| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00204/И |
| Дугаар | 130/ШШ2017/00361 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00361
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 130/ШШ2017/00361 | Баян-Өлгий аймаг |
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, БЖ***** регистрийн дугаартай, утас:9******, Ж********* овогт А.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга А.Н/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015, 2016 оны ээлжийн амралтын олговор болох 2394431 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1207773 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажилд томилох тухай 02 тоот тогтоолын дагуу мөн өдрөөс эхлэн тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. 2015 оны зуны саруудад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга маань өөрт хувийн сууц барьж байгаа тул чамайг амраах зав байхгүй гэсэн үндэслэлээр зуны улиралд надад амралт олгоогүй юм. Тэгээд Намар болж. тэндхийн ажил эрчимжсэн тул 2015 он дуустал нь амралт авч чадаагүй юм. 2016 онд өнгөрсөн 2015 оны амралтыг нэмж эдлэх гэсэн санаа бодолтой явж байсан боловч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн ажилтай холбоотой зуны улирлуудад мөн амралтаа авч чадаагүй. Сонгуулийн дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж өөр ажилд хууль бусаар шилжүүлсэн тул Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч 2016 оны ээлжийн амралтаа мөн адилхан эдэлж чадаагүй юм. Надаас бусад төрийн албанд ажиллаж байсан бүх албан хаагч нар ээлийн амралтаа, амралтын олговрын хамт авч байхад би амраагүйгээс гадна амралтын олговрыг хүртэл авч чадаагүй. Миний Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт авах эрхийг ажил олгогчоос хоргоож, ээлжийн амралтын олговор авах эрхийг минь боогдуулсан тул хуульд заасны дагуу мөнгөн хэлбэрээр шаардаж байна. Иймд Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Нээс 2015 он, 2016 оны ээлжийн амралтын мөнгөн урамшуулал болон 2'394431 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.
Мөн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаар шийдвэрээр ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг оролцуулан 3 сар 15 хоногийн хугацааны цалин болгож 3279186 төгрөгийг Дэлүүн сумын ИТХ-аас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Ажил олгогч Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 07 дугаар тогтоол гаргаж намайг урьд эрхэлж байсан ИТХ-ын нарийн бичгийн даргын ажилд томилсон. Ингэхдээ ажлын комисс байгуулагдаж миний ажлын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор хүлээлгэж өгсөн. Одоогийн байдлаар 2017 оны 3 дугаар сарын цалин 760012 төгрөгийг аваад байна. Харин шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг оролцуулан 12 хоногийн хугацааны цалин 439,190.29 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын бүтэн цалин 768 583.00 төгрөгийг тус тус авч чадахгүй байна. Уг цалинг мөн хариуцагчаас нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин 1'207773 /439190+768583/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч А.Б, нөгөө талаас хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Н бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлийн 74.6, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах зүйлийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Н би нэхэмжлэгчийн нэг дэх нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 1207773 төгрөгийг бүрэн төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгчийн 2015 он, 2016 оны ээлжийн амралтын олговор болох 2394431 төгрөг гаргуулах тухай хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 2016 оны ээлжийн амралтын олговор болох 1152875 төгрөгийг, нийт 2360648 /хоёр сая гурван зуун жаран мянган зургаан зуун дөчин найман/ төгрөгийг үл маргах журмаар буюу сайн дурын үндсэн дээр төлж өгөхөөр болов.
2.Хариуцагч тал энэхүү эвлэрлийн гэрээний 1 дэх заалтад тохиролцсон 2360648 /хоёр сая гурван зуун жаран мянган зургаан зуун дөчин найман/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулна.
3.Нэхэмжлэгч А.Б нь энэ гэрээний 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч дэмжив. Өөрөөр хэлбэл, 2015 оны ээлжийн амралтын олговрыг авахгүй байхаар тохиролцов.
4.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Мөн энэ гэрээ бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5.Гэрээний талууд үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг эрмэлзэл болгоно.
6.Гэрээг 3 /гурав/ хувь үйлдэж талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ба талууд тус бүр гэрээний нэг хувийг хадгална. Үлдсэн 1 /нэг/ хувийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх дэх хавтаст хэрэгт хавсаргана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2015, 2016 оны ээлжийн амралтын олговор болох 2394431 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1207773 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт хянан шийдвэрлэхээр товлосон боловч нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан болохоос өмнө хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрч, хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н нь нэхэмжлэгч А.Бын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 1207773 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговор болох 2394431 төгрөг нийт 2360648 /хоёр сая гурван зуун жаран мянган зургаан зуун дөчин найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч 2015 оны ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэхгүй байхаар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ болох 2360648 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлөх 52720 төгрөгийн тал нь болох 26360 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас, мөн хариуцагч Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс 26360 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б нь хариуцагч байгууллагаас 2015 оны ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэхгүй байхаар болж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н нь нэхэмжлэгч А.Бын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 1207773 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговор болох 1152875 төгрөг бүгд 2360648 /хоёр сая гурван зуун жаран мянган зургаан зуун дөчин найман/ төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ болох 2360648 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 52720 төгрөгийн тал нь болох 26360 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас, хариуцагч Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс 26360 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ