Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

   2021            10               04                                                2021/ШЦТ/363                      

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б С.Мад холбогдох эрүүгийн 2134000000262 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

          

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Сагил суманд 1972 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Б С.М,

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны ар” гэх газраас 2021 оны 04 дүгээр сард ойд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 158 ширхэг буюу 10.56 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж, саравч барьж хүрээлэн буй орчинд 2.493.395 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч С.М:

...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...  гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000262 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Мын 2021 оны 04 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны ар” гэх газраас ойд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 158 ширхэг буюу 10.56 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж, саравч барьж хүрээлэн буй орчинд 2.493.395 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

модон хашаанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үзлэг хийсэн ...Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны ар” гэх газарт байрлах саравчийг тус сумын иргэн С.М нь барьсан гэх газар нь тус сумын төвөөс ертөнцийн зүгээр 16 км-ийн зайд орших Нагалхаан уулын хойд талд бөөгийн овооны хойд талын урагшаа харсан жалганд байв. Уг газарт шинээр бэлтгэсэн байж болзошгүй шинэвтэр модоор саравч барьсан байх ба уг саравчийг баруунаас зүүн тал руу хөндлөн барьсан байв. Уг саравчийг хэмжиж үзэхэд нийт урь нь 10.30 метр, өргөн нь 480 см, өндөр нь 230 см байв. Уг саравчинд хэрэглэсэн модны хэмжээ тоо ширхгийг хэмжиж үзэхэд баруун хэсэгт 480 см урттай 12 ширхэг, 370 см урттай 6 ширхэг, зүүн хэсэгт 470 см урттай 10 ширхэг, 360 см урттай 9 ширхэг, хойд хэсэгт 510 см урттай 11 ширхэг, 520 см урттай 11ширхэг, дээвэр хэсэгт 63 ширхэг мод саравч барьхад нийт 158 ширхэг мод ашигласан байна... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн ...Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны ар” гэх газарт байрлах саравчийг барьсан модыг тайрч авсан гэх газарт очиж модны хожуулыг дугаарлаж, хэмжиж тэмдэглэв... ...1-31 хүртэл дугаартай нийт 31 модны хожуулд үзлэгийг хийж дуусгав... тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Төв аймгийн Байгалт орчин, аялал жуулчлалын газрын ойн нэгжийн мэргэжилтэн М.Батмагнайгийн ...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн нь хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаас аваагүй мод бэлтгэсэн бол хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖС-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээн”-ий дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 10.56м куб*168655*1.4=2.493.395 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын ...би Засаг даргын тамгын газрыг төлөөлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирлыг нэхэмжилж.. ...төрийн сангийн дансанд хохирлыг нэхэмжилж байршуулах хүсэлтэй байна... /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.Мын зөвшөөрөлгүйгээр “Нагалхааны ар” гэх газар ойд хэрэглээний 158 ширхэг буюу 10.56 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж, саравч барьж хүрээлэн буй орчинд 2.493.395 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч С.М нь зөвшөөрөлгүйгээр ойд 158 ширхэг буюу 10.56 метр куб шинэс мод бэлтгэсэн үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч С.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Мыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мын гэм буруутайг тогтоосны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт шүүгдэгчийн ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулах тухай хүсэлтийн дагуу завсарлах хугацааг ажлын 5 /тав/ хоногоор тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгчид мэдэгдсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Мын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 2.493.395 төгрөгийн шууд хохирол учирж, 7.480.185 /долоон сая найман зуун дөчин мянга нэг зуун наян тав/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч С.М нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 2.493.395 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг төлсөн байна.

 

Харин үлдэх 4.987.790 /дөрвөн сая есөн зуун наян долоон мянга долоон зуун ерэн/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч С.Мад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч С.М нь завсарлагын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2.493.395 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.      

           

            Шүүхээс шүүгдэгч С.Мад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч С.М нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ 1 тооны морийг ашиглаж тээвэрлэсэн ба тухайн 1 тооны морийг шүүгдэгчийн эзэмшлийнх болох талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул уг уналгын үнэлгээгээр тогтоогдсон 920.000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

            Эрүүгийн 2134000000262 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, саналгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

            мөн шүүгдэгч С.Мад хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны бор толгойн ам” гэх газар битүүмжилсэн 10.56 м3 хэмжээтэй, 158 ширхэг модыг шүүгдэгч С.Маас гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б С.Мыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б С.Мад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б С.Маас 4.987.790 /дөрвөн сая есөн зуун наян долоон мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулан ойн сангийн 100140500914 тоот дансанд оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн 2134000000262 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, саналгүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б С.Мын гэмт хэрэг үйлдэж олсон түүнд хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг “Нагалхааны бор толгойн ам” гэх газар битүүмжилсэн 10.56 м3 хэмжээтэй, 158 ширхэг модыг шүүгдэгч С.Маас хурааж улсын орлогод,

 

мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны морины үнэ болох 920.000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б С.Маас гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б С.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ш.ГАНДАНСҮРЭН