Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 


2021             09               23                                                2021/ШЦТ/347

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Д.Э,

хохирогч О.Гэрэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Эт холбогдох эрүүгийн 2134000000283 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Цээл Хайрхан” ХХК-д теллерээр ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.Э

 

  Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Эрдэнэтунгалаг нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цээл Хайрхан” ХХК-д теллерээр ажиллах хугацаандаа 250.000 төгрөгийн хуурамч эд зүйл,

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Даваабаяр овогтой Ганбат гэж хуурамч нэр зохион 1.300.000 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баярбаатар овогтой Ариунбаяр гэж хуурамч нэр зохиож 230.000 төгрөг, нийт 1.780.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч: Д.Э

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Хохирогч О.Гэрэлмаа

...Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа үлдсэн хохирлыг гаргуулж өгнө үү... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000283 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Эийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цээл Хайрхан” ХХК-д теллерээр ажиллах хугацаандаа 250.000 төгрөгийн хуурамч эд зүйл,

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Даваабаяр овогтой Ганбат гэж хуурамч нэр зохион 1.300.000 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баярбаатар овогтой Ариунбаяр гэж хуурамч нэр зохиож 230.000 төгрөг, нийт 1.580.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

хохирогч О.Гэрэлмаагийн ...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Найдан овогтой Өсөхбаяр СГ92042601 гэх Цээл хайрхан ХХК-ны зээлийн гэрээний баримт дээр G2 гэх гар утас 1 ширхэг, мөнгөн дүн 40000 мянган төгрөгөөр үнэлж авсан, тухайн утас нь эвдэрхий байсан... 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Балдандорж овогтой Энхтуяа РД:ЖЮ64040808 гэх Цээл Хайрхан ХХК-ний зээлийн баримт дээр Монетон бөгж 2.8гр 1 ширхгийг 140.000 төгрөгөөр үнэлж авсан Тухайн монетон бөгж хуурамч байсан... 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Даваабаяр овогтой Ганбат РД:НЮ78031265 гэх Цээл Хайрхан ХХК-ний зээлийн баримт дээр Мөнгөн эмээл 12 цагаан 1 гөлөм, дөрөөтэй гэж бичилт хийж 1.300.000 төгрөгийг өөртэй авсан... /хх-ийн 7-10 дүгээр хуудас/

 

гэрч Э.Солонготуяагийн ...Би Э Гэрэлмаа нарыг танина. Гэрэлмаа манай Цээл Хайрхан ХХК-д захирал, Этай хамт ажилдаг байсан. Би Этай 2020 оны 05 дугаар сарын сүүлээс 08 дугаар сарын сүүлд хүртэл хамт ажилласан. 2021 онд л хугацаа дууссан эд зүйлсийг шалгаж байсан чинь мөнгөн эмээл гэж бичээд 1.300.000 төгрөгөөр үнэлж авсан баримт байсан. Тухайн үед Этай ярьсан чинь хүн тавьсан гэж ярьж байснаа сүүлдээ мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн эд зүйлсийг авсан хүн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурдаг. Өөр хүний нэрийг бичих боломжгүй... /хх-ийн 25-27 дугаар хуудас/
 

гэрч Г.Дашсүрэнгийн ...2020 оны 05 дугаар сарын сүүлээр ажилд ороод 08 дугаар сарын сүүлээр ажлаас гарсан 2-3 хоног ажилдаа ирэхгүй байж байгаад л сүүлдээ түр ажилдаа ирэхээ больсон ямар шалтгаанаар ажлаас гарсан талаар мэдэхгүй байна. Э хуурамч эд зүйлс авсан талаар мэдэхгүй байна. Би цахилгаан бараан дээр л суудаг. Солонго, Э хоёр алт монетон эдлэл дээр ээлжлэн суудаг байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

яллагдагч Д.Эийн ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 23-25, 26-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эийг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37, 40-41 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Эийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Цээл Хайрхан” ХХК-д теллерээр ажиллах хугацаандаа 250.000 төгрөгийн хуурамч эд зүйл,

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Даваабаяр овогтой Ганбат гэж хуурамч нэр зохион 1.300.000 төгрөг,

2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баярбаатар овогтой Ариунбаяр гэж хуурамч нэр зохиож 230.000 төгрөг, нийт 1.780.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Эийн холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамааруулсан байдаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

 Үүний адил шүүгдэгч Д.Э нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Цээл Хайрхан” ХХК-д теллерээр ажиллаж байсан.

 

Энэ хугацаандаа гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 250.000 төгрөгийн хуурамч эд зүйл, Даваабаяр овогтой Ганбат гэж хуурамч нэр зохион 1.300.000 төгрөг, Баярбаатар овогтой Ариунбаяр гэж хуурамч нэр зохиож 230.000 төгрөг, нийт 1.780.000 төгрөгийг завшсан байна.

 

Дээрх завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол гэсэн шинжийг хангасан материаллаг бүрэлдэхүүнтэй төгссөн гэмт хэрэг байна.

 

Харин мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол гэсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцохоор хуульд заасан байдаг.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Д.Эийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Тэрээр Шүүгдэгч Д.Э нь гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсч хийсэн, “Цээл Хайрхан” ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч “Цээл Хайрхан” ХХК-д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхаас гадна хууль зүйн үр дагаврыг мөн хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Д.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Цээл Хайрхан” ХХК-д 1.780.000 /нэг сая долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.  

 

Шүүгдэгч Д.Эаас хохирогч “Цээл Хайрхан” ХХК-ий гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд учирсан 1.780.000 /нэг сая долоон зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Э нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Эаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Эийг хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зохих хувийг төлсөн зэргийг тал бүрээс харгалзан үзэж оногдуулах хорих ялыг тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс түүнд оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан мөн хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 16-наас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Д.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хувийг төлсөн, үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эийг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 32-3 тоотоос явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймаг, Зуунмод хотоос Улаанбаатар хот, Эмээлт тосгон очих чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

6. Шүүгдэгч Б Д.Эад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2134000000283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Д.Эаас 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Цээл Хайрхан” ХХК-ий гүйцэтгэх захирал дугаарын регистртэй, Б овгийн О.Г олгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН