Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

 

 

 2021           07               05                                               2021/ШЦТ/222            

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000014 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял авч мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Ж.Д,

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял авч 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Ө.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаа санаатай учруулсан,

 

Мөн яллагдагч Ө.Бтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан,

 

Яллагдагч Ө.Б нь Ж Дтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт   

Шүүгдэгч Ж.Д:

...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

 

Шүүгдэгч Ө.Б:

...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа:

... 2020 оны 12 дугаар сарын 28-нд болсон. Ийм сайхан хүүг минь дагуулаад явсан. Одоо ийм зүйл үйлдэл болчхоод байхад нэг ч төгрөг өгөөгүй. Даанч их гомдолтой байна. 28-ны орой хэлсэн. Хэнээс ч илүү сайхан хүүдээ даанч гомдолтой байна. Би ороод ирэхэд нь хэлсэн. Яагаад утсыг нь алга болгочихсон юм бэ гэхэд би алт ухаад найзынхаа утсыг авч өгнө өө эгчээ гэсэн. Тэгээд дагуулаад аваад гарсан. Тэгээд 29-ний өдөр, 30-ны өдөр байгаагүй. Он өнгөрөх гээд байхад байхгүй. Миний хүү хааччихав. Уг нь гэрээсээ нээх холддоггүй хүүхэд. Явж байгаад хүрээд ирдэг  болохоор нь ороод ирэх байх гээд хараад сууж байсан ирээгүй. Тэгээд яасан юм бол гээд ахад нь дүү чинь байхгүй байна. Яах вэ гэсэн чинь найзуудтайгаа хөдөө гадаа явчихсан байх гэсэн. Удахгүй хүрээд ирэх байх гэсэн. Тэгээд 1 дүгээр сарын 1-ээс хойш манай урд талд машин зогсоход хүү минь очоод гараад явсан байдаггүй. Хүн юм чинь унаж тусаад ямар нэг зүйл болсон юм болов уу. Та нар нэг чих тавиадхаач гэж хэлсэн. Түүнээс хойш 8 өдөр ирээгүй. Та нар намайг яаж байсан гэж бодсон бэ. Яагаад надад ирээд найз минь ингэчихлээ гэж хэлсэнгүй бэ өөрөө татдаг ч гэсэн миний хажууд сууж л байх байсан. Тэгэхэд хүний урамд надад хэлээгүй. Ах нь очоод энэ хоёроос яасан бэ чи дагуулаад гарсан, чи яачхав гээд өргөн гудамжинд явж байхад нь асуухад салаад явсан гэхээс өөр зүйл хэлээгүй. Буцаагаад хайгаад хүн амьтнаас чимээ сонсдог бүр 8 хоног хүлээж байгаад байхгүй. Сүүлдээ маш хэцүү байсан.  Анх хэлсэн бол тэр хүүхэд хөлдөж үхэхээргүй байсан. Би эмийн сан ороод даралтынхаа эмийг аваад хүүгээ хайгаад явахад хүний урамд ирж хэлээгүй. Маш их гомдолтой байна. Яагаад намайг шар махтай нь хатааж ингэж зовоож байна вэ. Өнөөдөр би 70 хүрсэн хөгшин хэцүү байна. Үнэхээрийн найз байсан бол яагаад та хоёр хэлж болсонгүй вэ. Би хөлөө хүрэх газар явж заргалдана . Би үнэхээр гомдолтой байна . Өөр хэлэх зүйл алга... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-16 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаартай “Талийгаач Т.Эрдэнэбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал. Хуйханд шарх, дух, баруун зүүн хацар, хүзүү, дал нуруу, баруун зүүн ташаа, өвдөг, тохойнд олон тооны зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлүүдийг үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийн зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шүдний хугарал, булгарал, хуйханд үүссэн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1.9% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхтайваны ...Талийгаач маань одоогоор айлын хоёр дахь хүүхэд дээрээ нэг доороо нэг дүүтэй эхнэр хүүхэд байхгүй ганц бие одоогоор 66 настай ээжтэйгээ хамт амьдардаг баг насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн, Сэлэнгэ аймгийн Бугант суманд 10 жилийн сургууль төгсөөд 2005 онд Заамар сумын хайлааст багт ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй ажилч хичээнгүй хүн, ээждээ ганц түшиг болдог хүн би бол тусдаа амьдардаг нэг гэм нь архи согтууруулах ундааны зүйлийг ер нь хэрэглээд байдаг зуршилтай, архи уусан ч байсан гэртээ харьдаг гэр амьтай хүн, спортоор их хичээллэдэг байсан. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар ярих зүйл алга хэрэг шалгах явцад цугларах нотлох баримт болон шинжилгээний хариуг харж байж гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар дахин мэдүүлэг өгнө. Хуулийн хүрээнд нь шийдэж өгнө үү... /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

гэрч Т.Алтанхундагын ...Б, Д нартай найзууд Эрдэнэбатын хувьд нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Хэрэг болсон гэх байшингийн учир нь 2019 онд Эрдэнэбилэг гэх нутгийн дүү манайд ирээд мөнгө зээлээч гээд гуйсаар байгаад 3 сая гаран төгрөг аваад явсан тэгээд тухайн байшинг барьцаанд нь аман хэлцлээр тавьсан. Тэгээд Эрдэнэбилэг зээлсэн мөнгөө өгөөгүй учраас би тухайн байшинг найз Отгонбаатарт 3 сая төгрөгөөр зарахаар тохироод нөгөө найз маань тухайн байшинд 2020 оны зун ороод 14 хонож байхад нь тухайн байшин байгаа газар хашааны эзэн газар чөлөөлж эсвэл 1 сая төгрөг өгөөд зөвхөн байшингийн хундам байгаа газраа ашигла гэж гээд байхаар нь нөгөө найз маань бүтэхгүй юм байна гээд гарсан түүнээс хойш хаалга нь цоожтой эзэнгүй байгаа би хаад нэг очиж хардаг юм. Миний ойр дотны хүмүүс л мэднэ нээх олон хүн мэдэхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манайд ирсэн. Хаанаас ирснээ хэлээгүй. 2020 оны 10 дугаар сарын эхээр тухайн байшинд би ороход тухайн хөхний даруулга саарал өнгийн куртик байж байсан, тухайн үед би Отгонбаатараас асуухад манай эхнэрийнх гэж надад хэлсэн, тэгээд би энийгээ аваачээ гэж хэлэхэд авнаа гэж байсан. Цусны толбо байсан эсэх талаар мэдэхгүй байна санахгүй байна... /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

гэрч Б.Сүрэнхоролын ...Би танина аав ээж хоёртой нь Дорноговь аймаг уурхайд олон жил хамт ажиллаж байсан мөн Б миний том хүргэний найз учраас танина, хааяа Хайлааст багт ирж алтанд амжиргаагаа залгуулдаг гэдгийг нь мэднэ. 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны өдрийн аль нэг өдрийн оройн 20 цагийн орчимд Б манай гэрт ороод надад Сүеэ эгчээ танд авдарны юм чинь байгаа биз дээ би одоо алтанд явчхаад маргааш өглөө бурзайчхаад танд мөнгийг нь өгье гэсэн би хариуд нь чи өвлийн хүйтэнд юу хийгээд энд явж байдаг юм хотруугаа явахгүй яасан юм гэхэд харин эгчээ би одоо алтанд явчихаад баярын мөнгөтэй болчхоод явах гэж байна гэсэн би хариуд нь баярын 3 шил архи байна нэг шил архийг нь ав гэхэд Б эгчээ би алтанд явах гэж байна хоёр шил архи хэрэгтэй гээд байсан тэгээд би өгөхгүй гэж загинаж байгаад алтанд явах гэж байна хүн амьтанд өгөх хэрэг байна маргааш би алтаа тушаагаад танд мөнгийг нь егье байхаар 2 шил 0.75 граммын Соёрхол архи өгсөн түүнээс хойш Б надтай уулзаагүй алга болсон өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай гэрт 09 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд намайг та Сүрэнхор гэх хүн мөн үү мөн гэхэд та хувцсаа өмс гэсэн би хариуд нь би хэрэг төвөгт орооцолдсон юм уу гэж асуухад Цагдаагийн хэлтэс дээр очоод та мэднэ гэсэн. Тэгээд би ирээд болсон асуудлыг мэдсэн, би гэр орондоо архи зарсан асуудал байхгүй баярын 3 шил архи Эрдэнэт хотоос авчирсан, мөн Баттулгыг гарахад нь дахиж надад архи дарс байхгүй шүү битгий хаалга үүд нүдээд байгаарай гэж хэлсэн. Би Баттулгын төрсөн ээжтэй найз байсан тухайн хүн одоо гадаадад байдаг, өргөж авсан ээж аавтай нь ойр дотно танил, мөн Баттулгын эхнэр хүүхэд нь хаяад явсан учраас өөрийн хүүхэд шиг санаад өгсөн, тэгтэл ийм юм болно гэж даанч бодсонгүй харамсаж, айж байна... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Д.Сайханаагийн ...Би хүнээс хэл дуулаад хөдөөнөөс ирлээ манай хашаанд хүн нас барсан байна гэж хэлсэн, тэгээд ирж байна тухайн хашаа нь миний нэр дээр байдаг хашаа. Тухайн хэрэг гарсан гэх байшин бол манай газар дээр баригдсан байшин байшингийн эзнийг Арий гэж дууддаг Алтанхундага гэх Эмэгтэй худалдаж авсан гэж яриад байгаан тухайн байшинг буулгаж газар чөлөөл гээд одоогоор маргаантай байгаа тухайн байшингийн хаалга нь хойшоо харсан хаалгатай манай хашаанд хамаардаггүй хашаагаар дамжиж тухайн ордоггүй байшин. 2020 оны зун Алтанхундага уурхайд ажилдаг хүмүүс оруулсан байсан тухайн хүмүүс 8-9 сард гараад түүнээс хойш эзэнгүй байгаа ер нь байнга эзэнгүй байдаг байшин... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэрч Ж.Болор-Эрдэнийн ...Эрдэнэбат, Д хоёрыг танина Баттулгыг нь танихгүй тухайн үед таарсан тухайн өдрийн цаг хугацааг нь сайн санахгүй 2020 оны 12 дугаар сарын 27-29-ний өдрийн орчимд өглөө эрт 11-12 цагийн орчимд Агваандорж бид хоёр гудманд явж байхад гудмаар Д, Эрдэнэбат, Б нар нь өөдөөс гараад ирсэн. Тэгээд би дүү нарт ганц юм байгаа юм уу гэж асуухад байгаа гэсэн тэгээд би та нар хаачих гэж байгаан гэхэд Даваасүрэн ахынд орох гэж явна гэхээр нь яах юм бэ Пэлжээ ахынд орье гэсэн тэгээд дагуулаад Пэлжээ ахынд ороод нэг шил архиа уусан. Тэгээд байж байгаад дахиад архи уухаар болоод Б, Эрдэнэбат хоёр архинд явсан ирэхдээ 2 шил хараа архи олж ирсэн. Тэгээд нэг шил архи уугаад дуусаж байхад Жартга орж ирсэн мөн Пэлжээ ахын эхнэр нь уурлаад бид хэд гараад гадаа зогсож байгаад Даваасүрэнгийнд орохоор болсон тэгээд би Агваандоржийг ундаанд явуулаад Д, Эрдэнэбат, Б гурвыг Даваасүрэнгийнд орж бай гэж түрүүлж явуулаад Жартагтай Агваандоржийг хүлээгээд ирэхээр нь нөгөө гурвын араас Даваасүрэнгийнд орсон тухайн айлд нэлээн их хүмүүс байсан авч орсон архиа уучхаад бид хэд гарсан гараад Жартга харилаа гээд яваад өгсөн. Д, Эрдэнэбат, Б Агваандорж бид хэд явж байгаад худаг орохын алдад Эрдэнэбат гэрийнхээ харалдаа очоод гудмаараа өгссөн Д, Б хоёр доошоо алхсан Агваандорж бид хоёр Наранбаатарынд ирж амарсан. Ингээд маргааш нь Сэнс Ганаа гэх айлд сууж байхад Д Б хоёр миний утас руу залгаад хаана байна гэсэн би Ганаагийнд байна гэхэд би очлоо гээд Д, Б хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн айлд 4-5 пиво уусан тэгээд байж байгаад Б, Д, Наранбаатар бид 4 Наранбаатарынд очиж амарсан түнээс хойш 4-5 хоног ууж идээд хамт он гаргаж хоноцгоосон. Тэгээд Д, Б хоёр 2021 оны 01 дүгээр сарын 01-02 аль нэг өдөр нь явсан түүнээс хойш би таараагүй. Энгийн байсан тухайн өдрүүдэд пиво уугаад унтаал байсан. Найз нөхөд гээд инээгээд явж байсан ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй Эрдэнэбат харилаа гээд, Д Б хоёр Байшин хороолол орно гээд явсан Агваандорж бид хоёр худаг дээр жаахан байж байгаад Наранбаатарынд очиж амарсан. Дахиж тараагүй хүнч асуугаагүй. Хоорондоо нууцаар ямар нэгэн зүйл ярьсан асуудал байхгүй хоорондоо энгийн харьцаатай, бид нар хөзөр тоглоом наргиан хийгээд хэд хоногийг өнгөрөөсөн... /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

гэрч Б.Агваандоржийн ...Эрдэнэбатыг би хар багаас нь танина мэднэ.  Д, Б хоёрыг 2-3 жилийн өмнөөс танина мэндтэй устай явдаг нутгийн хүмүүс. Би 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны аль нэг өдөр нь 16 цагийн орчимд Болор-Эрдэнэ, Жартага хоёртой хамт Даваасүрэнгийнд нэг пиво аваад ороход танихгүй олон хүмүүс байсан мөн Д, Эрдэнэбат, Б нар сууж байсан тэгээд нөгөө пиво уучхаад бид нар гэрээс гарсан тухайн үед Жартага харьлаа гээд яваад өгсөн Болор-Эрдэнэ би Д, Эрдэнэбат, Б бид хэд төвд байдаг худгийн чигтээ алхаж байхад Эрдэнэбат гэрийнхээ гудам руу ороод ганцаараа алхсан. Д, Б хоёр байшин хороолол руу явлаа гээд явсан Болор-Эрдэнэ бид хоёр цааш яваад Болор-Эрдэнэ Наранбаатар ахынд очоод би үүр цайлгаад гэр лүүгээ явсан. Тухайн өдрөөс хойш уулзаагүй явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дын гэрт нь очоод ажил хийх үү гэж уулзсан өөрөөр таараагүй. Зүгээр инээж хөхрөөд явж байсан ямар нэгэн асуудал байгаагүй. Ямар ч хүн сураглаагүй. Өнөөдөр л мэдэж байна. Дотно биш учраас сайн хэлж мэдэхгүй байна гэхдээ энгийн ааш зантай хүмүүс гэж боддог... /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

гэрч М.Даваасүрэнгийн ...Д, Эрдэнэбат хоёрыг танина мэнд устай явдаг хүмүүс Б гэх хүнийг танихгүй. Би цаг хугацааг яг санахгүй байна ямар ч байсан оны өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 29-30-ны өдөр аль нэг өдөр манай гэрт манай найзууд Булган аймгаас ирээд гэрт мах чанаад нэг шил архи задлаад сууж байхад өдрийн 14-15 цагийн орчимд Д, Эрдэнэбат цуг нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд би нөгөө хэдийг та нар явж бай манай найз нөхөд ирсэн байна гэхэд ахад нэг шил юмтай ирлээ гэж гаргасан. Тэгээд нөгөө нэг шил архийг хувааж уусан энэ үед гаднаас Агваандорж, Болор-Эрдэнэ хоёр орж ирсэн тэгээд би за та хэд одоо явцгаа найз нөхөд ирсэн байна бүгдээрээ дараа больё гэж хэлсэн. Тэгээд Д, Эрдэнэбат цуг ирсэн танихгүй шар залуу Агваандорж Болор-Эрдэнэ нар хамт манайхаас гарсан манайд 30 минут л болсон байх. Гаагүй хэвийн байсан. Тухайн шар залууг Эрдэнэбат, Д хоёр манай найз гээд танилцуулаад хоорондоо энгийн юм яриад инээж хөхөрөлдөөд зүгээр байсан мөн би гэрээс гарахад нь нэг найзтайгаа хашааны үүдэнд гаргаж өгсөн зүгээр байсан ямар нэгэн өөр зүйл ажиглагдаагүй. Миний мэдэж байгаагаар мэнд устай дажгүй залуучууд нөгөө залууг нь би мэдэхгүй. Тэрийг нь би мэдэхгүй цуг л явцгаасан. Булган аймаг руу буцаад явсан... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

гэрч Б.Наранбаатарын ...Би Дыг танина нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг хүмүүс Баттулгыг нь танихгүй хэд хоногийн өмнө Дтай манайд ирээд хэд хоносон тэр үед нь таньдаг болсон. Сайн санахгүй байна манайд орж гараад хэд хоносон он гаргасан яг хэд хоносонг нь санахгүй байна манайд пиво уугаад орж гараад хэд хоносон. Манайд пиво уугаад инээж хөхөрсөн байдалтай нэгийн зүгээр байсан. Миний хувьд их дажгүй зөөлөн тайван хүлээцтэй зан ааштай хүн, манайд пиво уухдаа ямар нэгэн ааш зан гаргаагүй хөзөр тоглоод байж байсан Баттулгыг нь би мэдэхгүй... /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

гэрч Т.Энхтайваны ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би гэртээ унтаж байхад манай ээж Д.Мааяа ирээд надад хэлсэн үг. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд дүү бид хоёр чинь гэртээ байж байхад дүүгийн чинь найз Дариа орж ирж дүүг чинь аваад гараад явсан гарахад нь би Дариад чи урьд нь хүүхдийн утас авч явж алга болгосон нийлэхээрээ архи уудаг архи уухгүй шүү гэж загинаад гаргасан. Гарахдаа дүү чинь миний 99562808 дугаарын утсыг аваад гарсан боловч одоо хүртэл гэртээ ирэхгүй байна чи найз нөхөд рүү нь залгаад асуу гэж хэлсэн. Тэгээд би Дариагийн утсыг олоод залгаж асуухад Дариа надад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тулгаа бид гурав цуг архи уучхаад хуучин худгийн хажуунаас салаад явсан би айлд баяр тэмдэглэх гэж байна эргээд ярья гэж надад хэлсэн тэгээд түүнээс хойш Дариагийн утас нь өнөөдрийг хүртэл холбогдоогүй байж байгаад өнөөдөр 16 цаг 05 минутад 94630396 дугаарын утсаар над руу залгаад би улаан хаданд нүх ухаж байгаад дөнгөж сая орж ирлээ гэж надад хэлсэн би талийгаачийг асуухад холбогдоогүй гэж надад хэлсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би бусад найз нөхөд рүү нь залгахад утас холбогдохгүй, мэдэхгүй таараагүй гэж хэлсэн тэгээд би 30 гарсан хүн учраас найз нөхөдтэйгөө гадуур явж байгаад ирэх юм байлгүй гэж бодоод орхисон, ээж бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт хамт он гаргасан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02 өдрөөс ээж манай гэрээс явахаа болиод дүүгээ сураглаач гээд би хүмүүсээс сураглаад сураг нь гараагүй ингээд би аргаа бараад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 42 минутад утсаар талийгаачийг алга болсон талаар дуудлага өгсөн удаагүй намайг цагдаагийн хэлтэс дээр дуудсан би ирээд хошууч Чулуунбаатартай уулзаад болсон асуудлын талаараа хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байхад над руу залгаад Цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэсэн ирээд дүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэдэг сүүлийн үед уух нь ихдээд байсан, архи уухдаа ямар нэгэн хүн амьтантай хэрэлдэж маргалддаггүй, гэртээ харьж амардаг хүн. Олон хүмүүстэй найзлаад байдаггүй цөөхөн хэдэн хүмүүстэй найзалдаг сайн мэдэхгүй байна. Талийгаач үг цөөтэй олон долоо зан байхгүй ээжтэйгээ хамт амьдардаг хүн ямар нэгэн архи уухаас өөр муу зуршил байхгүй хүн. Яг энэ талаар тодорхой юм яриагүй хуучин худгийн хажуунаас Тулгаа бид гурав салсан гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш харсан хүн байгүй... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ө.Баттулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 214-215, 217-218, 224-228 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 216, 219, 230-234 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ж.Дын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Эрдэнэбатыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улмаар Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтууд нь шүүгдэгч Ж.Дын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барахад хүргэсэн идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн нөхцөл байдал бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүй” байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу гэмт хэрэг гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Ө.Бтай бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ж.Д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа,

шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барснаараа тус тусын үйлдэл, эс үйлдэхүй нь материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт юм.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсны дагуу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй.  

 

Улмаар шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон учир гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ба гэм буруу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ж.Дын хувьд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь тэрээр хохирогчийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын биед зүүн 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал, хуйханд шарх, дух, баруун, зүүн хацар, хүзүү, дал, нуруу, баруун, зүүн ташаа, өвдөг, тохойд олон тооны зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтлүүдийг учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн зодож, цохьсон хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн үйлдсэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь тэрээр бэртэл гэмтэлтэй, согтуу хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсээр байж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон орхиод явж байгаа өөрсдийн хайхрамжгүй хандсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын амь нас хохирсон хохирол, хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгч нарын хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байхад орхиод явсан үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Тухайлбал шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар хэдийгээр бүлэглэн гүйцэтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг... ...гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг, шүүгдэгч Ө.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар гэмт хэрэг тус бүр нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Эрдэнэбатын биед хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг бэртэл гэмтэлтэй хүнийг тусламж үзүүлэхгүй орхисны улмаас хохирогч нас барсан хохирол учирсан байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардлыг баримтаар 9.395.000 /есөн сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар нь төлсөн байна.

 

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяагийн баримтгүйгээр нэхэмжилсэн олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун наян цагаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоох нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэж тохирно гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 /жар/ хоног буюу 2 /хоёр/ сарыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

                  36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2

                      дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Боржигон овгийн Өлзийтийн Баттулгыг бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Б Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Боржигон овгийн Өлзийтийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 60 /жар/ хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ж.Дт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

 

шүүгдэгч Б Ө.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа болон түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын олох ёстой байсан орлого 50.000.000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН