Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             7                07                                           2022/ШЦТ/299         

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

            Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

                        Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Цэрэндорж Буянхишигийн Т д холбогдох эрүүгийн 2234000000276  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц овогт Б-н Т , 1991 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сум Баянтуул 1-р баг Туул овоотын гүүр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байрлах Түмэнжаргалын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.А маргалдан зодолдож, Б.А ын хэвлийн тус газар хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000276  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.А ын өгсөн: “Би Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1-р багт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Манай эхнэр Амарзаяа Улаанбаатар хотод байрлах манай аавын гэрт ирж очин байдаг. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Амарзаяа хөдөө гэрт байж байгаад Улаанбаатар хот руу яваад би Өндөрширээт суманд гэртээ ганцаараа байж байсан. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай сумын хүн болох Т ийнх хургаа засна гэхээр нь би тэднийд 11 цагийн үед очоод хургыг нь засалцаад хоол унд идээд Т , түүний эхнэр Түмэнжаргал бид дөрөв 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж ууж дуусгаад би гэр лүүгээ ганцаараа яваад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэрээсээ эргэж гараад найз Түмэнжаргалын гэрт очоод Т  бид хоёр 0.5, 0.75 литрийн хараа архи хувааж уугаад байж байгаад Т  өмнө манай аавтай муудалцаж байсан асуудлаас болж бид хоёр маргалдаад гэрийн гадаа Т  бид хоёр барилцаад ноцолдож байгаад намайг дийлэхгүй хутга гаргаж ирээд хатгасан юм шиг байна лээ. Би яг хаанаас ямар хутга гаргаж ирээд нь намайг хутгалсан талаар сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Т  бид хоёр хоорондоо муудалцаж байсан. Тэгээд нэг ухаан самгардаад эргээд ухаан ороход Түмэнжаргалын гэрт би хэвтчихсэн эмч ирээд миний гэдсийг боож байсан. Т  бид хоёр л хоорондоо муудалцаж байсан. Т  бид хоёр гадаа ноцолдоод, маргалдаж байхад л Т  намайг хутгалсан байх. Бид хоёрт өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед архины халуундаа хоорондоо маргалдсан байна лээ. Миний баруун хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан. Өөр гэмтэл байхгүй. Би их согтуу байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т  миний эмчилгээний зардалд 100 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч Б.Дэлгэрцэцэгийн өгсөн: “Би Төв аймгийн Өндөрширээт сумын "Баянтуул" 1 дүгээр багийн Түдлүүрийн даваа хэмээх газар оршин суух хаягтай. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хөдөө мал дээрээ байж байгаад гэртээ очсон чинь манай нутгийн Анхбаяр, Т  нар гал тогооны шүүгээний ард талд байсан 1 шил архийг аваад ууж байсан. Тэгээд энэ хоёр юунаас болсон талаар мэдэхгүй хоорондоо ноцолдоод байхаар би салгаад Т ийг гэрээс гаргаад Анхбаярыг орон дээр хэвтүүлээд унт гэхэд Анхбаяр би гараад эв зүйгээ олоод ороод ирье гэж хэлээд гараад Т , Анхбаяр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгах үед нь Т  гэрт ороод буцаж гарч ирээд Анхбаяртай ноцолдож байх үед Анхбаяр “Чи намайг хутгалчихлаа” гэж Т д хандаж хэлэхээр нь харсан чинь Түмээ хутга барьсан зогсож байгаад мотоцикл унаад яваад өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг дуудсан. Тэр хоёр согтуу байсан. Биеэ хянах чадваргүй байсан. Хутгаа аваад явсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би хутгыг нь хайгаад олоогүй. Уг хутга манай гэрийн хананд хавчуулаастай байсан. Энэ хоёр өмнө нь маргалдаж байгаагүй. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул иргэн Б.Т  нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сум Баянтуул оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.А ыг хутгалж эрүүл мэндэд нь гэмтэл учруулж хохирогч Б.А  нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 250 000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Т ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Аймгийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно” гэх мэдүүлэг /хх 70/,

Шүүгдэгч Б.Т ийн өгсөн: “Би Төв аймгийн Өндөрширээт сумын "Баянтуул" 1 дүгээр багийн Гүүрний ам хэмээх газарт эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн эзэмшлийн хурга, ишигнүүдээ хөнгөлөх гээд байж байхад нутгийн танил Анхбаяр гэх залуу манай гэрт согтуу ирээд хоол, цай идчихээд унтаж байх хугацаанд би өөрийн эзэмшлийн хурга, ишигнүүдээ хөнгөлж дуусаад Анхбаярт 1 шил архи болон том пиво гаргаж өгөөд бид 2-р хувааж ууж дуусгаад байж байхад Анхбаяр надад хандаж -Түмээ гэх ахын гэрт 1 шил архи байгаа тэрийг очиж ууя гэж ярилцаад: бид 2-р миний мотоциклтой Түмээ гэх айлын гадаа очоод 1 шил архийг бид 2-р хувааж уугаад сууж байхад юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна гэхдээ хамгийн түрүүнд Анхбаяр миний хоолойг боогоод, ална гэж хэл амаар доромжлоод байхаар нь би явах гэсэн чинь Анхбаяр дахиж ирээд намайг бариад авахаар нь бид хоёр барилцаад авсан. Тэгээд цаашаагаа юу болсон талаар санахгүй байна. Өмнө нь маргалдаж байгаагүй бид хоёр чинь сайхан найзууд байгаа юм. Өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Тухайн үед Анхбаяр согтолттой байсан. Биеэ хянах чадваргүй байсан. Би цохиж зодоогүй Анхбаяр чинь том биетэй хүн. Миний хоолойг боогоод 1-2 удаа цохисон. Би хутгыг хаанаас авсан талаараа сайн санахгүй байна. Дэлгэрцэцэг эгч болохоор намайг гэрийн хананд хавчуулсан байсан хутга авсан гэж хэлээд байгаа. Миний биед учирсан гэмтэл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 10, 40-41/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.А ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэх /хх 20-21/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй.” гэх /хх 28/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Т ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Т  ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.А  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч Б.Т ийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газар хохирогч Б.А ын гэмт хэргийн улмаас Гэмтэл согог сэргээх үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 200 000 төгрөгийн зардал гарсныг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" зааснаар шүүгдэгч Б.Т ээс гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлтэй гэж үзэв.        

Энэ төлбөрийг шүүгдэгч Б.Т  нь төлсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар тогтоогдсон болохыг дурдав.

 

            Эрүүгийн 2234000000276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.5 см урттай иштэй, 11.5 см урттай ажлын хэсэгтэй 1 ширхэг шаргал өнгийн модон хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ц овогт Б-н Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуу/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.5 см урттай иштэй, 11.5 см урттай ажлын хэсэгтэй 1 ширхэг шаргал өнгийн модон хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ