| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00302/И |
| Дугаар | 130/ШШ2017/00364 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2017/00364
| 2017 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 130/ШШ2017/00364 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 9********, РД:БЛ94010147 Ш****** овогт М.А ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас 9********, РД:БЮ****** М***** хул овогт Ш.Бэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, хариуцагч Ш.Б, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б бид хоёр 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдөр гэрлэж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бид хоёрын дунд Б.А охиныг 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрүүлсэн. Ш.Б бид хоёр гэрлэсний дараа намайг байнга зодож, гэрээс хөөж, бас мөнгө өгөхгүй, хувцас хунар авч өгдөггүй, сургалтын төлбөрийг ч хийж өгөхгүй, намайг хэл амаар доромжилж байдаг. Ш.Б намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Ийм учраас би М.А 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлахад Ш.Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж хүсэлт гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл ирсэн. Үүнд миний нөхөр болох Ш.Б намайг буруутгаад миний эхнэр болох М.А ч гэсэн удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин Айнур намайг зоддог бөгөөд энэ үед би өөрийгөө хамгаалж гар хөлийг нь барьж ноцолдоход гар хөл нь хөхөрч гэмтэл үүсдэг гэсэн байна. Гэвч намайг зодоогүй бол надаас уучлалт гуйж, дахиж чамд гар хүрэхгүй гэсэн баримт бичиж өгснөөр нотолдог. Ш.Б нь надтай эвлэрч гэрлэлтээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал №4 тэмдэглэлд хэлсэн боловч миний бие эвлэрэхийг хүсэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Бид хоёр 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсон. 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Ахбөпег төрүүлсэн. Нөхөр маань намайг хүндэлдэггүй, бид хоёр таарч тохироогүй. Нөхөр маань ааш зан муутай. Ямар нэгэн зүйл болбол гар хүрдэг. Нөхөртөө хайр сэтгэлгүй болсон. Иймээс гэрлэлтийг цуцалж, хүүхдэд тэтгэлэг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Айнур бид хоёр нэг нэгэнтэй хайр сэтгэлтэй болж 2 дугаар курсийн оюутан байхад гэрлэж улмаар Өлгийд ирж гэр бүлийн баталгаа авсан. Сарын дараа бид хоёр охинтой болсон. Хүүхэд төрсний дараа охиноо миний ээж өсгөж торниулсан. Айнурын хэлснээр бид хоёр дундаа хэрэлдэж зодолдоогүй, охиноос болж хаяа нэг хэрэлддэг. Өөрөө бас хэл амаар доромжилдог би юу гэж зөв зүгээр байсан хүнтэй хэрэлдэж зодолддог билээ. Би Айнурыг 3 жилийн турш зодож байсан бол тухайн үед яагаад салах өргөдөл бичээгүй юм бол. Ер нь бид хоёр бие биедээ сайн. Айнур энэ бүхнийг шалтаг болгож байна. Иймд би М.Ааас салахгүй. Би охиндоо их хайртай болохоор охиноо өнчрүүлэхгүй гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Бид хоёр гэр бүл болох үед сална гэж бодоогүй. Нэг удаа маргалдаад гар хүрсэн маань үнэн. Түүнээс хойш зодож байгаагүй. Би эцэг, эхийн гал голомтод амьдардаг. Эхнэр маань тусдаа гарахыг боддог учраас маргаан гардаг. Би хүүхдийн ирээдүйг бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Залуу хүмүүс учраас ийм алдаа гаргасан гэж бодож байна. Ааш зангаа засна гэж уучлалт гуйсан. Би өөрөө бол шашин шүтдэг, мацаг барьж байгаа. Би түргэн зантай хүн. Үүнийг гэр бүлээ авч үлдэхийн тулд засна. Мөн тусдаа гарч амьдран гэвэл боломжтой болсон би аймгийн номын санд түр жолоочоор ажилд орж байгаа. Эхнэр маань яагаад гэрлэлтээ цуцлуулах гээд байгааг ойлгохгүй байна. Хүүхдээ эхээс нь салгахгүй. Хүүхдийн тэтгэмжийг төлөх болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч М.А, Ш.Б нар нь 2014 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болж гэр бүл болсныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8301000283 дугаарт 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.А, Ш.Б нарын гэр бүлд РД:БЮ****, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Акбөпе төрсөн болох нь №8301000694 дугаар Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр Ш.Б нь С.Айнуртай эвлэрч гэрлэлтээ үргэлжлүүлэх сонирхолтой байсан боловч өргөдөл гаргагч С.Айнур нь эвлэрэхийг хүсэхгүй, Ш.Бтэй хайр сэтгэлгүй цаашид хамтран амьдрах найдваргүй болсон тул эвлэрэхээс татгалзаж, заавал сална гэж байгаа ба цаашид тодорхой үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон тул Монгол Улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Ш.Б нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө эвлэрэх хүсэлттэй гэдгийг удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.А нь хүлээж аваагүй ба хайр сэтгэлгүй болсон эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй гэснийг харгалзан үзээд, хоорондоо эвлэрч чадаагүй, бие биедээ хайр сэтгэлгүй хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай байдал нь гэр бүлийн хүчирхийлэл үүсэх, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, РД:БЮ****, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр охин Акбөпе нь 3 настай нялх хүүхэд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан үзээд охин Акбөпег эх М.Аын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан эцэг Ш.Бээр РД:БЮ****, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Акбөпег 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг РД:БЮ****** М***** хул овогт Ш.Бээр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч М.А, Ш.Б нар хоорондоо хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримтлан РД:БЛ94010147 Ш****** овогт М.Х, РД:БЮ****** М***** хул овогт Ш.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан РД:БЮ****, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Акбөпег эх РД:БЛ94010147 Ш****** овогт М.Хын асрамжид үлдээсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан РД:БЮ****, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Акбөпег 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг РД:БЮ****** М***** хул овогт Ш.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч М.А, Ш.Б нар нь хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
9.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК