.Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Г.Тыг зодож түүний биед  баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий,

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ц.Бийг зодож түүний биед  баруун нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий тус тус хөнгөн хохирол,

Шүүгдэгч Г.Т, Ц.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед өвчүүний бүдэрхийн цууралт, тархи доргилт, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Б.Т нь шүүгдэгч Г.Т, Ц.Б нараас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалд нийт 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг нэхэмжилсэн, энэ талаарх баримт хавтаст хэргийн 33-34, 37 дугаар хуудсанд,

хохирогч Г.Т нь шүүгдэгч Б.Төөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалд 368.150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавь/ төгрөг нэхэмжилсэн, энэ талаарх баримт хавтаст хэргийн 176 дугаар хуудасны нүүр, ар хэсэгт тус тус авагдсан байна.

 

Харин хохирогч Ц.Б нь шүүгдэгч Б.Төөс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Гэвч шүүгдэгч Г.Т, Ц.Б нар хохирогч Б.Ттэй харилцан тохиролцож, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь

мөн шүүгдэгч Б.Т хохирогч Г.Т, Ц.Б нарт харилцан тохиролцож, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Т, Ц.Б, Б.Т нар бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож бие биенээсээ нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Г.Т, Ц.Б нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Төд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Г.Т, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу гурван сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034005840608 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

     

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                           37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                        заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Б.Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б Г.Т, Б Ц.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч М Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б Г.Т, Б Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Б.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Б Г.Т, Б Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч М Б.Т, Б Г.Т, Б Ц.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2034005840608 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т, Г.Т, Ц.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М Б.Т, Б Г.Т, Б Ц.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М Б.Т, Б Г.Т, Б Ц.Б нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН