| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0203/И |
| Дугаар | 131/ШШ2017/00550 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2017/00550
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл 46 дугаар байрны 01 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ78031843 регистрийн дугаартай, Хөвхийнхөн овогт Даваанямын Гансүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, эрэгтэй, ВД97032510 регистрийн дугаартай, Ханьжав чулуут овогт Чойжоохүүгийн Батмөнхөд холбогдох
Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,хүүхдийн эцэг тогтоолгоход гарсан нэмэлт зардлын 308000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус,тус хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гансүх, хариуцагч Ч.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 онд Ч.Батмөнхтэй танилцан бидний дундаас 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.Амгаланренчиндорж төрсөн. Би 4 хүүхдийн хамт өрх толгойлсон, тодорхой эрхэлсэн ажилгүй тарчигхан амьдардаг. Ч.Батмөнх нь өөрийн үр хүүхэдгүй хүн бөгөөд минй амьдралд нэмэр түшиг болж хүүхдээ харж хандана чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэнэ гэсэн боловч одоогийн байдлаар тус нэмэр болж байгаа зүйлгүй хүүгээ ч харж хандахгүй өөр хүүхэд өргөн авсан тул Ч.Батмөнхийг хүү Г.Амгаланренчиндоржийн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, хүүг насанд хүртэл нь цэцэрлэг, сургуульд хүмүүжихэд гарах өртөгийг төлөлцөх үүргийг даатгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Д.Гансүх би Ч.Батмөнхөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Ч.Батмөнх хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй, эцэг тогтоох хүсэлт гаргаснаар би хүүхдээ авах 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот орсон. Ч.Батмөнх замын зардал гэж 100000 төгрөг өгснийг автобусны 2 талын зардал гэж 55000 төгрөг хоолонд 30000 төгрөг, хүүхдийн живх, тараг авахад 15000 төгрөгийг тус тус зарцуулсан. Би хотод Валита зочид буудалд 1 хоносон, ор хоног үнэ 50000 төгрөг, хоолны үнэ 48000 төгрөг, таксигаар үйлчлүүлсэн 30000 төгрөг, мөн би өдрийн орлогын хувиар цалинждаг ажил хийж байгаа бөгөөд 2 өдөр орлогоо тасалдуулсаны 180000 төгрөгийн цалин /дунджаар өдөрт 300000 төгрөгийн орлого хийдэг үүний 30 хувийг цалинд тооцуулж авдаг/. Нийт 30800 төгрөгийг Ч.Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гансүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Батмөнхтэй би 2015 онд танилцаад жил гаруй хоорондоо харилцаатай байсан тэр хугацаанд хүүгээ төрүүлсэн. Жирэмсэн байх үед бол Ч.Батмөнх нь хажуугаас салдаггүй, газар гишгүүлэхгүй байсан би үр хүүхэдгүй хүн гэдэг утгаар нь нүүр өгч гарсан үр хүүхдээ тэжээн тэтгээд дэмжээд явах болов уу гэж бодож байсан. Хүүхэд төрөөд 3 сар болсноос хойш хөндийрч, 2016 оны цагаан сарын өмнө ирсэн төрсний дараа ч гэсэн хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэхэд хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эцэг тогтоолгох шинжилгээний нийт зардлыг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлж гаргасан учир нь энэ хүн хүүхдээ хүлээн зөвшөөрч байсан бол би Улаанбаатар явах шаардлага байхгүй мөн тухайн үед би шинэ ажилд орсон байсан 4 дэх өдөр шинжилгээ өгөх байсан 3 дахь миний хувьд харш өдөр байсан тул би 2 дахь өдрийн орой явж 3 дахь өдрийн өглөө шинжилгээ өгөх газрын ойролцоо буудалд буусан буудлын өдрийн ор хоногийн мөнгө нь 50.000 төгрөг байсан энэ хүн буудалд орж үзсэн баримт авахад хамт байсан. Энэ хүн надад 100.000 төгрөг өгсөн тэр нь ирж очих зардал, хүүхдийн живх, тараг, хоолны мөнгөнд таарсан байгаа. Би 4 хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг шинэ ажилд орсон цалин мөнгөө авч чадаагүй байсан тул 308000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Д.Гансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсаны үндсэн дээр дараах тайлбарыг гаргаж байна. Д.Гансүх нь өрх толгойлсон, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ч.Батмөнх нь өөрийн үр хүүхэдгүй хүн бөгөөд намайг харж хандана, чадахаасаа чадахгүйгээ хүртэл хүүхдээ харж хандана гэж хэлээд намайг хүүхэдтэй болгосон учраас хүүхдийн эцгээр тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэжээ. Миний бие Д.Гансүхийг таньдаг, уулздаг байсан ч гэсэн энэ хугацаа бол нэг их удаан хугацаанд үргэлжлээгүй, яг хүүхэдтэй болох цаг хугацаа болоогүй гэж бодож байна. Нэхэмжлэл дээр бичсэнээр бол Д.Гансүх миний эмзэг байдлыг далимдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй. Магадгуй Д.Гансүх нь ганц бие, надаас өөр эрэгтэйтэй бэлгийн харьцаанд ордог байсан байж болох талтай, мөн өөрөө өмнө нь гурван хүүхэдтэй, тэр хүүхдүүдийн эцэг эхтэй эргээд бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал болж магадгүй тул би өөрт олгосон эрхийнхээ дагуу тодорхой шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Д.Гансүхийн бага хүүхэд болох Амгаланренчиндорж миний хүүхэд мөн эсэхэд эргэлзээ төрж байгаа тул албан ёсоор эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг хүсч байна. Тухайн шинжилгээг хийлгэсэнээр би өөрийн хүүхэд мөн эсэх талаарх эргэлзээ арилж, би хууль тогтоомжид заасан тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хэрэв мөн гэж тогтоогдох юм бол би хүүхдээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Дээрх шинжилгээг гартал би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн дээрх тайлбарыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ч.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шинжилгээ хувьд бол би эцэг мөн эсэхээ тогтоолгох гэсэн нь үнэн. Урьд нь би энэ хүнийг хөлийн газар хүргэхгүй төрөн төртөл би авч явж байсан би эмнэлэгт төрөх гэж байхад нь уйлаад зогсож байсан. Би хүүхдийнхээ нэрийг нь өгсөн би тогтсон ажил төрөлгүй болохоор орлого байхгүй тэгээд ирж очихоо байсан түүнээс болсон байх. Мөн би энэ хүнд үрийн зулай үнэрлүүлсэнд нь баярлаж байсан би өмнө нь осолд орж байсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Гансүхийн иргэний үнэмлэхний, хүү Г.Баатарчулууны төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Ч.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, өрхийн эмчийн, багийн Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4292 дугаар дүгнэлт, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатр хотод байхдаа зарцуулсан мөнгөний баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүхийн хариуцагч Ч.Батмөнхөд холбогдуулан хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хүүхдийн эцэг тогтоолгоход гарсан зардлын 308000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Ч.Батмөнх хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байна.
Нэхэмжлэгч Д.Гансүх нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.Амгаланренчиндоржийг төрүүлж, эх Д.Гансүхээр овоглон Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлсэн, одоо эрүүл энх өсөн бойжиж байгаа болох нь 000193694 тоот төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.
Хариуцагч Ч.Батмөнх нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Амгаланренчиндоржийг өөрийн төрсөн хүү болохыг зөвшөөрсөн болон хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар 99,99 хувийн магадлалаар Ч.Батмөнх нь хүү Г.Амгаланренчиндоржийн биологийн эцэг байх боломжтой талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4292 дугаар дүгнэлт зэргийг үндэслэн хүү Г.Амгаланренчиндоржийн эцгээр Ч.Батмөнхийг тогтоож, Г.Амгаланренчиндоржийг эх Д.Гансүхийн асрамжид хэвээр үлдээн, тэтгэлэг тогтоон эцэг Ч.Батмөнхөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч Д.Гансүх нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүүхдийнхээ эцгийг тогтоолгохоор Улаанбаатар хотод байсантай холбогдон гарсан Валита буудалд байрласны 50000 төгрөг, хооллосоны 48000 төгрөг,таксигаар үйлчлүүлсэний 30000 төгрөг, Мойрой ХХК-д ажиллах орлогын 180000 төгрөг, нийт 308000 төгрөгийн зардлыг хариуцагч Ч.Батмөнх нь төлөхийг зөвшөөрсөн тул гаргуулахаар шийдвэрлэв.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гансүхийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9090 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батмөнхөөс 9090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гансүхэд олгох нь зүйтэй байна.
Мөн хүүхдэд тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 29534 төгрөгийг хариуцагч Ч.Батмөнхөөс гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Амгаланренчиндоржийн эцгээр Ханьжав чулуут овогт Чойжоохүүгийн Батмөнхийг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Г.Амгаланренчиндоржийг эх Д.Гансүхийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Г.Амгаланренчиндоржид сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ч.Батмөнхөөс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүүхдийн Эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д тус тус заасныг баримтлан нэмэлт зардлын 308000 төгрөгийг хариуцагч Ч.Батмөнхөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Гансүхэд олгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гансүх нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9090 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батмөнхөөс 9090 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгч Д.Гансүхэд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Батмөнхөөс 29534 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ